| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00657/И |
| Дугаар | 155/ШШ2024/00737 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00737
| 2024 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00737 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Х
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/00657/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцлоо.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1960 онд Лын ууган хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Хатгал хотын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 1980 онд 10 дугаар анги төгссөн. Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 6 дугаар сараас эхлэн 1992 оныг дуустал хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга, тэмдэг нь дарагдаагүй, аймгийн Архиваас холбогдох тушаал бүрэн олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.
Иймд Л.Х миний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Хын Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Малчин төлчин томилох тухай №07 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Малчид амруулах ба цалингүй чөлөө олгох тухай №49 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Малчин томилох тухай №45 дугаар тушаалын архивын хуулбар, Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Тэтгэмжтэй чөлөө олгох тухай №31 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11/418 дугаар албан бичиг зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-15 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Хын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг гаргуулж, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг болон түүнд хавсаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн малчин Л.Хын ажилласан жилийн архивын лавлагааг цахим сангаас татаж авсан, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр П.Г, Л.Б нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 20-24, 25-27, 32-35 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Л.Х нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Л.Х Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Л.Хын 1986 оны 6 дугаар сараас 1988 оныг дуустал, 1990 оны 1 дүгээр сараас 1992 оныг дуустал хугацаанд Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 3-9 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1. Хатгал хотоос өөрийн суманд шилжиж ирсэн иргэд болон тодорхой хөдөлмөр эрхлээгүй байгаа нэр бүхий хүмүүсийг хавсралтаар баталж зохих ажилд нь 1987 оны 03 сарын 01-нээс эхлэн томилсугай... гэх бичилттэй Малчин төлчин томилох тухай №07 дугаар тушаал, тус тушаалын Овог нэр: ...38. Л Х, ам бүл 5, өрхийн тэргүүлэгчийн юу нь болох: -, ямар орлогоор амьдардаг: ажилгүй, ажилд орсон он сар өдөр: 3-1, шийдвэрлэсэн: 5-р хэсэгт малчин... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1. 4-р хэсгийн нэр бүхий малчны ээлжийн амралтыг 1987 оны 12 сарын 01-нээс 15 хоногийн амралт олгосугай. Нэрсийг хавсаргав гэх бичилттэй Малчид амруулах ба цалингүй чөлөө олгох тухай №49 дугаар тушаал, тус тушаалын 4-р хэсгээс 12 сарын 01-нд амрах гишүүдийн нэрс: ...44. Л.Х ... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1. Доорх нэр бүхий хүмүүсийг 1988 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн МАА-н 4-р хэсэгт малчнаар томилон ажиллуулсугай...4. Л Х-хоньчин... гэх бичилттэй Малчин томилох тухай №45 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 11-13 дахь тал)
Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1. 4-р хэсгийн саальчин Л.Х...нар нь хүүхдээ 6 сартай болтол асрах тэтгэмжтэй чөлөө авахыг хүссэн тул Л.Хт 1989 оны 12 сарын 19-наас 1990 оны 03 сарын 19 хүртэл...3 сарын тэтгэмжтэй чөлөө олгосугай... гэх бичилттэй Тэтгэмжтэй чөлөө олгох тухай №31 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 14 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Л.Хын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Л, 6. Нэр: Х...10. Ажилладаг байгууллага: Хөгжил нэгдэл, ажилд орсон он: 1980, цех тасаг бригад: 4-р хэсэг, эрхэлдэг ажил: саальчин, эрхэлж эхэлсэн он: 1987, оршдог сум район: Алаг-Эрдэнэ...бүртгэгчийн нэр: Ганболд, он сар өдөр: 1988 оны 09 сарын 20... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 21 дэхь тал),
Гэрч П.Гн ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 06 сарын үед орж ирээд 1993 он хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан. Сүүлд нь хонь ч маллаж байсан. Би тэр үед нь ямаачин байсан... Тасраагүй ажилласан. 1993 оноос нэгдэл тараад компани болж байсан...Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ямаачнаар 1984 оноос нэгдэл тарах хүртэл ажилласан...Саальчдыг баярын бичиг, сайшаалын үнэмлэх, талархал зэргийг нэгдлээс өгч урамшуулдаг л байсан... гэх мэдүүлэг, гэрч Л.Бйн ...Л.Х нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 6, 7 сарын үеэс 1992 оныг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан. Нөхөр нь нарийн малтай, адуу маллаж, Л.Х нь саальчин, хоньчин байсан...Нэгдэлд орохоос өмнө сумын ХБАнгид ажилладаг байсан...Л.Х нь манай ээжтэй хамт Бадамсүрэн эрхлэгчтэй фермд сааль саадаг байсан...тул түүний ажиллаж байсан талаар сайн мэдэх юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
Нэхэмжлэгч Л.Хын шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Л.Х өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Л.Хын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11/418 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Л.Хын Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг болон түүнд хавсаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн малчин ажилласан жилийн архивын лавлагаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 15, 22-24, 25-27 дахь тал)
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чоно овогт Лын Хын, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА