| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00795/И |
| Дугаар | 155/ШШ2024/00813 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2024/00813
| 2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2024/00813 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Л
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/00795/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Л-ын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Л-ын нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Ойн ТМС-ийг сантенхикийн слесарьч мэргэжлээр 1981 оноос 1983 он хүртэл хугацаанд суралцаж төгссөн. Тэгээд Улаанбаатар хотын Барилгын модон эдлэлийн үйлдвэрт 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хана, хаалга будах, угсралтын ажилчнаар ажиллаж байсан. Ардын армийн 120 дугаар ангид 1985-1988 он хүртэл цэргийн алба хаагаад нутагтаа ирсэн. Тэгээд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдөр слесариар ажилд ороод 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Байгууллагын бүтэц өөрчлөгдөхөд Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт үргэлжлүүлэн 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны слесариар тус тус ажилласан. Одоо ч үргэлжлүүлэн Тэсийн илч ХХК-д ажиллаж байгаа. Би өндөр насын тэтгэвэр тогтоолгох болтол ажилд орсон, гарсан тушаал аймгийн Архиваас олдохгүй байгаа тул миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.
Иймд намайг Улаанбаатар хотын Барилгын модон эдлэлийн үйлдвэрт 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл угсралтын ажилчнаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесарьчаар, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл слесарьчаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 11/602 дугаар албан бичиг, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Мэргэжлийн зэрэг ахиулах тухай №228 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Цэцэрлэг Эрчим хүчний салбарын 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Тэтгэмжийн тухай №05 дугаар тушаалын архивын хуулбар, Монгол улсын Түлш эрчим хүчний яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргааны 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Цалингийн тухай №176 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ц-ийн Л-ынд олгосон хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалахын яам, Батлан хамаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 05/244 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн тодорхойлолт (1990-1994 он) зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 2-11 дэхь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Л-ынгийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Д-г гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 15-18, 23-25 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.Л-ын нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Ц.Л-ын Улаанбаатар хотын Барилгын модон эдлэлийн үйлдвэрт 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд угсралтын ажилчин, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесарьч, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесарьчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1983 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ц-ийн Л-ынд олгосон 01. 1981 оны 09 сарын 01. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Ойн техник мэргэжлийн сургуулийн сантехникийн ангид элсүүлэн суралцуулав. Мөрөн хот Ойн Т.М.С-ийн захирлын 1981 оны 10 сарын 18-ны өдрийн 117 тоот тушаалаар. 02. 1983 оны 06 сарын 30. Хөвсгөл аймгийн Мөрөн Ойн техник мэргэжлийн сургуулийн сантехникийн слесарьчаар төгссөн учир Ой модны аж үйлдвэрийн яамны шийдвэрээр. Мөрөн Ойн Т.М.С-ийн захирлын 1983 оны 06 сарын 28-ны 60 тоот тушаалаар. 03. 1983 оны 07 сарын 20. Хаалга, цонх, ханын мебелийн тавилгын ашиглалтын захиргаанд ажилчнаар. Хаалга, цонх, ханын мебелийн ашиглалтын захиргааны 1983.07.27-ны 16 тоот тушаалаар. 04. 1983 оны 11 сарын 29. ...Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1983 оны 11 сарын 29-ний өдрийн 37 тоот тушаалаар. 05. 1984 оны 03 сарын 10. ...Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1984 оны 03 сарын 10-ны өдрийн 10-р тушаалаар. 06. 1985 оны 06 сарын 22. Цэргийн албанд тэнцсэн учир цэргийн албанд татав. Батлан хамгаалах яамны сайдын 1985 оны 75 тоот тушаал. 07. 1988 оны 06 сарын 20. Хугацаа дууссан учир цэргийн албанаас халав. Ангийн захирагчийн 1988 оны 06 сарын 20-ны өдрийн 172 тоот тушаал. 08. 1988 оны 07 сарын 01. Цэцэрлэг сумын НАААҮ-ний төвд уурын зуухны слесариар ажиллуулав. Цэцэрлэг сумын НАААҮ-ний төвийн даргын 23 тоот тушаалаар. 09. 1990 оны 05 сарын 01. Уурын зуух, цахилгаан станц ЭХНҮ-т шилжих болсон тул аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн мэдэлд шилжүүлэв. Цэцэрлэг сумын НААҮ-ний төвийн даргын 29 тоот тушаал. 10. 1990 оны 05 сарын 01. Мөрөн ЭХНҮ-ийн харъяа Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт уурын зууханд авч ажиллуулав. ЭХСалбарын 1990.05.03-ны 024 тоот тушаалаар. 11. 1995 оны 05 сарын 01. Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарын халаалтын зууханд ажиллаж байсан нь үнэн. Цэцэрлэг эрчим хүчний салбар. Улсын үзлэгээр ажилласан хугацааг 12 жил 5 сараар тооцов гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 7-9 дэхь тал)
Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ЭХНҮ-ийн ажилчдаас мэргэжлийн шалгалт авсантай холбогдуулан Тушаах нь: Төвийн болон хөдөөгийн халаалтын зуух, их бага чадлын дизель цахилгаан станцын ажилчдаас мэргэжлийн шалгалт авсан шалгалтын комиссын хурлын протокол материалыг үндэс болгон шинээр зэрэг олгосон ба зэрэг ахиулсан ажилчдын нэрсийн жагсаалтыг хавсралтаар баталсугай ... гэх бичилттэй Мэргэжлийн зэрэг ахиулах тухай 228 дугаар тушаалын архивын хуулбар, тус тушаалын мэргэжлийн зэрэг тогтоосон нэрсийн жагсаалт...Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбар... Ц.Л-ын слесарь зэрэг-IY... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Цэцэрлэг Эрчим хүчний салбарын 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Эрчим хүчний салбарын бүх ажилчдын хамт олны хурлын протоколыг үндэслэн Цэндээ овогтой Л-ын, Давааням овогтой Болд хоёрт 100-300 төгрөгийн хооронд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгож өгнө үү гэх бичилттэй Тэтгэмжийн тухай №05 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)
Монгол улсын Түлш эрчим хүчний яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргааны 1994 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Цэцэрлэгийн дизель станц ашиглалтад орж байгаатай холбогдуулан Тушаах нь: 1. Цэцэрлэгийн салбарын ажиллагсадын албан тушаалын зэргийн тарифт цалин, удаан жилийн нэмэгдлийг хавсралтад заасан өдрөөс эхлэн 1994 оны 11 сарын 01 өдрийн 146-р тоот тушаал журмын дагуу ажиллагсадад олгож байсугай... гэх бичилттэй Цалингийн тухай №176 дугаар тушаал, тус тушаалын Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарын ажиллагсадын албан тушаалын сарын цалин тогтоосон жагсаалт. Овог нэр: ...32. Ц.Л-ын, албан тушаал: слесарь, ажилд орсон он: 1990-05-01, сарын цалин: 12266, зэрэг: IY, удаан жилийн нэмэгдэл: 5... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 6 дахь тал)
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Овог: Цэндээ, нэр: Л-ын, Байгууллага: Эрчим хүчний үйлдвэр /Цэцэрлэг сумын салбар/. 1990 оны 6 дугаар сараас 1991 оны 9 дүгээр сар, 1992 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар, 1993 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар, 1994 оны 2, 3, 10, 11 дүгээр саруудын цалин тэмдэглэсэн бичилттэй Ц.Л-ынгийн цалингийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 11 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Ц, 6. Нэр: Л-ын, 14. Ажилладаг байгууллага: НАҮ ний удирдах газар, ажилд орсон он: 1988, цех тасаг бригад: НАҮ цэг, эрхэлдэг ажил: машинист...оршдог сум район: Цэцэрлэг... бүртгэгчийн нэр: Д.Тайванцэцэг, 1988 оны 09 сарын 19 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 16 дахь тал)
Гэрч Н.Д-н ...Би Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 09 сард машинистаар орж ажилласан. Ц.Л-ын нь тус төвд 1988 оны 07 сард слесариар орсон байсан. Ингээд хамт ажиллаж байсан. 1990 оны 05 сард Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн уурын зуух, цахилгаан станцыг Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт шилжүүлсэн. Бид хоёр 1990 оны 05 сарын 01-ний өдрөөс Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1995 оны 05 сар хүртэл ажиллаж байсан юм. Ц.Л-ын нь слесариар ажилладаг байсан, ийм мэргэжилтэй...тасраагүй ажилласан...Ц.Л-ынг улсад олон жил ажилласан байдлыг үнэлээд хөдөлмөрийн хүндэт тэмдгээр шагнасан байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 25 дахь тал)
Нэхэмжлэгч Ц.Л-ынгийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Л-ын өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Ц.Л-ынгийн Улаанбаатар хотын Барилгын модон эдлэлийн үйлдвэрт 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд угсралтын ажилчин, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесарьч, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесарьчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Ц.Л-ынд холбогдох ажиллаж байсан үеийн зарим тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн баримт манай архивт шилжиж ирээгүй, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 он, Цэцэрлэг сумын АДХГЗ-ны 1990 оны захирамжийг тус тус шүүж үзэхэд Ц.Л-ынг ажилд томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/602 дугаар албан бичиг, гэрч С.Д-н ...Би Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн цалингийн баримт архиваас шүүлгэхэд гарч ирэхгүй байсан. Сумын архивт байхгүй гэсэн. 1990 оноос ЭХНҮ-т шилжсэн хугацаанаас хойш цалингийн баримт аймгийн Архиваас гарч ирж байсан. 1988-1990 оны цалингийн баримт байхгүй, олдохгүй байсан. Мөн тушаал бас олдохгүй гээд би бас шүүхэд ажилласан жил тогтоолгох хүсэлт гаргасан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 3 дахь тал)
6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ц.Л-ынгийн Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
7. Ц.Л-ын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 590557 дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдав. (хавтаст хэргийн 10 дахь тал)
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Сүрэгтэн овогт Ц-ийн Л-ынгийн Улаанбаатар хотын Барилгын модон эдлэлийн үйлдвэрт 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд угсралтын ажилчин, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесарьч, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Эрчим хүчний салбарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд слесарьчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА