Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/02743

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо,   тоот хаягт оршин байрлах, “Э д п” ХХК /РД:  /,

Төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцож татан буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах С д т х нэхэмжлэлтэй,

Татварын өр төлбөрт 509,964,697.40 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Э, нэхэмжлэгч С д т х итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хэрэг гүйцэтгэгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Хүсэлт гаргагч “Э д п” ХХК нь төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.  

Хүсэлт гаргагч “Э д п” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Э д п” ХХК нь анх 2011 онд Баянгол дүүрэг, 2 дугаар хороо,   тоот хаягт албан ёсоор байрлаж, гадаад худалдаа болон хатуу хучилттай, хайрган хучилттай зам барих, засварлах, замын байгууламжид хамаарах талбай барих, засах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тус компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй, нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 14,163 ширхэг энгийн хувьцаа гаргасныг Монгол улсын иргэн Т.Б 80 хувь буюу 11,330.4 ширхэг хувьцааг 113,304,000 төгрөгөөр худалдан авсан бол БНСУ-ын иргэн Ким Ж 20 хувь буюу 2,832.6 ширхэг энгийн хувьцааг 28,326,000 төгрөгөөр худалдан авч эзэмшиж байна. Компани нь 2017 оноос 2019 оны хооронд хөрс хуулалтын ажилтай холбоотойгоор “Э М” ХХК-тай экскаватор, дугуйт ачигч зэрэг 6 ширхэг машин механизмыг санхүүгийн түрээсийн гэрээгээр 2017 онд худалдан авч, үйл ажиллагаа явуулж байсан.

Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу уг машин механизмын сар бүр төлөх ёстой төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй тул “Э М” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 6 ширхэг машин механизмаа буцаан өгч, ашиглаж байсан хугацааны түрээсийн төлбөр болох 1,480,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 5,353,975 төгрөгийг гаргуулах шийдвэрийг шүүхээс гаргасан ба үүнээс 1,462,142,244.000 төгрөгийн үлдэгдлийг төлж чадаагүй байна.

Тус компанийн санхүүгийн тайланд компанийн өөрийн хөрөнгөд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлж авсан байсан 6 машин механизмыг шүүхийн шийдвэрийн дагуу “Э М” ХХК-д буцаан шилжүүлсэн тул энэ хэмжээгээр өөрийн хөрөнгийг бууруулж, өөрийн хөрөнгөнөөс хасалт хийсэн. Компани нь 2017 онд хэрэгжүүлж байсан хөрс хуулалтын үйл ажиллагаанаасаа олсон бүхий л орлогыг “Э М” ХХК-ийн зээлийг төлөхөд зарцуулж, үйл ажиллагаа явуулж байсан бүртгэлтэй оффисынхоо түрээсийн төлбөрийг төлж чадахгүй болсон тул түрээслүүлэгчийн нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02188 дугаар шийдвэрийн дагуу оффисын түрээсийн төлбөрт 21,271,855 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 264,309 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ч барагдуулж чадаагүй байна.

Мөн 2017 онд тус компани нь Голомт банктай байгуулсан автомашины зээлийн гэрээний дагуу 72,000,000 төгрөгийн зээл авч, автомашин худалдан авсан боловч уг машин нь зам тээврийн ослын улмаас ашиглагдах боломжгүй болсон бөгөөд 2021 онд Голомт банкнаас уг зээлийн гэрээтэй холбогдуулан шүүхэд хандсанаар Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01653 дугаар шийдвэрийн дагуу Голомт банкинд 57,725,967.92 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 586,980 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд байна.

Тус компани нь “К” ХХК-тай байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 15,917,408.00 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бол шүүхийн шийдвэрийн дагуу “Н” ХХК-д 98,644,307.00 төгрөг, Х Ш ХХК-д 1,838,000.00 төгрөг, “Г” ХХК-д 63,284,106.00 төгрөгийн өр төлбөртэй байгааг нэгтгэн тооцвол тус компаниас шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөрийн хэмжээ нийтдээ 1,700,139,012.92 төгрөг болж байна.

Компани үйл ажиллагаа явуулах хугацаанд хуримтлагдсан татварын өр төлбөр 512,825,928.31 төгрөг байгаа бол Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөр 105,917,108.25 төгрөг болсон байна.

Тус компанийн 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийн үр ашиг нь “Э М” ХХК-тай хийсэн санхүүгийн түрээсийн гэрээ болон бусад түрээсийн тоног төхөөрөмжийн зардалд зарцуулагдсан, сар бүр хуримтлагдах өндөр үнэтэй түрээсийн төлбөрийн дарамт нь тус компанийг төлбөрийн чадваргүй болгох үндсэн нөхцөл болсноос үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, байнгын алдагдалтай ажиллах болсон. Бид алдагдалтай ажиллаж байсан ч хувьцаа эзэмшигчдээс хүүгүй зээл авч үйл ажиллагаандаа зарцуулах, санхүүгийн болон бусад түрээсийн техникээр үйл ажиллагаа явуулж, өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан үйл ажиллагаа жигдрүүлэх, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах талаар хичээсэн ч өртөг өндөртэй санхүүгийн түрээс болон хүүгийн дарамтын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж, дампууруулж татан буулгахаас өөр сонголт үлдсэнгүй.

2022 оны 4 дүгээр улирлын байдлаар тус компанийн өөрийн хөрөнгө нь хасах -2.250.975.300 төгрөг болоод байгаа бөгөөд нийт хуримтлагдсан татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, шүүхийн шийдвэр болон гэрээгээр бусдад төлөх өр төлбөр нь нийтдээ 2,318,882,049.48 төгрөг болж Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэсэн дампуурлын хууль зүйн нөхцөл шалгуурыг бүрэн хангахын зэрэгцээ сүүлийн 3 жилийн хугацаанд бусад хуулийн этгээдийн нэхэмжилсэн мөнгөн төлбөрийн үүргийг хугацаанд нь биелүүлж чадахгүй төлбөрийн чадваргүй байдалд байгаа тул цаашид энэ хэвээр оршин тогтнох боломжгүй байна.

Дээрх төлбөрийн чадваргүй нөхцөл байдлыг тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцээд компанийг төлбөрийг чадваргүй болсныг хүлээн зөвшөөрч, шүүхийн журмаар дампууруулж, татан буулгах талаар холбогдох шийдвэр гаргасан. Тус компани нь бусдаас авах ямар нэгэн авлага байхгүй бөгөөд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөгүй бөгөөд харилцан хамааралтай гэдэг утгаар нь хувьцаа эзэмшигчдийн компанид олгосон богино хугацаатай зээлийн өр төлбөрийн хэмжээг энд оруулан тооцоогүй болно.

Иймд, өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш гарсан өр төлбөрийг харилцагч нартаа хууль болон гэрээгээр заасан хугацаанд нь төлөх боломжгүй болж, сүүлийн 3 жилийн байдлаар төлбөрийн бүрэн чадваргүй болсон “Э д п” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцож, шүүхийн шийдвэрээр татан буулгаж өгнө үү.” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч С д т х нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “Тус хэлтэст бүртгэлтэй 5140595 регистрийн дугаартай Э д п ХХК-иас 509,964,697.40 төгрөгийн татварын өрийг нэхэмжилж байна. Тус компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 266,832,108.49 төгрөг, Цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын 33,711,783.92 төгрөг, Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 277,200 төгрөг, автын агаарын бохирдлын төлбөр 39,000 төгрөг, Зам ашигласны төлбөр 300,000 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын 191,795,170.99 төгрөг, Татварын алданги 5,677,348 төгрөг, татварын торгууль 11,332,086 төгрөгийн татварын өртэй байгаа тул татварын өрийг нэхэмжилж байна. гэжээ.

 

3. Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...“Э д п” ХХК нь Улсын бүртгэлийн   дугаартай, * тоот регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,  тоотод байрлаж ажиллахаар 2007 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2 гишүүнтэйгээр гадаад худалдаа, хатуу хучилттай зам барих, засварлах, замын байгууламжид хамаарах талбай барих, засах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 141,630,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ.

Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2 - 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход “Э д п” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 134-2664 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь БХӨТөлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна.

Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд “Э д п" -ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.

“Э д п” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2014-2022 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тогтооход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2019-2022 онуудын санхүүгийн тайлан, шүүхэд нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 2,298,784,800 төгрөг болж 1 хөрөнгийн 345.08% ...-102.12%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан аанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг.

Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Э д п” ХХК нь 2019 оноос өөрийн хөрөнгийн 345.08%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

“Э д п” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2014-2022 онуудын санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2017 онд 2,605,995,500 төгрөг болж нэмэгдэн 2018 онд 3,660,968,200 төгрөг, 2019 онд 4,484,034,700 төгрөг, 2020 онд 1,011,095,800 төгрөг, 2021 онд 2,268,927,300 төгрөг, 2022 онд 2,298,784,800 төгрөг болон нэмэгдэж, нийт -2,392,605,300 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.

Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 518.7 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2018 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь “Э д п” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

Дэлхий нийтээр тархсан цар тахал Ковид19 коронавирусын улмаас улс орнууд хилээ хаах, тээвэр логистикийн зогсолт, бараа бүтээгдэхүүний өөрийн өртгийн хэт өсөлт, удаан хугацаанд үргэлжилсэн хөл хорио зэрэг нөхцөл, шалтгааны улмаас компанийн үйл ажиллагаа зогссон, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэртэй болж амжаагүйгээс дахин хөрөнгөжүүлэх боломжгүй, өр төлбөр болон бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөө гэж дүгнэж байна.

“Э д п” ХХК-ийн удирдлага хувьцаа эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, компанийн санхүүгийн хүндрэлийг зөвхөн зээл авах байдлаар зохицуулахаар оролдож, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь өмнөх удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шууд шалтгаалсан байна гэж дүгнэлээ.

“Э д п” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгөөр *улсын дугаартай Hyundai Starex маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг өнгөтэй суудлын зориулалттай, * улсын дугаартай Daewoo Ultra Novus маркийн 1995 онд үйлдвэрлэгдсэн хар ногоон өнгөтэй ачааны зориулалттай, 5261 УБЗ улсын дугаартай Hyundai Country маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн бор саарал өнгөтэй бага оврын автобус зориулалттай, 8486 УНК улсын дугаартай Daewoo CXZ58R1-1 маркийн 1997 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй цистерн зориулалттай, *улсын дугаартай LYD 9380 маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн улбар шар өнгөтэй чиргүүл зориулалттай тээврийн хэрэгслүүд байна. Иймд “Э д п” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дээрх хөдлөх хөрөнгүүд болон арилжааны банкууд дахь харилцах данснуудын захиран зарцуулах эрхийг сэргээн шийдвэрлэж эрхийн бүртгэлийн зөрчилгүй болгох шаардлагатай.

“Э д п” ХХК нь Голомт Банкны   дугаартай төгрөгийн дансанд 88,365.12 төгрөг, 3155106987 дугаартай валютын дансанд 70.30 юань, Төрийн банкны 420034340701969323 дугаартай төгрөгийн дансанд 75,146.15 төгрөг, Капитрон банкны 3053018113 тоот төгрөгийн дансанд 873,887.50 төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2900905683 тоот төгрөгийн дансанд 10,303.74 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд “Э д п” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд буй дээрх хөдлөх хөрөнгүүд болон арилжааны банкууд дахь харилцах дансны захиран зарцуулах эрхийг сэргээн шийдвэрлэж эрхийн бүртгэлийн зөрчилгүй болгох нь Дампуурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 175, 178, 197 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69, 85, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцэх юм.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 30-ны өдрийн 102/Ш32023/10158 дугаар захирамжаар “Э д п” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэлийг хүлээн нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу “ӨНӨӨДӨР” сонины 2023 оны 06 сарын 20-ны №120 (7679) дугаарт нийтэд мэдээлсний дагуу С д т х нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “Э д п” ХХК нь 2019 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “Э д п” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.” гэжээ.

 

 4. Хүсэлт гаргагчаас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, Компанийн дүрэм /хх6-8/, Санхүүгийн байдлын тайлан /хх-9-17, 130-139/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Гүйцэтгэх баримт бичгийн судалгаа /хх-18-20/, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-21-23/, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхойлолт /хх-24-25/, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол /хх-26/, итгэмжлэл /хх-27/, Шаардлагын хариу /хх-128-129/, Нөхөн ногдуулалтын акт /хх-140-158/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчээс Нэхэмжлэл /хх-166/, Итгэмжлэл /хх-167/, С д т х Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-168/, Татварын Ерөнхийн газрын даргын тушаал /хх-169/, Нэхэмжлэх /хх-170-206/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хэрэг гүйцэтгэгчээс Э д п” ХХК-ийн Төлбөрийн чадварын талаарх дүгнэлт /хх116-125/, Э д п” ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурлаар хэлэлцсэн асуудал /хх-211/, Дампуурлын хэрэгт шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нийт нэхэмжлэлд эзлэх саналын хуваарь /хх-212/, саналын хуудас /хх-213, 215/, 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /хх-218-231/, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт /2хх66-81/, Санхүүгийн байдлын тайлан /2хх82-151/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр болон шүүхээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны лавлагаа /хх-63, 96/, Э д п” ХХК-ийн арилжааны банкин дах дансны хуулга /хх-64-68, 86-88, 97, 99-100, 109-112, 113-114, 2хх40-41, 2хх46-58 / Гаалийн ерөнхий газрын лавлагаа /хх-69-70/, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-71-85/, Ашигт малтмал, газрын тосны газрын лавлагаа /хх-89/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны лавлагаа /хх-90/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх91-93/, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт /хх-101-107/, Нийслэлийн Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны лавлагаа /хх-108/, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны лавлагаа /хх-112/, Багануур дүүргийн газар зохион байгуулалтын албаны лавлагаа /хх-115/, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хариу хүргүүлэх тухай албан тоот /2хх-42-45/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Э д п” ХХК шүүхэд гаргасан хүсэлтээ дараах үндэслэлээр тодорхойлсон.  Үүнд: “...Тус компанийн 2017-2019 онд хэрэгжүүлсэн төслийн үр ашиг нь “Э М” ХХК-тай хийсэн санхүүгийн түрээсийн гэрээ болон бусад түрээсийн тоног төхөөрөмжийн зардалд зарцуулагдсан, сар бүр хуримтлагдах өндөр үнэтэй түрээсийн төлбөрийн дарамт нь тус компанийг төлбөрийн чадваргүй болгох үндсэн нөхцөл болсон. Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хурлаар хэлэлцээд компанийг төлбөрийг чадваргүй болсныг хүлээн зөвшөөрч, шүүхийн журмаар дампууруулж, татан буулгах талаар холбогдох шийдвэр гаргасан. Компани өөрийн хөрөнгийн 10 хувиас дээш гарсан өр төлбөрийг харилцагч нартаа хууль болон гэрээгээр заасан хугацаанд нь төлөх боломжгүй болж, сүүлийн 3 жилийн байдлаар төлбөрийн бүрэн чадваргүй болсон тул “Э д п” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, дампуурсанд тооцож, шүүхийн шийдвэрээр татан буулгаж өгнө үү.” гэжээ.

3. Нэхэмжлэгч С д т х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Тус хэлтэст бүртгэлтэй 5140595 регистрийн дугаартай “Э д п” ХХК-аас 509,964,697.40 төгрөгийн татварын өрийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

4. Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд гаргасан дүгнэлтээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: 2014-2022 онуудын санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2017 онд 2,605,995,500 төгрөг болж нэмэгдэн 2018 онд 3,660,968,200 төгрөг, 2019 онд 4,484,034,700 төгрөг, 2020 онд 1,011,095,800 төгрөг, 2021 онд 2,268,927,300 төгрөг, 2022 онд 2,298,784,800 төгрөг болон нэмэгдэж, нийт -2,392,605,300 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болсон. “Э д п” ХХК-ийн удирдлага хувьцаа эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, мэдлэг дутмаг, зээл болон бусад өр бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүй зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон, менежментийг орхигдуулсан зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн гэж дүгнэж байна. ““Э д п” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.” гэжээ.

 

            5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. “Э д п” ХХК-ийг 141,630.00 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, хатуу хучилттай зам барих, хайрган зам барих, засварлах, замын байгууламжид хамаарах талбай барих, засах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулж, 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн, 2 гишүүнтэйгээр компанийн 80 хувийн хувьцаа эзэмшигчээр Т.Б, 20 хувийн хувьцаа эзэмшигчээр К Ж Г /БНСУ-иргэн/, компанийн эцсийн өмчлөгчөөр Т.Быг 2020 оны 10 дугаар сарын 10-ны бүртгэгдсэн талаарх улсын бүртгэлийн баримт хэрэгт авагджээ. /1хх-92/

 

7. Хүсэлт гаргагч “Э д п” ХХК нь шүүхийн болон арбитрын 8 шийдвэрийн дагуу 1,803,412,022.92 төгрөгийн төлөх төлбөрөөс 103,273,010 төгрөг төлөгдсөн, 1,700,139,012.92 төгрөгийн төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байна. /1хх-20/

 

8. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу дампуурлын хэрэг үүсгэж, хэрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадваргүйд тооцуулах хүсэлтдээ 2019-2022 онуудын санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн “Э д п” ХХК-ийн төлбөрийн чадварын талаарх дүгнэлтийг 2023 оны 5 сарын 12-ны өдөр гаргасан байна. Тухайн дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2023/10158 дугаар захирамжаар “Э д п” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. /1хх-116-125, 162/

 

9. “Э д п” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, уг компанитай холбоотой нэхэмжлэл гаргах хугацааг Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоож, дээрх хугацаанд Нийслэлийн С Т Хс татварын өр 509,964,697.40 төгрөгийг “Э д п” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. /хх-166/

 

            Харин “Э д п” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаарх мэдээллийг нийтэд мэдээлснээс хойш  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Э д п” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 105,917,108.25 төгрөгийн өр төлбөртэй талаар тодорхойлолт ирүүлсэн атлаа “Э д п” ХХК-д холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэл гаргаагүй байна. /хх-101/

            Улмаар шүүхээс дээрх өр төлбөрийн маргааныг шүүхээр шийдвэрлэгдсэн эсэх талаар тодруулахаар 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 01450 дугаар албан тоот хүргүүлэхэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 866 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн. Үүнд: “2023 оны жилийн эцсийн байдлаар тус компани нь 105,917,108.25 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас "Нийгмийн даатгалын ерөнхий газар"-ын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/784 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагатай аж ахуйн нэгжүүдийг шүүхэд шилжүүлэх арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах чиглэлийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн танай шүүхээс ирүүлсэн 102/Ш32023/04150 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу "Э д п" ХХК-ийн үүсгэсэн өр төлбөртэй лавлагааг хүргүүлж байсан. Өнөөдрийн байдлаар "Э д п" XXK /РД: /-д холбогдох 105,917,108 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн маргааны талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй боловч 2024 оны 02 дугаар улиралд шүүхэд нэхэмжлэл гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.” гэснээс үзэхэд “Э д п” ХХК-д холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэл гаргаагүй байх бөгөөд энэхүү хэрэгт мөн нэхэмжлэл гаргаагүй болно. /2хх-42/

 

            10. Түүнчлэн Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2-т заасны дагуу хүсэлт гаргагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлогийг бүрэн тусгахаар 2014-2022 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээг хийж хэрэг гүйцэтгэгчээс 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар дахин дүгнэлт гаргасан. /2хх-66-81/

 

Уг дүгнэлтээр хүсэлт гаргагчийн хөрөнгө болон өр төлбөрийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт үзүүлэлтүүдээс тооцож 2,392,605,300 төгрөгийн алдагдалтай ажиллаж ирсэн, “Э д п” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө нь * улсын дугаартай Hyundai Starex маркийн 2005 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг өнгөтэй суудлын зориулалттай, * улсын дугаартай * маркийн 1995 онд үйлдвэрлэгдсэн хар ногоон өнгөтэй ачааны зориулалттай, 5261 УБЗ улсын дугаартай Hyundai Country маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн бор саарал өнгөтэй бага оврын автобус зориулалттай, * улсын дугаартай * маркийн 1997 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй цистерн зориулалттай, * улсын дугаартай LYD 9380 маркийн 1999 онд үйлдвэрлэгдсэн улбар шар өнгөтэй чиргүүл зориулалттай тээврийн хэрэгслүүд, Голомт Банкны * дугаартай төгрөгийн дансанд 88,365.12 төгрөг, 3155106987 дугаартай валютын дансанд 70.30 юань, Төрийн банкны 420034340701969323 дугаартай төгрөгийн дансанд 75,146.15 төгрөг, Капитрон банкны 3053018113 тоот төгрөгийн дансанд 873,887.50 төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2900905683 тоот төгрөгийн дансанд 10,303.74 төгрөгийн үлдэгдэлтэй, өөр хөрөнгө болон хөрөнгийн эрхийн бүртгэлгүй болохыг тогтоож “Э д п” ХХК-ийг татан буулгах дүгнэлтийг гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн бусдад төлөх төлбөр нь Татварын хэлтэст 509,964,697.40 төгрөгийн татварын өр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3749 дүгээр шийдвэрээр “Нью энержи стар” ХХК-д 98,644,307 төгрөг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2170 дугаар шийдвэрээр “Эбердигм Монгол” ХХК-д 1,485,353,975 төгрөгөөс 1,462,142,244 төгрөгийн үлдэгдэлтэй, Монгол Олон Улсын Арбитрын шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 820 дугаар шийдвэрээр “Х Ш” ХХК-д 1,838,000 төгрөг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны 2002 дугаар шийдвэрээр “Кью си эм” ХХК-д 15,917,408 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1653 дугаар шийдвэрээр “Голомт банк” ХК-д 58,312,947.92 төгрөг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1460 дугаар магадлалаар “Готик голд мине” ХХК-д 63,284,106  төгрөг нийт 2,210,103,710.32 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байх ба төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай шүүгчийн захирамж гарч, нийтэд мэдээлэхэд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсээс өөр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй болно. Мөн Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д зааснаар “Э д п” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш талууд дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй байна.

 

            11. Хэрэгт авагдсан баримт болон хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс үзэхэд хүсэлт гаргагч нь 2017 онд 6,049,797,400 төгрөгийн, 2018 онд 3,058,651,600 төгрөгийн, 2019 онд 2,005,737,000 төгрөгийн, 2020 онд 618,181,800 төгрөгийн, 2021 онд 1,577,540,100 төгрөгийн борлуулалтын орлого олсон байх бөгөөд эдгээр их хэмжээний орлогыг хэрхэн юунд зарцуулсан, эдгээр орлогоос ямар шалтгаанаар татвар, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй шалтгаан нөхцөл тодорхойгүй байна. Мөн тус компани 2017 онд 1,895,794,000 төгрөгийн ашигтай ажилласан атлаа татварын өр 319,878,600 төгрөгийг ямар шалтгаанаар төлөөгүй болох нь тодорхойгүй, компанийн үндсэн хөрөнгө болох тээврийн хэрэгслүүдийн өнөөгийн бодит үнийг тогтоогдоогүй, энэ талаар хэрэг гүйцэтгэгч үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байх ба тухайн орлогоос хуулиар хүлээсэн албан татвар ногдох татвараа төлөөгүй талаар хүндэтгэн үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            “Э д п” ХХК нь “...2017 онд хэрэгжүүлж байсан хөрс хуулалтын үйл ажиллагаанаасаа олсон бүхий л орлогыг “Э М” ХХК-ийн зээлийг төлөхөд зарцуулж, үйл ажиллагаа явуулж байсан...” гэх тайлбар гаргасан боловч хүсэлтийн үндэслэлтэй холбоотой баримтыг хавсаргаагүйгээс ямар хугацаатай гэрээ байгуулж, ажил үйлчилгээ үзүүлсэн нь хэрхэн ашиггүй болсон, хэдий хэмжээний алдагдал хүлээсэн нь тодорхойгүй, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 2170 дугаар шийдвэрээр “Эбердигм Монгол” ХХК-д 1,485,353,975 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байх бөгөөд 2019 оны 12 сарын 31-ний өдөр буюу Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсэхээс өмнөх цаг хугацаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу хугацаанд нь гүйцэтгэсэн бол Ковид-19 цар тахлын нөлөө гэрээний талуудад нөлөөлөхгүй тул Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

            12. Дээр дурдсан өр төлбөрийг төлөөгүй нь хүсэлт гаргагч компанийн өөрийн удирдлагын буруутай үйл ажиллагаатай холбоотой, бусдаас шалтгаалаагүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгч нь татварыг төлөх үүрэгтэй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, 11.2 дах хэсэг “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай тул дээрх үндэслэлээр “Э д п” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, татвар төлөх үүрэг болон хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.

 

13. Түүнчлэн, С д т х улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №34200600080 дугаар актаар “Э д п” ХХК-ийн 2016-2020 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр 25,900,345 төгрөгийн төлбөрийг актаар ногдуулсан байна.

Уг актад дурдсан Аж ахуй нэгжийн албан татварын тайлан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар “Э д п” ХХК-ийн орлого болон ашгийн тооцооноос үзэхэд 2018 онд 3,420,132,684.21 төгрөгийн орлого, 2,866,115,975.89 төгрөгийн хасагдах зардалтай, 554,016,708.32 төгрөгийн татвар ногдуулах орлоготой гэсэн байхад хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн орлогын тайлангийн үзүүлэлтэд 2018 онд 3,058,651,600 төгрөгийн борлуулалтын орлого, бараа бүтээгдэхүүний өртөг зардал 4,054,581,600 төгрөг, ашиг (995,930,000) төгрөг гэсэн нь зөрүү байх тул хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна. /1хх-140-142/

            14. Иймд “Э д п” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчаас 509,964,697.40 төгрөгийг гаргуулан Нийслэлийн С д т хт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлт гаргагч “Э д п” ХХК-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч “Э д п” ХХК-аас 509,964,697.40 төгрөгийг гаргуулж Нийслэлийн С д т хт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн С д т х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч “Э д п” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ