| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00813/И |
| Дугаар | 155/ШШ2024/00804 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2024/00804
| 2024 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2024/00804 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2024/00813/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би УлаанБ хотын Барилгын ТМС-д 3 жил суралцаж, 1983 онд хүнд механизмын слесарьч мэргэжлээр төгсөөд цэргийн албанд татагдсан. Барилгын цэргийн 110 дугаар ангид 1983 оноос 1986 оны хооронд 3 жилийн хугацаат цэргийн алба хааж ирээд УлаанБ хотын Хот тохижуулах байгууллгад ажилд орсон. Тэгээд 1988 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн сүү тосны заводад няраваар ажилд орж, 1989 оныг дуустал ажиллаж байсан. Хөдөөгүүр явж малчдаас цагаан идээг нь цуглуулж аваад нэгдэлд хүлээлгэж өгдөг. Нэгдэл маань өөр аймаг болон хот руу цагаан идээгээ зарж борлуулдаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн Архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдохгүй байгаа тул миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн сүү тосны заводад 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд няраваар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 11/74 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 3/31 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Бийн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 06/1765 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, №1703000656 дугаар баталгаажилтын хуудасны хуулбар зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-10 дахь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Бийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Л.Б, Б.О нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14-20, 25-28 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Б өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Б.Б Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн сүү тосны заводад 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд няраваар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Тус сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан Бын Бийн ажилласан жил: 1988 он 2, 4-5 сар туслах үйлдвэрийн 113, 6-8 сар сүү тосны заводын 36-д, 1989 он туслах үйлдвэрийн 47-д тус тус бичигдсэн байна гэх бичилттэй 3/31 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Бийн 1988 оны 2-8 дугаар сар, 1989 оны 1-12 дугаар сард Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 5-8 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Б, 6. Нэр: Б...10. Ажилладаг байгууллага: Соёл нэгдэл, ажилд орсон он: 1988, цех тасаг бригад: цагаан идээний цех, эрхэлдэг ажил: ааруулчин, оршдог сум район: Баянзүрх... бүртгэгчийн нэр: Эрэлхэг, он сар өдөр: 1988 оны 09 сарын 21... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 17 дахь тал)
Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Бын Б, төрсөн он сар өдөр: 1964-08-22...10. хаана ямар ажилтай: сүү тосны заводад нярав ...14. Хуудас бичсэн: 1988 оны 07 сарын 25... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 18 дахь тал)
Гэрч Л.Б-ын ...Б.Б нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1988 оны 2, 3 сарын үеэс 1990 он хүртэл сүү тосны заводад цагаан идээний няраваар...Тасраагүй ажилласан...Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1970 оноос нэгдэл тарах хүртэл барилгачин, грушик, рамын ажилчнаар, 1975 оноос сүү тосны заводад ажилчин, туслах мастераар 1991 он хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Он ...Б.Б нь УлаанБ хотод ажиллаж байсан байх. Тэндээсээ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1988 оны 2, 3 сарын үеэс 1990 он хүртэл сүү тосны заводад цагаан идээний няраваар ажиллаж байсан. Заводад ирсэн цагаан идээг хүлээж авдаг, зарлагаддаг ажлыг хийдэг байсан гэсэн үг. Хүнсний нярав гэсэн үг ч юм уу. ...Тасраагүй ажилласан. 2 жил орчим ажилласан...Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1974 оноос малчнаар ажиллаж байгаад 1980 оноос сүү тосны заводад цагаан идээчин, ааруулчнаар 1990 он хүртэл ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 27-28 дахь тал)
Нэхэмжлэгч Б.Бийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Б.Бийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн сүү тосны заводад 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.Бийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 06/1765 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, №1703000656 дугаар баталгаажилтын хуудасны хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн19-20, 9-10 дахь тал)
6. Нэхэмжлэгч Б.Бэд холбогдох ажиллаж байсан талаарх тушаал шийдвэр байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1988-1989 оны тушаал шүүж үзэхэд Б.Бийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/174 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 4 дэхь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Моодий овогт Бын Бийн, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн сүү тосны заводад 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА