Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
Хэргийн индекс | 155/2024/00060/И |
Дугаар | 155/ШШ2024/00683 |
Огноо | 2024-06-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/00683
2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2024/00683 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багт оршин суух, ********** дугаар регистртэй, эрэгтэй, Шарнууд овогт Дгийн Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/00060/и дугаар индекстэй иргэний хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1986 онд цэргээс халагдаж ирээд, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сараас 1990 оны 4 дүгээр сарын сүүл
хүртэл манаачаар ажиллаж байсан. Дараа нь тус сумын Шишгэд эд хэрэглээний хоршоонд 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарыг дуустал манаачаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байсан тул ажиллаж байсан хугацаагаа тус шүүхэд хандаж шийдвэрлүүлэхэд зарим ажиллаж байсан жил нь хэрэгсэхгүй болсон. Ингээд дахин баримт хайхад Эд хэрэглээний хоршоонд ажиллаж байсан баримт сумын архиваас гарч ирсэн тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр заасан.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд манаачаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд эд хэрэглээний хоршоонд 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн тооцооны нягтлан бодогч Д.Буянхишигийн гаргасан цалингийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Ажилд томилох тухай №21 дугаар тушаал, 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №91 дүгээр тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хэрэглээний хоршооны ерөнхий хорооны даргын 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №01 дугаар тушаалын хуулбар, дурсамж, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай №*/ дугаар баталгаажилтын хуудас, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08/3975 дугаар лавлагааны хуулбар, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт, ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг зэрэг баримтууд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-9, 36-38 дахь тал)
2.1. Нэхэмжлэгч нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргахдаа иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 155/ШШ2024/00126 дугаар шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Бын Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хоршоо-нд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд зэрэг баримтууд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 52, 53-54, 55-65 дахь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Бын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Шишгэд эд хэрэглээний хоршооны нийгмийн даатгал төлсөн эсэх талаарх лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Д.Бт холбогдох баримт байгаа эсэх лавлагааг тус тус гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ё.С, Ё.О нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14-19, 20, 33, 21, 35, 26-29 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Д.Б Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч, манаач, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хэрэглээний хоршоонд 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд манаачаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1. Худалдаа бэлтгэлийн ангийн ачигчаар Д овогтой Быг 1986 оны 7 дугаар сарын 17-ноос эхлэн томилсугай ... гэх бичилттэй Ажилд томилох тухай №21 дугаар тушаал, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Бын Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн анги, Шишгэд хоршоо-нд ажиллаж байхдаа авч байсан 1986 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал, 1991 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 55-65 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картад ...5. Овог: Д, 6. Нэр: Б... 14. Ажилладаг байгууллага: Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид, ажилд орсон он: 1986, цех тасаг бригад: Худалдаа бэлтгэлийн ангид, эрхэлдэг ажил: манаач, эрхэлж эхэлсэн он: 1986, оршдог сум район: Рэнчинлхүмбэ...бүртгэгчийн нэр: Чулуун, 1988 оны 09 сарын 23 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 16 дахь тал)
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажлаа хийж байхдаа авахуулсан гэрэл зураг, (хавтаст хэргийн 38 дахь тал)
Гэрч Ё.Сгийн ...Намайг 1987 оны 06 сард Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид үйлчлэгчээр ажилд ороход Д.Б нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигч, буулгагчаар ажиллаж байсан. Бид 1990 оны 04 сар хүртэл хамт ажилласан. Тэгээд сумын Худалдаа бэлтгэлийн анги нь Шишгэд эд хэрэглээний хоршоо болсон. Хоршоонд Д.Б 1990 оны 04 сараас 1992 оны 06 сар хүртэл манаач сахиулаар, би үйлчлэгчээр ажиллаж байсан. Тэгээд хоршоо тарсан... гэх мэдүүлэг, гэрч Ё.Оийн ...Би 1987 онд 8 дугаар анги төгсөөд Рэнчинлхүмбэ сумын ХБАнгид туслах ажилчнаар ажилласан. Намайг ажилд ороход Д.Б нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ХБАнгид ачигч, буулгагчаар ажиллаж байсан. Бид 1987 оны 07 сараас 1990 оны 04 сар хүртэл хамт ажилласан. Д.Б сүүл рүү манаачаар ажилласан. Тэгээд сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1990 оны 04 сард Шишгэд эд хэрэглээний хоршоо болсон. Хоршоонд Д.Б 1990 оны 04 сараас 1992 оны 06 сар хүртэл манаач сахиулаар, би ажилчнаар, нормчин, үйлчлэгчээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 28-29 дэхь тал)
4.1. Харин Д.Бын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд манаач, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хэрэглээний хоршоонд 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд манаачаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Д.Бын Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн анги, Шишгэд хоршоонд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудад дээрх хугацааны цалин хөлс бичигдээгүй, гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй байна. (хавтаст хэргийн 55-65 дахь тал)
Нэхэмжлэгч Д.Бын нотлох баримтаар ирүүлсэн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №91 дугаар тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хэрэглээний хоршооны ерөнхий хорооны даргын 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №01 дугаар тушаалын хуулбар зэрэг баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д Бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасан шаардлагыг хангаагүй. (хавтаст хэргийн 5-8 дахь тал)
Мөн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хоршоо нь 1991-1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй болно гэх бичилттэй 65 дугаар лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн анги, Шишгэд эд хэрэглээний хоршооны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Д.Бт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/108 дугаар албан бичгийг тус тус ирүүлжээ. (хавтаст хэргийн 33, 35 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Д.Бын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч, манаач, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хэрэглээний хоршоонд 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд манаач, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хэрэглээний хоршоонд 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд манаачаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангийн тооцооны нягтлан бодогч Д.Буянхишигийн гаргасан цалингийн тодорхойлолт, Иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагчийн 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолт, дурсамж зэрэг баримтууд хэрэгт ач холбогдолгүй, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай №*/ дугаар баталгаажилтын хуудас, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 08/3975 дугаар лавлагааны хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 3, 17-19, 9, 37, 36 дахь тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Дгийн Бын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч, манаач, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хэрэглээний хоршоонд 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд манаач, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Шишгэд хэрэглээний хоршоонд 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд манаачаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА