Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2023/0637/З |
Дугаар | 128/ШШ2023/0889 |
Огноо | 2023-11-24 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2023/0889
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ф ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл
Маргааны төрөл: Татварын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Нөхөн ногдуулалтын акт-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Я.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Нөхөн ногдуулалтын акт-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах
Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын татварын улсын байцаагчид тус компанийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулж, актыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******од гардуулж энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт заасан хугацаанд хүсэлтээ гаргана, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана", Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.1-т "Татвар төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх нь татварын актыг гардаж авснаас хойш Татварын ерөнхий хуулийн 12.1.6, 43.1, 72.4-т заасан хугацаанд, мөн хуулийн 47.5-д заасны дагуу дор дурдсан харьяаллаар гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хугацаанд хүсэлтээ гаргана гэж тус тус заасан.
Гэтэл татвар төлөгчийн зүгээс уг актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн бөгөөд хүсэлтдээ Б.А*******ыг тус компанийг төлөөлөх эрхгүй, өмнө олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан тул актыг 2023 оны 03 дугаар сард мэдсэн талаар дурдсан. Маргаан таслах зөвлөл тус компаниас хяналт шалгалтын явцад ирүүлсэн итгэмжлэл болон, татвар төлөгчид нөхөн ногдуулалтын актыг гардуулсан байдал зэргийг хянан үзээд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуг хүргүүлсэн. Учир нь хяналт шалгалтын явцад тус компанийг төлөөлөн ажиллах итгэмжлэлийг Б.А*******од олгосон тухай гүйцэтгэх захирал D******* X*******-ийн гарын үсэг бoхий 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн А-19/10 тоот, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/01 тоот, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09/01 тоот албан бичгийг Том татвар төлөгчийн газарт ирүүлж, уг итгэмжлэлийн дагуу Б.А*******од нөхөн ногдуулалтын актыг гардуулсан байна. Дээрх баримтаас үзэхэд Б.А******* нь уг компанийг төлөөлөх бүрэн эрхтэй байх бөгөөд итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон мөн төлөөлөх эрхгүй этгээдэд актыг мэдэгдэж гардуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй учир тус компанийн гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг нөхөн сэргээх хүсэлтийг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна. Тус компанийн зүгээс шинэ нягтлантай болсон, төлөөлөх эрхгүй этгээдэд актыг гардуулснаар татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ мэдээгүй гэх шалтгаан нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Нөхөн ногдуулалтын акт-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б*******, Г.Б******* нар нь Ф ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2122300677 тоот томилолтоор хяналт шалгалт хийж, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай № тоот Нөхөн ногдуулалтын актаар нийт 1,714,159,813.99 төгрөгийн төлбөрийг Ф ХХК-аар төлүүлэхээр акт тогтоосон байна.
Нэхэмжлэгч нь дээрх 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № тоот Нөхөн ногдуулалтын акт-д гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №23/011 дугаар албан бичгээр хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан байна.
Уг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №23/011 дугаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтдээ Ф ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зөвхөн компанийн санхүүгийн үйл ажиллагаанд болон татварын шалгалтыг бүрэн хариуцан ажиллах итгэмжлэлийг иргэн Б.А*******од олгосон бөгөөд уг итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсноор иргэн Б.А******* нь тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд буюу төлөөлөх бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон этгээд байх ба дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг Б.А*******од гардуулснаар Ф ХХК нь Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхээ мэдээгүй, татварын улсын байцаагчийн актад гомдол гаргах хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдсан гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна.
Харин Ф ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №23/011 дугаар дээрх хүсэлтэд, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 55 тоот албан бичгээр хариу өгсөн байх ба уг албан бичигт Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.1-д Татварын төлөгч, эсхүл түүний эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөх нь татварын актыг гардаж авснаас хойш ...Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хугацаанд хүсэлтээ гаргана:, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг гардаж авснаас хойших гурван сарын дотор Маргаан таслах зөвлөлд хүсэлт гаргах хуулийн зохицуулалттай, Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байх тул танай хүсэлтийг хүлээн авахаас татгалзан, хүсэлтийг үүгээр буцааж байна. гэсэн байх ба хариуцагч энэ үндэслэлээр маргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж заасан байна.
Ф ХХК-ийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № тоот Нөхөн ногдуулалтын актыг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан болох нь татварын улсын байцаагчийн актыг гардуулсан тухай тэмдэглэлээр[1] тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № тоот Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хугацааг сэргээлгэхээр 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан байх ба үүнээс үзэхэд, хүсэлт гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Хэрэгт авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №09/01 тоот итгэмжлэлээс[2] үзэхэд, уг итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******од Ф ХХК-ийн 2018 оноос 2021 он дуустал үйл ажиллагааны Татварын Ерөнхий газрын шалгалтад тус компанийн санхүүгийн үйл ажиллагаа болон татварын шалгалтыг бүрэн хариуцан ажиллах эрх олгогдсон байна.
Дээрх №09/01 тоот итгэмжлэлийг хугацаа заалгүйгээр олгосон байх ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д заасны дагуу хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байх тул Б.А*******од олгосон тус компанийн итгэмжлэл тухайн үед хүчин төгөлдөр байжээ.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №09/01 тоот хүчин төгөлдөр итгэмжлэлээр[3] Б.А*******од эрх олгосон байх тул Б.А*******од олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байхад манай компанийг төлөөлөх эрхгүй этгээдэд 21220000075 дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ыг гардуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасныг баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Нөхөн ногдуулалтын акт-д гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, гомдол гаргах хугацаа сэргээхийг даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ф ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ