Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0890

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.Ц, Ч.И нар

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Маргааны төрөл: Тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг болж байх тул тушаалын хавсралтад 97,200,000 гэснийг 160,380,000 хэмээн тус тус өөрчлөхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ц, Ч.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг болж байх тул тушаалын хавсралтад 97,200,000 гэснийг 160,380,000 хэмээн тус тус өөрчлөхийг хариуцагчид даалгах гэжээ.

Нэхэмжлэл гаргагч нараас 2023 оны 8 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын Нэг удаагийн тэтгэмж олгох тухай 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалын хавсралтад заасны дагуу бид нарт тус бүрд нь 97,200,000 төгрөгийн тэтгэмж олгох болсон ба тус тусын харилцах данс руу уг мөнгийг шилжүүлсэн.

Тухайн мөнгөн дүнгийн хэмжээг анхнаасаа эс зөвшөөрсөн тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасан заалтыг хэрэгжүүлж, тэтгэмжийн зөрүүг олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 19-нд гаргахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01/99 тоотоор Танд олгох тэтгэмж хууль тогтоомж, журмын дагуу бүрэн олгогдсон байх тул хүсэлтийг хангах боломжгүй байна гэсэн хариу өгсөн.

Уг хариуг эс зөвшөөрсөн тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба иргэний хэрэг үүссэн.

Хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-нд хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу "Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нарт олгож, нэхэмжлэгч Ч.И******* шаардлагаас 6,720,000 төгрөг, Ж.Ц******* шаардлагаас 6,336,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул давж заалдаагүй, харин хариуцагч давж заалдсан. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хяналтын журмаар гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 27-ны 142 дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00540 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00842 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2.-т "Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно" гэж заасан тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад хандан "Нэг удаагийн тэтгэмж олгох" тухай 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай гомдлыг 2023 оны 4 дүгээр сарын 19-нд гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01/1381 тоот албан бичгээр өгсөн хариундаа: "... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул хүсэлтийг хангах боломжгүй" гэсэн тул дараах үндэслэлээр тус шүүхэд хандан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуульд заасан тохиолдолд мөнгөн тусламж авах эрх" зөрчигдөж байгааг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна: 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т "Шүүгчийн цалин хөлс нь "албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж, 47.9.-д " ... шүүгчийн авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заасан байдаг. Энд заасан "... авч байсан сарын дундаж цалингийн хэмжээ" гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т заасан "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэдгээр ойлгоно. 2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны Өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1.-т "нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гаргадаг. 3. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний 7 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 4.4.-т "Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй" гэжээ. 4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д "Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно", харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж тус тус заасан. 5. Дээрхээс үзэхэд албан тушаалын цалин 2,700,000 төгрөг, онцгой нөхцөлийн 40 хувь 1,080,000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны 25 хувь 675,000 төгрөг байх бөгөөд нийтдээ 160,380,000 төгрөгийн тэтгэмж авахаас 97,200,000 төгрөгийг авсан тул хавсралтад өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болно. Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг болж байх тул тушаалын хавсралтад 97,200,000 гэснийг 160,380,000 хэмээн тус тус өөрчлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулаад нэхэмжлэгч миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалын хавсралтад заасны дагуу бидэдн тус бүр 97,200,000 төгрөгийн тэтгэмж олгох болсон. Тус тэтгэмжийг бидний тус тусын харилцах данс руу шилжүүлсэн болсон. Тухайн мөнгөн дүнгийн хэмжээг бид анхнаасаа эс зөвшөөрч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.9 дүгээр дэх хэсэгт заасныг хэрэгжүүлж тэтгэмжийн зөрөөг олгож өгнө үү гэх хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бидэнд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0199 тоот албан бичгээр танд олгох тэтгэмж хууль, журмын дагуу бүрэн олгогдсон байх тул хүсэлтийг хангах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тус хариуг эс зөвшөөрч бид Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд хандаж иргэний хэрэг үүсгэсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүний дараа давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд хяналтын шатны шүүхийн тогтоолоор анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэл нь иргэний хэргийн шүүхийн харьяалал биш харин захиргааны хэргийн шүүхийн харьяалал гэж үзсэн. Ийнхүү бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл нь бид нар иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай бол нэг боловч Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар бидний цалинг үндсэн цалингаас тооцож олгосон нь эс үйлдэхгүй гаргаж байна гэж үзсэн. Бид нар удаа дараа Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж байсан боловч тодорхой хариу өгч байсан. Ийм учраас бид өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах үүднээс захиргааны хэргийн шүүхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийг хариуцагчаар татаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын дээрх тушаалд тэтгэмжийн зөрүү болох 63,180,000 төгрөг болж байгаа учраас тушаалын хавсралтад дурдсан 97,200,000 төгрөг гэснийг 160,380,000 төгрөг гэж өөрчлөхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. гэв.

Нэхэмжлэгч Ч.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн ерөнхий зөвлөл хариу тайлбартаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалин гэдэг нь үндсэн цалин юм гэдэг тайлбар өгдөг юм. Энэ талаар нэмэлт тайлбар хэлэхэд Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Төрийн албаны тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цалин гэдэгт үндсэн цалин, нэмэгдлүүд, урамшуулал бүгд орсон байдаг. Дундаж гэдэг нь хэд хэдэн тооны нийлбэрийг нэмэгдэхүүний тоонд хуваагаад гарсан тоог дундаж гэдэг. Өөрөөр хэлбэл цалин хэлбэлзэж байгаа тохиолдолд нэмээд тухайн хэдэн сар авсан байна тэнд нь хуваагаад дундаж гарна. Ижил биш тоонуудын дунджийг олох үед л хэрэглэгддэг үг шүү дээ. Дундаж цалин, цалин гэж тус тусдаа өөр ойлголт биш юм. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 4.4-т хэрэв төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй гэж заасан. Сонгосон тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй. Давхардуулан олгохгүй гэдэг нь бид тэтгэмжийг Шүүхийн тухай хуульд заасны дагуу нэг тэтгэмж аваад Төрийн албан хаагчийн тухай хуулиар нэг тэтгэмж авч болохгүй юм. Бидэнд сонгох эрхийг олгоогүй. Энэ талаар тайлбарт дурдаагүй мөн хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт ирээгүй.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагч тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй гэж заасан. Төрийн хэмнэлтийн тухай хууль нь 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж дагаж мөрдөнө гэж заасан бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөгдөөд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Бид 2022 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Бидэнд сонгох эрхийг өгөөгүй гэдэгт л гол үндэслэл нь байгаа юм. Хуульд сонголт хийнэ гэж заасан байхад бид нарт сонголтыг хийлгээгүй, энэ талаар хариуцагч ямар ч баримтыг ирүүлээгүй байгаа. Өөрөөр хэлбэл бидний эрх ашгийг хөндсөн гэж үзэж байна. гэв.

Нэхэмжлэгч Ч.И шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Төрийн албаны тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг тцалин хөлсийг, 41.3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж, 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс гэдэгт үндсэн цалин албан тушаалын цалин гэж тус тус заасан. Аж ахуйн нэгж байгууллагууд зохих журмаар тогтоогдсон албан тушаалын цалинг үндсэн цалин гэдэг. Үндсэн цалин гэдгийг хариуцагч зааглаж ойлгох нь зүйтэй байх гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлэхэд нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоогож Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын нэг удаагийн тэтгэмж олгох тухай дугаар тушаалын хавсралтад заасан 97,200,000 төгрөгийн тэтгэмж олгох гэснийг 160,380,000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох гэж өөрчлөн зөвтгахийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуульд бол үндсэн цалин гэж заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуульд цалин гэдэгт үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс гэх мэт нарийвчлан заасан. Мөн Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд тусгасан байдаг. Монгол улс 1964 онд нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн конвенцид цалин хөлсийн талаар заасан зохицуулалт байгаа. Ийм учраас цалин хөлсийг өргөн утгаар нь ойлгоно. Өргөн утгаар тайлбарласан ойлголттой зүйлээс зөвхөн үндсэн цалин гэдгийг нь хэрэглэсэн учраас нэмэгдэл олгогдохгүй байна. Иймд зохих нэмэгдлийг олгож өгнө үү гэж маргаж байгаа. Хэрэгт 3 жилийн цалинтай холбоотой баримтууд нотлох баримтаар авагдсан байна. Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор баталсан төрийн албан хаагч өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаа буцалтгүй тусламж олгох журамд 3 жил гэж заасан. Энэхүү тогтоол нь 2019 онд батлагдсан. Харин хууль 2021 оноос эхлэн үйлчилж байгаа тул хуулийн нарийвчилсан зохицуулалтыг баримтлан 3 сарын цалингаас тооцох ёстой юм. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно... гэж заасан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчдэд тэтгэмжийг олгосон болно.

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин... гэснийг хэрхэн ойлгохоос хамаарч байгаа тул албан тушаалын цалин, нэмэгдэл, тэтгэмж гэснийг хэрхэн ойлгож хэрэглэснийг дурдах нь зөв гэж үзлээ.

1.1.Албан тушаалын цалин

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн *...сарын дундаж цалин.." гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.

1.2. Нэмэгдэл, тэтгэмж

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно.

1.2.1. Нэмэгдэл

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт "цалин хөлс" гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ" гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор "Шүүгчид нэмэгдэл олгох журам"-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчд дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан байна. Үүнд: УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл; -Шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/; -Шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

1.2.2. Тэтгэмж

Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид "нэг удаа" олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

2.Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн "... авч байсан сарын дундаж цалин.." нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.

36 сарын тэтгэмжийг "албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны" нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан "... сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. Хууль сонгох тухай асуудал огт байхгүй. Учир нь 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт цалин хөлс гэдэг зүйлийн талаар дурдсан, 47.9 дэх хэсэгт сарын дундаж цалинг цалин хөлснөөс олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Шүүгч шүүгчээр томилогдох, шүүгчид олгогдсон эрх, үүрэг, чөлөөлөгдөх гэх мэт бүхий л эрх зүйн байдлыг зохицуулсан нарийвчилсан зохицуулалттай хууль нь Шүүхийн тухай хууль юм. Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар сарын дундаж цалин гэдгийг сая нэхэмжлэгч тайлбарласан нь зөв. Гэхдээ шүүгчийн сарын дундаж цалинг Улсын их хурлын тогтоолоор тогтоодог. Энэхүү тогтоол хэзээ хэрхэн өөрчлөгдөх, шүүгч нарын цалин мөн хэрхэн яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Ийм учраас ийм хэлбэлзэлтэй эсхүл өөрчлөгдсөн тохиолдолд сүүлийн 36 сар авч байсан хэмжээгээр тэтгэмж олгохыг тодорхой зааж өгсөн юм. Шүүгчийн албан тушаал, үндсэн цалинг Улсын их хурлын тогтоолоор тогтоодог. Нэмэгдэлийг мөн адил Улсын их хурлын тогтоолоор тогтоодог зохицуулалттай. Бид 36 сарын тэтгэмжийг олгохдоо сүүлийн 36 сарын үндсэн цалинд нь Улсын их хурлын тогтоолоор өөрчлөлт орсон эсэхийг нягтлаад тэтгэмжийг олгосон. Шүүхийн ерөнхий зөвлөл хуулийн заалтыг зөв хэрэглэж тэтгэмжийг олгосон гэж үзэж байгаа. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байгууллага ба тус үүргээ биелүүлж ажиллаж байгаа. Нэхэмжлэгч нар хуулийн тодорхой заалтыг буруу тайлбарлаад нэхэмжлэл гаргаж байгаа учраас бид нар эвлэрэх боломжгүй байр суурьтай байна. Энэ асуудлаар нэхэмжлэгч нар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн энэхүү асуудлаар өөр бусад шүүгч нар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд давж заалдах шатын шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Үүний дараагаар Улсын дээд шүүх иргэний хэргийн шүүхийн харьяалал биш гэж үзсэн.

 

Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаас гадна 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлсийг заасан байгаа. Шүүгч үндсэн цалингаас гадна ямар урамшуулал авах, сард авах цалингийн хэмжээ зэргийг цалин хөлс гэнэ. Шүүхийн тухай хууль хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт сарын дундаж цалин гэдэг үг байхгүй. Сарын дундаж цалин Улсын их хурлаас тогтоосон хэмжээгээрээ байна. Нэхэмжлэгч нар Төрийн албаны тухай хуулийн заалт болон Нийгмийн хамгааллын сайдын журмыг тайлбарлаад байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ц, Ч.И нар нь Тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг болж байх тул тушаалын хавсралтад 97,200,000 гэснийг 160,380,000 хэмээн тус тус өөрчлөхийг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.И нь С******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаар зарлигаар, нэхэмжлэгч Ж.Ц нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар зарлигаар тус тус өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан Ч.И******* нэг удаагийн буцалтгүй тусламж 97,200,000 төгрөг, Ж.Ц******* нэг удаагийн буцалтгүй тусламж 97,200,000 төгрөгийг тус тус олгосон байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нар нь Шүүхийн ерөнхий зөвлөл нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцолгүйгээр дутуу олгосон нь буруу гэж маргаж байгаа бол, хариуцагчаас сарын дундаж цалин гэдэгт дээрх нэмэгдлүүд орохгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр байх ба үүнээс үзэхэд шүүгчийн сарын дундаж цалингийн хэмжээ гэдэг ойлголтод дээрх нэмэгдлүүд бүгд багтахаар байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д дундаж цалин хөлс тодорхойлох журмыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын Нэг-ийн 1.3-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж, Хоёр-ын 2.1-д ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:, 2.1.1-д нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж гэж зааснаас үзвэл сарын дундаж цалингийн хэмжээ-г тооцохдоо бүх нэмэгдлүүдийг оруулан тооцох эрх зүйн зохицуулалттай байна.

Дээрх эрх зүйн зохицуулалтуудын агуулгаас үзэхэд, шүүгчийн сарын дундаж цалин гэсэн ойлголтод үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин гэх мэт бүрэлдэхүүн хэсгүүд багтахаар байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн хэрэгт цугларсан Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны хурлын тэмдэглэлүүд, байнгын хорооны санал, дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны танилцуулга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлүүдийг судлан үзэхэд, нэхэмжлэгч нарын маргаж байгаа үндэслэлийг няцаах үйл баримт, үндэслэлүүд байхгүй байна.

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалингийн хэмжээг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцохгүй, зөвхөн албан тушаалын цалин буюу үндсэн цалингаас тооцож байгаа нь нэхэмжлэгч нарын Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар баталгаажсан нийгмийн баталгааг зөрчсөн байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөлд олгодог, ... тэтгэмжид нэмэгдлийг оруулан тооцох үндэслэлгүй, ... хуульд заасан сарын дундаж цалин гэдэг нь албан тушаалын цалин юм гэх агуулга бүхий тайлбаруудыг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг олгохдоо Ч.И******* 63,180,000 төгрөгийг дутуу олгосон, нэхэмжлэгч Ж.Ц******* 63,180,000 төгрөгийг дутуу олгосон байх тул маргаан бүхий тушаалын хавсралтын нэхэмжлэгч нарт хамаарах хэсэг тус бүрд 97,200,000 гэснийг 160,380,000 гэж тус тус өөрчлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тооцооллын хувьд, нэхэмжлэгч Ч.И******* авч байсан онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,080,000.00 төгрөг, алба хаасан хугацааны нэмэгдэл 675,000 төгрөг, нийт 1,755,000*36=63,180,000 төгрөг, нэхэмжлэгч Ж.Ц******* авч байсан онцгой нөхцөлийн нэмэгдэл 1,080,000.00 төгрөг, алба хаасан хугацааны нэмэгдэл 675,000 төгрөг, нийт 1,755,000*36=63,180,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.9, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дугаар тушаалын хавсралтын 6-д Ч.И******* 97,200,000 гэснийг 160,380,000 гэж, мөн тус тушаалын хавсралтын 1-д Ж.Ц******* 97,200,000 гэснийг 160,380,000 гэж тус тус өөрчлөхийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.И, Ж.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ