| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 183/2019/02060/И |
| Дугаар | 210/МА2020/00414 |
| Огноо | 2020-02-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2020/00414
“ШС” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02746 дугаар шийдвэртэй
“ШС” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “ИМ” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 173 779 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 52 782 650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “ИМ” ХХК болон “ШС” ХХК-ийн хооронд Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моннис Урван Девелопмент” ХХК-ийн захиалгат орон сууцьг буюу барилгын карказ угсралтын ажлыг хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэх ажлын материалыг ерөнхий гүйцэтгэгч буюу “Ихмодун“ ХХК хангахаар болсон. Гэрээний 3-т төлбөр тооцооны асуудлыг тусгасан бөгөөд “ИМ” ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэлээр тооцож 1 м.кв арматур бетон цутгалтын ажлын хөлсийг 45 000 төгрөгөөр тооцож, санхүүжилтийг 3 давхар буюу 2460 м.кв цутгалтын ажлыг хийж, захиалагч ерөнхий гүйцэтгэгч нарын албан ёсоор баталгаажуулсныг үндэслэн олгох, ажлын хөлсний 50 хувийг төгрөгөөр, үлдэгдэл 50 хувийг бартераар тооцох буюу үүнд суудлын автомашин бусад эд хөрөнгө байж болохоор тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу “Шинэсоёл констракшн" ХХК нь орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл уг орон сууцны 10, 11,12, 13 давхрын буюу нийт 4 давхрын арматур, бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэг давхар арматур, бетон цутгалтын ажлын хөлс 36 900 000 төгрөг болж байгаа бөгөөд 10, 11,12, 13 давхрын нийт 4 давхрын 3280 м.кв талбайг цутгах ажлын хөлс нь нийт 147 600 000 төгрөг болсон. Энэхүү ажлын төлбөрөөс “ИМ” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 000 000 төгрөгийг, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 4 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хоолны мөнгө 2 470 000 төгрөг, материал эвдэрсний торгууль 277 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг, нийт 31 747 000 төгрөгийг төлсөн бөгөөд 115 853 000 төгрөгийн ажлын хөлсний үлдэгдэлтэй байна. Мөн гэрээний 6.2-т гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны 57 926 500 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү. Иймд ажлын хөлс 115 853 000 төгрөг, алданги 57 926 500 төгрөг, нийт 173 779 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний 1.2-т материалыг ерөнхий гүйцэтгэгч талаас хангахаар заасан бөгөөд арматур, бетон цутгалтын ажлыг хийх явцад ерөнхий гүйцэтгэгч болох “Ихмодун" ХХК нь ажил гүйцэтгэх материалыг цаг тухайд нь гаргаж өгөөгүйгээс болж гэрээнд заасан хугацаанд ажлыг хийх боломжгүй байсан. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цаг агаарын байдал хүйтэрсэнээс болж ажил зогсож, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үргэлжилсэн бөгөөд “ШС” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн хугацаа хэтрүүлсэн алданги 42 066 000 төгрөг, доголдолтой ажлын материалын зардалд 4 793 250 төгрөгийг ямар баримтаар тооцсон нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ИМ” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг, хоолны зардалд 2 470 000 төгрөг, нийт 35 747 000 төгрөг төлсөн. “ШС” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, каркасын барилга угсралтын ажлыг чанаргүй, доголдолтой гүйцэтгэх болсон. Ажлыг доголдолтой, чанаргүй гүйцэтгэж байгаа талаар “ШС” ХХК-ийн ажил хариуцсан албан тушаалтнуудад удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ болон шаардлагыг хүлээн аваагүй юм. Манай компанийн зүгээс ажил гүйцэтгэх материалыг цаг тухайд нь нийлүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Гэрээний 3.2-т зааснаар санжүүжилтийг 3 давхар буюу 2460 м.кв цутгалтын ажил хийж захиалагч, ерөнхий гүйцэтгэгч нараар албан ёсоор баталгаажуулсаныг үндэслэн олгохоор тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний 5.22-т туслан гуйцэтгэгч 7-оос дээшгүй хоногт 1 давхрын цутгалтыг карказ угсралтын ажлыг гүйцэтгэх үүрэгтэй юм. “ШС” ХХК нь 10,11,12,13,14,15 давхрын ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу 42 хоногт гүйцэтгэж дуусгах үүрэгтэй байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд 10, 11 давхрын карказыг цутгасан. Гэрээний хугацаа 40 хоногоор хэтрүүлсэн. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 12, 13 давхрын карказыг цутгах гэрээний хугацааг 90 хоног хэтрүүлсэн, 14, 15 давхрын ажлыг гүйцэтгээгүй 60 хоног хэтрүүлсэн, нийт 190 хоногийн хэтрүүлсэн алданги 42 066 000 төгрөг, доголдолтой ажлыг гүйцэтгэхэд гарсан материалын зардал 4 793 250 төгрөг, ажилчдын цалин 5 923 400 төгрөгийн зардал, нийт 52 782 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ИМ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 120 037 509 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ШС” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 53 741 991 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “ИМ” ХХК-ийн 52 782 650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “ШС” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 1.026.850 төгрөгийг, хариуцагч “ИМ” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 421 864 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 758 137 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ШС” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Гэрээгээр м.кв арматур бетон цутгалын ажлын хөлсийг 45 000 төгрөгөөр тооцож санхүүжилтийг 3 давхар буюу 2460 м цутгалтыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Гэрээний хугацаа хэтрүүлсэн, доголдолтой ажлын гүйцэтгэлийг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад шүүхээс “ИМ” ХХК-иас 120 037 509 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээний 5.22-т туслан гүйцэтгэгч 7-оос доошгүй хоногт давхрын цутгалын гүйцэтгэхээр тохиролцсон. Гэтэл шүүх учир нь гэрээний 5.22-т туслан гүйцэтгэгч 7 дээшгүй хоногт давхрын цутгалтыг хийх үүрэгтэй гэж заасныг Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1.дэх хэсэгт зааснаар талууд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг харилцан тохиролцож тогтоосон гэж үзэхгүй бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний 2.1, 2.2, 5.1 “ШС” ХХК ажил гүйцэтгэх хугацааг тусгаагүй байх тул мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар “ШС” ХХК-ийн үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоогоогүй мөн талууд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээг цуцалсан байх тул хариуцагч “ИМ” ХХК-ийн 52 782 650 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээний 5.22-т туслан гүйцэтгэгч 7-оос дээшгүй хоногт давхрын цутгалтын ажлыг хийх үүрэгтэй байхаар тохиролцсон гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээгээр 10, 11, 12, 13, 14, 15 давхрын ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу 42 хоногт багтааж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээний хугацаа хэтрүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд 10, 11 давхрын каркасын цутгалтын гүйцэтгэлийн ажлын 40 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Мөн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 12, 13 давхрын каркасын цутгалтын ажлын гэрээний хугацааг 90 хоног хэтрүүлсэн, 14, 15 давхрын каркас цутгалтын ажлыг огт гүйцэтгээгүй 60 хоног хэтрүүлсэн алданги нийт 190 хоног хэтрүүлсэн, алданги 42 066 000 төгрөг, “ШС” ХХК-ийн гүйцэтгэсэн доголдолтой ажлыг засварлахад гүйцэтгэхэд гаргасан материалын зардал 4 793 250 төгрөг, доголдолтой ажлыг гүйцэтгэхэд ажилласан ажилтнуудын цалин 5 923 400 төгрөг, нийт 57 926 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байхад ажил гүйцэтгэх гэрээ болон хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг нотолсон нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад шүүх нотлох баримтыг буруу дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “ШС” ХХК нь хариуцагч “ИМ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 173 779 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс 190 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги, доголдолтой ажлыг гүйцэтгэхэд гарсан материалын зардал, ажилчдын цалин нийт 52 782 650 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хх.1-3, 115/
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр “ШС” ХХК нь Баянзүрх дүүргийн 14-х хороо нутагт ”Моннис Урбан Девелопмент” ХХК-ийн захиалгат орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж, ерөнхий гүйцэтгэгч “ИМ” ХХК ажлын хөлс төлөхөөр тохиролцсон байна. /хх.10-13/
Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан заалттай нийцжээ.
Гэрээний 3.1-т гэрээт ажлыг гүйцэтгэлээр тооцож 1 м.кв-ийг арматур бетон цутгалтын ажлын хөлсийг 45 000 төгрөгөөр тооцож хийхээр, мөн гэрээний 5.2-д туслан гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж хүлээлгэн өгч, тооцоо нийлсний дараа төлбөр нэхэмжлэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хэргийн 16-19 дүгээр талд “Голомт банк” ХХК болон “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга авагдсан байх бөгөөд хариуцагч “ИМ” ХХК-аас ажлын хөлсөнд нэхэмжлэгч “ШС” ХХК-д 31 747 000 төгрөг төлсөн байна.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч “ШС” ХХК нь Баянзүрх дүүрэгт баригдаж буй 3 блок барилгын 10-13 давхрын 3280 мкв бүхий барилгын карказ угсралтын ажлыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэн, акт үйлдэн хүлээлгэж өгсөн нь тогтоогдсон үйл баримт байна. /хх 65-92/
Зохигчид хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй боловч хариуцагч байгууллага сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлагадаа хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байснаас материалын зардалд 4 793 250 төгрөг, ажилчдын цалинд 5 923 400 төгрөг нийт 10 716 650 төгрөг гарсан гэж нэхэмжилж, фото зураг, засварын материалын жагсаалт, ажилчдын цалингийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байгаа боловч уг баримтаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсныг нотлох боломжгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргах эрхтэй байдаг бөгөөд хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын талаар гомдлын шаардлага гаргаж байсан талаарх баримт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч “ИМ” ХХК нь нэхэмжлэгч “ШС” ХХК-д ажлын хөлсөнд 147 600 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс 31 747 000 төгрөгийг төлсөн байна гэж дүгнэн ажлын хөлснөөс төлөөгүй үлдсэн 115 853 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заасан заалттай нийцжээ.
Гэрээний 6.2-т “ерөнхий гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг хоног тутамд төлнө” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тооцож, алдангид 4 184 509 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй байна.
Хариуцагч байгууллага сөрөг нэхэмжлэлийн нэг шаардлага болох алданги гаргуулах үндэслэлээ “...Цутгалтын ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй” гэж тайлбарласан байна.
Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол завсрын буюу тусгай хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг талууд тохиролцон тодорхойлж болох боловч тэр нь үндсэн хугацааг зөрчсөнөөс үүсэх хариуцлагаас илүү байж болохгүй” гэж заасан бөгөөд талууд гэрээний 5.22-т ажил гүйцэтгэх завсрын хугацааг тогтоосон байх бөгөөд уг заалтад “Туслан гүйцэтгэгч нь 7 -оос дээшгүй хоногт нэг давхрын цутгалтыг хийх үүрэгтэй” гэж заажээ.
Гэрээний дээрх заалтыг хариуцагч байгууллага зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй ч захиалагч байгууллага ажлын материалыг хэдийд хэрхэн хүлээлгэж өгсөн, хэдний өдрөөс гэрээний энэхүү заалтыг тооцох талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх хариуцагч байгууллага гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч гэрээнд заасан ажил гүйцэтгэх завсрын хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр алдангид 42 066 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.