Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 124

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч хяналтын прокурор: Я.Дина, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ын Ш-т холбогдох эрүүгийн 1735000600047 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:          

  Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Т-ын Ш, РД:ОЗ62012018. 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Ш нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багийн нутаг “Булгын хамар” гэх газрын ойгоос  зөвшөөрөлгүйгээр 33 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 265433 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

1. Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06-р тал/, 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10-р тал/, 

            3. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14, 16-17-р тал/, 

            4. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22-р тал/, 

5. Хохирогч/иргэний нэхэмжлэгч/ О.И-ийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “Би Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газарт орлогч даргаар ажилладаг юм. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газар болон Ахлах сургуулийн менежер, нийгмийн ажилтан тэргүүтэй хамтарсан багийн таван ажилчид Наранбулаг сумын 2,3-р багт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг болон энэ жил шинээр 1 дүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг бүрэн хамруулах талаар урилга тараах замдаа Наранбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хайстын шил”-ийн сахиул Ш-ын гэрт очиход Ш гэртээ байгаагүй ба эхнэр болох Батцэнд нь гэртээ ганцаараа байсан. Тэгээд бид нар Ш-ын гэрээс гараад нуурын хөвөө чиглэлд явж байхад араас Наранбулаг сумын байгаль хамгаалагч Н мотоцикльтой ирж “Хайстын шил”-д байх Ш-ын өвөлжөөнд мод буулгасан байна. Та бүхэн очиж үзээд өгөөч” гэхээр нь бид уг газарт очиж үзэхэд 4 метрийн урттай, 30 орчим тооны мод байсныг зургаар баримтжуулж авсан. 2017 онд Увс аймгийн Наранбулаг суманд түлш, хэрэглээ гэсэн хоёр төрлийн гоожин олгосон. Хэрэглээний модны гоожинг Увс аймгийн Байгаль орчны газраас хэмжээг нь тогтоож өгдөг. Наранбулаг суманд 2017 онд 150 м3  модны зөвшөөрөл олгогдсон. Иргэдийн өргөдлийг үндэслэн Засаг даргын зөвлөлөөр 2017 оны 06 дугаар сард хэлэлцэн 31 айлд гоожин олгосон байгаа. Наранбулаг сумын 3-р багийн иргэн Ш, О нарт ямар нэгэн модны гоожин олгогдоогүй. Би Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн хохирогчоор оролцож байгаа тул зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг улсын орлого болгож, орон нутгийн 150800952 дугаарын дансанд хохирлыг төлж хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Т.Ш нь Байгаль орчинд учирсан хохирлыг төлж барагдуулна гэдгээ хэлж байгаа. Ш нь хувь хүний хувьд ахуй амьдрал тааруухан, группын мөнгөөр амьдардаг, нэг нүд нь хараагүй, эхнэр нь даралт харавчихсан хүн байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, 

             6. Гэрч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хагас сайн өдөр байсан бөгөөд хадам аав Ш, миний нөхөр О нар “Булгын хамар” гэх нэртэй газар луу мод бэлтгэхээр явсан. Тэр хоёр мод бэлтгэхээр явсан хойгуур манай сумын Ч гэдэг хүн эхнэр, хүүхдийнхээ хамт машинтай манайд ирсэн. Тэгэхээр нь би Ч ахад хандаж “Манай хадам аав, нөхөр хоёр “Булгын хамар”-луу мод бэлтгэхээр орсон байгаа. Түүнийг ачиж гаргаж ирээд өгөөч” гэхэд Ч ах зөвшөөрч өөрийнхөө ачааны машинтай “Булгын хамар” гэх газар луу очиж бэлдсэн модыг ачиж гаргаж ирээд өвөлжөөний буйран дээр буулгаад явсан юм. Ч ах мод надаас бэлтгэсэн мод нь гоожин буюу зөвшөөрлийн бичигтэй юм уу гэж асуухад нь би “Зөвшөөрлийн бичиг авсан. Одоо зөвшөөрлийн бичиг нь энд байхгүй байна. Сумын төвд байгаа. 1 дэх өдөр сумын төв орохоороо танд үзүүлчихнэ” гэж хэлээд гуйж авч явж мод ачуулсан юм. Мод ачихад Ч ахын эхнэр Б, хадам аав Ш, нөхөр О бид 4 байсан. Хадам аав Ш надад “ би мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг авчихсан байгаа” гэж хэлсэн учир зөвшөөрлийн бичгээ аваад сумын төвд үлдээсэн байна гэж ойлгосон. Хадам аав Ш, нөхөр О нар нь тухайн үед хэрэглээний мод бэлтгэсэн байсан бөгөөд машин дээр 30 гаруй мод ачсан. Хадам аав Ш, нөхөр О нар мод бэлтгэхдээ манай хадам аавынд байсан гар хөрөө, сүх ашиглаж бэлдсэн. Уулын гол хэсэгт мод бэлдээд бэлдсэн модоо өөрсдөө чирч доош нь оруулсан байсан. Манайх ганцхан хонины морьтой бөгөөд тэр морийг өвөл унаж эдэлдэг юм. Бусад улиралд нь өөрсдөө явганаар хонь малаа эргүүлдэг. Нөхөр О зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаагаа мэдэхгүй байсан. Учир нь хадам аав Ш О бид хоёрыг хамт байхад “Зөвшөөрлийн бичиг авчихсан. Мөнгийг нь 1 дэх өдөр тушаагаад болчихно. Зөвшөөрөл нь сумын төвд байгаа” гэж хэлсэн учир О бид хоёр зөвшөөрөлтэй юм байна гэж бодсон. Мөнгийг нь сүүлд тушааж болдог юм байна гэж ойлгосон. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай гэр аккумлятороос масс үүсэж шатсан юм. Түүнээс хойш О бид хоёр 2 хүүхдийн хамт гэргүй хадам аавын гэрээр байсан бөгөөд хадам аав хэлэхдээ “Мод бэлтгэж хүн ороод суучихаар жижиг байшин барьж өгье” гэж хэлээд модны зөвшөөрөл хөөцөлдөж мод бэлтгэсэн юм. Миний хадам аав Ш нь шударга шулуун зантай, ямар нэгэн худал зүйл хэлж яваад байдаггүй бөгөөд зүүн нүд нь хараагүй тул тахир дутуугийн группд байдаг юм. 3 охин, 1 залуутай бөгөөд 3 охин нь тусдаа гэр бүл болоод гараад явчихсан. Хадам ээж Б 3 удаа даралт харвасан учраас байнгын эмчийн хяналтанд байдаг юм. Манай хадам аавд 6 ханатай Монгол гэрээс өөр эд хөрөнгө байхгүй. 80 ширхэг бог, 1 морь байгаа боловч тэр мал нь хүү О-гийнх нь нэр дээр байдаг. Бид хоёрыг гэр бүл болж тусдаа гарахад өмч болгож тасалж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-32-33-р тал/, 

            7. Гэрч Ш.О-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний аавынх Наранбулаг сумын Хужирт багийн нутаг “Хайстын шил” гэх газарт багийн төвийн манаачаар буусан. Тэнд жилийн 4 улиралд байдаг. Манай гэр 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр цахилгааны масс гарч шатсанаас хойш би эхнэр 2 хүүхдийн хамт аавын гэрт байгаа. Миний аав Ш надад “Одоо шинээр гэр барьж чадахгүйгээс хойш модны зөвшөөрөл авч энэ намар нэг жижиг байшин барьж аваад Ц та хоёрт гэрээ өгнө” гэж хэлж байсан бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 10-ны үед Наранбулаг сумын төв рүү модны зөвшөөрөл авахаар яваад ирсэн юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр намайг “Хоёулаа “Булгын хамар” гэх нэртэй газар луу очиж мод бэлтгэе. Модны зөвшөөрөл авчихсан байгаа” гэхээр нь би аавтай хамт “Булгын хамар” гэх газар луу орж 7-8 ширхэг модыг 4 метрээр тайрч бэлдээд уулнаас бэл рүү өөрсдөө чирч оруулаад машинд ачихаар бэлдээд байж байтал миний эхнэр Ц сумын төвд байдаг Ч гэдэг хүнтэй хамт машинтай ирсэн. Аав бид хоёр мод бэлтгэхээс өмнө Ц-д хандаж “Энэ хавиар машинтай хүн ирвэл гуйгаад аваад  ирээрэй. Бэлдсэн модоо зөөж авна” гэж хэлээд явсан байсан тул Ц бид хоёрын араас Ч гэдэг хүнийг авч ирсэн. Ч ах ачааны том машинтай эхнэр Б, хүүгийн хамт ирээд аав бид хоёрын бэлдсэн байсан модыг ачаад “Хайстын хөндий”-д байх аавын өвөлжөөн дээр буулгасан. Би аав Ш-тай хамт мод бэлтгэсэн бөгөөд аав “Зөвшөөрөл авсан” гэж хэлж байсан болохоор би зөвшөөрөлтэй юм байна гэж л бодсон. Тэгээд ч мод бэлтгэхээс хэд хоногийн өмнө модны зөвшөөрөл авна гээд сумын төв рүү яваад ирсэн. Сумын төвөөс ирэхдээ “Модны зөвшөөрөл авчихсан. 1 дэх өдөр орж мөнгийг нь тушаагаад болчихно” гэхээр нь би зөвшөөрлөө авчихсан юм байна гэж ойлгосон. Аав бид хоёр аавынд байсан гар хөрөө, сүх ашиглаж мод бэлдсэн. Уулын гол хэсэгт мод бэлдээд өөрсдөө чирч доош нь уулын бэл рүү оруулсан. Миний аав Ш одоогоор зүүн нүд нь хараагүй, тахир дутуугийн группд байдаг. Ээж маань 3 удаа даралт харавсан тул ямар нэгэн хөдөлгөөнгүй гэртээ байдаг. Аав маань зан байдлын хувьд төлөв тогтуун, элдэв муу зуршилгүй, их тайван дөлгөөн, шудрага зантай хүн юм. Миний элэг сүүлийн 3 жил өвдөж байгаа тул одоогоор Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэхээр явах гэж байгаа. Аав Ш-т 6 ханатай Монгол гэрээс өөр эд хөрөнгө байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 34-35-р тал/,  

8. Гэрч Я.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд 1-р багаас эхнэр Б, хүү Э нарын хамт Наранбулаг сумын “Хайстын шил” гэх газраас аргал болон хожуул ачих зорилгоор өөрийн эзэмшлийн 80-82 УВА улсын дугаартай “Маяти” маркийн авто машинтай “Хайстын шил” гэх газарт очсон. Тэгээд “Хайстын шил”-ийн манаач Ш гэх айлд ороход тэдний гэрт Ш-ын бэр Ц байсан. Бид нар тэднийд цай уугаад сууж байтал Ц надад “Та аав , манай нөхөр 2-ны бэлтгэсэн модыг “Хайстын хөндий”-д байх өвөлжөөн дээр буулгаж өгөөч. Бид нарт таниас өөр унаатай хүн олдохгүй юм байна. Энэ хавиар унаатай хүн  ирвэл гуйгаад модоо ачуулна гэж аав хэлж байсан” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би мод бэлтгэсэн газар луу явахын өмнө тухайн мод нь зөвшөөрлийн бичигтэй эсэхийг тодруулж асуухад Ц “Аав сумын төв рүү ороод зөвшөөрлийн бичиг авчихсан байгаа ” гэхээр нь би Ш-ыг шударга хүн учир бичиг баримтаа бүрдүүлчихсэн байна гэж ойлгоод Ц-ийг суулгаад “Булгын хамар” гэх газар луу очиж Ш, О нарын бэлтгэсэн модыг ачаад “Хайстын хөндий”-д байх Ш-ын өвөлжөөн дээр буулгасан. Тэгээд буцахдаа хожуул ачаад Наранбулаг сумын төв рүү орсон. Би өөрөө хожуул ачих зөвшөөрөл авчихсан явж байсан. Ш, Ц нар нь надад ямар нэгэн зөвшөөрлийн бичиг үзүүлээгүй. Би зөвшөөрлийн бичиг асуухад “Зөвшөөрлийн бичиг авсан. Өнөөдөр амралтын өдөр тул 1 дэх өдөр бичгээ орж авна. Зөвшөөрөл гарчихсан байгаа” гэж хэлэхээр нь би зөвшөөрлийн бичигтэй юм байна гэж ойлгосон. Ш, О нар нь унаа машингүй ядарсан хүмүүс байсан тул би тэр хүмүүст тусалсан юм. Мөн хавар гэр нь шатсан, гэр оронгүй гэхээр нь би модыг нь ойрхон газар дөхүүлээд өгье гэж бодоод модыг ачиж өвөлжөөн дээр нь буулгаж өгсөн юм. Ш, О нарын бэлтгэсэн мод нь 32-33 ширхэг, 4 метрээр тайрч бэлдсэн хэрэглээний мод байсныг ачсан. Мод ачсан машин миний өөрийн машин бөгөөд миний нэр дээр байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,  

9. Гэрч Ч.И-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Байгаль орчны газарт байгаль хамгаалагчаар 10 дахь жилдээ ажиллаж байна. 2017 онд цэвэрлэгээний ажлаар 100 м3, цэвэрлэгээний огтлолоор 50 м3, түлшний 600 м3 мод олгох зөвшөөрлийг аймгаас олгосон. Түүний дагуу Наранбулаг сумын 4 багийн нийт 31 иргэнд мод олгохоор сумын Засаг даргын захирамж гарсан. Ш болон түүний хүү О нарт мод олгох зөвшөөрөл олгогдоогүй. Ш надтай мод авах талаар ярьж, уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/ ,    

10. Гэрч Ч.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би аав Ч, ээж Б нарын хамт аавын 80-82 УВА улсын дугаартай “Маяти” маркийн автомашинтай Наранбулаг сумын “Хайстын шил” гэх газар луу явсан. Бид гурав ойгоос дардас, унанга түүхээр явсан бөгөөд замдаа “Хайстын шил” багийн төвийн манаач Ш гэх айлд орсон. Тэднийд бэр Ц нь байсан бөгөөд бид гурав цай уугаад явах гэтэл Ц аавд “Та манай хадам аав Ш, нөхөр О нарын бэлдсэн модыг ачаад өгөөч” гээд гуйгаад байхаар нь аав зөвшөөрсөн. Аав “Мод бэлтгэх зөвшөөрөл авсан юм уу” гэж асуухад “Хадам аав сумын төв рүү ороод авчихсан байгаа” гэхээр нь бид нар “Булгын хамар” гэр газар луу явж Ш, О нарын бэлдсэн 4 метр урт, 30 орчим тооны модыг ачаад Ш гуайн өвөлжөөн дээр буулгасан. Тэгээд аав, ээж бид гурав хожуул, дардас, унанга түүж ачаад сумын төв рүү явсан юм. Би уг модыг ачилцсан бөгөөд зөвшөөрөлгүй гэдгийг нь мэдээгүй, сүүлд мэдсэн. Тухайн үед аав Ч “Танай мод зөвшөөрөлгүй бол ачихгүй” гэж хэлэхэд Ш гуай “Зөвшөөрлийн бичиг авчихсан байгаа ” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/, 

11. Гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би нөхөр Ч, хүү Э нарын хамт Наранбулаг сумын “Хайстын шил” гэх газар луу нөхрийнхөө 80-82 УВА улсын дугаартай “Маяти” маркийн машинтай хожуул, дардас, унанга ачихаар явсан юм. Замдаа Ш гэх айлд ороход Ш-ын бэр Ц байсан бөгөөд Ц манай нөхөрт “Та манай хадам аав Ш, нөхөр О нарын бэлдсэн модыг ачаад өвөлжөөн дээр буулгаж өгөөч. Бид нарт унаа, тэрэг олдохгүй байна. Аав явахдаа “Унаа таарвал гуйгаад аваад ирээрэй” гэж хэлээд явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ч “Тэр мод чинь зөвшөөрөлтэй юм уу” гэж асуухад Ц “Тиймээ зөвшөөрөл байгаа. Аав 2-3 хоногийн өмнө сумын төв орж бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Одоо 1 дэх өдөр мөнгөө тушаагаад л болчихно” гэхээр нь “Зөвшөөрөлтэй мод бол ядарсан хүмүүст тус больё” гээд бид гурав модыг нь ачиж өвөлжөөн дээр нь буулгасан. Ш, О нар нь “Хайстын шил”-ийн “Булгын хамар” гэх газарт мод бэлтгэсэн байсан. Нөхөр маань Ш гуайгаас “Зөвшөөрөл байгаа юу” гэхэд “Бэлэн болчихсон байгаа” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/, 

            12. Гэрч Х.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Миний бие Увс аймгийн Наранбулаг суманд байгаль хамгаалагчаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Манай гэр Наранбулаг сумын төвд буюу Наранбулаг сумын 1-р багт байдаг бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр би хяналт шалгалтаар тус сумын 2-р багийн нутаг “Хайстын шил” гэх газрын “Булгын хамар” гэдэг газарт очиход зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэгдсэн байсан. Намайг очиход 7 ширхэг босоо мод тайрсан бололтой хожуул үлдсэн байсан. Түүнийг Ш гэдэг хүн бэлтгэсэн байсан бөгөөд бэлтгэсэн модоо 4 метрээр тайрч “Хайстын хөндий”-д байх өвөлжөөн дээрээ буулгасан байсан. Ш гуай надад “Мод бэлтгэж авах гэсэн юм. Зөвшөөрлийн бичиг авах хэрэгтэй байна” гэж мод бэлтгэхээсээ нилээн олон хоногийн өмнө хэлж байсан ч өргөдөл өгөөгүй юм. Би “Бичиг баримтаа бүрдүүлээд ир” гэж хэлсэн. Мод бэлтгэх зөршөөрлийг Засаг даргын зөвлөлөөр орж зөвшөөрөгдсөн тохиолдолд надаас авдаг юм. 2017 онд Наранбулаг суманд 500 м3 түлш, цэвэрлэгээний ажлаар 100 м3, арчилгааны ажлаар 50 м3, түлшний 600 м3 модны зөвшөөрөл олгогдсон. Хэрэглээний мод бэлтгэхэд Засаг даргын захирамжаар иргэдэд  хувиарладаг. Түлшний модны зөвшөөрлийг баталсан лимитэнд тохируулж байгаль хамгаалагч өөрөө олгодог.  Ш нь хэрэглээний мод бэлтгэх иргэдийн нэрсийн жагсаалтанд ороогүй байсан. Түлшний мод бэлтгэх талаар зөвшөөрөл авахдаа баримт материал буюу эрхийн бичиг авах ёстой байтал аваагүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,  

            13. Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангийн дарга Ч.Б-ийн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан: “Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багийн нутаг “Хайстын шил” гэх газарт орших ой нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Уг ой нь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарахгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд хамаардаг. Заавал тусгаарлалт хийсэн талбайгаас мод бэлтгэх ёстой байдаг. Иргэн Т.Ш-ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх мод нь 3.7811 куб метр байна. Иргэн Т.Ш-ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх мод нь хуурай, шинэс мод байна. Тухайн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 265433,2 төгрөг болж байна. Зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх үйлдэл нь Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р тал/, 

            14.   “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Хэрэгцээний мод, хөрөө, сүх үнэлсэн тухай тайлан /хх-ийн 53-р тал/, 

15. Шүүгдэгч Т.Ш-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72-р тал/,   

            16. Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Засаг дарга Н.Анхбаярын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 62, 63, 519 тоот тодорхойлолт /хх-ийн 84, 85, 88-р тал/,  

            17. Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ХТДТ хариуцсан мэргэжилтэн Г.Бурмаагийн 2017.09.11-ний өдөр гаргасан тодорхойлолт /хх-ийн 86-р тал/, 

18. Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/50 тоот Хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олгох тухай захирамж /хх-ийн 90-91-р тал/, 

19. Т.Ш-т холбогдох 1735000600047 тоот хэргийн хохирлын тооцоо /хх-ийн 97-р тал/, 

20. Шүүгдэгч Т.Ш-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “  Миний бие Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багийн нутаг “Булгын хамар” гэх газарт амьдардаг юм. Миний бага хүү О 2013 онд гэр бүл болж тусдаа гарсан бөгөөд тэр үед би хэдэн малаа хүүдээ өмчлүүлж өгсөн. Одоо эхнэр бид хоёрт ямар нэгэн мал, эд хөрөнгө байхгүй. 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний хүү О-гийн гэр нь цахилгааны масснаас болж шатаж, гэр оронгүй болсон тул тэд манай жижиг гэрт хамт амьдрах болсон юм. Тэгээд би мод бэлтгэж хүн ороод амьдарчихаар жижиг байшин барьж өгөх зорилгоор мод бэлтгэнэ гэж бодож байсан юм. 2017 оны 08 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна /08 дугаар сарын 10-аас өмнө гэдгийг л санаж байна/  сумын төвд орж ойн байцаагч Н гэх залуутай уулзаж “Би мод бэлтгэж хүүдээ байшин барьж өгөх гэсэн юм” гэж хэлэхэд Н “Хэрэглээний модны гоожин байхгүй. Түлшний гоожин өгч болно” гэж хэлэхээр нь би хэрэглээний модны гоожин бүтэхгүй юм байна гэж бодоод гэрлүүгээ харьсан. Би сумын төв ороод ирэхдээ гэр бүлийнхээ хүмүүст  “Модны гоожин, бичиг баримтыг нь авчихлаа” гэж хэлсэн. Тэгээд 3-4 хоногийн дараа 2017 оны 08 дугаар сарын 12-ны өглөө мод бэлтгэхээр гарч байхад О, Ц хоёр надаас “Модны гоожин байгаа юу” гэж асуухаар нь би “Байгаа, би хэд хоногийн өмнө сумын төв орохдоо авсан гэж та нарт хэлсэн биз дээ” гэж хэлээд би хүү О-г дагуулж явсан. Бид хоёр өглөө мод бэлдэхээр явахын өмнө би бэр охин Ц-д “Энэ хавиар машин унаа ирвэл гуйгаад аваад ирээрэй. Бэлдсэн модоо өвөлжөөний буйранд хүргэнэ” гэж хэлсэн. Тэгээд модоо бэлтгэж байтал манай бэр Ц Ч гэдэг жолоочтой хамт түүний машинтай ирсэн тул бэлдсэн модоо уг машинд ачиж өвөлжөөн дээр хүргэж буулгасан. Тэгээд Ч яваад өгсөн бөгөөд намайг зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгааг Ч мэдээгүй юм. Бид уулын бэлээс нийт 7 ширхэг ургаа модыг тайрч унагаагаад унасан модоо голоор нь 4 метрээр голдуу тайрч, нийт 33 ширхэг мод болгосон. Би мод бэлтгэхдээ хөрөө болон сүх ашигласан. Тус хөрөө, сүх нь миний өөрийн хөрөө, сүх байгаа юм. О бид хоёр бэлдсэн модоо уулын бэл үрүү түлхэж өнхрүүлээд, биеэрээ чирч бэлд хүргэсэн юм. Би Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газарт учирсан хохирлыг төлж барагдуулж амжаагүй байна. Надад мөнгө төлөх боломж гарахгүй байна. Хүйтэн болохоос өмнө хүүдээ нэг жижиг гэр бариад өгчих санаатай байна. Би учирсан хохирлыг төлж барагдуулна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие группын тэтгэврээр амьдардаг, эхнэр маань бие муутай, байнгын асаргаа, эмчийн хяналтад байдаг, иймд миний амьдрал байдлыг харгалзан надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.         

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: 

Шүүгдэгч Т.Ш нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багийн нутаг “Булгын хамар” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 3.7811 м3 буюу 33 ширхэг хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 265433 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч О.И, гэрч Ц.Ц, Ш.О, Я.Ч, Ч.Э, А.Б, Х.Н нарын мэдүүлэг, Увс аймгийн Малчин сум дахь сум дундын ойн ангийн дарга Ч.Бат-Эрдэнийн 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гаргасан модны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Ш-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

Шүүгдэгч Т.Ш-ын мод бэлтгэсэн гэх Наранбулаг сумын 3-р багийн нутаг “Булгын хамар” гэх газар нь дархан цаазат буюу улсын тусгай хамгаалалттай газар нутаг, бүсийн ойд хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.  

            Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д  иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй , мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд  тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг. 

           Шүүгдэгч Т.Ш нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Наранбулаг сумын 3-р багийн нутаг “Булгын хамар”гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 3.7811 м3 шинэс мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас  аваагүй болох нь нотлогдсон.    

            Шүүгдэгч Т.Ш нь зөвшөөрөлгүй мод бэлтгэхдээ өөрийн хүү Ш.О-гийн хамт бэлтгэсэн байх бөгөөд тэрээр хүү Ш.О, бэр Ц.Ц нарт “Мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан байгаа. Зөвшөөрлийн дагуу мод бэлтгэнэ” гэж удаа дараа хэлж итгүүлсэн учир Ш.О зөвшөөрөлгүй мод бэлтгэж байгаагаа мэдээгүй талаар шүүгдэгч болон гэрч Ш.О, Ц.Ц нар тус тус мэдүүлсэн болон Ш.О-г энэ хэрэгт санаатай хамтран оролцсон гэж үзэх  нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.          

           Иймд шүүгдэгч Т.Ш-ыг  ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.             

           Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага  хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч Т.Ш-ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 20-ны 01 тоот дүгнэлтээр 265.433 төгрөгөөр тогтоосон байх тул энэхүү ойн санд учирсан хохирол 265.433 төгрөгийг шүүгдэгч Т.Ш-аар нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Т.Ш-ын хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэж олсон 3.7811 м3 буюу 33 ширхэг хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хэрэгсэл болох хөрөө, төмөр сүхийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцон тус тус хурааж, шүүгдэгчийн ойн санд учруулсан хохирол 265.433 төгрөг нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

            Гэмт хэрэг үйлдэж олсон 3.7811 м3 буюу 33 ширхэг хуурай шинэс модны зах зээлийн үнэлгээ 226.100 төгрөг, хөрөө / хуучин/ 6.000 төгрөг, төмөр сүх /хуучин/ 5.000 төгрөг, нийт 237.100 төгрөгийг ойн санд учруулсан хохиролд тооцож, үлдэх 28.333 төгрөгийг шүүгдэгч Т.Ш-аас гаргуулж орон нутгийн орлогод буюу Увс аймгийн Наранбулаг сумын Төрийн сан банк 100150800245 дансанд тус тус оруулах үндэслэлтэй байна.                            

            Шүүгдэгч Т.Ш-ын хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн Я.Ч-ын эзэмшлийн 80-82 УВА улсын дугаартай, “Маяти” маркийн автомашиныг битүүмжилснийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Т.Ш-ын ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг төгссөний дараа уг автомашинаар модыг зөөж тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй. Иймд автомашиныг эзэмшигч Я.Ч-т буцаан олгох нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Т.Ш нь хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, ажил эрхэлдэггүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой ядуу өрхөд хамаарагддаг зэрэг нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016-11-03-ны өдрийн шийдвэр, Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Засаг даргын 2017-09-29-ний өдрийн 63 дугаар Тодорхойлолт, Увс аймгийн Халамж үйлчилгээний газрын мэргэжилтний 2017-09-11-ний өдрийн Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлсон Тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.             

             Шүүгдэгч Т.Ш анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Шүүгдэгч Б овгийн Т-ын Ш-ыг ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Т.Ш-т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд  заасныг баримтлан шүүгдэгч Т.Ш-ын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 3.7811 м3 хуурай шинэс мод, хөрөө, сүхийг хурааж, шүүгдэгч Т.Ш-аас 28333 төгрөг гаргуулж тус тус орон нутгийн орлогод буюу Увс аймгийн Наранбулаг сумын Төрийн сан банк 100150800945 дансанд оруулсугай. 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн 80-82 УВА улсын дугаартай, “Маяти” маркийн автомашиныг битүүмжилсэн  тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Я.Ч-т буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Т.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Ш-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй. 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын ялллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН