Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 291

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор

аймгийн Эрүүл мэндийн газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь               

Шүүгчид:                     Г.Банзрагч

                                     Х.Батсүрэн

                                     Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс болон амралтын мөнгөний зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай.

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 111/ШШ2018/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0224 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:Нэхэмжлэгч С.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б нар,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 111/ШШ2018/0002 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 80 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-г тус аймгийн Зооноз өвчин судлалын төвийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрын зөрүү болох 2.526.420 төгрөгийг нэхэмжлэгч С.Б-д олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0224 дүгээр магадлалаар Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 111/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргасан тухай: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Б-г ажлаас халсан асуудлаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66, мөн оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаал тус тус гарсан болох нь тогтоогдож байгаа. Үүнээс 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тушаалыг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр тушаалаар хүчингүй болгож, тушаалын дараа энэ захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянан шийдвэрлэгдэж байгаа маргаан бүхий 80 дугаар тушаалын талаар маргаж байгаагаа нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлдээ тодорхой тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч түүнийг ажлаас халах тухай 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тушаалын талаар нэхэмжлэл гаргаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд ...хуульд нийцээгүй дүгнэлтүүдийг хийсэн. Нэхэмжлэгч С.Б нь захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тушаалтай холбоотой асуудлаар ямар нэгэн шаардлага тавиагүй байхад анхан болон давж заалдах шүүхүүд уг захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн шийдвэр, магадлалыг үндэслэл болгон дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 121 дүгээр зүйлийн 121.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн асуудлын талаар: Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэхдээ зөвхөн тодорхой үйл явдал, тэдгээрт хамаарах баримтуудыг үндэслэл болгосон ба харин хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүйг үзэх хууль зүйн үндэслэлийн талаар огт дурдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 106 дугаар зүйлийн 106.2, 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсгүүдэд нийцээгүй, хууль бус шийдвэр, магадлал гаргасан. С.Б нь маргаан бүхий захиргааны актыг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулснаа нэхэмжлэлдээ хавсарган өгсөн. Энэ өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын сүүлээр Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргах хүртэл хугацаанд маргаан бүхий захиргааны актын талаар хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хандан гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хандан гаргасан гомдол гэж үзэх үндэслэлгүй юм. Харин 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “2017 оны 80 дугаар тушаал”-тай холбоотой асуудлаар Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь “хуульд заасан журмын дагуу гаргасан анхны нэхэмжлэл” байсан. Энэ нэхэмжлэлийг маргаан бүхий захиргааны актыг хүлээн авсан өдрөөс хойш 116 өдрийн дараа гаргасныг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан журмаар тоолон үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байсан.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдохоор хуульчилсан. С.Б нь өмгөөлөгч оролцуулах тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй, түүний өмгөөлөгч Л.Б-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь энэхүү захиргааны хэрэг үүсгэгдэхээс өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан, өөр маргаан, өөр төрлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу хөдөлмөрийн маргааныг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбоотой харилцааг зохицуулсан байгаад хоёр шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээдийг оролцуулж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасныг ноцтой зөрчсөн, үүнийг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь хууль бус болсон.

6. Анхан шатны шүүх нь маргаан бүхий 2017 оны 80 дугаар актын хууль зүйн үндэслэлийн талаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь бодитой үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, анхан шатны шүүх “...маргаан бүхий захиргааны актын тушаах хэсгийн 1 дэх хэсэгт заасан ...зөрчлүүдийг гаргасан бол энэ нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоос бус төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж, давж заалдах шатны шүүх “...аймгийн аудитын газраас үндсэн хөрөнгө, зардал, бараа материал, мөнгөн хөрөнгөнд аудит хийж ...санхүүгийн бүртгэл тооцоотой холбоотой зөрчлийг илрүүлсэн байх боловч энэ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хэмжээний зөрчилд хамаарахгүй...” гэж тус тус дүгнэсэн байна. Хоёр шатны шүүхийн эдгээр дүгнэлтүүдээр нэхэмжлэгчид хариуцлага тооцох үндэслэл байсан болохыг хүлээн зөвшөөрч тогтоосон атлаа, “энэ нь төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохоос бус төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх хэмжээний зөрчилд хамаарахгүй” гэсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасантай нийцээгүй, хууль бус дүгнэлт болсон. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

8. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалыг баримтлан С.Б-г “...цалингийн урьдчилгааг дутуу суутгаж авлагын дансанд тусгаагүй, цалингаас суутгасан хуримтлалын мөнгийг тусгай нээсэн дансанд шилжүүлэлгүй, няравын хувийн харилцах данс руу шилжүүлсэн, 14 ажилтанд биеийн тамирын хувцас худалдан авч төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулсан, 2016 оны Эрүүл мэндийн газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний 2.5.4 дэх заалтыг хангалтгүй хэрэгжүүлж Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон Зооноз өвчин судлалын төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч С.Б нь “...мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэдгийг тогтоосон дүгнэлт гараагүй, ажлаас чөлөөлөх талаар нэг сарын өмнө мэдэгдээгүй, хууль зөрчсөн” гэж маргажээ.

9. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах улсын төсвөөс санхүүждэг Зооноз өвчин судлалын төв /эрүүл мэндийн байгууллага/-ийн даргын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулагдах хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан “ноцтой” зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах боломжтой.

10. Гэвч, нэхэмжлэгч С.Б нь хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон, энэ тохиолдолд маргаан бүхий тушаалд дурдагдсан “зөрчил”-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрх зүйн үндэслэлгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

11. Үүнээс гадна, Зооноз өвчин судлалын төвийн дарга /төрийн үйлчилгээний удирдах албан тушаал/ нь хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ төсвийн шууд захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулдаг албан тушаалтан тул түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг хөдөлмөрийн гэрээний дагуу үнэлэхгүй, эрх зүйн байдал нь Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Төрийн албаны тухай, мөн хамаарал бүхий салбарын бусад хууль тогтоомжоор зохицуулагдана.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч С.Б нь 2016 оны жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлтээр “92.3 оноогоор А үнэлгээ”-тэй дүгнэгдсэн, маргаан бүхий захиргааны актад дурдагдсан зөрчлүүдийг тус байгууллагын 2016 оны санхүүгийн тайланд Баянхонгор аймгийн Аудитын газраас хийсэн аудитаар илрүүлж, улмаар төлбөр барагдуулах актуудыг холбогдох хүмүүст нь хариуцуулан тогтоосон, дээрх зөрчилд холбогдуулж Аудитын байгууллагаас Аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэгч С.Б-д хариуцлага ногдуулах талаар эрх бүхий албан тушаалтанд албан шаардлага ирүүлээгүй нь тогтоогджээ.

13. Гэтэл, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1а/447 дугаартай албан бичгээр “С.Б-гийн албан тушаалыг бууруулах, Зооноз өвчин судлалын даргаар Э.Ц-г 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилуулах”-аар санал ирүүлсэнийг үндэслэн хариуцагч Эрүүл мэндийн газрын дарга нь С.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг гаргасан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заасныг буруу хэрэгжүүлсэн, “ажлаас чөлөөлөх” үндэслэл тогтоогдоогүй байхад уг шийдвэрийг гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

14. Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

15. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх С.Б-г Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэн Зооноз өвчин судлалын төвийн даргын ажлаас чөлөөлсөн, ажилд эгүүлэн тогтоолгох тухай түүний нэхэмжлэлийг тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хянан шийдвэрлэсэн, уг шийдвэрийг хянасан тус аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарч, тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн, энэ хооронд хариуцагч нь уг 66 дугаар тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүчингүй болгож, маргаан бүхий 80 дугаар тушаалыг шинээр гаргасан, уг тушаалыг хянуулахаар гаргасан С.Б-гийн гомдлыг Төрийн албаны зөвлөлөөс хянах боломжгүй гэж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариу өгчээ.

16. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч С.Б нь хариуцагчийн шинээр гаргасан уг 80 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд хандсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах”-аар заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

17. Түүнчлэн, нэхэмжлэгч С.Б нь өмгөөлөгч Л.Б-тай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн маргааны иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх ажиллагаанд эрх зүйн туслалцаа авахаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан, уг маргаан нь хэвээр үргэлжилж байсан учир тус гэрээний дагуу өмгөөлөгч Л.Б нь үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх нь хууль зүйн туслалцаа авч байгаа талын бичгээр гаргасан хүсэлт, эсхүл тэдний хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлогдоно” гэж заасныг зөрчөөгүй, “оролцох эрхгүй этгээдийг оролцуулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасныг шүүх ноцтой зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

18. Дээрх дурдсанаар, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын Зооноз өвчин судлалын төвийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар маргаан бүхий актад дурдсан санхүүгийн зөрчил илэрсэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “...аудитаар материаллаг шинжтэй зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг төрийн аудитын байгууллагаас эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ”, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу буруутай албан тушаалтанд “сахилгын шийтгэл” ногдуулах зохицуулалттай байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, улмаар өөр байгууллагад албан тушаал бууруулан ажиллуулсан нь буруу, уг үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

19. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 111/ШШ2018/0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2018/0224 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ