Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00816

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2024/00816

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Э

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2024/00837/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1 дүгээр ангид сураад сургуулиас гарч, аавын хамт мал маллаж байгаад 14 насанд хүрч, Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйд 1978 оны 8 дугаар сард ажилчнаар орж байсан. Тэгээд 1985 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, 1988 оны 8 дугаар сард халагдаж ирээд, тус Сангийн аж ахуйд үргэлжлүүлэн 1992 оны 3 дугаар сар хүртэл нормчноор ажиллаж байсан. Сангийн аж ахуй хувьчлагдаж 2 компани болж хуваагдахад Хушт ХК-ийн үтрэмд 1992 оны 3 дугаар сараас 1992 оныг дуустал нормчноор ажиллаж байсан. Дараа нь Алтан дуулга ХК-ийн үтрэмд 1993 оноос 1994 оныг дуустал нормчноор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол ажилд орсон, гарсан тушаал, шийдвэр аймгийн Архиваас бүрэн олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт дутуу бичилт хийгдсэн зэрэг шалтгаанаар миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болоод байна. Би анх шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1988 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нормчноор, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хушт ХК-ийн үтрэмд 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Алтан дуулга ХК-ийн үтрэмд 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2.  Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 11/667 дугаар албан бичиг, Тариалан Сангийн аж ахуйн даргын 1981 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлын цаг сунгаж ажиллуулах тухай №35 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай №113 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай №76 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хушт ХК-ийн 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Ажиллагсадын ажилд томилсон 02 дугаар тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Алтан дуулга ХК компанийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай №02 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйн боловсон хүчнээс 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М-ын Эт олгосон №326944 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 онд шагнуулсан баярын бичиг, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0/307 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны хуулбар, Тариалан сумын Тариалан САА-н Таван толгой цогцолборт нормчин ажилтай М.Эын цалингийн тодорхойлолт (1988-1995 он, 1979-1984 он), Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.Эын Тариалангийн Сангийн аж ахуй, Хушт ХК-д ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-95 дахь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.Эын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.О, Р.Т нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 99-104, 109-112 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч М.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч М.Э Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хушт ХК-ийн үтрэмд 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

Тариалан Сангийн аж ахуйн даргын 1981 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ...Тушаах нь: 1. Үтрэм дээр 4 сарын 11-нээс 4 сарын 28-ныг хүртэл 14 хоногийн хугацаанд өдөр бүр ажлын цагийг 4-өөр сунгаж ажиллуулах хүмүүсийг хавсралтаар түр томилсугай... гэх бичилттэй Ажлын цаг сунгаж ажиллуулах тухай №35 дугаар тушаал, тус тушаалын ...9. М.Э, будаа хордуулагч.... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1983 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1. Нэр бүхий 142 ажилчдад ээлжийн амралтын хуваарийн дагуу 1983 оны ээлжийн амралтыг нь хавсралтаар олгосугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №113 дугаар тушаал, тус тушаалын 113-р тушаалын хавсралт: Овог нэр: 2-р үтрэм: ...12. М.Э, албан тушаал: нормчин, амралт: үндсэн амралт: 15, албан тушаалын нэмэгдэл: 3, удаан жилийн нэмэгдэл: -, бүгд хоног: 18... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Тушаах нь: 1. Нэр бүхий 144 хүмүүсийн 1985 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №76 дугаар тушаал, тус тушаалын 76-р тушаалын I хавсралт: овог нэр: ...36. М.Э, албан тушаал: ажилчин, амралт: үндсэн 15, АТ нэмэгдэл: 3, УЖ нэмэгдэл: -, бүгд хоног: 18, эхлэх хугацаа: YI/20... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 5-8 дахь тал)

Хушт ХК-ийн 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Хушт ХК-ийн ажиллагсадын ажилд томилсон тушаалын хавсралт: ...79. М.Э, үтрэмийн ажилчин... гэх бичилттэй Ажиллагсадын ажилд томилсон 02 дугаар тушаалын хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 9 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.Эын 1980 оны 3 дугаар сараас 1985 оны 6 дугаар сар, 1988 оны 9 дүгээр сараас 1992 оныг дуустал хугацаанд Тариалангийн Сангийн аж ахуйд, Хушт ХК-д ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 17-95 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: М, 6. Нэр: Э ... 14. Ажилладаг байгууллага: Тариалан сангийн аж ахуй, ажилд орсон он: 1978, цех тасаг бригад: Таван толгой, эрхэлдэг ажил: үтрэм нормчин...оршдог сум район: Тариалан...бүртгэгчийн нэр: Дашням, 1988 оны 09 сарын 19 гэх бичилттэй архивын хуулбар, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: М-ын Э, 2. Төрсөн он сар өдөр: 1964...10. хаана ямар ажилтай: Хөвсгөл аймгийн Тариалан сумын С.А.А-н 1-р тасгийн үйлчилгээнд ачигч...14. Хуудас бичсэн: 1980.12.26... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 101, 102 дахь тал)

Гэрч Ж.О ...М.Э нь бага наснаасаа л Тариалангийн САА-н Таван толгой тасгийн үтрэмд нормчноор ажиллаж байсан. 14, 15 наснаас эхлэн ажилласан. Сургуульд суугаагүй, бага ангиас л гарсан байх. Ээж нь бага байхад нь нас барсан. Тэгээд л ажилчин болсон хүүхэд. Үүнээс хойш 1985 оны 06 сард цэргийн албанд явсан. Цэргээс 1988 онд ирээд мөн Тариалангийн САА-н 1-р тасгийн үтрэмд нормчноор 1991 оныг дуустал ажилласан. Тэгээд Тариалангийн САА нь Алтан дуулга компани, Хушт компани болж хуваагдахад М.Э мал аж ахуй дагаж Хушт ХК-д орсон. Алтан дуулга компани нь газар тариалангаа авч салж байсан. За тэгээд 1993 оноос Алтан дуулга ХК-д үтрэмийн нормчноор олон жил...Тасраагүй ажилласан...Би Тариалангийн САА-н үтрэмд 1975-1977 онд трактор комбайны жолоочоор, 1977 оноос 1991 он хүртэл нормчноор ажиллаж байгаад, 1992 оноос Алтан дуулга ХК-д нормчноор орсон... гэх мэдүүлэг, гэрч Р.Т-ын ...М.Э нь Тариалангийн САА-н Таван толгой тасгийн үтрэмд 1978, 1979 оны үеэс ачигч буулгагч, нормчноор 1985 онд цэрэгт явах хүртлээ ажилласан. 1985-1988 онд цэргийн алба хаасан. 1988 оноос 1991 онд САА-д мөн ачигч буулгагч, нормчноор ажиллаж байгаад САА тарахад Хушт ХК-д нормчноор ажиллаж байсан. Тэндээсээ Алтан дуулга ХК-д ороод тэндээ олон жил...Тасраагүй ажилласан...Будаа хордуулагч гэдэг нь гараар үрийн буудайгаа хордуулж, шавьнаас хамгаална гэсэн үг...Би Тариалангийн САА-д 1969 оноос ажиллаж байгаад 1970-1973 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мөн САА-д тракторын жолооч, үтрэмийн механикаар 1991 он хүртэл ажилласан. САА тарахад Алтан дуулга ХК-д орж мужаан, ажилчнаар ажиллаж байгаад тэгээд 2013 онд тэтгэвэртээ гарсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 111-112 дахь тал)

Нэхэмжлэгч М.Эын шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

4.1. Харин М.Эын Хөвсгөл аймгийн Тариалан сумын Алтан дуулга ХК-ийн үтрэмд 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний баримтад дээрх хугацааны цалин хөлс бичигдээгүй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Алтан дуулга ХК компанийн захирлын 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай №02 дугаар тушаалд М.Эын нэр байхгүй, гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй болно. (хавтаст хэргийн 17-95, 10 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч М.Э өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд М.Эын Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хушт ХК-ийн үтрэмд 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Тариалан сумын Алтан дуулга ХК-ийн үтрэмд 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Тариалан Сангийн аж ахуйн боловсон хүчнээс 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М.Эт олгосон №326944 дугаар хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, дарагдсан тамга тэмдэг зөрүүтэй, 1988 онд шагнуулсан гэх баярын бичиг нотлох баримтын шаардлага хангахгүй, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй, Тариалан сумын Тариалан САА-н Таван толгой цогцолборт нормчин ажилтай М.Эын цалингийн тодорхойлолт (1988-1995 он, 1979-1984 он) гэх баримт нь хавтаст хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн цалин хөлсний баримтаас зөрүүтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 11-12, 14, 15-16, 103-104 дэхь тал)

6. Нэхэмжлэгч М.Эт холбогдох ажиллаж байсан үеийн зарим тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Тус аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн даргын 1978, 1985, 1988, 1991 оны тушаал шүүж үзэхэд М.Эыг ажилд томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/667 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 4 дэхь тал)

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Эрхий мэргэн овогт М-ын Эын Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйд 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд, 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хушт ХК-ийн үтрэмд 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Тариалан сумын Алтан дуулга ХК-ийн үтрэмд 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА