Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0891

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М******* ГХО ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Маргааны төрөл: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгүүдийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны Кадастарын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30- ны өдрийн 399 дүгээр шийдвэрийн "М******* ГХО ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах тухай"-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийн М******* ГХО ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай "Монгол Шин Буо да" ХХК нь 2015 оны 01 дүгээр сард 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд манай компани 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр ашигт малтмал ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрлийг "Ч" ХХК-аас шилжүүлэн авсан. Шилжүүлэн авсан ашигт малтмал ашиглалтын МѴ- дугаартай тусгай зөвшөөрөл нь анх 2007 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр "М*******" ХК-д шинээр олгогдож 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдөр "Ч" ХХК-д эзэмших эрх шилжсэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт орших "Ц******* булаг Ж" нэртэй 41 гектар талбай бүхий тусгай зөвшөөрөл юм. Тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэн авсан 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс хойш "М*******" ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Я******* болон бусад хөрөнгө оруулагч нар компанийн дүрмээр тодорхойлогдсон хувьцаа эзэмшигчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд орсны улмаас компанийн гүйцэтгэх удирдлага алдагдаж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал 2021 оны 05 дугаар сарыг хүртэл үргэлжилсэн. Тухайлбал: Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан 2015 оны 04 дүгээр сараас хойш хувьцаа эзэмшигч буюу, хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэд Монгол Улсад хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, зарим хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт нас барсан зэрэг зайлшгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдлууд үүссэн бөгөөд энэ хугацаанд компанийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг болон гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд Монгол Улсад томилогдоогүй байсан зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж компанийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг хязгаарлагдсан байна. Нэхэмжлэгч "М*******" ХХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигч БНХАУ-ын нэр бүхий иргэдтэй холбогдох дээрх үйл баримтыг нотлох зорилгоор Хил Хамгаалах ерөнхий газарт хандаж хувьцаа эзэмшигчдийн улсын хилээр нэвтэрсэн талаарх мэдээллийг гаргуулахаар ажилласан боловч Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2-46/2651 дугаартай албан бичгээр тус мэдээллийг гарган өгөх боломжгүй гэж хариу ирүүлсэн болно.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад хэргийн оролцогчийн хувьд нотлох баримт гаргуулах хүсэлт гарган шүүхийн журмаар дээрх мэдээллийг гаргуулах бүрэн боломжтой бөгөөд дээрх байдлаар маргаан бүхий асуудалд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой үйл баримт юм. Манай компанийн зүгээс хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн эрх үүрэгтэй холбогдох дээрх нөхцөл байдлыг залруулж 2021 оны 05 дугаар сард гүйцэтгэх удирдлагыг томилон үйл ажиллагаагаа сэргээн явуулж байгаа бөгөөд компанийн нэн тэргүүний зорилго зорилт нь өөрийн эзэмшилд байгаа МѴ- дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг аж ахуйн эргэлтэд оруулах явдал юм. Компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг эцсийн байдлаар 16 дахь жилдээ төлж байгаа бөгөөд цаашид тухайн харилцааг хэвийн үргэлжлүүлж тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах зорилт тавин ажиллаж байна. Компанийн зүгээс өөрийн эзэмшил дэх МѴ- дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хуульд заасан үндэслэлээр хэвийн үргэлжилж байгаа гэж дүгнэж байгаа бөгөөд үндэслэл нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой аливаа шийдвэр гаргасан талаар Ашигт малтмал газрын тосны газраас мэдэгдсэн зүйл байхгүй. Гэтэл Кадастрын хэлтсийн дарга нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/5945 дугаартай албан бичигтээ ...М******* ХХК-ийн эзэмшилд байсан Төв аймгийн Заамар сумын Ц******* булаг Ж нэртэй 41.25 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр шийдвэрээр цуцалсан болно... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4 дахь хэсэгт заасны дагуу ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 7/2923 тоот албан бичгээр, уг тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мөн оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 7/4092 дугаартай албан бичгээр танай компанид мэдэгдсэн..." гэж дурдсан нь үндэслэлгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаар шийдвэр өнөөдрийг хүртэл манай компанид ирээгүй.

Манай "М*******" ХХК нь үүсгэн байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хот Х******* дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж ******* танхим хаягт бүртгэгдэж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тухайн хаяг байршил нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр бүртгэлтэй хэвээр байна. Хэрэв хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 399 дугаартай шийдвэр гаран цуцалсан бол Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон цуцалсан талаарх мэдэгдлийг манай компанид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тухайн мэдэгдлээ компанийн оршин байгаа хууль ёсны хаягаар хүргүүлэх хууль зүйн зохицуулалттай юм.

Гэтэл манай компанийн оршин байгаа Улаанбаатар хот Х******* дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж ******* танхим хаягаар 2018 оны 05 дугаар сард Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс мэдэгдэл болон ямар нэгэн албан бичиг ирж байсан үйл баримт байхгүй байхад хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 7/2923 тоот албан бичгээр, уг тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мөн оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 7/4092 дугаартай албан бичгээр танай компанид мэдэгдсэн гэж дурдаж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөө талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлж буй "...Мэдэгдээгүй..." гэх үндэслэл, хариуцагчийн "... Мэдэгдсэн..." гэх татгалзлыг хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад үзлэг хийх, нотлох баримт цуглуулах зэрэг арга хэлбэрээр тодруулах боломжтой үйл баримт юм. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар урьдчилан мэдэгдэх хууль зүйн зохицуулалтын зорилго нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн үндэслэлийг арилгах, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хэвийн үргэлжлүүлэх үндсэн эрхийг хангах зорилготой бөгөөд маргаан бүхий асуудлын хүрээнд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх журмыг хэрэгжүүлэн ажиллаагүй нь ноцтой зөрчил бөгөөд мэдэгдлийг хүлээлгэн өгсөн үйл баримтаа хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэж нотолж чадаагүй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл цуцалсан талаарх мэдэгдлийг мөн манай компанид мэдэгдээгүй нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргах, маргаан бүхий асуудлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлүүлэх үндсэн эрхийг зөрчсөн, хязгаарласан хууль бус үйлдэл бөгөөд мөн дээрх мэдэгдлийг манай компанид мэдэгдсэн талаарх үйл баримтыг холбогдох нотлох баримтын хүрээнд тайлбарлаж чадаагүй байна. Ашигт малтмал газрын тосны газар нь хуульд заасан үйл ажилл*******ы үндсэн чиглэлээр зөвхөн тусгай зөвшөөрөл цуцлах эрх үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллага биш бөгөөд хэдийгээр цуцлах шийдвэр гарсан хэдий ч тухайн нөхцөл байдал нь хууль болон бусад үндэслэлээр хэрхэн нотлогдож тогтоогдож байгаа үйл баримтад тулгуурлан тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг сэргээх, хадгалах чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийн хангах чиг үүргийг давхар хэрэгжүүлдэг. Ялангуяа 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуй нэгжийн хувьд дээрх нөхцөл байдлыг Ашигт малтмал, газрын тосны газар нь үндэслэл нэг бүрийг нарийвчлан шалгаж шийдвэр, дүгнэлт гаргах шаардлагатай бөгөөд дээрх нөхцөл байдал нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн үйл ажилл*******д бус орон нутаг, улсын эдийн засгийн эргэлтэд эерэг сөрөг олон талын үр дагавар үүсэгдэг болохыг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай юм. Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр шийдвэр гарсан цаг хугацаа, тухайн шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдээгүй буюу компанийн зүгээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Кадастрын хэлтийн даргын 10/5945 дугаартай албан бичгээр анх танилцаж мэдэж буй үйл баримтуудын хоорондох цаг хугацааны дэс дараалалд бодитой дүгнэлт хийх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх ямар нөхцөл байдал үүссэн зэрэг бүхий л нөхцөл байдлуудад нэг бүрчлэн хууль зүйн дүгнэлт хийсний үр дүнд шийдвэр гаргах хуулийн шаардлагатай. Гэтэл Кадастрын хэлтсийн дарга нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 399 дугаартай шийдвэр гаргаж манай компанийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахдаа дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүд болон бодит нөхцөл байдлуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа нь хууль бус. Хариуцагч Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтийн дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4 дэх хэсгүүдийг зөрчиж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 399 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэгч "М*******" ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмал ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж буй үйлдэл нь хууль зүйн үр дагаврын хувьд Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй буюу мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажилл*******ы талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлээгүй буюу мэдэгдээгүй хууль зүйн үр дагавар үүсгэж байна.

Хариуцагч Ашигт Малтмал Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 56.4 дэх хэсгүүдийг зөрчиж 399 дугаартай шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь нэхэмжлэгч "М*******" ХХК-ийн хуулиар олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмших, ашиглах үндсэн эрхийг зөрчихөөс гадна 2015 оноос хойш жил болгон төлсөн ээлжит төлбөр, геологи хайгуулын болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэгт жил бүр зарцуулсан бодит зардлын хэмжээгээр эдийн засгийн хохирол учрахад шууд хүргэж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй дээрх зардал төлбөрийн хувь хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажилл*******ы явцад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нотлох баримт гаргуулах замаар тодруулах боломжтой үйл баримт юм. Нөгөө талаар хариуцагч Ашигт Малтмал Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 399 дугаартай шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын хууль зүйн шинжийг бүрэн хангасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр бөгөөд дээрх захиргааны актыг Захиргааны Ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх хууль зүйн зохицуулалттай. Гэвч хариуцагч Ашигт Малтмал Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч "М*******" ХХК-ийн эзэмшил дэх ашигт малтмал ашиглалтын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 399 дугаар шийдвэрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч "М*******" ХХК-д танилцуулж, мэдэгдэж, гардуулж, танилцуулаагүй нь дээр хууль зүйн зохицуулалтыг ноцтой зөрчиж буй зөрчил юм.

Нэхэмжлэгч "М*******" ХХК-ийн зүгээс Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 01/02 дугаартай албан бичгээр хариуцагч Ашигт Малтмал Газрын Тосны газрын Кадастрын хэлтсийн даргад, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ашиг Малтмал Газрын Тосны Газрын даргад тус тус хандаж хүсэлт, гомдол гаргасан бөгөөд хариуцагч Ашигт Малтмал Газрын Тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10/5954, Ашигт Малтмал Газрын Тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1/1333 дугаартай албан бичгээр хариу мэдэгдэж захиргааны актад гомдол гаргах урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээг хууль зааснаар авсан болно. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгүүдийг үндэслэн Ашигт Малтмал Газрын Тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийн "М*******" ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "М*******" ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийн "М*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Төв аймгийн Заамар сумын нутаг Ц******* булаг Ж нэртэй 41 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар бүхий тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны (хуучин нэрээр) даргын 2000 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шийдвэрээр "Монгол алт" ХК-д олгосон байна. "Монгол алт" ХХК-ийн Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгүүлэхийг хүсэж гаргасан 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газраас (хуучин нэрээр) 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр "Монгол алт" ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар олгосон байна. "Монгол алт ХХК нь өөрийн эзэмшиж байсан Төв аймгийн Заамар сумын нутаг Ц******* булаг Ж нэртэй 41 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МѴ- дугаар бүхий тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэхээр гаргасан Т5658А дугаартай өргөдлийг хянаж үзээд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын (хуучин нэрээр) Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1908 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МѴV- тусгай зөвшөөрлийг "Ч******* ХХК-д шилжүүлж бүртгэсэн байна. "Ч*******" ХХК нь өөрийн эзэмшиж байсан Төв аймгийн Заамар сумын нутаг Ц******* булаг Ж нэртэй 41 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV- дугаар бүхий тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэхээр гаргасан TR008393 дугаартай өргөдлийг хянаж үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV- тусгай зөвшөөрлийг "М*******" ХХК-д бүртгэсэн байна. шилжүүлж "М*******" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МѴ- тусгай зөвшөөрлийн 19 дэх жилийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө, алдангийн хамт 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бөгөөд боломжтой байсан байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө." гэж заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийн алдангийн хамтаар төлөх боломжтой тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй албан ёсны хаягаар Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 7/2923 дугаартай мэдэгдлийг Монгол шуудан ХК-ийн бичиг хүргэгчээр хүргүүлсэн. Нэхэмжлэгч М*******" ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг бүрэн төлөөгүй тул мөн хуулийн 56.1.2-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 399 дүгээр шийдвэрийг гаргаж ашигт малтмалын ашиглалтын ******* тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай шийдвэрийн дагуу мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7/4092 дугаартай албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд "Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан ба холбогдох албан бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан нь баримтуудаар баталгаажиж байна. "М*******" ХХК нь ашигт малтмалын ашиглалтын ******* тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа эзэмшигчийн хаягийн өөрчлөлтийн бүртгэлийг 2012 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анх хийлгэж, улмаар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, Х******* дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 23/2-с танхим гэх хаягийн бүртгэл хийлгэснээс хойш ямар нэгэн хаягийн өөрчлөлтийн бүртгэл хийлгээгүй байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нөхцөлд төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр шийдвэртэй 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр маргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана." гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3-т "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой", 54.1.3-т "энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн" гэж заасныг удирдлага болгон шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. Төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй. Захиргааны ерөнхий хуулийг 2017 оны 01 дүгээр сараас мөрдөн эхлээд 2019 оныг дуустал хугацаанд хүчин төгөлдөр даган мөрдөж байсан 3 дугаар зүйлийн 3.4-т энэ хуульд тусгай зохицуулсан бусад харилцаанд хамаарна гэж Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтыг зохицуулсан байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн мэдэгдэх зохицуулалт нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдаж байсан тул Захиргааны ерөнхий хуулийн зарчим сонсгох ажиллагааг хийх шаардлагагүй. Хоёрдугаарт М******* ГХО ХХК-д өгсөн хариу албан бичиг дээр ч мөн байгаа. Төрийн захиргааны төв байгууллага үүргээ биелүүлээд, мэдэгдэл хүргүүлсэн, мөн дээр нь нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Мэдэх боломжтой цаг хугацаа бол 2018 оноос хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн байна. Үнэхээр 5 жилийн хугацаанд хараагүй мэдээгүй байх боломжгүй. Тиймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр шийдвэрийн М******* ГХО ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

MV- дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 264 дүгээр шийдвэрээр Ч******* ХХК-аас М******* ХХК-д шилжүүлж бүртгэсэн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны Кадастарын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30- ны өдрийн 399 дүгээр шийдвэрийн 1 дэх хэсгийн 18 дэх заалтаар М******* ХХК-ийн MV- дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр цуцалсан байна.

Нэхэмжлэгч нь ...Тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэн авсан 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрөөс хойш "М*******" ХХК-ийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Я******* болон бусад хөрөнгө оруулагч нар компанийн дүрмээр тодорхойлогдсон хувьцаа эзэмшигчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд орсон... ...БНХАУ-ын иргэд Монгол Улсад хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, зарим хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт нас барсан зэрэг зайлшгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдлууд үүссэн...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаар шийдвэр өнөөдрийг хүртэл манай компанид ирээгүй... хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон цуцалсан талаарх мэдэгдлийг манай компанид мэдэгдэх үүрэгтэй ... Кадастрын хэлтсээс мэдэгдэл болон ямар нэгэн албан бичиг ирж байсан үйл баримт байхгүй байхад хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй... гэж маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална., 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө., 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна., 34 дүгээр зүйлийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг чанд биелүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үндсэн үүрэг байна.

Нэхэмжлэгч нь MV- дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө, алдангийн хамт 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан ба энэ үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь ...хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Я******* болон бусад хөрөнгө оруулагч нар хувьцаа эзэмшигчийн эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд орсон, БНХАУ-ын иргэд Монгол Улсад хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, зарим хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт нас барсан зэрэг зайлшгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдлууд үүссэн гэж маргаж байх хэдий ч үүнийг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар болон цуцалсан талаарх албан бичиг, мэдэгдлийг манай компанид мэдэгдээгүй, ирүүлээгүй, гардуулаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн урьдчилан мэдэж байх ёстой, нэн түрүүнд биелүүлэх үндсэн үүрэг ба энэ үүргээ нэхэмжлэгч мэдээгүй байх боломжгүй.

Иймд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үндсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 30- ны өдрийн 399 дүгээр шийдвэрийн М******* ГХО ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч М******* ГХО ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М******* ГХО ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ