Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 60/ДШМ/2017

 

У.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч О.Однямаа /Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн/, ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нэргүй

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 329 дугаар шийтгэх тогтоолтой У.Эд холбогдох 1734001810065 дугаартай 106 хуудас 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У.Э нь 2017 оны 07 дугаар сарын 10-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Бор хужирын гол” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Бат-Эрдэнийн шанаан тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 329 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн Уртнасангийн Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Боржигон овгийн Уртнасангийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Уртнасангийн Эд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Боржигон овгийн Уртнасангийн Эг цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн У.Эгийн хар өнгийн М1-6 маркийн ухаалаг гар утасны битүүмжлэлийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 1360200 төгрөгийг шүүгдэгч У.Эгаас гаргуулж, хохирогч Х.Бат-Эрдэнэд олгож, хохирогч Х.Бат-Эрдэнэ нь 1653800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр давж заалдах гомдолдоо: “...У.Э анхан шатны шүүх хуралдаан дээр би тухайн үед ухаан алдталаа зодуулсан, ухаан алдчихаад Бат-Эрдэнэ ахыг зодож цохисон байж магадгүй гэж гэм буруугаа хүлээн эмчилгээний зардал хохирлыг төлнө гэж мэдүүлсэн . У.Э нь дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй эхнэр, 1-4 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Урьд өмнө нь ямар нэг хэрэг зөрчилд холбогдож ял шийтгэл эдлэж байгаагүй, тухайн үед Оюу толгойн уурхайн туслан гүйцэтгэгч болох "ЖЕКОБС" компанид зөвлөх инженерээр ажиллах санал ирж 28 өдөр ажиллаж 14 хоног амрах ажлын хувиартай ажиллах болсон. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр түүнд ЭХ-ийн 11.4.1- д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь ял шийтгэл хүндэдлээ гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 -10-26 ны өдрийн 329 тоот шийтгэх тогтоолоор У.Эд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. Шүүгдэгч У.Э давж заалдах гомдолдоо: “У.Э миний бие өөрийн гэм бурууг ойлгож байна. Өмгөөлөгч аваагүйн улмаас буруу зөрүү ойлгож явсан байна. Би шүүхээс оногдуулсан хохирлыг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн, одоо уул уурхайн чиглэлээр ажилладаг “Жэкобс” компанид орж, орон нутагт 28 өдрөөр ажиллах болсон. 3-4 сар 300 цагийн албадан ажил хийвэл бидний гэр бүлийн амьдрал хэцүүдэж мөн надад дахиж ийм ажилд орох боломжгүй болно. Цаашид ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдохгүй явж чадна гэдгээ амлаж байна. Иймд энэ байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан нийгмийн тустай хөдөлмөр 300 цаг эрхлэх ялыг өөрчилж торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэжээ. ТОДОРХОЙЛОХ нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Шүүгдэгч У.Э нь 2017 оны 07 дугаар сарын 10-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Бор хужирын гол” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Х.Бат-Эрдэнийн шанаан тус газар гараараа цохиж, эрүү ясны зүүн булан, ооч хэсгийн хоёрлосон далд хугарал, хүзүүний цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Х.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...У.Э ирээд ингэж цохидог юм гээд баруун гараараа миний зүүн шанаа руу цохьсон, эрүүний ясны урд хэсэг хугарсан, зүүн талдаа цуурсан гэсэн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Ө.Бурмаа, Л.Баасанноров, Ц.Цэцэг нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... У.Э нь цохино гэж энийг хэлдэг юм гээд манай хүргэний эрүүн тус газарт нь цохиж унагаасан гэх мэдүүлгүүд /хх-15,18,20/, ШШҮХүрээлэнгийн 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 9190 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-25/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай нийцжээ. Анхан шатны шүүхээс ялтан У.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаарх эрх зүйн дүгнэлт нь хуульд нийцсэн ба ялтан У.Э нь хохирогч Х.Бат-Эрдэнийн зүүн шанаанд гараараа цохьсон үйлдэл, түүний биед учирсан хор уршиг хооронд шалтгаант холбоотой байна. Иймд ялтан У.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь зөв байна. Давж заалдах шатны шүүхээс ялтан У.Эг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор төлбөл зохих хохирлын 1 360 200 төгрөгийг 2017 оны 12 сарын 07-ны өдөр хохирогч Х.Бат-Эрдэнэд төлсөн, Оюу толгой уурхайн туслан гүйцэтгэгч "ЖЕКОБС" компанид ажиллах болсноор шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй болсон зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, ялтан У.Э, түүний өмгөөлөгч Н.Баяр нарын “шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг, торгох ял болгон өөрчилж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзлээ. Ингээд ялтан У.Эд шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, 1500 нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ял болгон өөрчлөж, уг торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхөөр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд тухайн гэмт хэргийн шинж болох гэм буруугийн “санаатай” хэлбэрийг бичээгүй орхигдуулсан байх тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 329 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шүүгдэгч Боржигон овгийн Уртнасангийн Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “шүүгдэгч Боржигон овгийн Уртнасангийн Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, - 2 дахь заалтын “Шүүгдэгч Боржигон овгийн Уртнасангийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй ” гэснийг “Шүүгдэгч Боржигон овгийн Уртнасангийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй. 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай. 3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан У.Эд 1500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд төлөхийг үүрэг болгож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА Г.БОЛОРМАА