Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2020/00415

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02493 дугаар шийдвэртэй

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 257 333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах аммиак хөргүүртэй зоорийн барилга, тоног төхөөрөмжийг худалдан авч өмчийн харилцааны газраас хүлээж авахад түрээсээр эзэмшиж байсан “М” ХХК нь ашигласан цахилгааны төлбөр болох 2 838 222 төгрөгийг төлөөгүй байсан юм. “М” ХХК-ийн захирал Г.Гармаа нь уг төлбөрийн үнийн дүнгээр манай компанитай зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлж хүү, алдангийн хамт эргүүлж төлөхөөр тохиролцож, 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 2 838 222 төгрөгийн зээлийг 0 хувийн хүүтэйгээр, 4 сарын хугацаатай, төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээж NR/07/236 тоот зээлийн гэрээг байгуулсан болно. Иймд хариуцагч “М” ХХК-иас зээлийн гэрээний төлбөрт 2 838 222 төгрөг, гэрээний 2.3-д төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасны дагуу 1 419 111 төгрөгийн алданги, нийт 4 257 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн нээлттэй дуудлага худалдаагаар манай компанийн түрээсэлж байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөргүүртэй зоорийн барилгыг худалдаж авсан гэж тайлбарлаж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас биднийг дуудлага худалдаа явуулахаас сарын өмнө гаргасан. Дуудлага худалдааны ялагч нь гэрээнд гарын үсэг зурснаар өмч нь тухайн хүнд шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр манайх уг зоорийн барилгыг 2014 оны 3 дугаар сараас хойш ашиглаагүй учир түүнээс хойших хугацааны цахилгааны төлбөр болон алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ гэдэг бол бэлнээр мөнгө шилжүүлж өгч авсан байх ёстой. Гэтэл бэлнээр мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Г.Гармаа захирал ноцтой төөрөгдөлд ороод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Миний төлбөрийг өгчих юм байна гэж бодоод цахилгааны төлбөрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 4 257 333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83 068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 83 068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “М” ХХК нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах аммиакан хөргүүртэй, 700 тн багтаамжтай зоорийг түрээслэхээр 0112801 тоот гэрээг байгуулсан боловч объектыг актаар хүлээлгэх өгөх ажлыг хэсэг байгуулна гэж 1 сар гаруй болсон. Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний А/597 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулах явцад цахилгаан компрессорын гол эд ангиуд тоногдсоноос ажиллахгүй байсан ба хөлдөөх камеруудад урьд нь хадгалж байсан мах, өөх, ясны үлдэгдлийг арилгаагүйгээр их хэмжээний бохирдол үүсэж өмхий үнэртэй болсон зэрэг шалтгаанаар мах хадгалах үйл ажиллагааг шууд эхлэх боломжгүй байсан. Нийслэлийн мал эмнэлгийн газрын хяналтад аммиакан хөргүүртэй агуулахад мах хадгалах стандарт нийцүүлэхээр ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж тоногдсон эд ангиуд сэлбэгийн нөхөн авч, засварласны эцэст 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мах хадгалах шаардлага хангасан тухай мал, амьтан хорио цээр чанарын хяналтын улсын байцаагчийн 31-02-343/1099 тоот дүгнэлт гарч 2 сарын дараа үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэвч мах хадгалуулахаар тохиролцож байсан этгээдүүд өөр газарт нэгэнт хадгалуулчихсан байсан тул бүрэн хүчин чадлаар ажиллаж чадахгүй алдагдалд орсон. Нийслэлийн өмчийн газарт түрээсийн гэрээний төлбөр, засвар, ариутгал, цахилгааны гарсан зардлыг тооцон хасуулахаар удаа дараа албан бичгээр хүсэлт гаргаж байсан боловч албан ёсны хариу өгөхгүй амаар энэ асуудлыг шийдэж өгнө гэсээр түрээсийн гэрээний 3 сарын хугацаа дууссан. Мөн гэрээгээ дүгнэн төлбөрийн асуудлыг нэг тийш болгон гэрээгээ сунгах саналыг албан ёсоор тавьсан боловч албан ёсны хариу өгөлгүй шийднэ гэж хэлээд 3 сарын үед нэг хүн ирээд би худалдаж авах гэж байгаа гэж хэлээд явсан. Зоорийг хувьчлах гэж байгаа мэдээлэл тархсан учир үйлчлүүлэгч ирж манай компанитай харьцахаа больсон. 4 дүгээр  сард нээлттэй дуудлага худалдааны зар албан ёсоор зарлагдаж Нийслэлийн өмчийн харилцааны газраас “М” ХХК-ийн захирал Г.Гармаагаар гарын үсэг зуруулан зоорийг хүлээлгэн өг гэсэн ба засвар ариутгал хийхэд гарсан зардал түрээсийн төлбөрийг асуудлыг хувьчлалын шийдвэр гарсны дараа шийдэж өгнө гэсэн. Түрээсийн гэрээнд өмч хувьчлал хийх бол гэрээг урьдчилан хэлэлцэлгүйгээр шууд цуцална гэж заасан байдаг ба гэрээгээ сунгаагүй байсан. Хувьчлагдсан объектын цахилгааны төлбөрийг урьд онд гэрээгээр 3 сарын хугацаатай түрээсэлж байсан этгээд төлөх ёстой гэдгийг шүүх нотолж чадаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 257 333 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “М” ХХК нь цахилгааны төлбөрийг төлөөгүй учир уг цахилгааны төлбөрийн үнийн дүнгээр нэхэмжлэгч “Н” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр NR/07/236 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 838 222 төгрөгийг сарын 0 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай төлөх, төлбөрийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээж зээлийн гэрээ байгуулсан байна.

 

            Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх зохигчид цахилгааны төлбөрийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцож, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хуульд зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Гэрээний 2-3-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг төлөх үүрэгтэй байна.

 

             Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо зээлийн гэрээнд хууртаж, төөрөгдөлд орж гарын үсэг зурсан гэсэн үндэслэл заасан байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтаа нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.