Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0737

 

2023 10 05 128/ШШ2023/0737

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, М в ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Эвлэрлийн нөхцөлийг дараах байдлаар тохиролцов. Үүнд:

1.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй М в ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь М в ХХК-ийг давамгай байдлаа алдсаныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож М в ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш болсныг хүлээн зөвшөөрүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл хянан шийдвэрлэгдэж байна.

1.2. Нэхэмжлэгч "М-в" ХХК нь өөрийн давамгай байдлаа алдсан болохыг тогтоолгохын тулд тухайн онд борлуулсан борлуулалтын орлого болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардсан бусад материалыг яаралтай гаргаж өгөх.

1.3. Хариуцагч "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар" нь Нэхэмжлэгч аж ахуй нэгж "М-в" ХХК-ийг давамгай байдлаа 2021, 2022 онд алдсан болохыг тогтоох судалгаа хийх, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн хуралдаанаараа оруулах асуудлыг хуулийн хугацаанд багтаан гүйцэтгэх.

1.4. Өрсөлдөөний тухай хууль болон журмын дагуу аливаа аж ахуй эрхлэгч зүй ёсны монополь болон давамгай байдалтай болох нь тогтоогдсон бол шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь болон давамгай байдалтай болохыг баталгаажуулсан шийдвэр гаргаж, бүртгэх.

1.5. Ирүүлсэн тайлан, судалгаа, саналыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь болон давамгай байдлаа алдсаныг тогтоож, "Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн бүртгэл", "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл"-ээс хасах тухай шийдвэр гаргах.

1.6. Аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг болон давамгай байдлаа алдсаныг тогтоох мэдээллийн эх сурвалж нь шударга өрсөлдөөн, гааль, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан, судалгаа, шинжилгээний дүгнэлт болон зохих журмын дагуу бэлтгэсэн санал асуулга, ярилцлага, аж ахуй нэгжээс гаргаж өгсөн баримт бичгүүд, судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, санхүүгийн мэдээ, тайлан зэрэг байна.

1.7.Энэхүү гэрээнд заасан нөхцөл нь бусад гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

1.8.Тус эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүхээр батлуулснаар энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.М в ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эвлэрлийн гэрээ бичгээр байгуулан, эвлэрэх хүсэлтийн хамт шүүхэд ирүүлсэн байна.

2.Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч талыг төлөөлж М в ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн Дэд захирал С.В, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О болон хариуцагч талыг төлөөлж У.Х нар гарын үсэг зурсан нь эвлэрэх эрх бүхий этгээдүүд мөн байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж, мөн зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан байдаг.

4.Шүүх талуудын Эвлэрлийн гэрээг хянавал, эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.

5.Иймд нэхэмжлэгч М в ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь М в ХХК-ийг давамгай байдлаа алдсаныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож М в ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч биш болсныг хүлээн зөвшөөрүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан М в ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу Ирүүлсэн тайлан, судалгаа, саналыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь болон давамгай байдлаа алдсаныг тогтоож, "Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчийн бүртгэл", "Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл"-ээс хасах тухай шийдвэр гаргахаар тохиролцсон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ