Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2024/00736

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2024/00736

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2024/00722/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцлоо.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1964 онд Дийн ууган хүү болж мэндэлсэн бөгөөд бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж, тус сумынхаа 8 жилийн сургуулийг 1980 онд төгссөн. УБХТ нийгэмлэг трактор болон автокурсийг 1981-1982 онд төгссөн. 1982-1985 онд цэргийн алба хаасан. 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Алаг-Эрдэнэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигч, буулгагч, ногооны нярваар ажилласан. Мөн 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Хөгжил нэгдэлд жолооч, нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байв. Үүний дараа нэгдэл татан буугдахад Алаг-Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуульд 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс жолоочоор ажилд орж, 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байв. Ингээд 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газарт Засаг даргын жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оныг дуустал ажилласан. Үүнээс хойш Хүслэнт бүтээмж ХХК-д хүнд машин механизмын жолоочоор өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоо би тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Гэтэл өндөр настны тэтгэвэрт орох болоход 1985-аас 1986 оны хооронд Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсныг гэрчлэх тушаал аймгийн архивд шилжиж ирээгүй, 1986-1991 оны хооронд Хөгжил нэгдэлд ажиллаж байсныг гэрчлэх тушаал, 1991-1995 оны хооронд тус сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байсныг гэрчлэх сургуулийн захирлын тушаал зэрэг нь хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч аймгийн Архиваас олдохгүй байгаа тул 1985-1995 оны хооронд эдгээр байгууллагуудад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй болоод байна.

Иймд Д.Б миний бие Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ачигч, ногооны нярваар, 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд жолоочоор, 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн Ерөнхий боловсролын сургуульд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11/513 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ажилд өөрчлөн томилох тухай №57 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Комисс томилох тухай №35 дугаар тушаалын архивын хуулбар, Хөгжил хувьцаат компанийн анхдугаар хурлын 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Компани байгуулах тухай №01 тогтоолын архивын хуулбар, Хөгжил компанид элсэж цэнхэр тасалбараа нийлүүлсэн хүмүүсийн бүртгэл, Алаг-Эрдэнэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай №27 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Багш ажилчдын ээлжийн амралтын хуваарь батлах тухай №16 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Багш ажилчдын цалинг тогтоох тухай №23 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №36 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Машин шилжүүлэх тухай 86 дугаар захирамжийн архивын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Б-ын Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэл, тус сумын 8 жил, 10 жилийн сургуульд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /1995-2000 он/-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай №1701000706 дугаар баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-43, 57-59 дэхь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбаруудыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ю.Ц, Б.Б, Б.Р нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 47-52, 60-64 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Д.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч Д.Б Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ачигч, ногооны нярав, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолооч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 жил, 10 жилийн дунд сургуульд 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлээс Д.Бд олгосон ...03. 1985 оны 09 сарын 01. ХБАнгид ачигч буулгагчаар авч ажиллуулав. ХБАнгийн даргын 1985 оны 09 сарын 04-ний өдрийн 29 тоот тушаал. 04. 1986 оны 10 сарын 17. Ачигч буулгагчийн ажлаас чөлөөлж, Хөгжил нэгдлийн мэдэлд шилжүүлэв. ХБАнгийн даргын 1986 оны 11 сарын 25-ны өдрийн 33 тоот тушаалаар. 05. 1986 оны 10 сарын 25. Нэгдэлд авто жолоочоор томилов. Нэгдлийн даргын 1986 оны 10 сарын 25-ны тоот тушаалаар. 06. 1991 оны 10 сарын 01. Өөр байгууллагад шилжиж ажиллах болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, сумын 10 жилийн сургуулийн мэдэлд шилжүүлэв. Нэгдлийн даргын 1991 оны 10 сарын 25-ны өдрийн 40 тоот тушаалаар. 07. 1991 оны 10 сарын 01. Сургуульд жолоочоор авч ажиллуулав. Сургуулийн захирлын 1991 оны 10 сарын 02-ны өдрийн 35 тоот тушаалаар. 08. 1994 оны 12 сарын 31. НД шинэ хуулиар 177904 тоот дэвтэрт шилжүүлэв гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, (хавтаст хэргийн 70 дахь тал)

Худалдаа бэлтгэлийн ангийн хамт олонтой авахуулсан Худалдаа бэлтгэлийн ангийн 100 жилийн ой 2021.10.22 ИТХ-аас дурсгав гэх бичилттэй гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 15 дахь тал)

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Б-ын 1987 оны 1 дүгээр сараас 1991 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 16-20 дахь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.Б-ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Д, 6. Нэр: Б...10. Ажилладаг байгууллага: Хөгжил нэгдэл, ажилд орсон он: 1982, цех тасаг бригад: 4-р хэсэг, эрхэлдэг ажил: автын жолооч, эрхэлж эхэлсэн он: 1986, оршдог сум район: Алаг-Эрдэнэ...бүртгэгчийн нэр: Нямжав, он сар өдөр: 1988 оны 09 сарын 19... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 49 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1. Үйлдвэрлэлийн шаардлагаар номер 53 машины жолоочоор Д.Б-г...тус тус 1989 оны 11 дүгээр сарын 20-ноос ажиллуулсугай ... гэх бичилттэй Ажилд өөрчлөн томилох тухай №57 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)

Хөгжил хувьцаат компанийн анхдугаар хурлын 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ...Тогтоох нь: Нэг. ...Хөгжил ХК-г байгуулсугай... гэх бичилттэй Компани байгуулах тухай №01 тогтоолын архивын хуулбар, (хавтаст хэргийн 6 дахь тал)

Хөгжил компанид элсэж цэнхэр тасалбараа нийлүүлсэн хүмүүсийн бүртгэл гэх бичилттэй ...73. Д.Б, билет дугаар: 035621, хүүхдийн тоо: 5... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 7 дахь тал)

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Б-ын 1991 оны 10-12 сарууд, 1992 оны 1, 4-5, 9-12 сарууд, 1993 оны 1, 3, 5, 8-12 сарууд, 1994 оны1-6, 8-12 саруудыг дуустал Алаг-Эрдэнэ сумын 8 жил, 10 жилийн дунд сургуульд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 21-43 дахь тал)

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Тушаах нь: 1. Сургуулийн машиныг хүлээн авах комиссыг доор бүрэлдэхүүнээр томилсугай. Комиссын даргад Дашзэгвэ АА-н захирал... гэх бичилттэй Комисс томилох тухай №35 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)

Алаг-Эрдэнэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1. ...багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоосугай. Хавсралт №1... гэх бичилттэй Багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай №27 дугаар тушаал, тус тушаалын Алаг-Эрдэнэ сумын АБ-ын байгууллагад ажиллагсадын цалингийн сан. Овог нэр: ...24. Д.Б /жолооч/, хуучин авч байсан цалин: 1000, нэмэгдэл хувь: 20, нэмэгдсэн нь: 200, ангилал: А-4, зэрэглэл: Y, сарын цалин: 1200... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Тушаах нь: 1. Багш ажилчдын ээлжийн амралтын хуваарийг баталсугай Хавсралт №1... гэх бичилттэй Багш ажилчдын ээлжийн амралтын хуваарь батлах тухай №16 дугаар тушаал, тус тушаалын Багш ажилчдын ээлжийн амралтын хуваарь: Нэрс: ...46. Б.Б, албан тушаал: жолооч, амрах хоног: 26... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1994 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1. ...Тушаах нь: Багш ажилчдын 1994 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарын 01-нд хүртэлх цалинг Засгийн газрын 1993 оны 184 тогтоолын дагуу шинэчлэн тогтоож хавсралт №1-ээр баталсугай... гэх бичилттэй Багш ажилчдын цалинг тогтоох тухай №23 дугаар тушаал, тус тушаалын 10 жилийн сургуулийн багш, ажилчдын цалин тогтоолт. ...28. Д.Б, боловсрол: дунд, одоо эрхэлж байгаа ажил: жолооч, 1993 онд авч байсан цалин: 6500, улсад ажилласан жил: 13, ангилал: А-3, зэрэглэл: 4, 1994 оны сүлжээгээр авах цалин: 9800, цалингийн зөрүү: 3300, зөрүү 40%: 1320, 1994.01.01-ээс 07 сарын 01 хүртэл авах цалин: 7820... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1. Сумын Засаг даргын 85-р тоот захирамжийг үндэслэн 10 жилийн сургуулийн ЗИЛ 130 маркын ХӨ33-31 улсын номертай машиныг Тамгын газарт шилжүүлсүгэй. 2. Жолооч Д.Б-г 1995 оны 10-р сарын 10-ны өдрөөс эхлэн автожолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №36 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 8-12 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа /1995-2000 он/-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 57 дахь тал)

Гэрч **** ...Би Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1971 оноос ажилласан. Д.Б нь 1986 оны намраас Хөгжил нэгдэлд жолоочоор орж ажилласан. Анх орж ирээд ЗИЛ-130 машин авсан. Ачаа бараа ачих, айл нүүлгэх, өвс хадлан, ноос ноолуур гээд ачихгүй зүйл байхгүй. Нэгдлийн л ажилд явна. Удаагүй нэгдлийн даргын жолооч болж, ГАЗ-69 машин барьж байсан. 1989 онд шинэ 53 маркын машин хүлээн авч ажиллаж байгаад тэр машинтайгаа 1991 оны 10 сард нэгдлээс сумын сургуульд шилжсэн. 1991-1997 онд сумын сургуульд жолоочоор ажиллаж байгаад, тэгээд сумын захиргаанд жолоочоор очиж насаараа даргын жолооч хийсэн...Цэргээс ирээд Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад тэндээсээ Хөгжил нэгдэлд анх жолоочийн оронд түр ороод тэгээд тэр чигтээ л жолоочоор ажилласан...Түүний аав Д нь Хөгжил нэгдэлд жолооч, авто грашийн механикаар ажилладаг байсан...Би Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1971 оноос нэгдэл тарах хүртэл, тэгээд Хөгжил компани болоход ажиллаж байгаад 1995 он хүртэл тасраагүй жолооч хийсэн. Тракторын жолоочоор голлон ажилласан. Хэсэг хугацаанд ЗИЛ-130 машин ч барьж байсан. Хөдөлмөрийн товчоонд бүртгэсэн бол шууд ажилд хуваарилдаг, ажилгүй байна гэж байдаггүй үе байсан... гэх мэдүүлэг, гэрч *** ...Д.Б нь 1991 онд Хөгжил нэгдлээс 53 машинтайгаа Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн сургуульд жолоочоор ирж ажиллаж байсан. Багш ажилчид модонд явах, өвсөнд явах зэргээр сургуулийн үйлчилгээнд явдаг, ажилладаг байсан. 1996 он хүртэл ажиллаад тэгээд захиргаа руу явсан. Сургуульд 53 машины жолоочоор л ажиллаж байсан...Цэргээс ирээд ХБА-д хэсэг ажиллаж байгаад аавыгаа дагаж Хөгжил нэгдэлд жолооч болж, тэндээсээ манай сургуульд ирж ажиллаж байсан...тасраагүй ажилласан...1990-1991 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль, 1991-1992 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль болсон санагдаж байна...Би Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн сургууль, 10 жилийн сургуульд 1980-2011 онд үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Д.Бтай 1991-1995 онд хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ю.Цын ...Би 1982 оны 8 сарын 01-нд тушаал авч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ХБАнгийн эдийн засагчаар очиж байсан. Очоод Дуламсүрэн гэж хүнээс ажил хүлээж авч байсан. Ингээд 1993 он хүртэл ажилласан. Тэгээд хувьчлагдаад хоршоо болж байсан. Д.Б нь сумын ХБАнгид миний мэдэхийн 1985 оны 09 сард цэргээс ирээд ачигчаар орж ажилласан. 1 жил орчим ажиллаад 1986 оны 9, 10 сард нь Хөгжил нэгдэлд ажиллахаар гарсан. Хөгжил нэгдэлд даргын жолооч хийдэг байсан. 1990 он гараад сумын сургуульд үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан. Түүний дараа 1995 оноос хойш сумын захиргаанд даргын жолоочоор ажилладаг байсан. 2017, 2018 он хүртэл лав жолоочоор ажилладаг л байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 62-64 дэхь тал)

Нэхэмжлэгч Д.Б-ын шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Д.Б-ын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ачигч, ногооны нярав, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолооч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 жил, 10 жилийн дунд сургуульд 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: иргэн (даатгуулагч)-ийн ажилласан, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай №*************** дугаар баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.Б-ын Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 58, 50-52 дахь тал)

6. Д.Б нь 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ************* дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдав. (хавтаст хэргийн 59 дэхь тал)

7. Д.Бд холбогдох дээрх ажиллаж байсан хугацааны тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгйн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт манай архивт шилжиж ирээгүй, Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1986, 1991 оны тушаал, Алаг-Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны тушаал шүүж үзэхэд Д.Б-г ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/513 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 3 дахь тал)

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Манхан овогт Дийн Б-нХөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ачигч, ногооны нярав, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолооч, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 8 жил, 10 жилийн дунд сургуульд 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА