Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

Ц.*******, Т.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 234 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Д.*******а, шүүгдэгч Ц.*******, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нарын давж заалдах гомдлоор болон прокурор Н.*******ын гаргасан эсэргүүцлээр Ц.*******, Т.******* нарт холбогдох 2023000550099 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж, прокурор Н.*******, шүүгдэгч Ц.******* түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл, шүүгдэгч Т.******* түүний өмгөөлөгч Д.*******а, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******/ZOOM/-р, нар оролцов.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч, банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын багийн дээд хэсэг тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, сумын даргын орлогч ажил, албан тушаал хашдаг, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч, банкны эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Завхан аймгийн сумын ЗДТГ-ын тоотод түр оршин суух хаягтай, сумын дарга ажилтай, овогт *******гийн ******* /Регистрийн дугаар: *******/,

Шүүгдэгч Т.******* нь Завхан аймгийн сумын даргын орлогчоор ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш.тай Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлын 10.150.000 төгрөгийн төсөвтэй ажлын гэрээг дарга Ц.*******гээр дамжуулан байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олгосон 7.105.000 төгрөгийн санхүүжилтээс 7.080.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн санхүүжилтээс 2.640.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансанд шилжүүлэн авч “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн, Шүүгдэгч Ц.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын даргын орлогч Т.*******ийн төрөл садны хүн болох Ш.тай Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх 10.150.000 төгрөгийн төсөвтэй ажлын гэрээг байгуулах үүргийг Б.т өгч, Ш.т давуу байдал олгож “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 234 дугаартай шүүгчийн захирамжаар 1. Шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт холбогдох 2023000550099 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, 2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 4. Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг тус тус тайлбарлаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлын агуулга: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 234 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг яллагдагч Т.*******ийн өмгөөлөгч Д.*******а би эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй байна гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Шүүх хэргийг прокурорт буцаахдаа шүүгдэгч Т.*******ийн өмгөөлөгч миний гаргасан “...Шүүгдэгч Т.******* нь даргын орлогч албан тушаалд ажилладаг. Албан тушаалын тодорхойлолтод зааснаар даргын орлогч нь дарга чиг үүргээ хэрэгжүүлэхэд туслах үндсэн үүрэгтэй албан тушаалтан юм. Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д даргыг чөлөөлсөн, огцруулсан бол даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасан. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд дарга Ц.******* албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн аливаа асуудал байхгүй, албан үүргээ гүйцэтгэж байсан байдаг. дарга Ц.******* Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар засаг даргад тусгайлан олгосон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд түүний орлогч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцох үндэслэлгүй байх тул Т.*******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдууллаа. Миний үйлчлүүлэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй тул Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 234 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Их хурлын баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны баримт бичиг, төрөөс Хүнс, Хөдөө аж ахуйн талаар болон Монгол мал, Монгол малчин үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 185 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Завхан аймгийн сумд 2019 онд хэрэгжүүлсэн үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хэрэгжүүлсэн Ц.*******, Т.******* нарт холбогдох 2023000550099 дугаартай эрүүгийн хэрэгт холбогдох 234 дугаартай шүүгчийн захирамжтай холбоотойгоор дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Шүүгчийн захирамжид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/103 дугаар яллах дүгнэлтэд үлийн цагаан оготнотой тэмцэх үйл ажиллагааны зардлыг хэрхэн яаж зориулалтын бусаар зарцуулсныг тодорхой дурдсан байгааг эргэн нягталж үзэхийг хүсье. 2. Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын үйл ажиллагааны зардалд зориулан 2020 онд Завхан аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газарт 96 сая төгрөг хуваарилсан. Уг санхүүжилтийг Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга сумдад хуваарилсан бөгөөд сумд сая долоон зуун мянган төгрөг хуваарилсан. Уг хөрөнгөөр тус сумын 6000 га бэлчээрийн талбайд үлийн цагаан оготнотой тэмцэх ажил зохион байгуулсан байна. Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд ирүүлсэн үлийн цагаан оготнотой 2020 онд тэмцсэн арга хэмжээний тайланд сумд 2019 онд хийгдээгүй ажлыг нөхөн хийсэн тухай нотлох баримт бичиг тусгагдаагүй байна. Хэрэв тухайн ажлыг нөхөж хийсэн бол хэрхэн тэр тухай тайлан/гүйцэтгэлийн хүснэгт, бичмэл тайлан, санхүүгийн баримт/-г сумын байгаль орчны байцаагчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн байх шаардлагатай. Гэтэл эдгээр баримт материалууд ирээгүй байна. Иймээс шүүгдэгч Ц.*******, Т.******* нарын үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 2019 онд хэрэгжүүлэхдээ санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулж улсад учруулсан хохирлыг нөхөн барагдуулаагүй гэж үзэж байгаа бөгөөд уг хохирлыг прокурорын яллах дүгнэлтэд тогтоосон хэмжээгээр тооцсон мөнгөн хэлбэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамд төлүүлэх хүсэлтэй байна гэжээ. Шүүгдэгч Ц.*******гийн давж заалдах гомдолд: Миний бие Ц.******* нь 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. 33 настай, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь зөв боловч буцаахдаа зөвхөн хохирол хэн хариуцах нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би үлийн цагаан оготно устгах ажлыг өмнө хийж байсан туршлагатай хүнтэй гэрээ байгуулсан. Манай аймгийн Хөдөө аж ахуйн яамнаас үлийн цагаан оготно устгах, урьдчилан сэргийлж тэмцэх ажилд 2019, 2020 онд олгогдсон санхүүжилтээр нэг ч сум, аймаг тендер зарлаж хийгээгүй. Миний бие Хөдөө аж ахуйн яамны гэрээний загварын дагуу гэрээг хийсэн гэж үзэж байна. Бусад сумуудад тендер зарласан эсэхийг шалгаагүй учир аймгийн худалдан авах ажиллагааны албанаас 2019, 2020 онд үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын санхүүжилтэд тендер зарласныг шалгаж өгнө үү гэжээ. Прокурор Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.******* би, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/234 дугаартай захирамжийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч Т.******* нь Завхан аймгийн сумын даргын орлогчоор ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ш.тай Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлын 10.150.000 төгрөгийн төсөвтэй ажлын гэрээг дарга Ц.*******гээр дамжуулан байгуулуулж, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас олгосон 7.105.000 төгрөгийн санхүүжилтээс 7.080.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн санхүүжилтээс 2.640.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансанд шилжүүлэн авч “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт, Шүүгдэгч Ц.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын даргын орлогч Т.*******ийн төрөл садны хүн болох Ш.тай Үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх 10.150.000 төгрөгийн төсөвтэй ажлын гэрээг байгуулах үүргийг Б.т өгч, Ш.т давуу байдал олгож “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Завхан аймгийн прокурорын газраас яллагдагч Т.*******, Ц.******* нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2020 оны 09 дүгээр сарын 28- ны өдөр 5/103 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт холбогдох хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21- ний өдөр хянан хэлэлцээд: Шүүх шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт холбогдох 2023000550099 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлын 10,150,000 /арван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн санхүүжилтээс шүүгдэгч Т.******* хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулсан, шүүгдэгч Ц.******* хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулсан гэдгийг ялгамжтай нарийн тогтоох шаардлагатай байна. Гэрч Н.үү мөрдөн байцаалтад: “...Бүх нийтийг хамруулаад бэлчээрийн ургамал хамгаалах буюу үлийн цагаан оготно устгалын ажлыг хийхээр Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор энэ жилийн тухайд 05 сарын 01, 02, 03-ны өдрүүдэд манай аймгийн 21 сумдуудад хийгдсэн байгаа. Уг устгалын ажпын санхүүжилт нь Улсын төсвөөс 96 сая төгрөг мөн аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргаад сумдуудад хуваарилсан байгаа. сумын тухайд гэвэл 2 сая төгрөг хуваарьлагдсан бөгөөд уг 2 сая төгрөг дээр нэмж өмнөх ажпын үлдэгдэл санхүүжилтээ нэмж хийгээрэй гэдэг шаардлагыг тавиад хийлгүүлсэн. ... суманд хуваарилах төсвийг нь арай багасгаад 2 сая төгрөг болгож шийдвэрлэсэн” гэжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч С. “..Надад 2019 оны оготно устгалын ажпын цалин гэж 350,000 төгрөг Ц.******* дарга өгсөн” гэж, Гэрч Ш. “...Би энэ намар өмнөх жил хийж амжаагүй оготно устгалын ажлыг хийсэн бөгөөд Ц.*******гээс ажпын хөлс 2 сая гаруй төгрөгийг авсан.” гэж тус тус мэдүүлэв. Иймд 2020 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Завхан аймгийн сумдуудад бүх нийтээр явуулсан оготно устгалын ажилд бусад сумдад хэдэн төгрөг хувиарлаж сумын тухайд зөрүү хэдэн төгрөгийг хаанаас гаргаж хэрхэн зарцуулсан, Ш. нь 2019 оны үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажпын гэрээнд заасан ямар газар хэдэн төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлын санхүүжилт 10,150,000 /арван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөс гэрээнд заасны дагуу хэдэн төгрөг зарцуулагдсан гэдгийг тогтоох нь зүйтэй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт холбогдох 2023000550099 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүх үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлын 10,150,000 /арван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн санхүүжилтээс шүүгдэгч Т.******* хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулсан, шүүгдэгч Ц.******* хэдэн төгрөгийг хэрхэн зарцуулсан гэдгийг ялгамжтай нарийн тогтоох шаардлагатай байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Завхан аймгийн суманд оготно устгах 10.150.000 төгрөгийн санхүүжилттэй гэрээг Ш.тай байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр санхүүжилтийн 70 хувь буюу 7.105.000 төгрөгийг Ш.ын дансанд шилжүүлсэн, Ш.ын дансанд орсон оготно устгалын санхүүжилтийн мөнгийг түүний дүү шүүгдэгч Т.******* нь авах зорилгоор түүний хаан банкны картыг нь ашиглан 5.000.000 төгрөгийг банкны харуул хамгаалалтын ажилтан ажилтай иргэн Х.уугийн данс руу шилжүүлж, О.өд 650.000 төгрөг, Д.д 1.000.000 төгрөг, шүүгдэгч Ц.*******н дансанд 1.985.000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 1.364.400 төгрөгийг бэлнээр зарцуулсан, мөн тус өдөр өөрийн дансанд 2.080.000 төгрөгийг шилжүүлэн авч тус мөнгөнөөс Ц.*******н дансанд 270.000, Б.ын дансанд 720.000 төгрөгийг тус тус шилжүүлж, үлдэгдлийг хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан, Мөн үлдэгдэл 30 хувийн санхүүжилт болох 2.740.000 төгрөгийн санхүүжилтийг өөрийн банкны данс руу шилжүүлэн авч, тус мөнгөнөөс шүүгдэгч Ц.*******д 1.260.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь дээрх нэр бүхий гэрч болон шүүгдэгч нарын дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нэр бүхий хүмүүсийн арилжааны банкны харилцах дансны хуулганд үзлэг хийхэд шүүгдэгч Т.******* нь хувийн хэрэгцээндээ 2.470.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.******* нь 3.515.000 төгрөгийг тус тус өөрсдийн дансанд авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан байх ба үлдэгдэл 3.735.000 төгрөгийг хаврын баярын тэмцээнд оролцсон тамирчдад хөлс өгөх болон байгууллагын архивд тавиур авах зэргээр зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Т.*******, Ц.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тэдгээрийн арилжааны банк дахь харилцах дансаар орж, зарцуулагдсан мөнгөн дүнгийн тоогоор илэрхийлэгдэх ба тэдний дансаар нийт 9.720.000 төгрөг зарцуулагдаж, 2019 онд хийгдэх ёстой байсан оготно устгалын ажлыг хийлгүйгээр, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яаманд хуурамч тайлан бүрдүүлэн хүргүүлсэн болох нь тогтоогдож, энэ талаар шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирлын хэмжээг тогтоох чиглэлээр шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явуулж, дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн тодорхойлсон байх тул анхан шатны шүүхийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5- д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн тогтоогоогүй гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. - Гэрч Н.үү мөрдөн байцаалтад: “...Бүх нийтийг хамруулаад бэлчээрийн ургамал хамгаалах буюу үлийн цагаан оготно устгалын ажлыг хийхээр Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор энэ жилийн тухайд 05 сарын 01, 02, 03-ны өдрүүдэд манай аймгийн 21 сумдуудад хийгдсэн байгаа. Уг устгалын ажпын санхүүжилт нь Улсын төсвөөс 96 сая төгрөг мөн аймгийн засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжилт гаргаад сумдуудад хуваарилсан байгаа. сумын тухайд гэвэл 2 сая төгрөг хуваарьлагдсан бөгөөд уг 2 сая төгрөг дээр нэмж өмнөх ажпын үлдэгдэл санхүүжилтээ нэмж хийгээрэй гэдэг шаардлагыг тавиад хийлгүүлсэн. ... суманд хуваарилах төсвийг нь арай багасгаад 2 сая төгрөг болгож шийдвэрлэсэн” гэж, мөнШүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч С. “.. Надад 2019 оны оготно устгалын ажпын цалин гэж 350,000 төгрөг Ц.******* дарга өгсөн” гэж, гэрч Ш. “...Би энэ намар өмнөх жил хийж амжаагүй оготно устгалын ажлыг хийсэн бөгөөд Ц.*******гээс ажпын хөлс 2 сая гаруй төгрөгийг авсан.” гэж тус тус мэдүүлэв. Иймд 2020 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Завхан аймгийн сумуудад бүх нийтээр явуулсан оготно устгалын ажилд бусад сумдад хэдэн төгрөг хувиарлаж, сумын тухайд зөрүү хэдэн төгрөгийг хаанаас гаргаж хэрхэн зарцуулсан, Ш. нь 2019 оны үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлын гэрээнд заасан ямар газар хэдэн төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, уг ажлын санхүүжилт 10,150,000 /арван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөс гэрээнд заасны дагуу хэдэн төгрөг зарцуулагдсан гэдгийг тогтоох гэжээ. Мөрдөн байцаалтын явцад өгсөн Ш.ын мэдүүлэгт “...Хөндлөнгийн даваа гэх газарт хийгдсэн. Өөр газарт бол хийгдээгүй... 2019 оны 06 сарын сүүлээр нутгийнхаа хуурай дүү оо, , уу нарын хамт очиж зөвхөн нэг өдөр л сарны суулт, утлага хийсэн:Хөндлөнгийн даваад нэг өдөр ажиллахад надаас мотоциклд хийсэн бензиний мөнгө л надаас гарсан. Сумын захиргаанаас надад мөнгө, төгрөг өгөөгүй. дарга *******, орлогч ******* хоёр “намайг суман дээр дуудаад яваад очсон чинь“ та Хөндлөнгийн даваанд таньж мэддэг хүмүүсээ дагуулж очоод сарны суулт зэрэг хийчих гэсэн. Тэгэхээр нь би 2 мотоциклтэй нутгийн хуурай дүү нар болох оо, Пунцаг бид гурав явсан. 2 мотоциклд бензин дүүргэж хийгээд явсан. Хөндлөнгийн даваа мод ихтэй учраас байгалийн унасан мод мөчрийг ашиглаад сарны суулт хийсэн. Мотоциклд хийсэн бензинийг миний бие өөрөөсөө мөнгө гаргаж хийсэн...” гэж мэдүүлсэн ба оготно устгалын ажлыг гэрээгээр хийхээр үүрэг хүлээсэн Ш. нь тус сумын Хөндлөнгийн даваа гэх газарт 1 өдөр ажилласан, тус ажлыг хийхэд мотоциклийн бензинээс өөр зардал гараагүй, тус ажлын хөлсөнд сүүлийн 30 хувийн санхүүжилтээс 100.000 төгрөг авсан зэрэг байдлууд тогтоогдсон байна. Иймд шүүгчийн захирамжид заасан “Ш. нь 2019 оны үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлын гэрээнд заасан ямар газар хэдэн төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн...” шалгах гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Ш. нь 100.000 төгрөгийн төсөвтэй ажлаас өөрөөр ямар нэгэн ажил хийж гүйцэтгээгүй болохыг бүрэн шалгаж тогтоосон болно. Түүнчлэн 2019 онд үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэх ажлыг хийсэн эсэх, 2020 онд нөхөж хийсэн эсэхийг шалгах зорилгоор оготно устгалын ажил хийгдвэл зохих газрууд болох тус сумын Цэцэрлэг багийн “Хөндлөнгийн даваа”, Онц багийн “Яглайн хөндий”, “Баруун арц”, Баянбулаг багийн “Мааньтын дөрөлж”, “Шороотын булаг” гэх газруудад хэргийн газрын үзлэгийг цагийн зүүний байрлалын дагуу самналт хийх хэлбэрээр хийхэд оготно устгалын чиглэлээр сарны суулт хийгдээгүй, мөн тус багт оршин суух хоёроос доошгүй гэрчээс тус багт оготно устгалын ямар нэгэн ажил хийгдсэн эсэхийг асууж тодруулахад дээрх газруудад ямар нэгэн ажил хийгдээгүй талаар мэдүүлдэг. Мөн 2020 оны 05 дугаар сард хийгдсэн оготно устгалын ажил нь тусдаа санхүүжилтээр хийгдсэн байх бөгөөд тус ажлыг хийхдээ сумын иргэд, малчид, төрийн албан хаагчдыг дайчлан 3 хоног ажиллуулсан байдаг. Дээрх ажлын тайланд тусгагдсанаар 2019 онд оготно устгалын ажил хийгдэх ёстой байсан, тус сумын Цэцэрлэг багийн “Хөндлөнгийн даваа”, Онц багийн “Яглайн хөндий”, “Баруун арц”, Баянбулаг багийн “Мааньтын дөрөлж”, “Шороотын булаг” гэх газруудад оготно устгалын чиглэлээр ажил хийгдээгүй байна. Иймд шүүгчийн захирамжид заасан “...2020 оны 05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд Завхан аймгийн сумуудад бүх нийтээр явуулсан оготно устгалын ажилд бусад сумдад хэдэн төгрөг хуваарилж, сумын тухайд зөрүү хэдэн төгрөгийг хаанаас гаргаж хэрхэн зарцуулсан...” гэх нөхцөл байдлууд нь бүрэн тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах тухай захирамжинд “Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч С. “.. Надад 2019 оны оготно устгалын ажпын цалин гэж 350,000 төгрөг Ц.******* дарга өгсөн” гэж, гэрч Ш. “...Би энэ намар өмнөх жил хийж амжаагүй оготно устгалын ажлыг хийсэн бөгөөд Ц.*******гээс ажпын хөлс 2 сая гаруй төгрөгийг авсан.” гэж тус тус мэдүүлснийг иш татжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг тодорхой зааж хуульчилсан ба Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан. Шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш болж өнгөрсөн үйл баримт, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Прокуророос дээрх хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба гэрч С. нь ажлын хөлсөнд Ц.*******гээс 350.000 төгрөг авсан, Ш. нь 2 сая гаруй төгрөг авсан гэх асуудал нь хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш үүссэн буюу 2020 оны 10, 11 дүгээр сарын орчим дээрх мөнгийг авсан гэж гэрчүүд мэдүүлсэн. Дээрх асуудал нь яллах дүгнэлт үйлдсэнээс хойш үүссэн байх ба шүүх шийдвэр гаргахдаа прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэхгүйгээр дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хэргийг прокурорт буцааж байгаа нь буруу юм. Анхан шүүх гэрч Н.үүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс иш татсан байна. Шүүгдэгч Т.*******, Ц.******* нар нь хохирол нөхөн төлөх зорилгоор 2020 онд нөхөж тодорхой ажил хийсэн гэх боловч хийсэн ажлын холбогдох тайлан, материал гаргаагүй, дээрх ажлын явц үр дүнг Хүнс хөдөө аж ахуйн газарт танилцуулж, холбогдох дүгнэлтийг гаргуулаагүй, хаана ямар ажлыг, ямар төсөв санхүүжилтээр хийсэн болох нь тодорхойгүй, нотлох ямар нэгэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд 2020 онд дээрх ажлыг нөхөж хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.*******, Ц.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд учирсан хохирлын хэмжээг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасны үндсэн дээр хөтөлбөргүйгээр шалгаж тогтоосон, үүнээс шүүгдэгч нарын хэн нь хэдэн төгрөг авсан болохыг тогтоох зорилгоор шаардлагатай бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч тодорхой нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүгдэгч нарын хэн нь хэдэн төгрөгийг авч ашигласан болохыг шалгаж тогтоох нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд анхан шатны шүүх анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Иймд шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/234 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Т.*******ийн өмгөөлөгч Д.*******а давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд үйлчлүүлэгчийнхээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Т.******* гэх хүн гэмт хэрэг үйлдэгдэх 2019 оны 07 дугаар сард буюу дээрх цаг хугацаанд даргын орлогчийн албан тушаалыг хашиж байсан. Тухайн сумын засаг дарга нь Ц.******* гэдэг хүн байсан. Үлийн цагаан оготнотой тэмцэх 10.150.000 төгрөгийн гэрээтэй ажлыг хийж гүйцэтгэсний тухайд Т.*******ид шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтан биш. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив, субьектив байдлын шинж байдлуудыг харах ёстой. Субъектийн хувьд Т.******* хамаарч байгаа. Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхлын тухай хууль, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль, Төрийн албаны тухай хууль зэргээр нийтийн албан тушаалтан мөн. Анхан шатны шүүх бол гэм буруугийн байдал дээр дүгнэлт хийгээгүй байгаа. Хэрэв дүгнэлт хийсэн бол Т.******* гэдэг хүн буюу засаг даргын орлогч албан тушаалын ямар эрхээ хэрэгжүүлээгүйгээс бусдад болон өөртөө давуу байдал үүсгэсэн юм гэдэг дээр дүн шинжилгээ хийлгүйгээр хэргийг буцаасан байна. Энэ хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэв. Шүүгдэгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулагдаж миний дансаар ороод хүмүүсийн дансанд орсон нь үнэн. Аймгийн Хөдөө аж ахуйн газарт тайланг өгөхөд манайх тус тайланг авахгүй яагаад гэвэл манайх гомдол, санал гаргаагүй гэдэг. Хаврын баярын тэмцээн болж байсан учраас тухайн үед боломж бололцоогоор мөнгө төгрөгөө зохицуулаад хэрэглэсэн. Тэгэхээр бид хэд хаашаа тайлангаа өгөхөө мэдэхээ байчихдаг ер нь уялдаа холбоотой байх л ёстой. Тухайн мөнгийг хувьдаа ашигласан юм шиг харагдаж байгаа ч, тухайн үед хаврын баярын тэмцээн болох гээд төсөв санхүү хүрэлцэхгүй болохоор нь боломж бололцоогоо ашигласан нь энэ гэв. Шүүгдэгч Ц.*******гийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг буцаасан байгаа. Яагаад хохирлын асуудлыг тодорхойгүй байна гэж үзэж байгааг ойлгохгүй байна. 10.150.000 төгрөгийг өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан зүйл байхгүй. Тухайн үед хаврын баяр болох гээд тэмцээнд баг тамирчид оролцож байсан учраас түүнд зарцуулсан гэдэг нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Мөн хэн хэдэн төгрөг аваад хэдэн төгрөгийн хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн сэдэлтийн хувьд бусдад давуу байдал олгож, өөрсдөө ашиг хонжоо олох шуналын сэдэл агуулсан гэж үзсэн байгаа. Бас хаврын баяраас гадна, манай аймагт архивын шалгалт ирсэнтэй холбоотой архивын сан хөмрөгийн тавиур авсан. Үүний мөнгийг тухайн үлийн цагаан оготно устгах төсвөөс гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа гэв.. Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 10.150.000 төгрөгийн хэрэгт холбогдсон байгаа. Анх аймгийн Хөдөө аж ахуйн газарт миний бие албан бичгээр хүсэлт гаргасан. 2019 оны хавар Хөдөө аж ахуйн газарт хөдөө, бэлчээр талбайтай холбоотой сум орон нутагт зориулсан мөнгө төгрөг байгаа эсэхийг асууж тодруулж албан бичиг явуулж судалж үзсэн. Тэгэхэд манай суманд үлийн цагаан оготнотой тэмцэх санхүүжилт байсан. Үүнийг судлаад үзэхэд хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/86 дугаартай тушаал, Төрийн нарийн бичгийн тушаал 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/118 дугаартай тушаалаар аймгийн хэмжээнд хэдэн тэрбумын төсвийг хуваарилсан байдаг. Намайг гэрээний худалдан авах ажиллагааны хуулийг хэрэгжүүлээгүй гэж байгаа. Тухайн үед судлаад үзэхэд 2014 онд манай суманд 14.0 сая төгрөгөөр энэ төсөл хэрэгжиж байсан байдаг. Гэрээнд малчинтай болон мал бүхий иргэдтэй өмнө нь оготно устгах ажилтай тэмцэж байсан хүнтэй гэрээ хийж, ажиллана уу гэсэн гэрээний загвар ирсэн. гэх хүн нь тамгын газартай хамтарч бүлгээрээ 2014 онд ажиллаж байсан хүн байдаг. Тэгээд энэ хүнтэй гэрээ хийх талаар тамгын газрын даргадаа хэлээд гэрээг хийсэн. Тайланг 2019 онд яагаад хийгдээгүй талаар бүх тайлбарыг хэлсэн. 2020 онд 96.0 сая төгрөгийн төсөвтэй манай аймагт уг ажил нь ирсэн байсан. Манай суманд 1.700.000 төгрөгийг аймгаас хуваарилсан байсан. Манайх тухайн тендерт оролцох шаардлага хангасан материалыг 2019 болон 2020 онд явуулаагүй. Цаанаасаа л хуваарилаад ирдэг, ямар учиртай сумуудад ингэж хуваарилаад байдаг талаар мэдэхгүй байна. Санхүүжилтийг 100 хувь төлүүлэх зүйл яриад байгаа үүн дээр гомдолтой байгаа. Яагаад гэвэл бид нар хийсэн ажил байгаа. Манай зүгээс ямар ажил хийсэн талаараа тайлангаа гаргаж аймгийн Хөдөө аж ахуйн газарт өгсөн. Яамтай бол анхнаасаа харьцаагүй учраас яаманд бол гаргаж өгч байгаагүй гэв.. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******/ZOOM/-р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Ургамал хамгааллын тухай хуулиар ургамал хамгааллын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага нь төрийн захиргааны төв байгууллага буюу Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, орон нутгийн захиргааны байгууллага буюу аймгийн засаг даргын тамгын газар, сумдын засаг даргын тамгын газар байдаг. Аймгийн засаг даргын тамгын газрыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар төлөөлж байгаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь 2019 онд Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай үлийн цагаан оготнотой байгаль орчинд хоргүй аргаар тэмцэх ажлыг орон нутагт зохион байгуулах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд олгогдсон санхүүжилтийг хэрхэн зарцуулах, хэнтэй ямар эрх зүйн харьцаанд орох талаар тодорхой гэрээнд заагаад өгсөн байдаг. Завхан аймгийн сум дээр сумын засаг даргын тамгын газар нь малчинтай, мал бүхий иргэнтэй гэрээ байгуулах зүйл огт байхгүй. Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг сумдад зохион байгуулахдаа малчдын бүлэг, малчдын хоршоогоор дамжуулж зохион байгуулна. Ингэхдээ малчдын бүлэг, малчдын хоршоо түүний гишүүнтэй хэлцэл хийж энэ ажлыг зохион байгуулна гэж гэрээнд заасан байгаа. Сумын засаг даргын тамгын газар нь цаашаа гэрээ биш хэлцэл хийнэ гэж заагаад өгсөн байгаа. Монгол улсын засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 185 дугаартай тогтоолд бэлчээр хамгааллын ажлыг эрчимжүүлэх тухай гэсэн тогтоол байгаа. Энэ тогтоолоор бид нарын энэхүү гэрээг яаж хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй заагаад өгсөн байгаа. Энэ ажлыг бүх нийтийн оролцоотойгоор зөвхөн ажилд татагдан оролцож байгаа хүмүүсийн хоол, хүнс, тээврийн зардал гэх мэт зүйлүүдэд зарцуулахаар зааж өгсөн байгаа. Тийм учраас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумын засаг даргын тамгын газар хоорондоо гэрээ хийгээд сумдын засаг даргын тамгын газар нь цаашаагаа малчдын бүлэг, хоршоотой хэлцэл хийх замаар хамтарч ажиллах байсан. Хохирол тодорхойгүй байна гэсэн зүйлийг анхан шатны шүүхээс гаргасан үүн дээр санал нийлэхгүй байгаа. Хохирол бол маш тодорхой байгаа. Гэрээ хэрэгжээгүйгээс үүдээд цаашид гарч байгаа сөрөг үр нөлөөнүүд байгаа гэдгийг харгалзан үзээч гэж хүсэх байна. 10.150.000 төгрөгийн гэрээ хэрэгжээгүйгээс болоод 1 үлийн цагаан оготно тухайн жилд бэлчээр дээрээс хэдэн килограмм өвс идсэн юм, тэр нь хэдэн төгрөгийн үнэд хүрэх, тухайн газар орон нутагт амьдарч байгаа малчдын малын хорогдол ямар байсан зэрэг сөрөг үр дагаврууд үүсэх боломжтой. Т.******* энэ хэрэгт холбогдолгүй байна гэсэн зүйл яригдаж байна. Ер нь бол практик дээр сумын засаг дарга захирамж гаргаад үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг тухайн сум орон нутагт удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг сумын засаг даргын орлогчоор ахлуулдаг. Тийм учраас Т.******* гэдэг хүн энэ ажлын хэсгийг ахлагч байсны хувьд энэ ажлыг орон нутагтаа хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих ажлыг засаг даргын захирамжаар олгосон эрх үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна гэдэг тодорхой үндэслэл байгаа учраас прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Энэ ажлыг нөхөж хийсэн тухай шат, шатандаа тайлагнаад явах ёстой байдаг гэв. Прокурор Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.*******, Т.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар хэрэгт яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байгаа. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. Т.******* нь хэдэн төгрөг хувьдаа авч хэрэглэсэн, Ц.******* нь хэдэн төгрөг аваад хэрэглэсэн гэдгийг нарийн сайн тогтоогоогүй байна гэж хэргийг прокурорт буцаасан. Дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна. Оготно устгах ажиллагаанд хийгдэх ажлын 10.150.000 төгрөгийн төсөв нь сумын санхүүжилттэй ажил байсан. Энэ ажлын гэрээг тус сумын засаг даргын орлогч Т.******* нь өөрийн ойрын хамаатны ах болох Ш. гэдэг хүнтэй шууд утсаар ярьж дуудаад гэрээ байгуулсан байдаг. Ингээд өөрийн нагац ахыг Ц.*******тэй уулзуулж дээрх оготно устгалын ажлын 10.150.000 төгрөгийн гэрээг байгуулсан. Дээрх гэрээний мөнгөн дүн, хийгдэх ажил гэрээний биелэлтийг тооцох тухай гэрээн дээр Ц.******* нь Ш.тай гэрээ байгуулсан байдаг. Дээрх гэрээний 30 хувийн санхүүжилт нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ш. гэх хүний дансанд орсон. Дээрх санхүүжилтийн мөнгийг оронгуут нь шүүгдэгч Т.*******, Ш.тай утсаар ярьж шууд банкны картыг нь аваад аймгийн төвийн банкин дээр очиж 7.105.000 төгрөгийн санхүүжилтийг бүгдийг нь өөрийн болон бусдын дансанд шилжүүлж авсан. Бусдын данс гэдэг нь: тухайн банкны харуул хамгаалалтын ажилтан Х.уу гэдэг хүний дансанд 5.0 сая төгрөгийг, өөрийнхөө дансанд 2.080.000 төгрөгийг шилжүүлж аваад, дээрх Х.уугийн дансанд шилжүүлж авсан мөнгөний 3.349.000 төгрөгийг бэлнээр авч, бусад мөнгийг нь өөрийн хамаарал бүхий хүмүүс рүү шилжүүлж дуусгасан нь банкны лавлагаагаар тогтоогдож байгаа. Үлдэгдэл 30 хувийн санхүүжилт 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр оронгуут нь мөн Ш.аас дээрх санхүүжилтийн мөнгийг аваад 2.640.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж аваад, Ц.*******д 1.260.000 төгрөгийг шилжүүлж үлдэгдэл мөнгийг өөрөө зарцуулсан байдаг. Т.*******ийн дансанд нийт 2.470.000 төгрөг, Ц.*******гийн дансанд 5.805.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан болох нь банкны дансны хуулга, дансанд нь үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдож байхад хэн нь, хэдэн төгрөг авсан нь тогтоогдохгүй байна гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хохирол, хор уршгийг хангалттай тогтоосон байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Шүүгдэгч нар нь нөхөж 2020 онд ажил хийсэн талаараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн, гэвч 10.150.000 төгрөгийн ажлаас тийм ажлыг тэнд хийсэн гэдэг нэг ч ажлын тайлан байхгүй. Холбогдох байгууллага нь нөхөж хийсэн талаараа мэдээлээгүй, энэ талаар дүгнэлт гараагүй учраас дээрх ажлууд хийгдээгүй гэж үзэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх явцад оготно устгалын ажиллагаа хийсэн зохих газруудад хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн. Дээрх хэргийн газрын үзлэгээр “сарны суулт суулгаагүй, ямар ч тухайн газарт оготно устгалтай тэмцэх чиглэлээр хийгдсэн ажил байгаагүй”, тухайн сумын багуудын 2-оос доошгүй гэрчээс танай орон нутагт оготно устгалын ажиллагаа хийгдсэн үү гэж мэдүүлэг авахад манай суманд ямар ч тийм үйл ажиллагаа болоогүй гэдэг талаар мэдүүлэг өгсөн байгаа. Дээрх 10.150.000 төгрөгийн санхүүжилтээс 10 хувийн татварыг суутгадаг юм байна лээ. Ингээд 9.845.000 төгрөгийн санхүүжилт яг Ш. гэдэг хүний дансанд орсноор энэ 2 хүн 9.720.000 төгрөгийг өөрсдийн болон бусдын дансанд шилжүүлж авсан нөхцөл байдал бүрэн тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.*******, Ц.******* нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Прокуророос шүүгдэгч Т.*******, Ц.******* нар нь Завхан аймгийн сумын засаг даргын тамгын газарт эрх бүхий албан тушаал эрхлэн, ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотлогдвол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гараагүй байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүх тогтоол гарахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх бөгөөд шүүхээс бодит байдалд нийцсэн дүгнэлт хийхэд сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн тогтоогдоогүй гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн Т., Ц.******* нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, сэдэлт, зорилго, хохирол, хор уршгийн хэмжээ, түүнийг хэн, хэрхэн нөхөн төлөх байдалд дүгнэлт хийх боломжтой байна. Шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн прокурорын яллах дүгнэлтээр тогтоосон гэх хохирлын хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол мөн эсэхийг тогтоож, шийдвэрлэх боломжтой байна. Энэ нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ”...шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно...” гэсэн заалтад нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Д.*******а, шүүгдэгч Ц.*******, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.******* нарын гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 234 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Д.*******а, шүүгдэгч Ц.*******, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нарын гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.*******, Ц.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ