| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00694/И |
| Дугаар | 155/ШШ2024/00747 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00747
| 2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 155/ШШ2024/00747 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Л
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2024/00694/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Л нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагаа дэмжиж байна. Би 10 дугаар анги төгсөөд ардын армийн 186 дугаар ангид 1982 оноос 1985 оны хооронд 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазад 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тус тус уурын зууханд гачегариар, 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл авто засварчнаар тус тус ажиллаж байсан. Дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан бөгөөд 1987 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл моторчны курст 3 сар сууж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн хугацаанд ажиллаж байсан үеийн зарим тушаал, шийдвэр олдохгүй байгаа тул дээрх ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй гэсэн. Мөн улсын бүртгэлийн ажилтан миний эцгийн нэрийг Ч гэж буруу бичиж, иргэний үнэмлэх олгосон. Би 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эцгийн нэр зөрүүтэй байдлыг залруулж, Чын Л нэрээр иргэний үнэмлэх шинээр авсан учир бичиг баримтын нэр зөрчилгүй болсон.
Иймд намайг Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазад 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус уурын зууханд гачегариар, 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд авто засварчин, моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гарсан овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11/465 дугаар албан бичиг, Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазын даргын 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Улирлын ажилчдыг ажлаас чөлөөлж, зарим хүмүүсийг ажилд томилох тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Курст хүн суралцуулах тухай №01 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай №94 дугаар тушаалын архивын хуулбар, 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Ээлжийн амралт олгож, зарим хүмүүсийг ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай №71 дугаар тушаалын архивын хуулбар, 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай №45 дугаар тушаалын архивын хуулбар, 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Хувьчлагдсан аж ахуйн нэгжүүд болон бусад байгууллагуудад ажиллагсад, үндсэн ба эргэлтийн хөрөнгийг шилжүүлэх тухай №08 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 3/142 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л-ын Их-Уул сумын 36 дугаар баазад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 746 дугаартай архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Л-ын цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл №********** дугаар баталгаажилтын хуудсын хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазаас 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Лд олгосон №121011 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 он, 1988 он, 1989 онд авсан баярын бичгүүд, 1988 оны МХЗЭ-ийн төв хорооны баярын бичиг, 1988 оны аймгийн ХЗЭ-ийн XX бага хурлын урилга, мэргэжлийн үнэмлэх, VIII таван жилийн гавшгайчийн үнэмлэх, 1988 оны 8 дугаар сард, 1989 онд авахуулсан гэрэл зураг, №70 дугаар төрөгсдийн гэрчилгээ зэрэг баримтыг эх хувиар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-107, 129-135 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Б, Д.Г нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 111-115, 122-123 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ч.Л нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Ч.Л өөрийн эцгийн Ч гэсэн нэрээр бүртгэсэн бүртгэлийг Ч болгон зөвтгөж өөрчилсөн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ...РД: ***********, овог: Ч, нэр: Л, төрсөн он сар өдөр: 1964.06.10... гэх бичилттэй ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, (хавтаст хэргийн 112-115 дахь тал)
Иргэний гэр бүлийн товчооноос олгосон Хүүхдийн овог: Ч, нэр: Л, эрэгтэй, 1964 оны 06 сарын 10-нд Их-Уул эмнэлэгт төрснийг 1964 оны 06 сарын 22-ны өдөр 70-рт бүртгэв. Төрүүлсэн: эцгийн овог: Буян, нэр: Ч, эхийн овог: М, нэр: Б... гэх бичилттэй №70 дугаар Төрөгсдийн гэрчилгээ, (хавтаст хэргийн 133 дахь тал)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гарсан Монгол Улсын иргэн, регистрийн дугаар: ***********, иргэний бүртгэлийн дугаар: ****, овог: Олхонууд, эцэг (эх)-ийн нэр: Ч, өөрийн нэр: Л, бүртгэсэн газар: Хөвсгөл Их-Уул, бүртгэлийн дугаар: 0001, бүртгэсэн он сар өдөр: 2024-05-15, Өөрчлөхийн өмнөх мэдээлэл: регистрийн дугаар: ***********, овог: Олхонууд, эцэг (эх)-ийн нэр: Ч, өөрийн нэр: Л гэх бичилттэй Овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 4 дэхь тал)
4.1. Нэхэмжлэгч Ч.Л Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазад 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зууханд гачегарь, 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд авто засварчин, моторчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазаас 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Чын Лд олгосон 01. 1985 оны 09 сарын 16. Ардын цэргийн албанаас халагдаж ирсэн тул уурын зууханд гачегариар томилон ажиллуулав. Хөвсгөл Их-Уул Авто тээврийн 36-р баазын даргын 1985 оны 09 сарын 16-ны өдрийн 121 дүгээр тушаалаар. 02. 1986 оны 05 сарын 16. Дулааны улирал болж уурын зуухны ажиллагааг зогсоох болсон тул улирлын ажилчин гачегарийн үүрэгт ажлаас чөлөөлөв. Авто тээврийн 36-р баазын даргын 1986 оны 05 сарын 16-ны өдрийн 40-р тушаалаар. 03. 1986 оны 09 сарын 15. Уурын зуухны өвлийн ажиллагаа эхлэх болсон тул ҮЭ-ийн хорооны зөвшөөрөл, өөрийн нь хүсэлтийг үндэслэн улирлын ажилчин гачегариар томилов. Авто тээврийн 36-р баазын даргын 1986 оны 09 сарын 17-ны өдрийн 80-р тушаалаар. 04. 1986 оны 10 сарын 26. Үйлдвэр техникийн хэлтэст засварчин шаардлагатай байгааг харгалзан гачегарийн үүрэгт ажлаас чөлөөлж, авто засварчнаар томилов. Авто тээврийн 36-р баазын даргын 1986 оны 10 сарын 25-ны өдрийн 90-р тушаалаар. 05. 1992 оны 03 сарын 19. Хөвсгөл аймгийн өмч хувьчлалын комиссын 1992-02-28-ны өдрийн 9-р тогтоолоор бааз хувьчлагдсан тул засварчны ажлаас чөлөөлж, Ган-Өргөө ББХК-д шилжүүлэв. Хөвсгөл Их-Уул Авто тээврийн 36-р баазын даргын 1992-03-16-ны өдрийн 08-р тушаалаар. 06. 1992 оны 03 сарын 20. Өмч хувьчлалын хуулийн дагуу 36-р бааз хувьчлагдаж Ган-Өргөө ББХК шинээр аж ахуйн нэгж болон байгуулагдсан тул засварчин, мужаанаар томилов. Ган-Өргөө /ББХК/ захирлын 1992.03.20-ны өдрийн 09 тоот тушаалаар. 07. 1994 оны 12 сарын 31. Нийгмийн даатгалын шинэ хуулийн дагуу хөдөлмөрийн дэвтрийг хааж нийгмийн даатгалын дэвтэрт шилжүүлэв. Ган-Өргөө ББХК-ийн захирлын 1994 оны 12-р сарын 31-ний өдрийн 02 тоот тушаалаар гэх бичилттэй №121011 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 106-107 дахь тал)
Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазын даргын 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1. Дулааны улирал болж уурын зуухны ажиллагааг зогсоох болсон тул улирлын чанартай ажил, галч хийж байсан Ч.Ла...нарыг 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилттэй Улирлын ажилчдыг ажлаас чөлөөлж, зарим хүмүүсийг ажилд томилох тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ...Тушаах нь: 1. Улаанбаатар хотын Авто сургууль дээр засварчны мэргэжил эзэмшүүлэх курст моторчноор Ч овогтой Ла...нарыг 1-р сарын 05-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаагаар явуулж суралцуулсугай... гэх бичилттэй Курст хүн суралцуулах тухай №01 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ...Тушаах нь: Доор нэр дурдсан ажилтан, ажилчдын 1987 оны ээлжийн амралтыг 11-р сарын 2-ны өдрөөс эхлэн олгосугай. 1. ...авто засварчин Ч.Ла...нарт ажлын 22 өдрөөр... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №94 дугаар тушаалын архивын хуулбар, 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 1988 онд ажилтан ажилчдад ээлжийн амралт олгох тухай хуваарийг үндэслэн Тушаах нь: 1. Доор нэр дурдсан ажилчдад 1988 оны ээлжийн амралт олгох хуваарийг үндэслэн Тушаах нь: 1. Доор нэр дурдсан ажилчдад 1988 оны ээлжийн амралтыг 10-р сарын 01-ний өдрөөс эхлэн олгосугай. Үүнд: ...5. ...ээлжийн амралт олгосон...Ч.Ла...нарын амралтын цалинг тооцож олгон...зөвшөөрсүгэй гэх бичилттэй Ээлжийн амралт олгож, зарим хүмүүсийг ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай №71 дугаар тушаалын архивын хуулбар, 1989 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Ажилтан, ажилчдад 1989 онд ээлжийн амралт олгох хуваарийг үндэслэн Тушаах нь: 2. ...авто засварчин Ч.Ла...нарт ажлын 22 өдрөөр...ээлжийн амралтын 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №45 дугаар тушаалын архивын хуулбар, 1992 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Хөвсгөл аймгийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 2-р сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж авто тээврийн 36 дугаар баазын тээврийн үйлдвэрлэлийн ажиллагааг 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон хааж... холбогдуулан Тушаах нь: 1. Шинээр байгуулагдсан тээвэр, засвар үйлчилгээний бүрэн бус хариуцлагатай компани /ББХК/, бүрэн хариуцлагатай хоршоо /БХХ/, хувиараа эрхлэх аж ахуй /ХЭАА/ зэрэг аж ахуйн нэгжүүдэд ажилтан, ажилчдыг 1-12 дугаар хавсралтаар 1992 оны 03-р сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хувийн хэргийн хамт шилжүүлсүгэй... гэх бичилттэй Хувьчлагдсан аж ахуйн нэгжүүд болон бусад байгууллагуудад ажиллагсад, үндсэн ба эргэлтийн хөрөнгийг шилжүүлэх тухай №08 дугаар тушаал, тус тушаалын Баазын даргын 1992 оны 8 дугаар тушаалын 10-р хавсралт: Их-Уул сумын Ган-Өргөө компани /ББХК/ -нд ажиллагсадыг шилжүүлсэн жагсаалт. ...5. Ч Ла, албан тушаал: засварчин, мэргэжил: засварчин, хувийн хэрэг хөдөлмөрийн дэвтэр: бий... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 6-12 дахь тал)
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Тус сумын 36 дугаар баазад засварчин, моторчноор ажиллаж байсан Л-ын ажилласан жилийн лавлагааг цалингийн цэсний 1986 оны ХН-39, 1987 оны ХН-40, 1988 оны ХН-41, 1989 оны ХН-42, 1990 оны ХН-43, 1991 оны ХН-44 дүгээр цалингийн цэснээс түүвэрлэв гэх бичилттэй 3/142 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л-ын 1986 оны 1-5, 9-12 дугаар сард, 1987 оны 1, 4-12 дугаар сард, 1988 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Их-Уул сумын 36 дугаар баазад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 13-101 дэхь тал)
Ч.Лд 1987 оны 3 дугаар сарын 27-ны өдөр олгосон моторчны мэргэжлийн үнэмлэх, (хавтаст хэргийн 133 дахь тал)
Авто тээврийн 36 дугаар баазын захиргаа, намын үүр, ХЗЭ-ийн үүрээс Ч.Лд үр бүтээлтэй ажиллаж, улсын төлөвлөгөө давуулан биелүүлсэнд талархаж 1987 онд, 1988 онд, 1990 онд олгосон баярын бичиг, МХЗЭ-ийн төв хорооноос 1988 онд олгосон баярын бичиг, 1988 оны аймгийн ХЗЭ-ийн XX бага хурлын урилга, VIII таван жилийн гавшгайчийн үнэмлэх, (хавтаст хэргийн 129-134 дэхь тал)
Авто тээврийн 36 дугаар баазад ажиллаж байхдаа 1988 оны 8 дугаар сард, 1989 онд авахуулсан гэрэл зураг, (хавтаст хэргийн 135 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Л-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Ч, 6. Нэр: Л...10. Ажилладаг байгууллага: 36-р авто бааз, ажилд орсон он: 1985, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: авто моторчин, эрхэлж эхэлсэн он: 1987, оршдог сум район: Их-Уул...бүртгэгчийн нэр: Бүрэнбат, он сар өдөр: 1988 оны 09 сарын 20... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 112 дахь тал)
Гэрч Ц.Б-н ...Ч.Л нь 1982-1985 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1985 оны 8, 9 сарын үеэс Их-Уул сумын Авто тээврийн 36-р баазад уурын зуухны гачегарь, моторчин, засварчнаар ажиллаж эхэлсэн. 1992 оны 03 сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Тэгээд бааз тарсан. Засварчин нь ачаа тээвэрт явдаг ЗИЛ-130 машины засвар үйлчилгээ хийдэг ажил...Тасраагүй л ажиллаж байсан...Би Их-Уул сумын Авто тээврийн 36-р баазад 1985 оны 09 сард ороод бааз тартал жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Г-н ...Би 1981-1992 онд Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан. Ч.Л нь 1985 оны 09 сард тус баазад галч, гачегариар орж ажиллаад ажиллах хугацаандаа моторын засварын курст суралцаж төгсөөд 1988 оноос 1992 онд засварчин, моторчноор...Тасраагүй ажилласан...Би Их-Уул сумын Авто тээврийн 36-р баазад 1981-1992 онд жолоочоор ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 122-123 дахь тал)
Нэхэмжлэгч Л-ын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Л өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Л-ын Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазад 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зууханд гачегарь, 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд авто засварчин, моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл №***************дугаар баталгаажилтын хуудсын хуулбар хэргийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 105 дахь тал)
6. Ч.Л нь 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 518838 дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдав. (хавтаст хэргийн 102, 103-104 дэхь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонууд овогт Чын Лхагвын Тээврийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Авто тээврийн 36 дугаар баазад 1985 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд, 1986 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зууханд гачегарь, 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд авто засварчин, моторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА