Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч С.М

Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ц-д холбогдох 17160008400036 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О овогт С-ийн Ц  гэв.

 

Шүүгдэгч С.Ц  2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Дуган хад” зочид буудалд иргэн С.М-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарна. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах “Дуган хад” зочид буудалд иргэн С.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь:

Шүүгдэгч С.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дуган буудалд очиж М-ийн толгой руу цохисон нь үнэн...”  гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч С.М-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 02-нд ажлынхаа ээлжинд гарч байсан юм. Би Дуган хад гэдэг буудалд үйлчлэгчээр ажилладаг. Нэг өрөөг муухай болгосон байсан. Гэтэл чи ямар муухай ажил хийдэг юм бэ? Наад өрөөгөө цэвэрлэчих, би цагаар орно гэхээр нь манайх цагаар оруулдаггүй гээд даргаас асуухад нэг удаадаа оруулчих гэсэн. Тэгээд ороод 2 цаг болохоор нь мөнгөө авах гэтэл чам шиг юманд мөнгийг нь өгөхгүй байсан ч яадаг юм бэ? гэж хэлээд цүнхээрээ толгой руу цохиод, миний үснээс зулгаасан. Тэгэхэд 103-т байсан залуу гарч ирээд салгасан. Хамт явсан залуустайгаа хамт мөнгөө өгөлгүй зугтсан. Тэгээд шатахууны газар очоод шатахуун түгээгчээс мөнгө зээлж авч өгсөн. Тэр шөнө нь хамар амнаас цус гараад даргаас чөлөө аваад гэртээ очсон байгаа. Одоо миний нэг чих дүлийрээд байна. Улаанбаатар хот руу явж эмчлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч С.Д-ийн “...Н-ийн авгай буудлын мөнгөө өгөхгүй гараад явсан. Тэгээд араас нь М гараад мөнгө төгрөгөө өг гэж хэлсэн... Тэр хүүхэд орж ирээд хэрүүл хийгээд барьж явсан цүнхээрээ М-ийн толгой руу ороолгоод унасан. Тэгэхээр нь би хүүхдүүд минь ингэж зодолдож байхаар цагдаа дууд гэж хэлсэн.... цүнхээр цохиж байхад буудалд байрлаж байсан залуу салгаж байсан...” гэх мэдүүлэг, /ХХ30-31/

Гэрч Ц.Б-ын “...би өрөөнөөсөө гараад ирсэн буудлын үйлчлэгч, жижүүр хийдэг нэрийг нь мэдэхгүй эгч хүмүүстэй маргалдаад байгаа бололтой тэдгээр хүмүүс нь буудлын тооцоо хийхгүй байгаа бололтой мөнгө төгрөгтэй холбоотой хэрүүл хийж байсан... Тэгээд байж байтал буудлын эгчийг нэг танихгүй эмэгтэй хүн нь цүнхээрээ цохиод авах шиг болсон. Тэр үед би өөр тийшээ харж таарсан... буудлын эгч хэлэхдээ толгой руу цохилоо гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /ХХ32-33/

Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 296 дугаартай “...1. С.М-ийн биед тархи доргилт, зүүн бугалагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,  /хх39-40/

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /ХХ3/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

 

Шүүгдэгч С.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-н өдрийн 47 дугаартай Прокурорын тогтоолоор үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахыг Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт даалгаж шийдвэрлэсэн /ХХ46-47/ бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 Шүүгдэгч С.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн боловч шүүхээс Эрүүгийн хуулийн 6.4 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж үзэн прокурорын гаргасан санал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр /таван зуун мянга/  торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй  байна гэж үзлээ.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /ХХ74/, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь эмчилгээний төлбөр төлсөн талаархи хэрэгт авагдсан баримтуудаар /ХХ17-21/ тус тус  тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч С.М-ийн зүгээс 42.800 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт гаргаж өгсөн ба шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 142.000 төгрөг төлсөн  тул хохирол төлөгдсөн гэж үзэж, цаашид шүүгдэгчийн учруулсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал гарсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ц-ийн цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт С-ийн Ц-г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О овогт С-ийн Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан торгох ялыг сар бүр 100.000 төгрөг төлж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон 5 сарын хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч С.Ц-д сануулсугай. 

5. Шүүгдэгч С.Ц нь хохиролд 142.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч С.М-ийн нь учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ц-ийн 0000 регистрийн дугаартай цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч С.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА