Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 017

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би Алтанцөгц сумын 3 дугаар багийн оршин суугч А.Берикболын нэхэмжлэлтэй, тус сумын Засаг даргад холбогдох, Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчинүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч А.Берикбол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Азимханы Берикбол 1997 онд төрсөн, 19 настай. Аав М.Азимхан 1939 онд төрсөн, 77 настай хоёулаа хамт амьдардаг. Би төрөлхийн тахир дутуу эмнэлгийн акттай, 110 толгой малтай. Амьдралын эрхээр өөртөө тохирсон хөдөлмөр хийж, малаа маллах гэж хөдөө гарч малын хашаа барих газрын зөвшөөрөл авахаар сумын Засаг дарга Ш.Айбект өргөдөл өгсөн. Уг өргөдөлд миний санал болгосон Битүү харгантын усан сангийн дээд тал Дэрстэй эрэг гэдэг газрыг зөвшөөрч сумын Засаг даргын захирамж, хавсралттай гарсан. Гарсан захирамжийг үндэслэн хашаа хороо барихад өөрсдөө хүнд хүчир ажил хийх чадваргүй тул аав бид хоёр хуримтлуулсан хөрөнгө мөнгөөр хүн хөлсөлж,машин техник ажиллуулж их хэмжээний зардал гаргасан. Одоо барьсан хашаа хороондоо малаа маллан төллүүлж байна. Гэтэл сумын Засаг дарга өөрчлөгдөж М.Нурахмет Засаг дарга болсон хойно улс төржиж газрын гэрчилгээ өгүүлэхгүй, урьдах захирамжийг хүчингүй болгосон болохоор аймгийн Засаг даргад өргөдөл бичиж хандсан. Өргөдлийн хариуг аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Болатхан ...сумын Засаг дарга М.Нурахметэд газар эзэмшүүлэх тухай сумын Засаг даргын 83 дугаар захирамжийг хэрэгжүүлж газрын гэрчилгээг өг гэсэн албан тоот ирүүлсэн. М.Нурахмет дарга аймгийн уг шийдвэрийг үл тоомсорлон хэрэгжүүлэх байтугай хүчингүй болгож захирамж гаргаж, иргэн бидний ажил хийх, амьдрах эрхийг хязгаарласан явдалд туйлын их гомдолтой байна. М.Нурахмет дарга ард түмний эв нэгдлийг хангах биш өөрийн төрөл садан хүмүүсийг зохион байгуулж бидний эсрэг асуудал хийж байна. Иймд энэ асуудлыг шалгаж сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай 83 дугаар захирамжийг сэргээж,хууль бус гаргасан Засаг даргын 04 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жайнагүл, М.Болат нар шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч бидний хүчингүй болгуулахаар танай шүүхэд хандсан Алтанцөгц сумын Засаг даргын 2016.01.08-ны өдрийн 04 дүгээр захирамжийг аймгийн Засаг дарга 2016.03.30-ны өдрийн А/169 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байх тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Татгалзлыг баталж гаргасан захирамжид гомдол гаргах эрхгүйг ойлголоо. Энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй гэдгээ мэдлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актыг аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/169 дүгээр захирамжаар хүчингүй болгосон болох нь тогтоогдсон.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жайнагүл, М.Болат нар Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр Захирамж хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлж, тус шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч /төлөөлүүлэгч/ А.Берикбол нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхийг төлөөлөгч Ш.Жайнагүл, М.Болат нарт итгэмжлэлээр тусгайлан олгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4,79 дүгээр зүйлийн 79.1,79.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Берикбол нь тус шүүхэд гаргасан Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А.Берикболын нэхэмжлэлтэй, Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ С.ЕРКЕШ