Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0746

 

2023 10 10 128/ШШ2023/0746

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Д.Э-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэн Дуламсүрэнгийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн */***дугаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар дараах байдлаар харилцан тохиролцон эвлэрч байна.

1. Хариуцагч маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн */***дугаар захирамжаа хүчингүй болгоно.

2. Нэхэмжлэгч нь энэхүү эвлэрлийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохыг зөвшөөрөв.

3. Энэхүү эвлэрлийн гэрээнд талууд /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ гарын үсэг зурж, шүүхээр батлуулснаар хүчин төгөлдөр болно.

4. Ийнхүү захиргааны хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийн үр дагавар /шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, энэхүү асуудлаар дахин маргах эрхгүй/-ыг бүрэн ойлгож байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Д.Э-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эвлэрлийн гэрээ бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

2.Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар гарын үсэг зурсан нь эвлэрэх эрх бүхий этгээдүүд мөн байна.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж, мөн зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан байдаг.

4.Шүүх талуудын Эвлэрлийн гэрээг хянавал, эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.

5.Иймд нэхэмжлэгч Д.Э-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн */***дугаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан Д.Э-н нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу холбогдох Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн */***дугаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулахаар тохиролцон, хариуцагч маргаан бүхий 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн */***дугаар захирамжаа хүчингүй болгох, нэхэмжлэгч нь энэхүү эвлэрлийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгохыг зөвшөөрч тус тус үүрэг хүлээж эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ           Д.ЭРДЭНЭЧИМЭГ