| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00213/И |
| Дугаар | 155/ШШ2024/00555 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00555
| 2024 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 155/ШШ2024/00555 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М
Б.Нгийн нас барсан байдлыг тогтоолгох тухай 155/2024/00213/и дугаар индекстэй, иргэний хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь Б.Нгийн нас барсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би эцэг эх, эгч, эмэгтэй дүүгийн хамт тавуулаа амьдарч байсан. Дүү Н 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн ба 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өвчний улмаас олон жил аавын асаргаанд байгаад нас барсан. Ээжийг нас барахад дүү 11 настай байсан тул тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан. Аавынхаа нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр болгох гэтэл чиний төрсөн дүү Б.Н нь бас өв залгамжлагч учраас дүүгээсээ зөвшөөрөл авчир гэсэн, дүү нас барсан гэтэл бүртгэлгүй байсан. Дүүгийн минь нас барсны гэрчилгээ гэж байгаагүй тул холбогдох газруудад хандсан боловч аав минь нас барсны бүртгэл хийлгээгүй, гэрчилгээ аваагүй, одоо дүү Н улсын бүртгэлийн газарт тодорхойгүй төлөв гэсэн бүртгэлтэй байна. Иймд нас барсаныг тогтоолгох шаардлага гарсан. Мөн дүү Д.Н нь ээжийг нас барсны дараа 2002 оноос Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан, энэ хувийн хэргээс холбогдох материалыг авах гэтэл хувийн хэрэг нь олдохгүй байна, тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 17 настайд нь зогсоож байсан байна гээд албан бичиг хийж өгөхөөс татгалзсан. 17 настайд нь ямар шалтгаанаар зогсоож байсныг ч хэлж өгөөгүй. Бид Мөрөн суманд хуучнаар 3 дугаар багийн 11-18 тоотод 1996 оноос 2011 оны сар хүртэл (одоогийн ***********) аав Дын Б (***), ээж Сгийн Н (**), эгч Бгийн Д (**-**), дүү Бгийн Н (*******) нарын хамт амьдарч байсан, ээж Н 2002 онд, дүү Н 2008 онд, аав Б 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан. Аавтайгаа хамт би эхнэр хүүхдийн хамт нэг бүлд бүртгэлтэй байсан. Аавыг нас барснаас хойш энэ хаяг дээрээ эхнэр хүүхдүүдийн хамт 2023 оны 10 сар хүртэл амьдарсан болно. 2011 оноос өмнөх айл өрхийн бүртгэл олдохгүй болсон гэж багийн Засаг дарга хэлсэн. Дүү Н нь дунд сургуулийн 4 дүгээр ангиасаа өвчний учир гарсан ба гэртээ хэвтэрт байдаг байсан, үе мөчний хэрх өвчтэй, тэргэнцэр дээр байдаг байсан. Буян өрхийн эмнэлгийн хяналтанд байдаг, эмч нар нь ирж үздэг, сувилагч нь тариа хийдэг байсан. Өрхийн эмч нь С гэж эмч байсан ба сая очиж уулзсан боловч ямар ч бичиг баримт байхгүй гэсэн. Н нь гэртээ нас барсан ба нас барах үед би хамт байсан. Эмнэлгийн архиваас лавлагаа авах гэтэл 2013 онд Буян эмнэлэг нь 4 дүгээр хорооны эмнэлэгтэй нийлээд Гурван гал гэдэг эмнэлэг болсон гээд 2013 оноос өмнөх материал байхгүй гэсэн хариу амаар өгсөн. Би маш удаан хугацаанд олон байгууллагаар орж холбогдох материалыг бүрдүүлэх гэсэн боловч үнэхээр арга мухардаж шүүхэд хандаж байна.
Иймд миний дүү Бгийн Нг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мын шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг тодруулж байна. Тэрээр эцэг, эх, эгч, дүүтэйгээ хамт тавуулаа амьдардаг байсан. Тэгээд түүний ээж 2002 онд нас барсан. Дүү Б.Н нь үе мөчний хэрх гэх өвчтэй байсан тул өвчний улмаас 2001 онд сургуулиасаа гараад эцгийнхээ асрамжид байж байгаад 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. Багийн Засаг даргын тодорхойлолтод ээжийгээ нас барснаас хойш н.Б, Б.Н, Б.М нар 2011 оны 1 дүгээр сар хүртэл хамт амьдарсан гэх бүртгэл байдаг. Б.Н нь 2002 оноос тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсныг 2009 оны 6 дугаар сард зогсоосон байдаг. 2011 оны 9 дүгээр сараас Бгийн М эхнэрийнхээ хамт тухайн хаягт оршин суугаа бүртгэлтэй байдаг. Б.М нь тухайн үед дүүгээ алдаад сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан байх, залуу хүн учраас дүүгийнхээ нас барсан үеийг хүсэлтэд андуурч бичсэн байна. Ах дүү нартайгаа уулзаж ярилцаад дүү Б.Нг 2009 оны хавар нас барсан гэдгийг мэдсэн. Тухайн үед аав нь Б.Нг нас барсны бүртгэлд бүртгүүлээгүй талаар нэхэмжлэгч Б.М мэдээгүй байсан. Б.М нь өөрийнхөө нэр дээр аавынхаа хашаа, байшинг бүртгүүлж авах гэтэл Б.Н нь хамтран өмчлөгч гэж гарч ирсэн тул Б.Нгийн нас барсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон. Хуучнаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 18 тоот, одоогийн *****од байрлах хашаа, байшинг өөрийн нэр дээр бүртгүүлэх хүсэлтэй байгаа.
Иймд Б.Нг 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс: Б.Мын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 14/07 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Б.Нгийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, тус шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШЗ2024/00691 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 1/120 дугаар албан бичиг, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-13, 18 дахь тал)
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.А, Р.Г, Ж.С нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авсан. (хавтаст хэргийн 39-40, 41-43, 47-51 дэхь тал)
5. Шүүх Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс Б.Нгийн нас барсан талаарх холбогдох мэдээлэл байгаа эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Б.Н тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Нгийн төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсээс Б.Н, С.Н, Д.Б нарын халамжийн үйлчилгээ авсан талаарх лавлагааг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 19-23, 24, 25, 26-27, 28, 38 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.М нь эцэг Д.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авахад Б.Нгийн нас барсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
3.1. Жагарган овогт Дын Б, Жагарган овогт Бгийн М нар нэг ам бүлд амьдарч байсан, Жагарган овогт Дын Б 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Иргэн Бгийн М /****/ нь 3-12-15 тоотод ам бүл 4, эхнэр **********/, охин ***************/, хүү *************** нарын хамт бүртгэлтэй байсан байна. Уг бүртгэлийг 2011 оны 9 дүгээр сарын 18-нд бичсэн өрхийн цагаан дэвтрийг үндэслэн тодорхойлов гэх бичилттэй 14/07 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 4 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн Засаг даргын Манай багт амьдран сууж байсан Д овогтой Б /***/ нь 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан ба 3-12-14 тоот хаягт 1960 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн 2011 оны 01 сарын 17-ны өдөр хүртэл албан ёсны бүртгэлтэйгээр амьдарч байсан болно...хүү Б.М хамт амьдарч байсан болно... гэх бичилттэй тодорхойлолт, (хавтаст хэргийн 5 дахь тал)
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ...Дын Б /***/ нь Ихаламж цахим системд 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан тухай мэдээлэл байна... гэх бичилттэй 04/21 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 28 дахь тал)
Гэрч Д.Агийн ...Б.Н нь аав Б, ах М хоёртойгоо байсан. Ээж нь 2000 оны үед билүү нас барсан. Эгч Д нь тусдаа гараад айл болоод явсан байсан. Аав, ах хоёртойгоо амьдардаг байсан... гэх мэдүүлэг, гэрч Р.Гийн ...Бгийн Н нь миний бүл дүү болох юм. Б.Н нь аав, ахын хамт Мөрөн сумын 3-11-18 тоотод /одоогийн 3-12-15 тоот/ амьдардаг байгаад 2009 онд өвчний учир нас барсан... гэх мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 48, 49-50 дахь тал)
Нэхэмжлэгч Б.М, нас барсан Б.Н нар төрсөн ах дүү болох нь Б.Нгийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 27, 48, 49-50 дахь тал)
3.2. Жагарган овогт Бгийн Н 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, түүний нас барсан тухай мэдээлэл улсын бүртгэлийн нэгдсэн архивын цахим мэдээллийн санд болон иргэний баримтын архивт бүртгэгдээгүй болох нь
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Иргэний харъяалал. Монгол, регистрийн дугаар: ***, иргэний бүртгэлийн дугаар: ****, овог: -, эцэг /эх/-ийн нэр: Б, нэр: Н, хүйс: эмэгтэй, төрсөн он сар өдөр: 1991-02-12, төрсөн газар: эмнэлэгт, бүртгэсэн газар: Хөвсгөл Мөрөн, бүртгэлийн дугаар: 207, бүртгэсэн он сар өдөр: 1991-03-04. Эцгийн: Иргэний харъяалал. Монгол, регистрийн дугаар: ***, иргэний бүртгэлийн дугаар: ***, овог: Жагарган, эцэг /эх/-ийн нэр: Д, нэр: Б. Эхийн: Иргэний харъяалал. Монгол, регистрийн дугаар: **, иргэний бүртгэлийн дугаар: **, овог: -, эцэг /эх/-ийн нэр: С, нэр: Н гэх бичилттэй ********** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 27 дахь тал)
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б.Нгийн нас барсны бүртгэл Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн архиваас гарах боломжгүй гэх бичилттэй 230 дугаар албан бичиг, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Бгийн Н /***/ 2007-2009 онд нас барсан талаарх бүртгэл мэдээлэл, эмнэлгийн дуудлагын бүртгэл, бусад баримт мэдээлэл Нэгдсэн эмнэлгийн 103-ийн бүртгэлийн дэвтэр болон цахим бүртгэлд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 263 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 21, 24, 38 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу биеийн давхцахгүй өгөдлийн бүртгэлд /гарын хурууны хээ/ бүртгэгдээгүй, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны нотлох баримтыг бүрдүүлж нас барсны бүртгэл бүртгэгдээгүй иргэн тодорхойгүй төлөвтэй байна гэх бичилттэй 1/383 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 20, 26 дахь тал)
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Нийгмийн халамжийн үйлчилгээ олгох ХҮМ, WAIS, EHALAMJ, НEB программд Бгийн Н /***/, Сгийн Н /**/ нарын талаарх мэдээлэл программд огт байхгүй...тус иргэд нь Нийгмийн халамжийн сангаас нийгмийн халамжийн үйлчилгээ аваагүй байна гэх бичилттэй 04/21 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 19, 28 дахь тал)
Гэрч Ж.Сгийн ...Өрхийн эмнэлэг 1999 онд байгуулагдахад би томилогдон ажилласан. 2007 оноос Улаанбаатар хотод нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр суралцаж 1 жилийн хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. 2008 оны сүүлээр төгсөөд эмнэлэгтээ ирсэн...нас барагч Б.Нгийн талаар мэдэхгүй. М гэж хүн энэ өвөл манай эмнэлэгт хандсан. Тодорхойлолт хийж өгөөч гэсэн. Бид мэдэхгүй байсан учир регистрийн дугаараар нь статистикийн мэргэжилтэн шүүж үзэхэд ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй байсан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 51 дэхь тал)
3.3. Бгийн Н нас барсан тухай тогтоогдож байгаа боловч түүний нас баралтыг бүртгүүлсэн байдал, тэмдэглэл, бусад холбогдох баримтгүй байна. Гэвч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Дын Бгийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан тэтгэвэр олголтыг нэгдсэн мэдээллийн сангаас хянаж үзэв. Тус сангийн мэдээлэлд Бгийн Н /***/-д тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2009 оны 6 дугаар сарыг дуустал аваад зогсоогдсон байна гэх бичилттэй 143 дугаар албан бичиг,
Гэрч Д.Агийн ...Бгийн Н нь манай ээжийн ахын нь төрсөн охин нь байсан. 2009 онд өвчний улмаас нас барсан. Тархи нугасны талын ч өвчтэй байсан. Нас барах үедээ 17 настай байсан...эмнэлгийн эмчилгээ байхгүй гээд гэртээ л хэвтэрт байдаг байсан...Б.Н нь 2009 оны 4, 5 сарын үед нас барсан. Яг сар өдрийг нь санахгүй байна... гэх мэдүүлэг, гэрч Р.Гийн ...Бгийн Н нь миний бүл дүү болох юм. Б.Н нь аав ахын хамт Мөрөн сумын 3-11-18 тоотод /одоогийн 3-12-15 тоот/ амьдардаг байгаад 2009 онд өвчний учир нас барсан... Б.Нгийн бие нь тааруухан байнгын асаргаатай байдаг байсан. Тэгж байгаад 2009 оны 05 сард байна уу ямар ч байсан хавар л байсан, Б.Н нь нас бараад ажил явдлыг нь хийсэн... гэх мэдүүлэг зэрэг баримтыг дүгнэхэд Б.Нд тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2009 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд олгож байсан тул түүнийг тухайн хугацаанд нас барсан гэж үзэх үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 22, 25 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.3-д ...нас баралтыг бүртгүүлсэн байдал гэж зааснаар талийгаач Б.Нгийн нас барсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэгч Б.М шаардах эрхтэй.
Иймд 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн Бгийн Нг 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
4. Шүүх дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б.Нгийн төрсний бүртгэлийн лавлагаа давхардсан, Б.Мын Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр-ийн хуулбар нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Иргэн Б.М-д хандаж өгсөн 1/120 тоот албан бичиг тухайн хэрэгт ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 6-9, 13 дахь тал)
5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ. (хавтаст хэргийн 15 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д зааснаар 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ******* дугаар регистртэй, эмэгтэй, Бгийн Нг 2009 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА