Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 121

 

     Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Я.Дина,   

       Шүүгдэгч: О.Г, С.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн О-ын Г, И т овгийн С-ын Б нарт холбогдох эрүүгийн 1735000000063 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4 эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Сагил сумын 1-р багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЛ66071570, И т овгийн С-ын Б.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5 эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Сагил сумын 1-р багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЭ64072576, Т овгийн О-ын Г.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Г нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Сагил сумын 1-р багийн нутагт хохирогч С.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Сагил сумын 1-р багийн нутагт хохирогч О.Г-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                1. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03, 05-р тал/,

                2. Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх одоогоор Увс аймгийн Сагил сумын 1-р баг “Цагаан арал” гэх газарт байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай багийн малчин О.Г манай өвөлжөөн дээр ирж буусан. Хамгийн гол нь Г-ынх айлуудын дээд талд буусан. Тэр газарт бууснаар айлууд тэр айлыг дагаад дээшилж малчдын өвлийн бэлчээрийг мал нь иддэг тул би өвлийг өнөтэй давах зорилгоор Г-ын гэрт очиж “Чи яагаад бусад айлууд буугаагүй байхад энэ газарт бууж байгаа юм бэ” гэж хэлчихээд явсан. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө үхрээ бэлчээрлүүлэхээр явж байтал Г хонио идээшлүүлээд явж байсан. Г тэр үед мод зороод сууж байсан ба мод зорж байсан хутгаа чанга атгаад над уруу заагаад олон зүйл яриад байхаар нь би мориноосоо бууж Г-ын дээлний энгэрээс заамдаж аваад газар унагаагаад зүүн нүдэн тус газар нь гараараа цохиход Г газраас чулуу авч миний зүүн нүд, зүүн дух хэсэгт цохисон. Би Г-ын дээр нь дарчихсан байсан болохоор Г-ын нүүрэн дээр цус дусаж бид хоёр салсан юм. Би тэр үед дээлний бүсээрээ нүүрний цусаа арчиж цэвэрлэсэн. Тухайн үед Г бид хоёроос өөр хүн байхгүй байсан тул бид хоёрын зодооныг үзэж харсан хүн байхгүй. Тухайн үед миний бүсэлж явсан бүс цус болчихсон болохоор нь Монгол хүн бүс, малгайгаа дээдэлж явдаг тул цустай бүс бүслэхээс сэжиглэж тухайн бүсийг угаагаад цэвэрлэчихсэн юм. Г миний зүүн нүдний дээд хэсэгт, зүүн дух хэсэгт чулуугаар нэг удаа цохисон. Тухайн үед намайг хэр хэмжээтэй чулуугаар цохисныг мэдэхгүй байна. Би чулуу харах сөхөөгүй байхад намайг цохиод буцаагаад хаячихсан бөгөөд уг чулууг Г мэдэж байгаа байх. Г бид хоёр нэг нутаг усны, нэг буйр бууцанд олон жил хамт амьдарч байгаа болохоор тухайн үед өчүүхэн муу бодлоос болж бие биедээ гэмтэл учруулсан нь тун таагүй хэрэг болсон. Миний хувьд одоо Г-оос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоёрын асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг / хх-ийн 8-9-р тал/,

                2. Хохирогч О.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Сагил сумын 1-р багт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Манайх 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Сагил сумын 1-р баг “Цагаан бураа” гэх газарт нүүж очиж буусан юм. Манайх нүүж ирдэг өдөр тус багийн иргэн Б манай гэрт ирээд “Танайх яагаад айлуудаас түрүүлж нүүгээд байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “Намаржааныхаа буйранд бууж байна” гэж хэлэхэд Б яваад өгсөн. Түүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би хонио бэлчээрт туугаад идээшлүүлж байтал Б ирээд “Энэ газарт бууж болохгүй. Энэ хавиар мал идээшлүүлж болохгүй” гэж надтай хэрэлдээд улмаар бид хоёр маргалдаад Б мориноосоо бууж ирээд миний дээлний энгэрээс заамдаж аваад намайг дарсан. Тэр үед би газарт сууж байсан бөгөөд намайг газарт унагааж дараад миний зүүн нүд, зүүн хацар хэсэг үрүү 3-4 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би газраас атгасан гарнаас жаахан жижиг хэмжээтэй чулууг баруун гараараа аваад Б-ийн зүүн шанаа хэсэг үрүү цохиход түүний зүүн нүдний дээд талд дух хэсэгт нь онож, тэр хэсгээс нь цус гарсан. Тэгээд бид хоёрын зодоон дуусаж бид хоёр салаад би гэртээ ирээд мотоциклоороо эхнэрээ хонины дэргэд хүргэчихээд цагдаад мэдэгдсэн. Мөн сумын төвд эмчид үзүүлээд аймгийн төв үрүү орж ирсэн. Тухайн үед миний хацарнаас цус гарсан. Би зодуулчихаад гэртээ харихад миний эхнэр байсан бөгөөд би эхнэртээ Б-д зодуулсан гэдгээ хэлсэн. Б миний зүүн нүд, шанаа, хацар хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Одоо надад өвдөж зовиурлах зүйл байхгүй байна. Би газраас атгасан гарнаас арай жижиг, бодын шагайны хэмжээтэй чулуугаар Б-ийг цохисон. Одоо тэр чулуу зодоон болсон газарт байгаа бөгөөд би уг чулууг одоо олж чадна. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид хоёр эв зүйгээ олчихсон одоо гомдох гомдол байхгүй. Тэр үеийн уур бухимдлаас болж ийм байдалд хүрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,

                3. Гэрч П.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх тус аймгийн Сагил сумын 1-р баг Баянзүрхийн “Тээгийн буйр” гэдэг газарт 2017 оны 10 дугаар сарын 16-ны үед буусан. Тэр буусан өдөр Б гэдэг хүн манайд ирээд “Та нар яагаад энд бууж байгаа юм бэ. Айлууд буух болоогүй байхад малын бэлчээр идэж болохгүй” гэж хэлчихээд явсан. Түүнээс хойш тэр газраа байж байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өглөө миний нөхөр Г бог малаа туугаад бэлчээрт гаргасан. Тэгтэл “Цагаан бураа” гэх газарт миний нөхөр Г-той бэлчээр булаацалдаж зодолдсон байсан. Тухайн үед би үзэж хараагүй бөгөөд гэртээ ирэхэд Г нь цус болчихсон байсан. Г гэртээ ирэхдээ “Нуруу өвдөж байна, даралт ихсээд байна” гэж байсан бөгөөд тухайн үед Г-ын зүүн нүд нь улайж хавдсан байсан. Г-ыг гэртээ ирэхэд нь би зөрөөд бог малруугаа явахад зодоон болсон гэх газарт Б байсан бөгөөд Б-ийн зүүн нүдний дээд хэсэгт шалбарсан байсан. Би хонины бэлчээрт Б-тэй тааралдаад “Та яагаад миний нөхрийг цохиж байгаа юм бэ. Намайг цохивол ч цохь” гэхэд Б ташуураа далайчихаад яваад өгсөн. Одоо манай буусан байгаа буйр нь Б-ийн хадам аавын өвөлжөө юм. Манайх тухайн газар намарт буудаг юм. Миний нөхөр Г зан байдлын хувьд их төлөв даруу, бусдын үгээр явдаг, гэр бүл, үр хүүхэддээ халамжтай, элдэв муу зуршилгүй, малч ухаантай, мал маллах сонирхолтой хүн юм. Одоогоор бид Сагил сумын 1-р багт 1-15 насны 1 хүү, 2 охины хамт амьдарч байна”  гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/

                4. Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “С-ын-Б нь миний авга ах юм. Б эхээс 11-үүлээ бөгөөд айлын 4 дэх хүүхэд юм. Бага насаа эцэг, эхийн гар дээр мал маллан өсөж хүмүүжсэн. Б эхнэр, 2 хүүхэдтэй бөгөөд нэг хүүхэд нь гэр бүл болоод тусдаа гарчихсан. Одоогоор Увс аймгийн Сагил суманд эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг юм. Сумын сайн малчин, аймгийн алдарт уяач, малч ухаантай, бусадтай зөв боловсон харьцаатай, нутаг орон, ах дүү нарынхаа дунд нэр хүндтэй, ажилласаг хөдөлмөрч зантай хүн юм. Сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм. Б ах бусдад тусархуу, ах дүү нартаа тус дэмтэй, нутаг орны хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн зан сайтай, өөрийн мэдэх чадах зүйлийг бусдад түгээж тусладаг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

                 5. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №664 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч О.Г-ын биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, зүүн нүдний салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд язарсан шарх, зүүн нүдний гадна булан, зүүн хацар, зүүн чихний урд хэсэг, хүзүү, өвчүүнд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/,

                6. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №665 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч С.Б-ийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, духанд язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр учирсан гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 21-р тал/,

           7. Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн засаг дарга Ц.Дэлгэрийн 2017.10.26-ны өдрийн 39, 41 тодорхойлолтууд /хх-ийн 39, 48-р тал/,

           8. Шүүгдэгч С.Б-ийн мал тооллогын баримт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41, 42-р тал/,

           10. Шүүгдэгч О.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, мал тооллогын баримт /хх-ийн 45, 51-52-р тал/,

           11. Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Сагил суманд бага наснаасаа эцэг, эхийн гар дээр мал маллаж өсөж хүмүүжсэн бөгөөд одоо ч гэсэн мал маллан амьдарч байгаа. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай багийн иргэн Г-ынх гэдэг айл буйраа сэлгэж буусан. Г-ынх айлуудын өвөлжөөний буйран дээр түрүүлж очиж буусан тул би тэдний гэрт очиж “Танайх яагаад айлууд нүүгээгүй байхад айлуудын малын бэлчээрийг идэж байгаа юм бэ” гэж хэлчихээд явсан. Түүний дараа би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр малаа бэлчээрлүүлж яваад Г-той тааралдаж бид хоёр бэлчээрээс болж хоорондоо маргалдаж, улмаар бид хоёр зодолдох болсон. Би эхлээд Г-ыг энгрээс нь заамдаж бариад толгойн тус газар нь гараараа цохиход Г газраас чулуу авч миний толгойн тус газарт зүүн нүдний дээд хэсэг үрүү цохисон юм. Би Г-д учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Г бид хоёр учир зүйгээ олчихсон бөгөөд надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Хэрэв эмчилгээ эм тарианы зардал нэхэмжилбэл би төлж барагдуулах болно. Би нутгийн ах Г-той бэлчээрээс болж маргалдаж, биед нь гэмтэл учруулсан энэ үйлдэлдээ гэмшиж байна.” гэх  мэдүүлэг,

           12. Шүүгдэгч О.Г-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Сагил суманд бага наснаасаа мал маллан амьдарч байгаа. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би нутгийн дүү болох Б-тэй бэлчээрээс болж маргалдаж, улмаар бид хоёр зодолдоод би тэр хүний биед гэмтэл учруулсан. Би болсон үйл явдлын талаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байгаа. Надад Б-ийг зодож биед нь гэмтэл учруулсан гэх зүйл ангиар ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрч байна. Би Б-ийг зодсон нь үнэн. Б эхлээд намайг цохисон. Тэгэхээр нь би газраас чулуу аваад чулуугаар түүний толгой уруу нь буюу зүүн нүд, шанаа хэсэг үрүү нь  цохисон. Би тэр чулуу хэрэг болох байх гэж бодоод хөдөөнөөс аймаг уруу орж ирэхдээ аваад ирчихсэн надад байгаа. Чулуу бага зэрэг цус болсон байгаа. Би Б-д учирсан хохирлыг төлж барагдуулах болно. Одоогоор би өөрөө эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд Б надаас хохирол нэхэмжлээгүй байгаа. Би нутгийн дүүтэйгээ бэлчээрээс болж маргалдаж биед нь гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч О.Г, С.Б нар 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Сагил сумын 1-р багийн нутагт малын бэлчээрийн асуудлаас болж маргалдан, улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь О.Г, С.Б нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №664, 665 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                 Шүүгдэгч О.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд тархи доргилт, духанд язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, шүүгдэгч С.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Г-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн нүдний салст, дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд язарсан шарх, зүүн нүдний гадна булан, зүүн хацар, зүүн чихний урд хэсэг, хүзүү, өвчүүнд зулгаралт гэмтлүүд учирсан байх ба уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч О.Г, С.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч О.Г, С.Б нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа ойлгож, харилцан нэг нэгнээсээ уучлалт гуйж эвлэрсэн, нэхэмжлэх хохиролгүй” талаараа тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй гэж үзлээ.  

                   Шүүгдэгч О.Г, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.               

                   Шүүгдэгч О.Г, С.Б нарт нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг сайн дураараа арилгасан зэргийг ял шийтгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба тэдэнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч Т овгийн О-ын Г, И т овгийн С-ын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, С.Б нарт  тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, С.Б нар хуулинд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Г, С.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ,

                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН