Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 136/ШШ2024/00295

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Т.А-н хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** ХХК болон  Б.С-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нар

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** ХХК болон  Б.С-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ. Нэхэмжлэгч Т.А нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...*** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийг хүлээж аваад Хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийх гэсэн боловч *** ХХК нь *** дүүрэг, *** хаягт оршин байдаггүй, Б.С нь *** дүүрэг, *** хаягт бүртгэлтгүй бөгөөд оршин суудаггүй болохыг *** засаг дарга тодорхойлжээ. Тус тодорхойлолтын дагуу *** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШЗ2024/16359 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгч би зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандаж хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...  *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд *** ХХК болон Б.С нарт холбогдуулаад амины орон сууц захиалгын гэрээнээс татгалзаад тэднээс болбол гэрээний үнэ төлсөн 337,980,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нарын хаягийг өөртэй нь байгуулсан гэрээн дээр тусгасан хаягаар *** дүүргийн *** тоот гэж *** компанийг тодорхойлсон бол Б.С-н хаягийг *** дүүрэг, ***тоот хаяг гэж тодорхойлж шүүхэд хандсан. Шүүхэд иргэний хэрэг үүсгэх боломжтой эсэхийг тодруулахаар хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах ажиллагаа хийхэд *** дүүргийн *** Засаг дарга энэ хаягт тухайн этгээдүүд нь бүртгэлгүй гэдэг тодорхойлолтыг ирүүлсэн. Хариуцагчид холбогдуулаад 4 утасны дугаарыг шүүхэд гаргаж өгсөн боловч аль алин дээр нь тийм хүн байхгүй, холбогдох боломжгүй гэдэг асуудал яригдсан байдаг. Тэгээд миний үйлчлүүлэгчийн хувьд *** ХХК нь 100 хувийн хувьцаа эзэмшигч, нэг хувьцаа эзэмшигчтэй компани, нэг хувьцаа эзэмшигч нь Б.С байгаа. Тэгэхээр *** компани болон Б.С нарыг хариуцагчаар татсан боловч хоёулаа хаяг дээрээ байхгүй тодорхойлолт ирсэн. Тэгээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн захирамж, *** болон Б.С нартай байгуулсан гэрээгээ тус тус шүүхэд хавсаргаж ирүүлсэн байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгчийн өмнө гэрээний үүрэг хүлээсэн этгээдүүдийн хаягийг нь тодорхойлох зорилгоор эрэн сурвалжлуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт /хх 3,5/, шүүгчийн захирамж /хх 6-7/, гэрээ /хх 8-11/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 12/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.*** ХХК болон  Б.С нараас ажил гүйцэтгэх гэрээг цуцлуулах, 337,980,400 төгрөг гаргуулах зорилгоор *** ХХК болон Б.С нарыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1.Нэхэмжлэгч нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** ХХК нь *** дүүрэг, *** хаягт оршин байдаггүй, Б.С нь *** дүүрэг, *** хаягт бүртгэлтгүй бөгөөд оршин суудаггүй хэмээн *** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж, 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

5.Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *** ХХК, болон Б.С-г эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ