Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00772

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2024/00772

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Б

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2024/00759/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 8 дугаар ангиа төгсөөд Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдөр элсэн орсон. Түүнээс хойш 1987 оны 9 дүгээр сарыг дуустал төлөг маллаж байгаад тус оны 10 дугаар сард цэргийн албанд явсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, зарим тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлээс 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11/478 дугаар албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11/483 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Илгээлтийн эздийг ажилд томилох тухай №22 дугаар тушаалын архивын хуулбар, Жаргалын зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №03 дугаар тогтоолын архивын хуулбар, Жаргалын зам хувьцаат компанийн гишүүдийн бүртгэлийн архивын хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл №****************** баталгаажилтын хуудсын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08/2008 дугаар лавлагаа зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-13, 36 дахь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Т.Бийн ХААТР-1 (А) маягтын Монгол улсын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.П**, Д.Б* нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-22, 27-30 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч Т.Б Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлээс 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 1987 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуустал, 8-9 дүгээр сард ажилласан хоног, авсан хөлсийг тэмдэглэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3-4 дахь тал)

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Т.Бийн 1986 оны 10 дугаар сар, 1-9 дүгээр сард Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 5-7 дахь тал)

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Тушаах нь: 1. 1986 онд тус сумын 10 жилийн сургуулийн 8-р ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-н үйлдвэрлэлд гарч байгаа ...Т-ынБ нарыг 2-р бригадад хоньчноор...ажиллуулсугай... гэх бичилттэй Илгээлтийн эздийг ажилд томилох тухай №22 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 10 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Т Б, төрсөн он сар өдөр: 1968-08-18... 6. Оршин суухаар бүртгэгдэж буй хаяг: Хөвсгөл аймаг Шинэ-Идэр сум 2-р бригад... 10 хаана ямар ажилтай: 2-р бригадад малчин...14. Хуудас бичсэн: 1987 оны 02 сарын 13... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 20 дахь тал)

Гэрч Д.П-...Т.Б нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1985 оноос 1987 оны намар хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан. Төлөг малладаг байсан. Надаас нэг ах бөгөөд манай дээд ангийг 1985 онд 8-р анги төгсөөд илгээлтийн хүүхдүүдийн хамт нэгдэлд орж байсан. Би дараа жил нь 1986 онд 8-р анги төгсөөд малчин болж...1990 оныг дуустал ажиллаж байсан. Бид нэгдлийн мал маллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н ...Т.Б нь 8-р анги төгсөөд илгээлтийн эзэн болж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 06 сараас хоньчноор ажилласан. Тэгэээд 1987 оны 10 сард цэргийн албанд татагдах хүртэл мал маллаж байсан. Би тус нэгдэлд бага наснаас туслах малчнаар ажиллаж байсан, мөн бид нэг нутгийн, нэг голд өссөн тул Т.Бийн талаар сайн мэднэ. Цэргээс ирээд мөн нэгдэлдээ мал маллаж байгаад хувьчлалаас хойш хувийн малаа маллаж байгаад Тариалан суманд шилжиж, тэндээсээ Мөрөн суманд шилжиж ирсэн...Би 5-р ангиас сургуулиас гараад Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд туслах малчнаар ажилласан. 16 насанд хүрээд нэгдлийн гишүүн болж, 1988 оноос үхэр маллаж байгаад сүүлд нь адуу маллаж байгаад 1990 онд цэрэгт явсан. 1990-1992 онд цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 29-30 дахь тал)

Нэхэмжлэгч Т.Бийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Т.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Т.Бийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Т.Бийн ХААТР-1 (А) маягтын Монгол улсын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, Нийгмийн даатгалын газарт гаргасан Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11/478 дугаар албан бичиг, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 08/2008 дугаар лавлагаа, Жаргалын зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №03 дугаар тогтоолын архивын хуулбар, Жаргалын зам хувьцаат компанийн гишүүдийн бүртгэлийн архивын хуулбар зэрэг баримтууд хэрэгт хамааралгүй, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл №1700001743 дугаар баталгаажилтын хуудсын хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 19-22, 8, 36, 11-3 дахь тал)

6. Нэхэмжлэгч Т.Бт холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Тус аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1987, 1989 оны тушаал шүүж үзэхэд Т.Бийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/483 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонууд овогт Т-ынБийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА