Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00288

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/03322 дугаар шийдвэртэй

Д.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ГМК” ХХК-д холбогдох

16 812 270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

            Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“ГМК” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. Дээрх гэрээгээр нэхэмжлэгч Б.Болормаа “ГМК” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 1 байрны 1-р орцны 7 давхрын 702 тоот орон сууцны зориулалттай 40.78 м.кв талбай бүхий 2 өрөөг 1м.кв-ийн үнийг 1 350 000 төгрөгөөр тооцож, нийт 55 053 000 төгрөгөөр авахаар тохирсон. Гэрээний 2.2-т захиалагч тал урьдчилгаа төлбөр болох 16 515 000 төгрөгийн 11 000 000 төгрөгийг 01 дүгээр сарын 30-ны өдөр, үлдэгдэл 5 515 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тус тус Худалдаа хөгжлийн банкны 426010818 тоот дансанд шилжүүлэн нийт 16 515 000 төгрөг төлсөн. Уг гэрээний 3.6-т зааснаар борлуулагч нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалагчид байрны түлхүүрээ гардуулан өгнө гэж заасан. Гэвч хариуцагч “ГМК” ХХК нь гэрээний 3.6-д заасан үүргээ биелүүлээгүй тул миний зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бичгээр өргөдөл гаргаж, гэрээнээс татгалзаж 16 550 000 төгрөгийг даруй буцаан олгуулах шаардлагыг тавьсан боловч өнөөг хүртэл ямар ч хариу өгөхгүй байна. Иймд “ГМК” ХХК-аас 16 515 000 төгрөгийг гэрээний 3.7-д заасан 0,01 тэй тэнцэх төлбөрийг захиалагчид өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 297 270 төгрөг, нийт 16 812 270 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээ цуцлах хүсэлтийг хариуцагч талд тавьж байсан, гэрээ цуцлаж байгаа тул гэрээний дагуу төлсөн мөнгөө алдангийн хамт нэхэмжилж байна. Гэрээний 3.7-д барилга ашиглалтад орсны дараа гэсэн үг байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайхаас шалтгаалахгүй нөхцөлөөр Чингис хаан банктай үүссэн асуудлаас болоод данснаасаа мөнгө авч чадахгүй барилгын ажилд саатал үүссэн. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хөрөнгө оруулалтын мөнгө орж ирсэн үед орон сууц баригдана. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна, мөнгөө авч гэрээгээ цуцлах эсэх нь тодорхойгүй байна. Алдангийн хувьд манай талаас барилгаа барьж ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн тохиолдолд гэрээгээ цуцлаагүй захиалагч нарт төлөх ёстой төлбөр юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Гэрээ цуцлаж байж гэрээний үүрэг биелүүлээгүйтэй холбоотой алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “ГМК” ХХК-аас 16 515 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлээс 297 270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240 525 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ГМК” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд тус орон сууц одоогийн байдлаар удаашралтай байгаа ч 2019 онд 7 давхар хүртлээ баригдсан. Гэсэн ч шүүх үйл баримтыг бодитоор үнэлэн авч үзэлгүй шууд мөнгийг олго гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн бол нэхэмжлэгчтэй хийсэн гэрээний үр дагаврыг тооцолгүй шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй бөгөөд тухайн гэрээг хүчин төгөлдөр байхад мөнгийг нь буцаан олгох боломжгүй юм. Тус орон сууцны барилга 2020 онд ашиглалтад орох бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүрэг биелүүлэхийг шаардаж орон сууц авахаар маргах үндэслэлтэй тул гэрээг цуцлаагүй байхад урьдчилгаа төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ГМК” ХХК-д холбогдуулан орон сууцны үнэд төлсөн  16 515 000 төгрөг, алданги 297 270 төгрөг, нийт 16 812 270 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1/

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “ГМК” ХХК-тай  2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, уг гэрээгээр “ГМК” ХХК-ийн барьж ашиглалтад оруулж буй “Амар амгалан 2” орон сууцны хотхоны 1 дүгээр байрны 1-р орцны 7 давхрын 702 тоот 40,78 м.кв талбай бүхий 2 өрөөг 55 053 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байна.  /хх.4-5/

Гэрээнд заасны дагуу Д.Б нь урьдчилгаа төлбөрт 11 000 000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 5 515 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлөх, үлдэгдэл төлбөрийг тус компанийн орон сууцны жилийн 5 %-ийн хүүтэй зээлээр төлөх, хариуцагч байгууллага 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид түлхүүрийг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Б орон сууцны урьдчилгаа төлбөрт 16 515 000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон байна. /хх.6-7/

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч тал захиалагчийн, эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, харин захиалагч ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх үйл ажиллагаа бус харин түүний үр дүн байдаг.

 Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч байгууллагын зураг төслийн дагуу барьж буй “Амар Амгалан-2” орон сууцны хотхоноос гэрээнд заагдсан орон сууцны үнийг хэсэгчлэн төлж худалдаж авахаар тохиролцсон байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзнэ. 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээсээ татгалзсан” гэж тайлбарласан байна. 

Нэхэмжлэгч Д.Бгийн “2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээнээс татгалзсан, төлсөн мөнгөө буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан” гэсэн тайлбарыг хариуцагч байгууллага үгүйсгээгүй, түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргээ хариуцагч биелүүлсэн болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэрээний гүйцэтгэлийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.

Нэхэмжлэгч Д.Б орон сууц захиалгын гэрээний 3.7-д заасан 0.01 %-тай тэнцэх төлбөрийг алданги гэж үзэж 297 270 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв болжээ. Алданги нь гэрээний үүргийн хангах нэмэлт үүрэг бөгөөд үндсэн үүрэг цуцлагдсан тул гэрээнд заасан алдангийг гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно

Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус болсон байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.