| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00443/И |
| Дугаар | 155/ШШ2024/00659 |
| Огноо | 2024-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2024/00659
| 2024 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 155/ШШ2024/00659 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Д
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2024/00443/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа оролцлоо.
Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1968 онд төрсөн. Бага насаа эцэг, эхийн асрамжид өсөж бойжин, бүрэн дунд боловсрол эзэмшин, 1985-1994 онд Хөвсгөл аймгийн Их-Уул, Мөрөн суманд үхэрчин, үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл архивын лавлагаагаар миний ажиллаж байсан үеийн ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал гарч ирж, бусад зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд гарч ирээгүй зэрэг шалтгааны улмаас миний дээрх байгууллагад ажиллаж байсан зарим хугацаа тооцогдохгүй байна.
Иймд Д.Д миний 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд үхэрчнээр, 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр, 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн нийтийн хоолны ангид үйлчлэгчээр, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мөрөн ББХКомпанид тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Мөрөн Худалдаа бэлтгэлийн трестээс Д.Дд олгосон 220080 дугаар хөдөлмөрийн дэвтрийн, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлээс 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас Д.Д нэрээр түүвэрлэсэн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1104 бүртгэлийн дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай №55 дугаар тушаалын архивын хуулбар, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №168 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Жижүүр томилох тухай №246 дугаар тушаалын архивын хуулбар, Хариуцлагатны хурлын 1990 оны 12 сарын 25-ны өдрийн 30 дугаар протокол доорх нэр бүхий 21 хүнд бэлэн мөнгөөр нь эсгий олгохыг мэдэгдэх гэх бичилттэй Мэдэгдэл-ийн архивын хуулбар, Т.Буян-Өлзийгийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/846 дугаар албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 11/519 дугаар албан бичиг, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, №**** дугаар баталгаажилтын хуудсын хуулбар зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-14, 35-37 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Дгийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Дын Д гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай №55 тушаал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Ажилчдыг шилжүүлэх тухай №24 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбаруудыг тус тус гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д, Д.И нараас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 18-23, 43-44, 24, 30, 38, 40-41 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Д өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хүсэлт тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Дын Дг ажиллаж байх хугацаанд авч байсан цалин хөлсний баримтад түүний нэрийг Д.Д гэж бүртгэсэн, иргэний улсын бүртгэлийн цахим санд Дын Д гэх бүртгэл байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Дын Д /**********/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 1/736 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 44 дэхь тал)
Гэрч Д.Игийн ...Даваанямын Д гэж аав нь, Жамцын Соном гэж ээж нь байсан. Бүгд л мал маллаж байсан. Дг л хүмүүс Д гэж дууддаг болохоор энэ нэрээр нь бичиж тэмдэглэсэн байна...эцэг, эхээс гурвуулаа юм. Том нь Очирбат, дундах нь Батмөнх, бага нь Д...Д, Соном нартай хамт цалин нь бичигдсэн Д бол энэ Д мөн. Өөр нэгдлийн 1 дүгээр бригадад Д, Соном нартай хамт бичигдэх Д нэртэй малчин байгаагүй... гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 41 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын овог нэр, регистрийн дугаар, төрсөн огноо, хүйс зэрэг бичилт нь зөрүүгүй байх тул Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас Д.Д нэрээр түүвэрлэсэн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбаруудыг Дын Дд холбогдох нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 6-9 дэхь тал)
4.1 Нэхэмжлэгч Д.Д Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгч, ногоочин, үйлчлэгч, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Нийтийн хоолны ангид 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлээс Дын Дд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 1. 1985 оны 01 сарын 01. Саруул-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад үхэрчнээр. Нэгдлийн зөвлөлийн 1985-10-30-ны өдрийн ээлжит хурлаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас Д.Д нэрээр түүвэрлэсэн Д.Дгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан 1985 оны 1 дүгээр сараас 1986 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 6-9 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестээс Дын Дд олгосон 01. 1987 оны 03 сарын 18. Мөрөн ХБ трестийн 3 дугаар гуанзанд үйлчлэгчээр авч ажиллуулав. ХБ трестийн даргын 1987 оны 03 сарын 24-ний өдрийн 55 тоот тушаалаар. 02. 1991 оны 02 сарын 01. Мөрөн ХБ трест татан буугдсан учир Нийтийн хоолны ангид шилжүүлэв. ХБ трестийн даргын 1991 оны 01 сарын 25-ны өдрийн 24 тоот тушаалаар. 03. 1991 оны 02 сарын 01. Нийтийн хоолны ангид үйлчлэгчээр авч ажиллуулав. Мөрөн НХ-ны ангийн даргын 1991 оны 02 сарын 10-ны өдрийн 01 тоот тушаалаар. 04. 1991 оны 11 сарын 01. Нийтийн хоолны анги татан буугдсан учир Мөрөн компанид шилжүүлэв. Мөрөн НХ-ны ангийн даргын 1991 оны 10 сарын 28-ны өдрийн 60 тоот тушаалаар. 05. 1991 оны 11 сарын 01. ББХ Мөрөн компанид тогоочоор авч ажиллуулав. ББХ Мөрөн компанийн захирлын 1991 оны 11 сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар. 06. 1995 оны 01 сарын 01. НД нийгмийн даатгалын дэвтэр хөтлөх болсон тул дэвтрийг хаав. Захирлын 1995.01.01-ний өдрийн 01 тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3 дахь тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хариуцлагатны хурлын 1987.03.23-ны өдрийн шийдвэр, ҮЭ-ийн хорооны зөвшөөрлийг үндэслэн Тушаах нь: 1. ...Дын Дг 03 сарын 18-наас 3 дугаар гуанзанд цэвэрлэгчээр...томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай №55 дугаар тушаалын архивын хуулбар, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Хариуцлагатны хурлын 1988 оны 11-р сарын 01-ний өдрийн шийдвэрийг үндэслэн Тушаах нь: 1. Ногоо ялгах, агуулахад хийх ажил дууссан тул түр гэрээгээр авч ажиллуулсан...Д...нарыг ногоочны ажлаас 11-р сарын 01-нээс эхлэн чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №168 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 10, 27, 11 дэхь тал)
Хариуцлагатны хурлын 1990 оны 12 сарын 25-ны өдрийн 30-р протокол доорх нэр бүхий 21 хүнд бэлэн мөнгөөр нь эсгий олгох мэдэгдлийн ...20. Нэр: Д, албан тушаал: үйлчлэгч, хүссэн: 3, олгосон: 1 гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 13 дахь тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Аймгийн захиргааны 1991 оны 01 сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоол, Мөрөн хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 1-р сарын 29-ний өдрийн 02-р тогтоол, ХБУ газрын 1991 оны 1-р сарын 26-ны 09-р тушаал зэргийг үндэслэн Тушаах нь: 1. Мөрөн ХБ-ийн трест татан буугдсан учир 210 ажилчдыг Нийтийн хоолны ангид, 110 ажилчдыг ХАА-н ангид хавсралт №1, 2-р баталж шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажилчдыг шилжүүлэх тухай №24 дүгээр тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 28-30 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Д, 6. Нэр: Д... 10. Ажилладаг байгууллага: Худалдаа бэлтгэлийн трест, ажилд орсон он: 1987, цех тасаг бригад: 1-р гуанз, эрхэлдэг ажил: үйлчлэгч, оршдог сум район: Мөрөн... бүртгэгчийн нэр:-, он сар өдөр: 1988 оны 10 сарын 07... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 20 дахь тал)
Гэрч Д.Игийн ...Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд насаараа эм хонь төллүүлж малласан. Д.Д 1985 оны 01 сараас 1986 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. 15 тооны гунж хүлээн авч төллүүлэх, саалийг нь сааж тушаах зэрэг ажил хийдэг байсан. Нэгдлийн 1 дүгээр бригадын малчид байсан. Тэгээд аймгийн төв шилжин явсан...Тасраагүй ажилласан...Би Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1964 оноос нэгдэл тарах хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Дын ...Би 1987 оны 02 сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 1 дүгээр гуанзанд ерөнхий тогоочоор ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байхад Д.Д нь гуанзны үйлчлэгчээр 1987 оны 03 сарын үед орж...хамт ажилласан. Ажиллаж байхад 1991 оны 02 сард ХБТрест татан буугдаж, ажилчдыг Нийтийн хоолны ангид шилжүүлсэн. Нийтийн хоолны ангийг тусад нь гаргаж, ажилчдыг шилжүүлж байсан. Тус газарт бид мөн хамт ажилласан. Тэгээд удалгүй өмч хувьчлал болж, Нийтийн хоолны ангиас гуанзыг бие даан гаргаж, Мөрөн ББХК болсон...Би 1987 оны 02 сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа 1 дүгээр гуанзанд ерөнхий тогоочоор...Нийтийн хоолны ангид 1991 онд мөн ерөнхий тогоочоор, Мөрөн ББХК-д 1991-1994 онд захирлаар нь ажилласан... гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 40-41 дэхь тал)
Нэхэмжлэгч Д.Дгийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4.2. Харин Д.Дгийн Хөвсгөл аймгийн Мөрөн ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан талаар баримт байхгүй тухай Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ...Мөрөн ББХК-ийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Д.Дд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/519 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 36 дахь тал)
Мөн тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн ББХК-д 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгохоор гаргасан хүсэлт нь түүний 220080 дугаар хөдөлмөрийн дэвтэрт ...06. 1995 оны 01 сарын 01. НД дэвтэр хөтлөх болсон тул дэвтрийг хаав гэж бичсэн бичилттэй зөрүүтэй байх тул ойлгомжгүй, (хавтаст хэргийн 1, 3 дахь тал)
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1104 бүртгэлийн дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод ...Мөрөн ББХКомпани 1992-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх боловч Мөрөн ББХК-ийн ажилчдын нэрс байхгүй, тус байгууллагад ажиллаж байсан ямар ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан эсэх талаар тодорхойгүй, гэрч Д.Дын өгсөн мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй болно. (хавтаст хэргийн 6 дахь тал)
Тодруулбал Д.Дгийн шүүхэд гаргасан хүсэлт, нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилт хоорондоо зөрүүтэй, бусад холбогдох баримтыг давхар нотлох өөр баримтгүй тул Мөрөн ББХК-д ажиллаж байсан байдлыг тогтоох боломжгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Д өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Д.Дгийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгч, ногоочин, үйлчлэгч, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Нийтийн хоолны ангид 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Мөрөн ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Жижүүр томилох тухай №126 дугаар тушаалд нэр бичигдээгүй, тус тушаалын хавсралт байхгүй тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл, №**** дугаар баталгаажилтын хуудсын хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна. (хавтаст хэргийн 12, 37 дахь тал)
6. Д.Дд холбогдох дээрх ажиллаж байсан хугацааны зарим баримт, тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгйн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Нийтийн хоолны анги...баримт манай архивт шилжиж ирээгүй тул Д.Дд холбогдох лавлагааг гаргах боломжгүй... гэх бичилттэй 11/540 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Тус аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдлийн даргын 1985-1987 оны тушаал шүүж үзэхэд Д.Дг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй, Нийтийн хоолны ангийн баримт, Худалдаа бэлтгэлийн трестийн цалингийн баримт тус тус манай архивт шилжиж ирээгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/846 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трест, Нийтийн хоолны анги, Мөрөн ББХК-ийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Д.Дд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/519 дугаар албан бичиг зэрэг баримтаар тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 26, 35, 36 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотгойд овогт Дын Дгийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Саруул-Амьдрал нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цэвэрлэгч, ногоочин, үйлчлэгч, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Нийтийн хоолны ангид 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хөвсгөл аймгийн Мөрөн ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА