Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2016/00847

 

“Мобиком корпораци” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2016/00175 дугаар шийдвэр,        

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2016/00034 дүгээр магадлалтай,

“Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Өлзийбуянд холбогдох,

1.295.290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20108031 тоот гэрээ байгуулан 99706200 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iphone багцын үйлчилгээг мөн Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iphone 5S 160В утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30.000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.295.290 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Өлзийбуян шүүхэд гаргасан тайлбартаа: “Төв хөгжил” ББСБ-д ажиллаж байхад нягтлан бодогч Ц.Мөнхтүвшин миний нэр дээр IPhone 5S утас худалдан авсан. Би энэ утсыг аваагүй,  ийм үнэтэй утас ч барьдаггүй. 2015 оны 01 сараас энэ дугаарыг бариагүй хамгийн сүүлд 170.000 төгрөгийн төлбөр төлсөн 1 сараас хойш төлбөрийн үлдэгдэл байхгүй гэж бодож байна. Намайг ажиллаж байх хугацаанд сар болгон төлбөрөө хийгээд явдаг байсан. Миний хувьд гарын үсэг зурсан л болохоос гэрээнд дурдсан зүйлийг мэдэхгүй байна гэжээ.

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2016/00175 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 545.290 төгрөгийг хариуцагч Б.Өлзийбуянгаас гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35637 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17008,64 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2016/00034 дүгээр магадлалаар:Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2016/00175 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.637 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Хэрэглэгчийг хохироосон гар утасын үнийг үндэслэлгүйгээр илт нэмсэн зүйл байхгүй бөгөөд гар утасны үндсэн үнэ нь өөр худалдан авагч төлбөрөө бэлнээр төлсөн тохиололд төлөн авдаг зах зээлийн үнэ билээ. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн “Үүрэн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээний гэрээ”, ‘iPhone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-нүүд харилцан хамаарал бүхий, болзол тогтоосон буюу хэрэглэгч эхний гэрээний үндсэн нөхцөлөөр үйлчилгээ авсан тохиололд гар утсыг хөнгөлөлттэй үнээр авах нөхцөлтэй, гэрээний үнийн дүн төлбөрийг тус тусад нь тохиролцсон гэрээ билээ. Хариуцагчтай байгуулсан эхний гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан. Иймээс хариуцагч нь зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймээс шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн байх тул Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2016/00034 дугаар Магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна.

Зохигчдын хооронд 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээгээр Б.Өлзийбуян нь 1.757.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 5S 16GB маркийн гар утсыг хөнгөлөлттэй үнээр буюу 1.007.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 455.000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг 24 сарын хугацаанд сар бүр 23.000 төгрөг төлөхөөр тохирсон, талууд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

Хариуцагч 2015 оны 01 дүгээр сараас хойш төлбөр төлөөгүй буюу гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй.

Хариуцагч гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-т заасны дагуу мөнгөөр шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх, гэрээний 2.6 дах заалт нь талуудын тэгш байдлыг зөрчсөн, худалдагч талд давуу байдал олгосон, зөвхөн нэг талын эрх ашигт нийцсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь буруу.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээний 2.6-д “...гэрээний 24 сарын хугацаанаас өмнө гэрээ цуцлах тохиолдолд гар утасны үнийг үндсэн үнээр тооцож, үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулна” гэж заасан тул  нэхэмжлэгч нь хариуцагчаас утасны үндсэн үнийг шаардах эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж буй тайлбар, үндэслэлээ нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмж ханган шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 203/МА2016/00034 дүгээр магадлалын 1, Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2016/00175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Өлзийбуянгаас 1.295.290 /нэг сая хоёр зуун ерэн таван мянга хоёр зуун ерэн/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай” гэж, 2 дах заалтын “17008,64” гэснийг “35.637” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 35.637 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ