Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/02605

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,   тоотод оршин суух И овогтой Я Аийн хүсэлттэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баяншол дүүрэг,   тоотод оршин суух Т овогтой Д.А,

 

Үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч З Г П-ий оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А, А.Ч, А.Г нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.А, түүний өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд Д.А, түүний өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Я.А үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч З Г Пий оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А, А.Ч, А.Г нарыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Би 1998 оноос БНХАУ-ын иргэн З Г Птэй хамт амьдарч байгаад 2005 онд хүү Аийн Ч, 2012 онд охин Аийн Г нарыг төрүүлсэн. Тухайн үед нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулах хүсэлтэй байсан боловч нөхөр маань гадаадад ойр ойрхон зорчдог байсан юм. Ингээд гэрлэлтээ батлуулж амжаагүй миний нөхөр 2013 оны 9 дүгээр сарын 26-ны зүрхний өвчний улмаас нас барсан юм. Миний нөхөр №000158811, Ү-*дугаар гэрчилгээтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо,ны нутаг дэвсгэрт байрлах 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1998 онд худалдан аваад төлбөрийг хэсэгчлэн төлж, 2005 онд улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Иргэн Д.А нь хамтран ажилладаг байсан учир нэрийг нь оруулан бичүүлсэн гэж  тухайн үед хэлж байсан. Д.А нас барсан хүний гарын үсэг, тамгыг санаатайгаар хуурамчаар үйлдэн дан ганц өөрийн нэр дээр шилжүүлэн авч болзошгүй тул түүнээс сэргийлэн тус гэрчилгээнд хорих тавиулах хүсэлт өгөхөөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст очиход 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нөхрийн минь өмчлөлд бүртгэлтэй байсан эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, * тоот хаягт бүртгэлтэй, 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж, “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх” эрхийн №000345458 дугаартай гэрчилгээг гаргуулсан байсан юм. Үүнтэй холбоотой асуудлыг Баянгол дүүргийн Прокурорын газар хянаад 2017 оны 9 дүгээр сарын 26-ны 425 тоот тогтоолоор Д.Агийн нэр дээрх 000345458 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, шийдвэрлэсэн.

Иймд  Ү-*Улсын бүртгэлийн дугаар бүхий гэрчилгээ дэх  Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт бүртгэлтэй, 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нь миний нөхөр З Г П байсан. Миний нөхрийн оногдох хэсгийг хууль ёсны өвлөгчөөр Я.А, А.Ч, А.Г нарыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А шүүх хуралдаанд дараах үндэслэлээр тайлбар гаргасан.  Үүнд: “...Иргэн Д.А би эрхийн улсын бүртгэлийн Y-*дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дагуу Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *хаягт байршилтай, 2016 метр.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, ул хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч билээ. Гэтэл Я.А нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дан ганц хууль ёсны өмчлөгч нь Д.А миний бие болохыг мэдсээр байж хүчингүй болсон үл хөдлөх эд хөрөнгийн 2005 онд олгогдсон 000158811 дугаар гэрчилгээ, хуурамч нотлох баримтуудыг гарган, мөн бусад нөхцөл байдлуудыг нууж, шүүхийг төөрөгдүүлэн иргэн Д.А миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдаж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дугаар шийдвэр гаргуулсан болохыг Д.А миний бие Монгол Улсын Ерөнхий прокурорын газар гаргасан гомдлын дагуу сэргээн, нэмэлт мөрдөн байцаалт явуулж буй эрүүгийн 201526022125 дугаартай хэргийн материалтай, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Прокурорын газар танилцах үед мэдсэн. Үүнээс хойш олон удаа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах хүсэлт гаргаж байсан. Миний хууль ёсны өмчийг булаан авах зорилгоор намайг олон жил шүүх цагдаагаар гүтгэн миний амьдралын цаг хугацаа барсанд их гомдолтой байна. Я.А нь З Г Пий хууль ёсны эхнэр биш, хууль ёсны эхнэр нь БНХАУ-д байдаг, тэд нэг хүүтэй. Я.А олон жил З Г Птэй амьдарсан юм бол гэрлэлтээ батлуулах боломжтой байсан. Өвлөх эрхийн гэрчилгээтэй гэж худал хэлж байна. Энэ хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Одоо миний үл хөдлөх эд хөрөнгө нь эрх бүхий байгууллагаас ашиглалтын хугацаа дууссан, нураах шийдвэрийг гаргаж актлагдсан дүгнэлт гарсан.” гэж маргажээ.

 

            3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар /хх4, 81/, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр /хх-5-7/, Төрсний гэрчилгээний хуулбар /хх-8, 80/, Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-9, 86/, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-10/, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/05517 дугаар шийдвэр /хх-12/, 2017.9.26-ны өдрийн 425 дугаар Прокурорын тогтоол /хх-13-14/, Фото зургууд /хх-22-23/, Нас барсны эмнэлгийн тодорхойлолт /хх-28/, 2017.12.04-ний өдрийн  102/ШШ2017/03269 дүгээр шүүхийн шийдвэр /хх-31-32/, Тайлбар /хх-70/, Итгэмжлэл /хх-82, 2хх75-78/, 2017.01.04-ны Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын  газрын Гомдлын хариу /хх-87, 98/, 2021.8.06-ны өдрийн 5905 дугаар Захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /2хх-109-110/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Гуравдагч этгээдээс 2018.4.04-ний өдрийн Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт /хх-39-40, 205-207/, Эрээн хотын Нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хорооны албан бичиг, тодорхойлолт /хх-43, 44, 226-227/, 2014.4.10-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх-45/, 2012.04.27-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх-46/, 2017.12.11-ний өдрийн Гомдлыг хүлээн авч, прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай /хх-47-48/, Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-49, 78-79/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-50-53, 150-155/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-53/, Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-54/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаал /хх-55-56/, Өнөөдөр сонины зар /хх-57/, Үл хөдлөх эд хөрөнгийн тойм зураг /хх-58/, 2012.6.27-ны өдрийн З Г Пий УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан хүсэлт /хх-59, 75/, ЦЕГ-ын УМБГ-ын эрэн сурвалжлах гэмт хэрэг мөрдөх хэлтэст албан бичиг /хх-60/, Яллагдагчийг дахин байцаасан тэмдэглэл /хх-62/, ЦЕГ-ын УМБГ-ын Д.Ад хүргүүлсэн албан бичиг /хх-63/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаах тухай /хх-64/, 2018.03.09-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт /хх-65-68/, 2012.6.27-ны Хувьцаа шилжүүлэх тухай гэрээний нэмэлт хавсралт /хх-76-77/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, хавсаргасан баримтууд  /хх-99-144/, Хувьцаа шилжүүлэх гэрээ /хх-145-146, 148/, Онцгой Байдлын газрын Гал түймэр гарсан нотломж /хх-156-164/, Фото зургууд /хх-165-166/, Улсын Ерөнхий Прокурорын газрын Мэдэгдэх хуудас /хх-167-169, 172/, 2014.02.19-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /хх-176-177/, 2018.12.05-ны өдрийн 0027 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-211-213/, Монгол Улсын Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-214-219/, Шүүхийн ёс зүйн хорооны Магадлал /хх-220-224/, Гэрч хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-228-231/, 2012.6.13-ны өдрийн 81 дүгээр Шүүхийн тогтоол /хх-232-234/, Яллагдагчийг дахин байцаасан тэмдэглэл /хх-240-241/, Тайлбар /хх-245-246/, Склад аж, ахуйн байгууламж худалдсан худалдан авсан гэрээ /хх-247-250/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-5-34/, 2021.02.19-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай /2хх-41-42/, Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй эсэх лавлагаа /2хх-131/, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /2хх-132/, 2012.03.01-ний өдрийн 58 дугаар УЕПГ-ын Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /2хх-133-134/, 2022.5.12-ны өдрийн 8600 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж /2хх-135/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүчгийн захирамж /2хх-136,137/, Гамшгийн туршилт шинжилгээний төвийн Шинжээчийн дүгнэлт /2хх-138-140/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /2хх-141/, 2022.5.26-ны өдрийн Газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага /2хх-142/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /2хх-143/, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /2хх-145-147/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Я.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний нөхөр 2013 оны 9 дүгээр сарын 26-ны зүрхний өвчний улмаас нас барсан юм. Миний нөхөр №000158811, Ү-*дугаар гэрчилгээтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч З Г Пий оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А, А.Ч, А.Г нарыг тогтоож өгнө үү” тодорхойлжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.А шүүх хуралдаанд дараах үндэслэлээр тайлбар гаргасан. Үүнд: “...Би эрхийн улсын Y-*дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний дагуу Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *хаягт байршилтай, 2016 метр.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч. Гэтэл Я.А нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн дан ганц хууль ёсны өмчлөгч нь Д.А миний бие болохыг мэдсээр байж хүчингүй болсон гэрчилгээ гарган, мөн бусад нөхцөл байдлуудыг нууж, шүүхийг төөрөгдүүлэн иргэн Д.А миний өмчлөх эрхэнд хууль бусаар халдсан тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.

 

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Я.Аийн нэхэмжлэлтэй, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Я.Аийн хүсэлтээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт бүртгэлтэй, 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч талийгаач З Г Пд ногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А, А.Ч, А.Г нар болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шүүхийн шийдвэрийг гарахад эрх, ашиг нь хөндөгдсөн этгээдээр оролцох байсан гэж Д.А нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-т зааснаар 2024 оны 03 дугаар  сарын 22-ны өдрийн 102/ШТ2024/00125 дугаар тогтоолоор Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянаж “...БНХАУ-ын иргэн Зао Гуйпин нь БНХАУ-ын иргэн Ж Ртай 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэсэн, гэрлэлтийн бүртгэлийн BJ150802-2013-000075 дугаар гэрчилгээтэй нь тогтоогдсон, ...нөгөө талаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дүгээр шийдвэр гарахад Улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт бүртгэлтэй, 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Д.Агийн өмчлөлд бүртгэгдэж 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр олгосон 000345458 тоот гэрчилгээтэй, хүчин төгөлдөр байжээ.” гэж үзэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/03269 дүгээр шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг хүлээн авчээ.            

 

6. 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт бүртгэлтэй, 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр БНХАУ-ын иргэн З Г П, Д.А нарыг бүртгэсэн байна.

 

7. Түүнчлэн, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.Аг бүртгэн эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэж, 000345458 тоот гэрчилгээ олгогдсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Аг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан болно.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийг заажээ. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дах хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлыг дээрх хуулийн заалтад тусгайлан зохицуулаагүй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд талийгаач БНХАУ-ын иргэн З Г Пий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт авагдсан эсэх, Улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, *тоот хаягт бүртгэлтэй, 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хэн, хэзээ, хэрхэн өвлөсөн, үүнтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, уг үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч нар бий эсэх зэрэг нөхцөл байдлыг нэхэмжлэгч Я.А нэхэмжлэлд тодорхойлоогүйгээс нэхэмжлэлийн үндэслэл шаардлага хууль зүйн агуулгаараа зөв илэрхийлэгдээгүй, улмаар мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжих боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, уг нэхэмжлэлд онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамд нийцээгүй бөгөөд хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелээгүй этгээдийг ойлгох ба нэхэмжлэгч Я.А нь ийнхүү нэхэмжлэлд хуульд заасан хариуцагчаар оролцвол зохих этгээдийг тодорхойлох байжээ.

 

9. Нэхэмжлэгч Я.Аийн гаргаж буй хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт” гэж заасан үндэслэлд хамаарахгүй буюу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

 

10. Я.А нь насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор БНХАУ-ын иргэн З Г Птэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлт гаргасныг Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/05517 дугаар шийдвэрээр Я.А, БНХАУ-ын иргэн З Г П нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон.

 

11. Иймд нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *тоот хаягт бүртгэлтэй, 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч З Г Пий оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А, А.Ч, А.Г нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Аийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *тоот хаягт бүртгэлтэй, 2016 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч З Г Пий оногдох хэсгийн хууль ёсны өвлөгчөөр Я.А, А.Ч, А.Г нарыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ