Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/02738

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 11 гудамж, 50 тоотод оршин суух Бүдүүн уушги овогт Бэгзсүрэнгийн Нгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол өөрийн байранд байрлах Б Н Т С Тд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 53,127,251 төгрөг гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу 5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэмжээ 668,233 төгрөгийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх  тухай үндсэн,

24,191,545 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч М.Ц, Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Б Н Т С Тд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 53,127,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Миний бие Б.Н нь Б Д А б-Н Т Б Тийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ггийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар хууль бус тушаалаар ажлаасаа халагдаж Иргэний хэргийн 3 шатны шүүхээр буруугүй болохоо тогтоолгосон. БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 210/МА2022/01507 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/01146 дугаартай тогтоолуудаар баталгаажсан.

Гэвч Б Д А б-Н Т Б Тийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г нь одоо болтол шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй, ажилд эгүүлэн томилоогүй байна. Энэ ажилгүй байсан 1 жил 4 сарын хугацаанд миний бие цалин орлогогүй болж хохирсноос манай амьдралд хүндээр тусаж, 2 хүүхдээ тэжээж чадахгүйд хүрээд байна.

Иймд 5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэмжээ 668.233 төгрөгийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хугацаанд БШУС-ын 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/122 тушаалаар цалин нэмэгдсэн байгаагаас үүсэн зөрүү цалин 583,310 төгрөг байгааг нөхөн төлүүлэх, 2022 оны 06 дугаар сарын 28-аас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 9 сар 23 хоног буюу 209 ажлын өдрийн 13,720,031 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлс орлого, ТАХ-ын нэмэгдэл сар бүрийн 25% буюу 2,678,045 төгрөг, унааны зардал 104,000 төгрөг, ур чадварын нэмэгдэл сар бүрийн үндсэн цалингийн 25 хувь 2,678,045 төрөг, үр дүнгийн урамшуулал цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний улирлын үр дүнгийн урамшуулал 1,424,772 төгрөг, ээлжийн амралт 2022 оны 24 хоног, 2023 оны 8 хоног 1 нийт 32 хоногийн 2,771,999 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын мөнгөн дүн 20,794,039 төгрөг, байгууллагаас төлөх нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж миний хохирлыг барагдуулж өгнө үү.

 

1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 240, 241 дүгээр тогтоолын дагуу цалингийн шатлал өөрчлөгдөж, цалин нэмэгдсэнтэй холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын мөнгөн дүн 10,339,212 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Мөн 10,339,212 төгрөгийн байгууллагын төлөх хэмжээ 1,292,401 төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн төлүүлж хохирол барагдуулж өгнө үү.”

 

1.3 “…Олговрыг дараах байдлаар тооцож байгаа болно.

2023 оны 07 дугаар сарын 01 -ны өдрөөс шатлал ахисан ТҮБД-4 буюу сарын үндсэн цалин 1,337,000 төгрөгөөр 2023 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх үндсэн цалин 10,696,000 төгрөг. /Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 240,241 дүгээр тогтоол/

2023 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 03 дүгээр сарын 31-ны өдөр. Төрийн албан хаагчийн нэмэгдэл (ТАХ) сар бүрийн үндсэн цалингийн 25 хувь 2,674,000 төгрөг,

2023 оны 8 дугаар сарын 01 -ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Сар бүрийн Ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувь 2,674,000 төгрөг,

2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 270 ажлын өдрийн унааны зардал 84,000 төгрөг,

Нийт ажилгүй байгаа 2023 оны 8 дугаар сарын 01 -ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 16,128,000 төгрөг.

Монгол улсын засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 7 дугаар хавсралтаар ТҮБД-4 шатлалын үндсэн цалинг 1,471,000 төгрөг болгон өөрчилж 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөн эхэлсэн тул 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаа буюу 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны 5,884,000 төгрөг.

2024 оны 4 дүгээр сарын 01 -ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх Төрийн албан хаагчийн нэмэгдэл (ТАХ) сар бүрийн үндсэн цалингийн 25 хувь буюу 1,741,000 төгрөг.

2024 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх Сар бүрийн ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувь буюу 1,741,000 төгрөг.

2024 оны 4 дүгээр сарын 01-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 30-ны хүртэлх 84 ажлын өдрийн унааны зардал 42,000 төгрөг.

2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх нийт 9,418,000 төгрөг, нийт 2023 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлсний нийт дүн 21,994,000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна.

Иймд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагад заасан 20,794,039 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага 10,339,212 төгрөг, дээрх 21,994,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор нийт 53,127,251 төгрөгийг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хамт нөхөн төлүүлж Б.Нд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч Б Н Т С Т хариу тайлбартаа: “Тус төвөөс ажилгүй байсан хугацааны цалин, болон ээлжийн амралтын мөнгөн олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилтийг гаргуулах нэхэмжлэл гаргасан Б.Нгийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Тус төв буюу хариуцагч тал 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б/59 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрт дурдсан 5,345,868 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нд олгосон. Энэ мөнгө авч шүүхийн шийдвэр биелүүлсэн талаар Б.Н маргаагүй, хариуцагч талын хувьд үүргээ биелүүлсэн тул дахин мөнгө төлөх асуудал байхгүйг дурдъя.

Б.Нг Нийгмийн ажилтны ажилд шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн авах асуудал нь өөрөөс нь шалтгаалах үндэслэлээр өнөөдрийг хүртэл биелэхгүй байна. Энэ нь тэрээр Нийгмийн ажилтны ажлын байранд шаардагдах баримт бичиг бакалаврын дипломыг бүрдүүлэн байгууллагад ирүүлээгүй.Өөрийн бичиг баримтаа ирүүлэн өмнөх ажилдаа эгүүлэн томилуулахыг уг тушаалаар болон мэдэгдэх хуудсаар удаа дараа мэдэгдсэн боловч 2023 оны 05 сарын 02-ны өдөр ирж уулзахдаа ажилдаа эргэж орохгүй тушаалаа гаргаад авчих юм бол буцаад өөрөө өргөдлөө өгнө гэсэн хариуг хэлдэг. Тэрээр хууль зөрчсөн шүүхийн шийдвэр гаргасан гэдэг нэрийн дор хариуцагч талаас төлбөр гаргуулах зорилгын доор энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Ажил олгогчийн хувьд Боловсролын хууль, болон Нийгмийн ажилтны ажлын байранд тавигдах шаардлагыг хангуулсны дагуу өмнөх ажилд томилох асуудлыг Б/59 дугаар тушаалдаа тодорхой дурдсан болно. Нэхэмжлэгч хууль ёсны шаардлагыг хангаагүй тул түүнийг өмнөх ажилд нь эгүүлэн авах тушаал гараагүй цалин хөлсний асуудал шийдвэрлэх боломжгүй өнөөг хүрсэн.

Эдгээр (Б.Нгаас хамаарах) нөхцөл байдлыг үндэслэн түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.

 

3. Хариуцагч Б Н Т С Төөс нэхэмжлэгч Б.Нд холбогдуулан 24,191,545 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төв нь анх Б.Нг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаартай ажилд томилох тушаалаар тус төвд нийгмийн ажилтны үүрэгт ажилд томилсон. Улмаар Б.Нг ажиллуулах явцад нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангаагүй үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б/14 дугаартай тушаалаар дүйцсэн хөтөлбөрийн багшаар түр томилсон боловч ажлаа хийхгүй сахилгын шийтгэл оногдуулсан. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өмнө гаргасан тушаалуудаа хүчингүй болгож Б.Нг нийгмийн ажилтнаар өөрийнх нь хүсэлтээр ажлаас гарах учир гэсэн нөхцөлтэй эгүүлэн томилсон. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаартай тушаалаар хариуцагч Б.Нг мэргэжлийн бичиг баримт нь Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтын нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлт, мэргэжлийн индексэд тавигдах шаардлагыг хангаагүй гэж холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн түүний Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Б.Н нь уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 102/ШШ2022/02438 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч байгууллага нь шат шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б/59 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай захирлын тушаал гарсан. Тус тушаалын 1 дэх хэсэгт Б.Нд олгогдох 5,345,868 төгрөгийг тус төвийн төсвөөс гарган олгохыг нягтлан бодогч Д.Тунгалагт зөвшөөрч, 2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрт дурдсан олговрыг шимтгэл, хүн амын орлогын албан татвар, бусад тооцоог хуульд заасны дагуу бодож олгохыг нягтлан бодогчид даалгаж, 3 дахь хэсэгт Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвийн Нийгмийн ажилтны албан тушаалд шаардагдах бичиг баримтуудаа албан ёсоор хуулийн дагуу ирүүлэн албан тушаалд эгүүлэн томилуулахаар шийдвэрлүүлэхийг Б.Нд даалгасан. Улмаар тус тушаалын 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрээр олгогдсон олговор 5,345,868 төгрөгийг байгууллагын төсвөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Б.Нгийн ХААН банк дах хувийн харилцах дансанд шилжүүлсэн.

Мөн тухайн тушаалын 3 дахь хэсэгт зааснаар Б.Нг урьд эрхэлж байсан албан тушаалд томилогдоход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, томилогдохыг даалгасан. Гэвч Б.Н нь тухайн тушаалыг хүлээж авсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн баримт бичгийг бүрдүүлж ирээгүй, Улмаар байгууллагын зүгээс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудсаар иргэн Б.Н-д “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаал болон 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мэйл хаягаар хүргүүлсэн мэдэгдлийн дагуу хэрэгтэй материалыг яаралтай бүрдүүлэн ирж, албан тушаалд эгүүлэн томилуулах асуудлыг шийдвэрлүүлэх нь танаас шалтгаална гэдгийг мэдэгдэж байна...” гэж албан ёсоор мэдэгдэж түүнд мэйлээр хүргүүлсэн боловч мөн л баримт бичгийг бүрдүүлж, ажилд томилогдох талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй болно. Б.Н нь анх ажилд томилогдож ажиллах үеэсээ нийгмийн ажилтны бакалаврын боловсролын дипломгүй гэдгээ өөрөө мэдсээр байж нэхэмжлэгч төвийн нийгмийн ажилтны ажил албан тушаалд томилогдсон.  Б.Нгийн хашиж буй ажил албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.2 дэх хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна. Төрийн албан хаагчийн хувьд төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг наад захын шаардлагыг хангасан байх, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас 22.1.2-д заасан дээд боловсролтой байх шаардлага, Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, тухайн салбарын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагаас үзэхэд нийгмийн ажилтан нь дээд боловсролтой бакалаврын зэрэгтэй, нийгмийн ажилтан мэргэжил эзэмшсэн байх шаардлагатай.

Дээрх хууль тогтоомжид заасан нийтлэг наад захын болон тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, зохих журмаар суралцаагүй атлаа өөрийн зохих шаардлага хангаагүй гэдгээ мэдсээр байж санаатайгаар тухайн албан тушаалд томилогдсон, иймээс эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан. Түүний ажиллах хугацаандаа авсан цалинг байгууллагад учирсан хохирол буюу гарсан зардалд тооцно.

Б.Н нь 2020 оны 08-р сарын 17-ны өдөр анх тус төвийн нийгмийн ажилтнаар томилогдсон бөгөөд 2020 оны 08-р сарын 17-ны өдрөөс 2021 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл нийт 18,845,677 төгрөгийн цалин хөлс авсан, анхан шатны шүүхийн шийдвэрээр 5,345,868 төгрөг нийт 24,191,545 төгрөгийн авах ёсгүй цалин авч нэхэмжлэгч байгууллагыг хохироосон. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Нгаас 24,191,545 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч Б.Н хариуцагч Б Н Т С Тийн сөрөг нэхэмжлэлд “...Нэгдүгээр хавтас хэргийн 123 дугаар тал авагдсан байгаа 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/959 дугаар Монгол улсын төрийн албаны зөвлөл байгаа. Энэ албан тушаалын зөвлөлийн сул орон тоо нөхөх Нийслэлийн Баянгол дүүргийн засаг дарга н.Сумъяабаатарт хүргүүлсэн байдаг.  Уг албан бичгээр Баянгол дүүргийн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Г107 дугаар захирамжаар албан бус насан туршийн боловсролын төвийн захирлаар н.Гг томилсон нь хуульд нийцээгүй, хууль бус байна, орон тоо нөхөх тухай ийм зөвлөмж өгсөн байгаа. Нэгдүгээр хавтаст хэргийн 122 дугаар талд авагдсан захирамж байгаа. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн захирамж буюу 123 тушаалаар н.Гг ажлаас нь халсан. Мөн тус өдөр Б125 дугаар тушаалаар албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байгаа. Анх Б.Н нь анх 2020 оны 08 дугаар сард ажилд орсон. 2021 оны 03 дугаар сард ажлаас нь чөлөөлөөд түр тушаалд томилсон байсан. 2021 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Б.Г нийгмийн ажилтнаар буцааж томилсон байсан. Б.Г нь энэ хугацаанд ажилд аваад томилоод байгаа, ажлаас халаад байгаа нь тушаал нь хууль зүйн талаас үндэслэлтэй. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т  заасан нийтлэг шаардлагатай холбоотой тусгай шаардлагыг хангасан байгаа. Үүнтэй холбоотой дипломын хуулбар удирдлагын академид ажилласан магистрын дипломын хавсаргаж өгсөн. Мөн Нийслэлийн 13 дугаар сургууль нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Өөрийн хүсэлтээр гарч байсан. Өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэлд төлж байсан баримтуудаар нотлогддог. Гэтэл хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс гэж байгаа. 2020 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл 18,845,677 төгрөгийн цалин авсан. Үүн дээр анхан шатны шүүхийн шийдвэрээр төлсөн 5,345,868 төгрөгийг 24,191,545 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйл 510 дугаар зүйлээр шаардаад байгаа. Гэтэл өмнө нь ажилд томилсон ажилд авсан асуудал нь гурван шатын шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ гурван шатны шүүхийн шийдвэрийг яах юм бэ? анх ажилд авсан хүнээс өнөөдрийг хүртэл 24,000,000 төгрөг шаардаад байгаа. Гэтэл өнөөдөр энэ асуудлыг шийдээд, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн давж заалдах  шатын шүүхийн шийдвэр гарсан. Энэ хүрээнд улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатын шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй үндэслэлтэй явж байгаа. Энэ шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа юм. Монгол улсад хамгийн дээд хүчин чадалтай акт болох шүүхийн шийдвэр байгаа. Энэ шийдвэрийн биелэлттэй холбоотой асуудлыг ярьж байгаа Энэ шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ Б.Г биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл Б.Н нь хуурамч бичиг баримт бүрдүүлээд ажилласан биш юм. Харин энэ хүнийг ажилд авч байгаа хүмүүс нь энэ байгууллагын удирдлагууд шүү дээ. Энэ хүмүүс хариуцлагыг нь хүлээх ёстой. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нэгэнт гарсан, нийтэд илэрхий болсон анхан шатны шийдвэрүүд магадлалаар 100  хувь үгүйсгэгдэж байгаа. Энэ нөхцөл байдлыг дүгнэсэн байгаа. Гэтэл Б.Нгийн насан турш албан бус боловсролын төвд ажилласан үр шимд бий болгосон энэ хөдөлмөрийг хохиролд тооцож шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй,үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэж тайлбарласан байна.

5. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 шийдвэр /хх4-8/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2022/01507 дугаар магадлал /хх9-14/, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/01146 тогтоол /хх-15/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвд гаргасан хүсэлт /хх-16/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 тушаал /хх-17-18/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-19/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-20/, Хөдөлмөрийн гэрээ /хх-21-22/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн Б/06 тушаал /хх-23/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн 2021.3.05-ны өдрийн Б/14 тушаал /хх-24/, Итгэмжлэл /хх-49/, Баянгол дүүргийн Засаг даргын албан бичиг /хх-53/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-54/, Хөдөлмөрийн дэвтэр /хх-55-56/, Нийгмийн даатгалын дэвтэр /хх-57-61/, Нийгмийн даатгалын лавлагаа /хх62-65/, Боловсролын диплом /хх-129-136/, Нэхэмжлэлийн нэмүүлсэн шаардлага /хх-176-178, 2хх179-180/, 13 дугаар сургуулийн тодорхойлолт /2хх-86/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-43/, Итгэмжлэл /хх-44/, хариу тайлбар /хх-79-80, 137-139/, Нийслэлийн Баянгол дүүргийн дотоод аудитын алба /хх-81/, ЕБС эзэшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас /хх-82-88/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн хамт олны хурлын тэмдэглэл /хх89-91/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн Мэдэгдэл хүргүүлэх тухай /хх-92/, Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн зөвлөмж /хх-93-94/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн захирлын 2020.8.17-ны өдрийн Б/06 тушаал /хх-96/, Албан тушаалын тодорхойлолтын маягт /хх-97-100/, Сөрөг нэхэмжлэл /хх-140-142/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн захирлын 2020.8.17-ны өдрийн Б/06 тушаал /хх-145/, Төлбөрийн хүснэгт /хх-146/, Цалингийн карт /хх-147-148/, Боловсролын ерөнхий газрын Хариу хүргүүлэх тухай /хх-150/, БГД-ийн Засаг даргын Тамгын газрын Чиглэл хүргүүлэх тухай /хх-156-157/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн захирлын 2021.12.16-ны Б/65 Б.Нг ажлаас чөлөөлөх тухай  тушаал /хх-158/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн захирлын 2022.12.06-ны Б/59 тушаал /хх-159/, Мэдэгдэх хуудас /хх-162-166/, Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан бичиг /хх-166/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн санхүүгийн зарим үйл ажиллагаатай холбоотой өргөдлийг шалгасан тухай тайлан /хх-167-169/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн Залруулга хийлгэх тухай /хх-193/, Удирдлагын академи сургалтын албаны Тодорхойлолт /хх-194, 2хх-56/, Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн захирлын дэргэдэх хурлын тэмдэглэл /2хх-12-27, 32-51/, Ажлын үнэлгээний тайлан /2хх-28-30/, Захирал Б.Гтай холбогдох авлагын барагдуулалт /2хх-52/, илтгэх хуудас /2хх-53-55/, БСШУ-ны Сайдын тушаал /2хх-57/, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт /2хх-58-63/, Албан тушаалын тодорхойлолтын маягт /2хх-64-71/, БГД-ийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг /2хх-87/, Боловсролын ерөнхий газрын албан бичиг /2хх-183/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр МУ-ын БСШУ-ны сайдын 2022.04.01-ний өдрийн А/122 тушаал, хавсралт /хх-110-112/, МУ-ын БСШУ-ны сайдын Чиглэл хүргүүлэх тухай /хх-113-114/, Хариуцагчийн хүсэлтээр Үзлэгийн тэмдэглэл /хх-200-214/, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн баримт /2хх-106-111, 117-118/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас ирүүлсэн баримт /2хх-123-126/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн, шүүхээс Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсэх тухай тогтоол /хх-246/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн баримт /1хх-227-2хх-11/ зэргийг бүрдүүлсэн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.Н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, одоог хүртэл нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор нийт 53,127,251 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.

3. Хариуцагч Б Н Т С Т нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Нийгмийн ажилтны ажлын байранд тавигдах шаардлагыг хангуулсны дараа өмнөх ажилд томилох талаар тодорхой дурдсан. Нэхэмжлэгч хууль ёсны шаардлагыг хангаагүй тул түүнийг өмнөх ажилд нь эгүүлэн авах тушаал гараагүй цалин хөлсний асуудал шийдвэрлэх боломжгүй.” гэж маргажээ.

4. Хариуцагч Б Н Т С Т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “...Б.Н нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нийт 18,845,677 төгрөгийн цалин хөлс авсан, анхан шатны шүүхийн шийдвэрээр 5,345,868 төгрөг нийт 24,191,545 төгрөгийн авах ёсгүй цалин авч байгууллагыг хохироосон тул 24,191,545 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч Б.Н хариуцагчийн Б Н Т С Тийн сөрөг нэхэмжлэлийг “...3 шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй.” гэсэн үндэслэлээр няцаасан.

            6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2022/01507 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/01146 тогтоолоор Б.Нгийг Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн Нийгмийн ажилтны ажилд эгүүлэн томилсон боловч хуулийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдээгүй байна.

 

Ажил олгогчоос Б.Нгийг ажилд нь эгүүлэн томилох гэсэн ч нийгмийн ажилтны албан тушаалд шаардагдах бичиг баримтуудаа албан ёсоор хуулийн дагуу ирүүлэн өмнөх албан тушаалд эгүүлэн томилуулахаар даалгасан боловч бичиг баримтаа ирүүлээгүй тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалзаж, Б.Нгийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дүгээр Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн хэдий ч нэхэмжлэгч талаас уг тушаал нь ажилд эгүүлэн томилсон тушаал биш учраас нэхэмжлэгчид үүрэг үүсэхгүй талаар тайлбар гаргасныг хариуцагч няцааж чадаагүйгээс гадна хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гаргаагүй талаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.”, 11.2 дах хэсэг “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.” гэж заажээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4-/43/5013 тоот, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 02-143/8731 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 шийдвэрийн дагуу Б.Нг Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн Нийгмийн ажилтны ажилд эгүүлэн томилж, тушаалын хуулбарыг ирүүлэхийг мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар дурдсан байх тул шүүхийн шийдвэр биелэгдсэн, Б.Нг үүрэгт ажилд нь эгүүлэн томилсон гэж үзэхгүй. 

 

Ажил олгогч нь ажилтныг ажилд эгүүлэн томилох үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.

 

8. Мөн ажил олгогчоос Б.Нгийг ажилд эгүүлэн томилсон тухай тушаал гаргаагүй, ажилд нь буцаан аваагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй атлаа 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд мэйлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар холбогдож, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаал, мэдэгдэх хуудас зэрэг албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн нь ач холбогдолгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй гэж үзэв.

 

9. Харин нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг нэхэмжлэхдээ нэмэгдэл хөлс, унааны зардал, ээлжийн амралтын олговор тооцоолж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

Учир нь Б.Н нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогчоос ажилд эгүүлэн томилсон тухай тушаал гараагүй, энэ хугацаанд цалин хөлс олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” зааснаар дээрх шүүхийн шийдвэрт заасан 1 өдрийн цалин 40,499 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.

 

10. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш буюу 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тооцож, ажлын 477 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 19,318,023 төгрөгийг                                    /477 хоног х 40,499 төгрөг = 19,318,023/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нгийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Б Н Т С Тд даалгах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгчийн 5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэмжээ 668,233 төгрөгийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

11. Түүнчлэн, хариуцагчаас “нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу тухайн ажилд томилогдох шаардлагыг хангаагүй үндэслэлээр 2020 оны 08-р сарын 17-ны өдрөөс 2021 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл нийт 18,845,677 төгрөгийн цалин хөлс авсан, анхан шатны шүүхийн шийдвэрээр 5,345,868 төгрөг нийт 24,191,545 төгрөгийн авах ёсгүй цалин авсныг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

12. Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Б.Нг нийгмийн ажилтны албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотойгоор Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, 1,353,780 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Б.Нгийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвд холбогдох хэргийг өмнө нь шүүх шийдвэрлэсэн.

 

Тодруулбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Нг нийгмийн ажилтны ажилд эгүүлэн томилж, олговорт 5,345,868 төгрөгийг Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвөөс гаргуулж Б.Нд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 1,353,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

13. Хариуцагч Б Н Т С Төөс “...Б.Н нь анх ажилд томилогдож ажиллах үеэсээ нийгмийн ажилтны бакалаврын боловсролын дипломгүй гэдгээ өөрөө мэдсээр байж нэхэмжлэгч төвийн нийгмийн ажилтны ажил албан тушаалд томилогдсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн үндэслэлээр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан.” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагатай холбоотой үйл баримтыг өмнө нь шүүх шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

14. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянгол дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн нэршил Б Н Т С Т болж өөрчлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

15. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт 19,318,023 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Б Н Т С Тд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 33,809,228 төгрөг, 5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэмжээ 668,233 төгрөгийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 254,540 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч Б Н Т С Төөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,318,023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Нд олгож, цалин хөлстэй тэнцэх олговор 19,318,023 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Б.Нгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Б Н Т С Тд даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 33,809,228 төгрөг, 5,345,868 төгрөгөөс байгууллагын төлөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хэмжээ 668.233 төгрөгийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, хариуцагч Б Н Т С Тийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 254,540 төгрөгийн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ