| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00751/И |
| Дугаар | 155/ШШ2024/00755 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00755
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/00755 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д-ийн Ц
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/00751/и дугаар индекстэй , иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 8 дугаар ангиа төгсөөд илгээлт авч, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн мал аж ахуйд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал 1 дүгээр фермд үхэр сааж, саальчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болоход ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр дээрх хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн мал аж ахуйн 1 дүгээр фермд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг миинь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа тодорхойлолтын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Эг-Үүрийн сангийн аж ахуйн захиргаанаас 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр олгосон №161718 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Илгээлтийн эздийг ажилд томилох тухай №51 дугаар тушаалын архивын хуулбар, 1988 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хөрөнгө зарцуулах тухай №37 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3/155 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Цгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-5, 41-43, 6-19 дэхь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Цгийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.Э, Б.Н нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 23-27, 32-35 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Ц нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Д.Ц Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн мал аж ахуйн 1 дүгээр фермд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Эг-Үүрийн сангийн аж ахуйн захиргаанаас 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Цд олгосон 01. 1986 оны 07 сарын 01. МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-д гарч ажиллах саналаа өгсний дагуу МАА-н 1-р фермд туслах малчнаар томилов. Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 06 сарын 17-ны өдрийн 51-р тоот тушаалаар. 02. 1994 оны 03 сарын 01. Ар гэрийн гачигдлын учир МАА-н 2-р фермийн саальчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1994 оны 03 сарын 01-ний өдрийн 15-р тоот тушаалаар. Улсын үзлэгээр 07 жил 08 сар 00 хоногоор тооцож хаалт хийв. 2002.12.02 гэх бичилттэй №***** дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дахь тал)
Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Нэг. 1986 онд МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-д гарч ажиллах нэр бүхий хүүхдийг өөрийн хүсэлт, сургуулийн захиргааны хувиараар МАА-н I, II ферм, I хэсэгт шууд үйлдвэрлэл дээр сумын намын үүрийн товчооны гишүүд, САА-н захиргааны шийдвэрээр дараах ажилд томилсугай. Үүнд: ...үйлдвэрлэлд: ...2. Д Цг I фермд туслах малчнаар 7 дугаар сарын 1-нээс...тус тус томилсугай... гэх бичилттэй Илгээлтийн эздийг ажилд томилох тухай №51 дугаар тушаалын архивын хуулбар, 1988 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Нэг. Төлчдийн чуулга уулзалтад оролцогч 78 төлчдөд 1 удаа кино үзвэр үнэ төлбөргүй үзүүлсүгэй... гэх бичилттэй Хөрөнгө зарцуулах тухай №37 дугаар тушаал, тус тушаалын Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн САА-н даргын 1988 оны 04 сарын 04-ний өдрийн 37 дугаар тушаалын хавсралт 1. Нэрс: ...15. Д.Ц, ферм: II фермийн төлчин... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 4, 41, 5, 42-43 дахь тал)
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Д.Цгийн (**********) 1986-1989 онд Эг-Үүрийн САА-д ажиллаж байсан цалингийн лавлагааг архивын баримтын 1986 оны 5, 1987 оны №6, 1988 оны №8, 1989 оны №11 дүгээр баримтуудаас тус тус түүвэрлэн хүргүүлэв гэх бичилттэй 3/155 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Цгийн 1986 оны 2 дугаар сараас 7 дугаар сар, 11 дүгээр сар, 1987 оны 1-11 дүгээр сар, 1988 оны 1-10, 12 дугаар сар, 1989 оны 1-4, 12 дугаар саруудад Эг-Үүрийн Сангийн аж ахуйд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 6, 7-19 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Д, 6. Нэр: Ц ...10. Ажилладаг байгууллага: Эг-Үүрийн Сангийн аж ахуй, ажилд орсон он: 1988, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: саальчин, оршдог сум район: Эрдэнэбулган... бүртгэгчийн нэр: Гантуяа, он сар өдөр: 1988 оны 09 сарын 19... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 25 дахь тал)
Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Д Ц, төрсөн он сар өдөр: 1970-02-14...10. хаана ямар ажилтай: САА-н 1-р фермд малчин ...14. Хуудас бичсэн: 1988 оны 06 сарын 06... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 26 дахь тал)
Гэрч Х.Э-н ...Би Эг-Үүрийн САА-д нярав, трактор комбайнчаар 1973 оноос 1992 оны 03 сард САА тарах хүртэл ажиллаж байсан. Д.Ц нь манай сумын нэг голын хүүхэд бөгөөд Эг-Үүрийн САА-д 1986 оны 07 сарын үеэс 1992 оны 03 сард САА тарах хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан. САА-н 1, 2 дугаар фермд үхэр саадаг байсан. 1992 оны 03 сард САА тараад 3 компани болж хуваагдаж байсан...Тасраагүй ажилласан...1986 онд 8-р анги төгсөөд илгээлтээр гарч байсан...Аав Д нь САА-д фермийн дарга олон жил хийсэн. Ээж нь Цэдэв гэж хүн САА-д фермийн саальчнаар ажилладаг, өндөр настай хүмүүс л байсан...Эг-Үүрийн САА нь 1985 он хүртэл Тариалангийн Сангийн аж ахуйн Эг-Үүрийн 3-р тасаг гэж явдаг байгаад 1985 оноос Эг-Үүрийн САА болж гарсан юм... гэх мэдүүлэг, гэрч Б.Н/*ын ...Би Эг-Үүрийн САА-д 1987 оны 07 сард саальчнаар илгээлтээр гарч ажилласан. Д.Ц нь надаас 1 жилийн өмнө 8-р анги төгсөөд Эг-Үүрийн САА-д илгээлтээр 1986 оны 06 сард гарч байсан юм. Бид 1992 оны 03 сард САА тартал хамт саальчнаар ажиллаж байсан. САА тараад компани болоход ч бид саальчнаар Баян-Өндөр компанид ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
Нэхэмжлэгч Д.Цгийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Ц өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Д.Цагийн Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн мал аж ахуйн 1 дүгээр фермд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.Цгийн ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 27 дахь тал)
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их мэргэд овогт Дгийн Цгийн Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн мал аж ахуйн 1 дүгээр фермд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА