| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00742/И |
| Дугаар | 155/ШШ2024/00756 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00756
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/00756 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Л
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2024/00742/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би бүрэн бус дунд боловсрол эзэмшээд, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сар хүртэл хонь, үхэр маллаж байгаад цэргийн албанд татагдсан. Хугацаат цэргийн албыг ардын армийн 120 дугаар ангид 1988 оны 10 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хаасан. Миний дээрх хугацаанд ажиллаж байсан цалин хөлсний зарим баримтад Л гэж нутгийн хүмүүсийн дууддаг нэрээр бичсэн зөрчилтэй байна. Бас зарим бичиг баримтад миний эцгийн нэрийг П гэж үсгийн зөрүүтэй бичсэн байдаг. Намайг 02 настай байхад ээж минь, 06 настай байхад аав минь нас барсан учир нутгийн хүмүүс Пын хүүхдүүд гэж дууддаг байсан болохоор эцгийн нэр маань П гэж бодож байна. Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүй зэрэг шалтгаанаар нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болсон.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 06/1489 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 11/435 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Илгээлтийн эздийг ажилд томилох тухай №35 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Зарим малчдыг чөлөөлж томилох тухай №37 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас П.Л нэрээр түүвэрлэсэн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Мал тууврын ажлыг эрчимжүүлэх тухай №52 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 11/648 дугаар албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гарсан төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-9, 34, 33, 35 дахь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Лгийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг, Пын Л /***************/ гэх бүртгэл иргэний бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй эсэх, Пын Л нь овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл байгаа эсэх лавлагааг тус тус гаргуулж, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай өргөдөл гаргагчийн мэдүүлгийг нийгмийн даатгалын цахим сангаас татаж авсан ба нэхэмжлэгчийн хүсэлтээр С.У, Ч.Гнарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 13-17, 27, 36, 23-26 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч П.Л нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Пын Л нь П овог нэрээр төрсний бүртгэлийн лавлагаа, БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-21 (А) маягт, 1987 оны иргэний хаягийн хуудас №7 баримтуудад бүртгэлтэй боловч түүнд 2000 онд иргэний үнэмлэх олгохдоо Пын Л гэх бүртгэл хийгдэж Пын Л нэрээр иргэний үнэмлэх олгосон, тэрээр овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл-д бүртгэгдээгүй, иргэний улсын бүртгэлийн цахим санд Пын Л гэх бүртгэл байхгүй болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гарсан иргэний харъяалал: -, регистрийн дугаар: -, иргэний бүртгэлийн дугаар: -, овог: -, эцэг /эх/-ийн нэр: П, өөрийн нэр: Л, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1970-03-15, төрсөн газар: -, бүртгэсэн газар: Хөвсгөл Жаргалант, бүртгэлийн дугаар: 21, бүртгэсэн он сар өдөр: 1970-03-27, Эцгийн: иргэний харъяалал: -, регистрийн дугаар: -, иргэний бүртгэлийн дугаар: -, овог: -, эцэг /эх/-ийн нэр: 1, өөрийн нэр: П, Эхийн: иргэний харъяалал: -, регистрийн дугаар: - иргэний бүртгэлийн дугаар: -, овог: -, эцэг /эх/-ийн нэр: Мятав, өөрийн нэр: Ц гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 35 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картад ...4. РД: ***************, 5. Овог: П, 6. Нэр: Л...8. Төрсөн он сар өдөр: 1970-03-15, эрэгтэй... гэх бичилттэй архивын хуулбар, Иргэний хаягийн хуудас №7 баримтад 1. Овог нэр: Пын Л, 2. Төрсөн он сар өдөр: 1970-03-15... гэх бичилттэй архивын хуулбар , ХААТР-21 (Б) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлд ...3. он сар өдөр: 2000-11-26...5. РД: ***************, 6. Овог: Цэрэнжавынхан, 7. Эцэг, эхийн нэр: П, 8. Нэр: Л, 9. Төрсөн он сар өдөр: 1970-03-15... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 15-17 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Пын Л /***************/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй ба Пын Л /***************/ нь овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 1/886 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 36 дахь тал)
Гэрч С.У-йн...Лг хүмүүс Л гэж дууддаг. Дууддаг нэрээр нь биччихсэн юм байна... гэх мэдүүлэг, гэрч Ч.Г-ийн ...Пын Л гэдэг. Нутгийн хүмүүс Л гэж дууддаг болохоор дууддаг нэрээр нь цалингийн баримт дээр биччихсэн юм байна... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас П.Л нэрээр түүвэрлэсэн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарыг нотлох баримтад үнэлж байна. (хавтаст хэргийн 25-26, 6-8 дахь тал)
5. Нэхэмжлэгч П.Л Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хавтаст хэргийн 1 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Алтан гадас одонт Улаан туг нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Тушаах нь: Нэг. Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсгөж илгээлтээр үйлдвэрлэлд ажиллах 22 сурагчийг 7 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллуулсугай... гэх бичилттэй Илгээлтийн эздийг ажилд томилох тухай №35 дугаар тушаал, тус тушаалын Овог нэр: ...7. П Л, хүйс: эр, нас: 16, бригадын дугаар: 2, ямар ажил хийх: хоньчин... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ...Тушаах нь: Нэг. Цэцүүх хэсгийн үхэрчин...П.Л нарыг 8 дугаар сарын 23-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. Хоёр: Мал аж ахуйн II хэсгийн хоньчноор...П.Л...нарыг 8 дугаар сарын 23-ны өдрөөс тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Зарим малчдыг чөлөөлж томилох тухай №37 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 5, 34 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Тус нэгдэл нь 1991 онд улсад 500тн мах бэлтгэх болсон тул сумын нутгаас Дархан хотын нутаг хүртэл тууварлахад 21 тууварчин хэрэгтэй байгааг үндэслэн Тушаах нь: 1. Нэр бүхий тууварчдыг 1991 оны 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд нэгдлийн даргатай уулзуулж, ямар төрлийн мал туухыг товлуулж хэлцэл хийлгүүлэхийг...үүрэг болгосугай. Тууварчдын нэрс: ...12. П.Л, 2-р бригад... гэх бичилттэй Мал тууврын ажлыг эрчимжүүлэх тухай №52 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 9 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас П.Л нэрээр түүвэрлэсэн 1986 оны 6, 7, 10, 12 дугаар сар, 1988 оны 3, 4 дүгээр сард Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 6-8 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: П, 6. Нэр: Л ...14. Ажилладаг байгууллага: Жаргалант Улаан туг нэгдэл, ажилд орсон он: 1986, цех тасаг бригад: мал аж ахуйн Цэцүүх хэсэг, эрхэлдэг ажил: үхэрчин...оршдог сум район: Жаргалант...бүртгэгчийн нэр: Дарамрагчаа, 1988 оны 09 сарын 20 гэх бичилттэй архивын хуулбар, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Пын Л...10. Хаана ямар ажилтай: Жаргалант 2-р бригадад хоньчин...14. Хуудас бичсэн: 1987 оны 03 сарын 17 өдөр... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 15, 16 дахь тал)
Гэрч С.У-йн ...П.Л нь 1986 онд 8 дугаар анги төгсөөд тэр үеийн илгээлт авч, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд малчнаар элсэн 1986 оны 07 сараас 1988 оны 10 сард цэргийн албанд явах хүртлээ хонь, 1 настай мал маллаж байсан. 1988 онд цэрэгт явах жилдээ үхэр маллаж байсан. 1988-1990 онд цэргийн алба хааж ирээд мөн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд малчин, хоньчин, тууварчнаар 1990 оны 10 сараас 1992 он хүртэл ажиллаж байсан. Тэгээд нэгдэл тарсан...Мал аж ахуйн 2-р бригадад П.Лгаас өөр П.Л нэртэй малчин байгаагүй...Би Жаргалант сумын Улаан туг нэгдэлд илгээлт авч, 1983 оны 06 сараас 1992 он хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан. Бид нэгдлийн 2-р бригадын малчид байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Г-йн ...П.Л нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1986 оны 07 сараас 1988 оны 10 сар хүртэл ажиллаж байсан. 1988-1990 онд цэргийн алба хааж байсан. Ирээд мөн Улаан туг нэгдэлд малчнаар 1992 он хүртэл...Тасраагүй ажилласан...Би Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1983 оноос 1992 он хүртэл үхэрчнээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
Нэхэмжлэгч П.Лгийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч П.Л өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд П.Лгийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
6. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 06/1489 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй, Нийгмийн даатгалын цахим сангаас татсан ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай өргөдөл гаргагчийн мэдүүлэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 3, 18 дахь тал)
7. П.Лд холбогдох ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд П.Лг малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/435 дугаар албан бичиг, 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1987 оны тушаал шүүж үзэхэд П.Лтай холбоотой тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/648 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 4, 33 дахь тал)
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэрэнжавынхан овогт Пын Лгийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА