| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00632/И |
| Дугаар | 155/ШШ2024/00713 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00713
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00713 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2024/00632/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн Эрчим хэсэгт сувилагчаар 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон 1 сар орчим ажиллаж байгаад Сангийн далай бригадад ажилласан. Тэгээд 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт сувилагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа 1991 он, 1998 онд хүүхэд төрүүлж байсан, 1993 онд хөхний хавдар авахуулах хагалгаанд орж байхдаа чөлөө авч байсан. Бусад хугацаанд тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход 1990 онд Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт ажилд орсон тушаал байхгүй байна. Тухайн үед аймгийн Эрүүлийг хамгаалах газраас тушаал гаргадаг байсан бөгөөд Нэгдсэн эмнэлэг, аймгийн Архиваас шүүлгээд тушаал олдоогүй тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрчим хэсгийн бага эмчээр, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сангийн далай бригадад сувилагчаар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн төвд 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 11/466 дугаар албан бичиг, Дархан хотын АУДС-иас 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г.Мт олгосон №262090 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2/85, 3/57 дугаар албан бичгүүд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Мийн Бүрэнтогтох сумын Хүний эмнэлэгт ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай №38 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилох, ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай №42 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Тэтгэвэрт гарах, тэтгэмжтэй чөлөө олгох тухай №13 дугаар тушаалын архивын хуулбар, 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай №7 дугаар тушаалын архивын хуулбар, 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Буцалтгүй тусламж олгох тухай №17 дугаар тушаалын архивын хуулбар, 1994 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Ажилд томилох тухай №01 дугаар тушаалын архивын хуулбар, №004018 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэнг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-4, 5-12, 29-36, 38-40, 42-44, 26-28, 37, 41, 45-46, 47-50 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Мийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Г, С.Онарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-21, 51-54 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Г.М нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Г.М Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Эрчим хэсгийн бага эмч, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Сангийн далай бригадад сувилагч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн төвд 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Дархан хотын АУДС-иас 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г.Мт олгосон 01. 1987 оны 09 сарын 01. Дархан хот дахь АУДуС-д сурагчаар элсүүлэв. Сургуулийн захирлын 1987 оны 10 сарын 19-ний өдрийн 86 тоот тушаалаар. 02. 1989 оны 06 сарын 29. Дархан хот АУДуС-ийг төгссөн тул ЭХЯ-ны мэдэлд шилжүүлэв. Сургуулийн захирлын 1989 оны 06 сарын 29-ний өдрийн тушаалаар. 03. 1989 оны 07 сарын 01. Хөвсгөл аймгийн ЭХГ-ын мэдэлд шилжүүлэв. ЭХЯ-ны сайдын 1989 оны 06 сарын 22-ны өдрийн Б/60 тоот тушаалаар. 04. 1989 оны 07 сарын 01. Бүрэнтогтох сумын Сангийн далай бригадын сувилагчаар томилон ажиллуулав. Хөвсгөл аймаг ЭХГ-ын даргын 38 тоот тушаалаар гэх бичилттэй №262090 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2/85, 3/75 дугаар албан бичгүүд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Г.Мийн Бүрэнтогтох сумын Хүний эмнэлэгт 1989 оны 11 дүгээр сараас 1990 оны 8 дугаар сард, 1990 оны 10 дугаар сараас 12 дугаар сард, 1995 оны 10-12 дугаар сард, 1996 оны 6 дугаар сард, 1990 оны 1 дүгээр сараас 12 дугаар сард, 1991 оны 1 дүгээр сараас 5 дугаар сард, 1992 оны 5-6, 10-12 дугаар сард ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 5, 29, 6-12, 30-36, 38-40, 42-44 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Тушаах нь: 1. 1989 онд сургууль төгсөж ирсэн дээд, дунд мэргэжилтэнг ажилд томилсон хуваарийг 1 дүгээр хавсралтаар...тус тус баталсугай ... гэх бичилттэй Ажилд томилох тухай №38 дугаар тушаал, тус тушаалын Шинээр АУДЭ, АУДУ сургууль төгсөж ирэгчдийн хуваарь...49. Г.Мийг Бүрэнтогтох сумын Эрчим хэсэгт бага эмчээр... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Тушаах нь: ...Бүрэнтогтох сумын Эрчим хэсэгт томилогдсон Б.Мийг мөн сумын Сангийн далай бригадад сувилагчаар...8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус томилж ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох, ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай №42 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 26-28 дахь тал)
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн ерөнхий эмчийн 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ...2. Хүн эмнэлгийн ээлжийн сувилагч Г овогтой М нь 1991 оны 6 сарын 21-нд охин Саранзаяаг төрүүлсэн тул хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөөг 1991 оны 8 дугаар сарын 16-наас 1992 оны 6 дугаар сарын 21-нийг хүртэл олгосугай... гэх бичилттэй Тэтгэвэрт гарах, тэтгэмжтэй чөлөө олгох тухай №13 дугаар тушаалын архивын хуулбар, 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Нэг. Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан Г.М нь хүүхдээ асрах нэг жилийн чөлөөтэй байж байгаад чөлөөгөө цуцалж ажилдаа орох хүсэлт гаргасан тул хүсэлтийг үндэслэн V/1-ээс сувилагчаар авч ажиллуулахыг зөвшөөрөв гэх бичилттэй Ажилд томилох тухай №7 дугаар тушаалын архивын хуулбар, 1993 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хүн эмнэлгийн ээлжийн сувилагч Г овогтой М нь УБ явж хавдар судлалын эмнэлэгт хэвтэж мэс засал хийлгэх болсон тул сувилагч Г.Мт буцалтгүй тусламж болгож 3500 төгрөгийг төсвийн зардлаас гаргаж олгохыг ня-бо Оюунд зөвшөөрөв гэх бичилттэй Буцалтгүй тусламж олгох тухай №17 дугаар тушаалын архивын хуулбар, 1994 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн ...2. Ээлжийн сувилагч Г.Мийг өвчтэй байх хугацаанд А.Мягмарсүрэнг ээлжийн сувилагчаар түр томилж 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №01 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 37, 41, 45, 46 дахь тал)
Г.Мт 1995 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сумын Хүний эмнэлэгт сувилагч, 1995.01.01. 1995 оны 1 дүгээр сараас 2004 оныг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилттэй №004018 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 47-50 дахь тал)
Гэрч Н.Гын ...Би 1980-1984 онд АУДС-д суралцаж төгсөөд Их-Уул бригадад ажилласан. Г.М нь 1989 оны 07 сард Сангийн далай бригадад сувилагчаар очиж ажиллаж байгаад 1990 оноос Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт /сумын төвд байдаг/ сувилагчаар очиж одоог хүртэл ажиллаж байгаа. Тухайн үед буюу 1989 онд бригад болгон бага эмчтэй, сувилагчийн орон тоотой ажилладаг байсан. Сумын төв дээр Хүн эмнэлэг нь байдаг, сумын төвд лав 3 их эмчтэй, түүнээс гадна сувилагч асрагч нар байдаг байсан...Тасраагүй ажилласан...Би...2023 онд тэтгэвэртээ гарсан... гэх мэдүүлэг, гэрч С.Оюунбилэгийн ...Би 1989 оны 06 сарын 28-ны өдрөөс Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн Туяа бригадад бага эмчээр хуваарилагдан очиж, 2001 оноос дүн бүртгэгч бага эмч болж, 2021 онд тэтгэвэртээ гартал ажилласан. Г.М нь Дархан хотын АУ-ны сургуулийг төгсөөд 1989 оны 07 сард Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн Эрчим, Сангийн далай бригадад сувилагч, бага эмчээр ажиллаж байгаад 1990 оны 03 сараас Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ирж одоо хүртэл ажиллаж байгаа. Хүн эмнэлэг нь 2008 оны үеэс ЭМТөв болсон...Тасраагүй ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 53-54 дэхь тал)
Нэхэмжлэгч Г.Мийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Г.М өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Г.Мийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Эрчим хэсгийн бага эмч, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Сангийн далай бригадад сувилагч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн төвд 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Г.Мийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 18-21 дэхь тал)
6. Г.Мт холбогдох дээрх ажиллаж байсан хугацааны тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны тушаал шүүж үзэхэд Г.Мийг ажилд томилсон тушаал байхгүй, Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн 1990 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/466 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 3 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Халиучин овогт Ггийн Мийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлэгт 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Эрчим хэсгийн бага эмч, 1989 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Сангийн далай бригадад сувилагч, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хүн эмнэлгийн төвд 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА