Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00773

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00773

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Х

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/00773/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал оролцлоо.

Нэхэмжлэгч Ц.Х шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1964 онд төрж, өссөн. Тус сумынхаа 10 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1982 онд төгссөн. Хилийн цэргийн 0200 дугаар анги 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн Бүгсий хэсэгт 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс малын эмчээр томилогдон, 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал дээр намайг Аийн Х гэж бичсэний улмаас миний улсад ажилласан жил тооцогдохгүй байна. Миний ээжийг Ц гэдэг бөгөөд нутгийн хүмүүс бүгд А гэж авгайлан дууддаг байснаас тухайн үед ажиллаж байсан боловсон хүчний хүмүүс надад холбогдох тушаал дээр намайг Аийн Х гэж бичсэн байна. Манай нутагт ээжийг минь Ц гэвэл мэдэх хүн байхгүй, харин А гэвэл нутгийн хүмүүс бүгд андахгүй танина. Би хэдийгээр тухайн үед үүнийг анзаарч хэлж байсан ч нэг их хэрэгсэхгүй өнгөрсөн юм.

Иймд Ц.Х миний Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн Бүгсий хэсэгт 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №7 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Арга хэмжээ авах тухай №12 дугаар захирамжийн архивын хуулбар, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Комисс томилох тухай №30 дугаар захирамж, тус захирамжийн хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас А.Х нэрээр түүвэрлэсэн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 08/974 дугаар лавлагааны хуулбар, №506678 дугаар цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №0852586 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлээс 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгосон нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-16 дахь тал)

3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Хын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг, Ц.Хын төрсний бүртгэлийн лавлагаа, Аийн Х гэх бүртгэл иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагааг гаргуулж, нхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Л, Н.Р нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 25, 26-31, 39, 42, 32-35 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ц.Х нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Цийн Хын ажиллаж байх хугацаанд авч байсан цалин хөлсний баримт, холбогдох тушаалд түүний овгийг А гэж бүртгэсэн, тэрээр Аийн Х овог нэрээр төрсний бүртгэлийн лавлагаанд бүртгэлтэй боловч БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар болон 2000 онд иргэний үнэмлэх олгохдоо Цийн Х гэж бүртгэсэн, иргэний улсын бүртгэлийн цахим санд Аийн Х гэх бүртгэлгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гарсан иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: *****, иргэний бүртгэлийн дугаар: 670156511776, овог: Хатагин, эцэг /эх/-ийн нэр: А, өөрийн нэр: Х, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1964-11-26, төрсөн газар: -, бүртгэсэн газар: Хөвсгөл Шинэ-Идэр, бүртгэлийн дугаар: 153, бүртгэсэн он сар өдөр: 1964-12-18...Эхийн: ...эцэг /эх/-ийн нэр: Лхүндэв, өөрийн нэр: А гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 27 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Аийн Х, 2. Төрсөн он сар өдөр: 1964-11-2... гэх бичилттэй архивын хуулбар, ХААТР-21 (Б) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн ...3. он сар өдөр: 2000-09-12...5. РД: *****, 6. Овог: Хатагин, 7. Эцэг /эх/-ийн нэр: А, 8. Нэр: Х, 9. Төрсөн он сар өдөр: 1964-11-26... гэх бичилттэй архивын хуулбар, ХААТР-1 (Б) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: *****, 5. Овог: Ц, 6. Нэр: Х...8. Төрсөн он сар өдөр: 1964.11.26, эрэгтэй... гэх бичилттэй архивын хуулбар, ХААТР-21 (Б) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн ...3. он сар өдөр: 2010.06.17...5. РД: *****, 6. Овог: Хатагин, 7. Эцэг /эх/-ийн нэр: Ц, 8. Нэр: Х, 9. Төрсөн он сар өдөр: 1964-11-26... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 29, 30, 28, 31 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Аийн Х /*****/ гэх бүртгэл иргэний бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 1/894 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 42 дахь тал)

Гэрч Ш.Л-ын...Ээж Цаар овогтой юм...Нутгийн хүмүүс А гэж дууддаг байсан болохоор Аийн Х гээд бичсэн байх. Ээжтэйгээ амьдардаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Н.Р-йн ...Цийн Х гэдэг юм. Цэнд гэдгийг нь хаяад А.Х болгоод бичсэн байна. Ц гээд ээж нь байдаг байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №7 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Арга хэмжээ авах тухай №12 дугаар захирамжийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас А.Х нэрээр түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 34-35, 4, 5, 7, 8-12 дахь тал)

5. Нэхэмжлэгч Ц.Х Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн Бүгсий хэсэгт 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын эмчээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Цийн Хт олгосон №1071 дугаар нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Тушаах нь: 1. ...Бүгсийн хэсгийн...малын эмчээр Аийн Х...нарыг 3 дугаар сарын 01-нээс тус тус ажиллуулсугай... гэх бичилттэй Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №7 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 16, 4 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1987 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1. 1 дүгээр улирлын...малын зүй бус хорогдлын мэдээг тасалсан Бүгсий хэсгийн малын эмч А.Х нарын хариуцлагагүй байдлыг анхааруулж сануулсугай. 2. Суманд гаргах графикт мэдээг тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж түүний мөрөөр авах арга хэмжээг тодорхой болгон ажиллахыг Н.Ганболд, А.Х...нарт даалгасугай... гэх бичилттэй Арга хэмжээ авах тухай №12 дугаар захирамжийн архивын хуулбар, 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1. Нийгмийн бүх малд зоо эмнэлгийн диспарсанчилсан үзлэг хийх, малд намрын жигнэлт хийж отрын гэрээг дүгнэхэд МАА-н мэргэжилтний бүрэлдэхүүнтэй комисс томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Комисс томилох тухай №30 дугаар захирамж, тус захирамжийн 30 дугаар захирамжийн хавсралт. Намрын үзлэг мал жигнэлт, үнээний хээл шалгалтаар ажиллах групп: явах чиглэл: ...2. Бүгсий, группийн ахлагч: Дамдинсүрэн, ажиллах мэргэжилтэн: ...4. Х... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 5, 6 дахь тал)

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Тушаах нь: 2. ...А.Хыг малын бага эмчийн ажлаас...8 сарын 01-нээс...тус тус чөлөөлсүгэй ... гэх бичилттэй Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай №20 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 7 дахь тал)

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас А.Х нэрээр түүвэрлэсэн 1987 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар, 1988 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар, 1989 оны 1, 6, 8, 10-12 дугаар сар, 1990 оны 1-6 дугаар саруудад Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 8-12 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Ц, 6. Нэр: Х... 14. Ажилладаг байгууллага: Жаргалын зам нэгдэл, ажилд орсон он: 1987, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: малын эмч, ...оршдог сум район: Шинэ-Идэр...бүртгэгчийн нэр: Алтанхуяг, 1988 оны 09 сарын 18 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 28 дахь тал)

Гэрч Ш.Л-ын ...Ц.Х манай Шинэ-Идэр сумын 2 дугаар бригадын унаган хүүхэд. 1983-1986 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мал эмнэлгийн курст суралцаад малын эмч мэргэжилтэй болоод Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1987 оны 03 сард малын эмчээр томилогдон 1990 оныг дуустал ажилласан. Бригад болгон малын бага эмч, санитарчтай байсан. Сумандаа мал эмнэлгийн тасагтай, малын их эмч, зоо техникчтэй байдаг байсан... Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 онд цэргээс ирээд малчин болж, нэгдэл тартал ажиллаж байсан...Малын өвчин гарвал очиж ажиллах, төлөвлөгөөт тарилга, туулга, угаалга хийх, малын өвчин гарсан газарт дуудлагаар очиж ажиллах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, халдварт өвчин гарвал ариутгал хийх, хөл хорио тогтоох, малын сэг зэмийг устгах гээд тоймгүй л ажил хийдэг байсан. Ажлын шугамаар малчидтай хамгийн ойр ажилладаг хүн юм. Бид нэгдлийн малыг үхүүлчихгүйн тулд малын өвчин гарах шинж гарвал л малын эмчээ дууддаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Н.Р-н ...Ц.Х Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1987 оны 3, 4 сарын үеэс 1990 оныг дуустал малын эмчээр ажиллаж байсан. 2-р бригадын малын эмч хийдэг...Тасраагүй ажилласан...Цийн Х гэдэг юм. Цэнд гэдгийг нь хаяад А.Х болгоод бичсэн юм байна. Ц гээд ээж нь байдаг байсан, ээж нь нэгдэлд сааль саадаг хүн байсан. Нэгдэлд өөр Х нэртэй малын эмч байгаагүй. Бригад болон малын бага эмчтэй байсан, манайх 4 багтай байсан. Хүмүүс бол Х эмч гэдэг юм...Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1973 оноос нэгдэл тарах хүртэл үхэрчнээр ажилласан. 1981-1984 онд цэргийн алба хааж байсан. бусад хугацаанд мал малласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

Нэхэмжлэгч Ц.Хын шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Х өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Ц.Хын Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн Бүгсий хэсэгт 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн **** дугаар лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №**** дугаар цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №**** дугаар нийгмийн даатгалын дэвтрийн иргэн даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна. (хавтаст хэргийн 13-15 дахь тал)

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатагин овогт Цийн Хын Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн Бүгсий хэсэгт 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА