Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 125

 

          Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, 

                Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,

                Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батгэрэл,

                Шүүгдэгч: Ж.Э, Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийж,

                Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ж-ын Б, И Т овгийн Ж-ийн Э нарт холбогдох эрүүгийн 1735000560034 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 37 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р баг 026 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, РД: ОЗ80120315, И Т овгийн Ж-ийн Э.     

                Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эхнэр, 6 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 01-51 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОЗ70120112, Х овгийн Ж-ын Б.            

                Шүүгдэгч Ж.Б, Ж.Э нар 2017 оны 08 дугаар сарын 15-наас 16-ны өдрийн хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3-р багийн нутгаас хохирогч Л.М-ийн 3 тооны адуу хулгайлсан, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 3-р багийн нутаг “Шар нурган” гэх газраас хохирогч А.Н-ийн 2 тооны адуу тус тус хулгайлж, нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

               1. Малд /адуу/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06, 07-р тал/,

               2. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-09-р тал/,

                3. Мал хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-р тал/,

                4. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14, 16-18-р тал/,

                5. Хохирогч А.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөө адуугаа харахаар Б-ийн хамт явж байтал “Сэртгэрийн орой” гэх газарт 2 морьтой хүн 3 холбоо адуу туучихсан явж байхаар нь араас нь хөөсөөр байж очиж уулзсан. Тэгтэл тэр хоёр хүн миний эзэмшлийн 13, 14 настай 2 морийг бариад уначихсан явж байсан ба бид хоёр тэдэнд дөхөж очоод “Яагаад миний морийг уначихсан явж байгаа юм” гэхэд тэр хоёр хүн “Бид хоёрын морь муудаад танай адуунаас морь барьж унасан юм” гэж хэлсэн. Тэр хоёр залуугийн тууж явсан 3 морь нь их тарган морьд байсан юм. Миний адуу Хяргас сумын 3-р баг “Бэлчир” гэх газраар нутаглаж байсан. Тэр хоёр хүн миний 2 адууг “Бэлчир” гэх газраас унаж “Сэртгэр” гэх газар хүртэл явсан байсан. “Бэлчир”, “Сэртгэр” гэх газрууд нь хоорондоо 12-15 км орчим зайтай юм. Би тэр хоёр хүнээс “Хаашаа явж байгаа юм” гэхэд “Улаангом явж байна, одоо нэгэнт өнгөрсөн, цагдаа дууд” гэж хэлж байсан. Миний 2 морь хоёулаа хээр зүстэй бөгөөд нэг нь баруун гуяндаа хөлт олом тамгатай, нөгөө хээр морь нь зөв гуяндаа хөлт олом тамгатай байсан. Тэр 2 залуугийн тууж явсан 3 адууны  2  нь хээр, 1 нь хул зүсмийн морьд байсан бөгөөд тамгыг нь сайн хараагүй. Тэр хоёр залуу тууж явсан 3 адуугаа “Худалдаж авсан” гэж хэлсэн боловч хаанаас худалдаж авсан гэдгээ хэлэхгүй байсан. Тэр хоёр залуу миний 2 моринд эмээл тохаад хазаарлачихсан унаж явсан. Хоёулаа төмөр бүүрэгтэй хар эмээл тохсон байсан. Тэгээд би эмээл, хазаарыг нь тайлуулаад 2 морио буцааж авсан. Би 2 морио тус бүр нь 1 сая, нийт 2 сая төгрөгөөр үнэлнэ. Би адуу малаа байнга харж ханддаг тулдаа энэ хоёр хулгайчийг үйлдэл дээр нь барьж авсан. Цаашид энэ мэт байдлаар хулгайн хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Миний хувьд 2 морио алдаад тэр дор нь олоод авчихсан тул гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 22-23-р тал/,

                6. Хохирогч Л.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Цагаанхайн сумын 3-р багийн нутаг “Уушигийн үүр”, “Хойд булаг” гэх нэртэй газарт бэлчээрлэж байсан адуугаа бүртгэхэд миний адуу бүрэн байсан. Тэгээд дахин 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр адуугаа хурааж бүртгэхэд нас гүйцсэн, хоёр гуяндаа дором тамгатай, баруун чих нь цуулбар, зөв чих нь цуулбар /сүйх/ имтэй хул зүсмийн морь, нас гүйцсэн, зөв гуяндаа бүдэгхэн дором тамгатай, зөв чих нь араасаа цуулбар, буруу талынх нь чих цуулбар имтэй шар хээр морь, хоёр гуяндаа дором тамгатай, буруун чих нь цуулбар, зөв чих нь араасаа цуулбар /сүйх/ имтэй хээр зүсмийн морь, нийт 3 тооны адуу байхгүй байсан. Би Өндөрхангай сум болон Завханы Сонгино суманд адуу худалдаж авч байна гэсэн сургаар 3 тооны адуугаа хайж явсан боловч олдоогүй. Гэтэл Хяргас суманд 3 тооны миний алдсан адуутай адил зүсний морьд байна гэх сураг сумын цагдаагаас сонсоод очиж үзэхэд миний 3 адуу зүс, им тамгаараа таарч байсан. Уг 3 тооны адууны хоёр нь огт унаж эдлээгүй тарган, манай адуун дотор байсан хамгийн тарга хүч сайтай адуу юм. Миний 3 тооны адууны шар хээр морь 9 настай, хээр морь 10 настай, хул морь 12 настай байсан юм. Би нэг адуугаа 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр, 3 адуугаа 2.700.000 төгрөгөөр үнэлэх болно. Би манай адууг энэ 2 хүнд гаргаж өгсөн хүн байгаа эсэхийг сайн нягталж шалгуулмаар байна. Би уг адууг хайхад 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийн зардал гаргасан. Уг зарлагаа авчихвал гомдох зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,  

                7.  Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дүү Н-ийн адууг харахаар явж байтал 3 адуу холбож туусан 2 морьтой хүн тааралдсан. Тэр хоёр хүн манай дүү Н-ийн 2 морийг уначихсан, өөр 3 тооны адуу туучихсан явж байсан бөгөөд Н бид хоёр мотоцикльтой ойртоод очиход тэр хоёр хүн бид хоёроос зугатааж явсаар “Шар нурган” гэх газраас “Сэртгэр” гэх газарт очоод хадны завсар орж нуугдсан. Би тухайн хүмүүсийг ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл биедээ авч явж байж магадгүй гэж бодоод хөдөө явахдаа авч явдаг СКС маркийн бууг 1 удаа хөндий буудахад хадны завсар нуугдсан 2 залуу гарч ирсэн. Бууг буудахад тухайн хүмүүсийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд хөндий хий буудаж сүрдүүлсэн юм. Тэгээд Н бид хоёр тухайн залуучуудаас хаанаас хаа хүрч яваа талаар нь асуухад “Улаангомоос хойшоо явж байна. Энэ 3 адууг мөнгөн тоногтой эмээл өгөөд худалдаж авсан. Бидний унаж явсан морьд муудсан учраас танай 2 морийг сэлгэж унаад газар дөхөөд авья гэж бодож байсан юм” гэж хэлсэн. Тэр хоёр залуугийн тууж явсан 3 морьд нь тарга тэвээрэг сайтай, муудсан шинжгүй морьд байсан. Тэр хоёр залуу Н-ийн 2 адуунд цэрэг хар эмээл эмээллэсэн байсан бөгөөд тэр 2 залуу бид хоёрт хандан “Тохиръё, эр хүн шиг уулзчихъя. Энэ гурван морины нэгийг нь ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь  би “Би тэгж тохирдоггүй хүн. Цагдаагийн байгууллагад мэдэгдэж шийдүүлнэ” гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

                8. Гэрч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би М ахынд туслах малчнаар ажилладаг юм. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би М ахтай хамт адуугаа хурааж бүртгэхэд хул, хээр, шар хээр морьд алга болсон байсан. Тэгээд бид хоёр ойр хавийн айлуудаас уг 3 адууг сурагласан боловч оллоогүй юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр М ах, Б ах хоёр алдсан адуугаа хайхаар Өндөрхангай, Завхан аймгийн Сонгино сумын чиглэлд 2 хоног яваад хайгаад олоогүй юм. М ах 4 азарга, 80 гаруй тооны адуутай бөгөөд хээр азаргатай адуунаас нь хамгийн тарга тэвээрэг сайтай 3 адуу нь байхгүй байсан юм. Бид нар ойр хавийн айлуудаар явж сурагласан боловч олдохгүй байж байгаад Хяргас суманд сураг нь гарч М ах очиж адуугаа авч ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,   

                9. Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 15-ны үеэр М надад “Миний адуунаас 3 тооны адуу дутаж байна. Надтай хамт яваад өгөөч.  Өндөрхангай, Завхан аймгийн Сонгино сумдаар адуу худалдаж авч байна гэнэ. Тэр адуунуудыг очиж үзмээр байна” гэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөө М бид хоёр Өндөрхангай сум болон Завхан аймгийн Сонгино сумын нутгаар 2 өдөр, 1 шөнө М-ийн алдсан адууг хайж сураглаж явсаар 2017 оны 08 дугаар сарын 17-ны шөнө гэртээ ирсэн.  Бид хоёр 3 тооны адуу хайж явахдаа ямар нэгэн сураг гаргаагүй тул сумын цагдаад мэдэгдсэн байсан. Гэтэл  Хяргас суманд бидний хайж байгаа 3 адуутай зүс, тамга нь таарсан адуу байгааг олж мэдсэн. М бид хоёр айл хөрш амьдардаг тул адуугаа байнга ээлжилж харж бүртгэдэг юм. Би уг морьдыг сайн мэдэх ба зүс, им, тамгыг нь хараад шууд танина” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

                10. Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б бид хоёр гэр бүл болоод 25 жил болж байна. 2017 оны 08 дугаар сарын дундуур миний нөхөр Б над уруу утсаар залгаад “Би хөдөө явж байна. Эмээл зарах гэж байна” гэж ярьсан. Түүнээс хойш холбоогүй байж байгаад гэртээ ирэхэд “Хулгайн хэргээр цагдаад шалгагдаж байна” гэж хэлсэн. Б надад ямар унаагаар, хаашаа явж байгаа талаараа хэлээгүй бөгөөд харин “Э-той хамт явж байна” гэдгээ л хэлсэн. Миний нөхөр хувиараа эмээл, бугуйл хийж зарж борлуулдаг бөгөөд 2017 оны 08 дугаар сард гэрээсээ явахдаа 1 ширхэг эмээл аваад явсан байсан. Над уруу ярихдаа “ Улаанбаатар явах машинд суугаад явж байна. Эмээлээ зарчихаад ирье” гэж ярьсан. Дараа нь цагдаа дээр шалгагдаж байхад нь би нөхрөөсөө “Чи авч явсан эмээлээ зарсан уу” гэхэд “Эмээлээ адуугаар сольсон” гэж хэлж байсан. Миний нөхөр Ж-ын Б нь 1970 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Эцэг, эхээс 8-уулаа бөгөөд айлын 4 дэх хүүхэд юм. Б бид хоёр 1992 онд гэр бүл болсон бөгөөд  10-25 насны 6 хүүхэдтэй, 1 хүүхэд оюутан, 1 хүүхэд хөдөө мал дээр, 2 хүүхэд Увс аймгийн Улаангом суманд сурч байгаа. Нөхөр Б нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 043 тоотод оршин сууж байгаа. Б бүрэн дунд боловсролтой бөгөөд гарын ур дүй сайтай, сураар хазаар, ногт, чөдөр гэх мэт зүйлсийг хийчихдэг юм. Даруу төлөв, гэр бүлдээ анхаарал халамжтай, бусадтай зөв боловсон харьцаатай, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай, бусдад тусархуу зантай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/,  

                11. Шинжилгээ хийлгэх тогтоол, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 307 тоот Нас гүйцсэн морь үнэлсэн тухай тайлан /хх-ийн 34, 36-р тал/,

                12. Шинжилгээ хийлгэх тогтоол, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 294 тоот Нас гүйцсэн морь үнэлсэн тухай тайлан /хх-ийн 40, 42-р тал/,

                13. Шинжилгээ хийлгэх тогтоол, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 308 тоот Морины дагалдах хэрэгслийг үнэлсэн тухай тайлан /хх-ийн 45, 48-р тал/,

               14. Хохирогч Л.М, А.Н нарын 2016 оны мал тооллогын тодорхойлолт /хх-ийн 68, 69-р тал/,

               15. Шүүгдэгч Ж.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-р тал/,

               16. Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн засаг дарга Л.Даваадоржийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 890 тоот тодорхойлолт /хх-ийн 84-р тал/,

               17. Шүүгдэгч Ж.Э-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-р тал/,

               18. Увс аймгийн Улаангом сумын 4-р багийн засаг даргын Л.Даваадоржийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 891 тоот тодорхойлолт /хх-ийн 91-р тал/,

               19. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 78 тоот Шийтгэх тогтоол / Б-д холбогдох эрүүгийн хэргийн /,/хх-ийн 96-99-р тал/,

               20. Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 50 тоот Шийтгэх тогтоол /хх-ийн 100-101-р тал/,

               21. Өршөөл үзүүлэх комиссын 2009.07.22-ны өдрийн 1433 тоот Өршөөл үзүүлэх тухай тогтоол, Ж.Э-ын зан байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-ийн 104, 105-р тал/,

               22. Гэрч П.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Э бид хоёр 7 жилийн өмнө гэр бүл болсон эхнэр, нөхрийн холбоотой хүмүүс юм. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаа бөгөөд дундаасаа 5 хүүхэдтэй. 2017 оны 08 дугаар сард би Улаанбаатар хот уруу эмчилгээ хийлгэхээр явсан байсан тул Э, Б хоёрыг хаашаа, ямар зорилгоор, ямар унаагаар явсан талаар мэдэхгүй байна. Э, Б хоёр “Эмээл зараад өртгөндөө морь авсан” гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал цагдаа нар “Хулгайн мал гэж хэрэгт шалгасан” гэж сүүлд Эоос сонссон. Би Э-ыг худал хэлээгүй гэж бодож байна. Учир нь миний нөхөр Э надад ер худал ярьдаггүй юм. Тэгээд ч Б хувиараа эмээл хийдэг, хийсэн эмээлээ хөдөө сумдаар явж зардаг тул би тэр хоёрыг эмээл зарахаар явсан гэдэгт итгэж байна. Би Улаанбаатар хотоос ирчихээд Э-т “Бор хавцал гарч ажиллая” гэхэд “Б бид хоёр эмээл зараад өртгөнд нь морь авсан юм. Гэтэл тухайн морьд нь хулгайн морь байсан тул бид хоёр одоо хэрэгт шалгагдаж байна” гэж хэлсэн. Миний нөхөр Э нь архи уудаггүй, элдэв муу зуршилгүй, шулуун шударга зантай, хүний үгнээс гардаггүй, төлөв даруу хүн юм. Бид 7 жил хамт амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд Э ямар нэгэн байдлаар муу зүйл хийж, хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Хүнд их тусархуу, бусадтай зөв боловсон харьцаатай, хүний итгэл дааж чаддаг, ажилсаг хөдөлмөрч хүн байгаа юм. Мөн гэр бүл, хань ижилдээ анхаарал халамжтай, ноён нуруутай хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116-р тал/,                                        

               23. Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ХТДТ хариуцсан мэргэжилтэн Г.Бурмаагийн 2017.09.11-ний өдөр гаргасан тодорхойлолтууд /хх-ийн 123, 124-р тал/,

               24. Шүүгдэгч Э.Б-ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Сант сум уруу явахаар болсон. Учир нь би Сант суманд байх Б гэдэг хүнд 10 сур аргамж өгч, үнэд нь  адуу авахаар тохирсон байсан, түүнийгээ авахаар явсан юм. Би гарахаасаа өмнө Б уруу ярьж хаана байгааг нь асуухад “Сонгино суманд Сүмтэй гуанзны ойролцоо байна” гэж хэлсэн. Тэгээд би найз Э-ыг гуйж “Хоёулаа Завхан аймгийн Сант сум уруу яваад ирье. Хүнээс адуу авах гэсэн юм” гэж хэлээд би өөрийнхөө хар эмээл, хазаар, ногт, сур аргамжийг, Э мөн өөрийнхөө эмээл, хазаар, ногтыг авсан. Мөн надад байсан нэг шинэ эмээлийг аваад “Замдаа зарчихая” гэж бодоод авч явсан. Бид хоёр Завхан аймаг уруу явах унаа хайж зах гарахад зах дээр “Улаанбаатар хот уруу явна” гэсэн жижиг тэрэг байхаар нь тэр машинд сууж явсан юм. Тэгээд “Уушгийн улаан” гэх газарт явж байтал нэг танихгүй залуу адуу тууж яваад тааралдаж машин зогсоогоод жолоочоос “Ус байна уу” гэхэд жолооч тэр залууд ундаа өгсөн. Тэгээд машины дэргэд ярилцаад зогсож байтал тэр залуу “Зарах эмээлийг чинь авъя” гэхээр нь би авч явсан эмээлээ үзүүлэхэд “Энэ эмээлийг 3 тооны адуугаар сольж авъя” гэхээр нь тэр залууд эмээлээ өгөөд тэр залуугийн адуунаас 3 адуу барьж авсан. Тэр залуу “Нэг адуу нь их догшин ааштай, нөгөө хоёр нь номхон морь шүү” гэхээр нь догшин  морийг нь ногтолж хөтлөөд Э бид хоёр нэг нэг морь унаад буцаад Улаангом сум уруу чиглээд явсан. Би Эт “Хоёулаа энэ 3 морийг аймаг оруулчихаад буцаж Сант сум уруу явъя гэж” хэлсэн. Тэгээд бид хоёр Хяргас сумын нутагт явж байтал бид хоёрын морь муудчихаар нь Э бид хоёр “Адуу таарвал морио сэлгэж унаад усанд хүрээд буцаагаад тавиад явуулчихъя” гэж ярилцаад явж байтал замд адуу тааралдахаар нь тэр адуунаас 2 тооны нас гүйцсэн морийг барьж аваад морио сэлгэж унаад эмээлээр сольсон 3 адуугаа туугаад явж байтал мотоцикльтой хүн хүрч ирээд буу гаргаж буудсан. Тэгээд бид хоёр тэр хүмүүст баригдаж, тэд аймгаас цагдаа дуудсан. Э бид хоёр Улаангомоос жижиг суудлын машинд сууж гарсан бөгөөд эхнэр, нөхөр хоёр явж байсан. Тэр 2 хүнийг танихгүй, машины дугаар, маркийг нь ч мэдэхгүй. Бид хоёроос адуугаар эмээл сольж авсан залуу өөрийгөө П гэж хэлж танилцуулж байсан. Би тэр залууг танихгүй бөгөөд тэр үед л танилцсан. Тэр залуу одоо хаана байгааг мэдэхгүй. Би Цагаанхайрхан, Өндөрхангай сумдаар явж тэр залууг хайсан боловч олдоогүй, таних хүн байхгүй байсан. Миний тэр залууд зарсан эмээл ясан хяртай, шовгор бүүрэгтэй, битүү ястай эмээл байсан. Би эмээлээ хул зүсний 1, хээр зүсний 2, нийт  адуугаар сольж авсан. Хяргас сумаас хээр зүсний 2 адуу, нийт 5 адуу авч явсан. Өндөрхангай сумын “Уушигийн улаан” гэх газраас авсан 3 адуу нь дором тамгатай, Хяргас сумаас авсан 2 адуу нь олом тамгатай байсан. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Э бид хоёр хохирогч М-д учирсан 350.000 төгрөгний хохирлыг одоогоор барагдуулаагүй байгаа. Тэр мөнгийг эмээл зарсан залууг олж авчихаад төлж барагдуулна гэж бодож байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р тал/,

                25. Шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Б бид хоёр 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын  зах дээрээс суудлын авто машинаар явсан бөгөөд тэр машин Улаанбаатар хот уруу явж байсан юм. Бид хоёр явахдаа 2 ширхэг хуучин төмөр хар эмээл, 2 ширхэг тохом, 2 ширхэг хазаар, 1 ширхэг сур аргамж зэрэг зүйлсийг авч явсан. Мөн Б зарах зорилгоор битүү ястай, бугын хяртай, тохоо эмээл авч явсан бөгөөд тэр эмээл доод тал нь 2 сая төгрөгийн үнэтэй юм. Бид хоёр авч явсан эмээлээ “Уушигийн улаан” гэх газарт тааралдсан явуулын хүнд зарсан нь үнэн. Эмээл авсан хүн нэрээ “П ” гэж  хэлсэн. Мөн “Цагаанхайрхан суманд оршин суудаг” гэж хэлж байсан. Тэр хүн мотоциклоор адуу тууж явсан юм. Тэр 3 адууг П гэдэг залуу барьж өгсөн. Бид хоёр хулгайн гэмт хэрэг үйлдэхээр хоорондоо ярилцаагүй. Б бид хоёр 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаангомоос гараад тэр оройгоо “Уушигийн улаан”-аас нааш 2-3 км яваад хөдөө хээр хоносон. Маргааш нь түүнээс нааш “Морьтын гуанз”-аас зөрөөд хөдөөд хоносон. Сүүлийн өдөр хонохгүйгээр шөнөжингөө яваад өглөө үүрээр Хяргас сумаас 2 адуу барьж авсан. Бид хоёр айлаар огт ороогүй. Бид хоёр нэг ширхэг ундааны сав цайтай явсан бөгөөд тэр цайгаараа хоол унд хийж явсан. Замдаа савандаа голоос ус хийж авсан. Бид хоёр явах замдаа хоол цай огт идээгүй. Тэр адуунаас барьж авсан хоёр морийг уналга хийж яваад буцаагаад тавих зорилгоор Б ах өөртөө авч явсан сур аргамжаар барьж авсан. Хохирогч Мэд гэмт хэргийн улмаас учирсан 350.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Тэр мөнгийг эмээл зарсан залууг олж авчихаад төлж барагдуулна гэж Б ах хэлж байсан” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.

                Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч Ж.Б, Ж.Э нар 2017 оны 08 дугаар сарын 15-ны үед  Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3-р багийн нутгаас хохирогч Л.М-ийн 3 тооны адуу, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Хяргас сумын 3-р багийн нутаг “Шар нурган” гэх газраас хохирогч А.Н-ийн 2 тооны адуу тус тус хулгайлж нийт 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Н, Л.М, гэрч Т.Б, Б.Ц, Ж.Б,  нарын мэдүүлэг, малд /адуу/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мал хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

                 Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “УБ хот уруу явах замд адуу туугаад явж байсан хүнд шинээр хийсэн эмээлээ зарж, уг 3 адууг авсан. Дараа нь адуу зарсан хүнээ хайгаад олоогүй учраас гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн Хяргас сумын нутагт байсан адуунаас барьж авсан хоёр морийг уналга хийж яваад буцаагаад тавих зорилготой байсан.” гэж тус тус мэдүүлсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч нарын мэдүүлгийн эх сурвалжийг олж тогтоох, шалгах ажиллагааг хангалттай хийсэн байх боловч бусдад эмээл худалдан борлуулж, өөрөөр хэлбэл арилжаа наймаа хийж уг 3 адууг авсан гэдэг нь тогтоогдоогүй байна.

                Хохирогч Л.М Цагаанхайрхан сумын 3-р багийн нутгаас 3 тооны адуугаа хулгайд алдсан, эргэн тойрны нутаг бэлчээр, зэргэлдээ сумуудаар адуугаа эрж хайгаад олоогүй болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн шүүгдэгч нар 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хяргас  сумын 3-р багийн нутаг “Шар нурган” гэх газраас  хохирогч А.Н-ийн 2 тооны адууг хулгайлан авч унаж явсан, мөн хохирогч Л.М-ийн 3 тооны адууг Хяргас сумын нутагт туугаад явж байхдаа баригдсан, шүүгдэгч нар Улаангомоос гарч явахдаа өөрсдийн эмээл, хазаар, ногт, тохом, суран бугуйл зэргийг авч явсан  зэрэг үйл баримтаас дүгнэхэд тэднийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдсон байна.

         Иймд шүүгдэгч Ж.Б, Ж.Э нарыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

                 Шүүгдэгч Ж.Б, Ж.Э нарын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч А.Н-д 1.800.000 төгрөгийн, Л.М-д 2.400.000 төгрөгийн, нийт 4.200.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учирсан нь хавтаст хэргийн 36,42 дугаар хуудсанд авагдсан нас гүйцсэн морь үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч А.Н нь хулгайд алдсан 2 адуу, Л.М нь 3 адуугаа тус тус буцаан авсан болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

               Хохирогч Л.М хулгайд алдсан 3 адуугаа эрж хайхад 350.000 төгрөгийн зардал гаргасан тул уг зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулж авах талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх боловч хавтаст хэрэгт энэ талаархи нотлох баримт авагдаагүй буюу хохирогч эрлийн зардлын баримтаа бүрдүүлж ирүүлээгүй байна. Иймд хохирогч Л.М нь хулгайд алдсан 3 адуугаа эрж хайхад зарцуулсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

                Шүүгдэгч Ж.Б, Ж.Э нарт ял шийтгэхэд хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Замд адуу туугаад явж байсан хүнд шинээр хийсэн эмээлээ зарж, уг 3 адууг авсан. Дараа нь адуу зарсан хүнээ хайгаад олоогүй учраас гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Л.М-ийн нэхэмжилсэн 350.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд эмээл худалдаж авсан залууг олж байж тэр мөнгийг төлнө” гэж мэдүүлсэн зэргээс дүгнэхэд тэднийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, гэм буруугаа ойлгож гэмшсэн, хохирол төлөх талаар санаачлага гаргасан гэж үзэх үндэслэлгүй ба тэд давтан үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.                     

                Шүүгдэгч Ж.Б, Ж.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Б-ы гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эд зүйл болох суран бугуйл 1 ширхэг, суран жолоотой хазаар 1 ширхэг, суран ногт 1 ширхэг, цэрэг хар эмээл 1 ширхэг, эсгий тохом 1 ширхэг, шүүгдэгч Ж.Э-ын  төмөр бүүрэгтэй эмээл 1 ширхэг, эсгий тохом 1 ширхэг, хазаар 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                1. Шүүгдэгч Х овгийн Ж-ын Б, И Т овгийн Ж-ийн Э нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Ж.Э нарт 6 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.  

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Ж.Э нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.   

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ж.Б-ы гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн эд зүйл болох суран бугуйл 1 ширхэг, суран жолоотой хазаар 1 ширхэг, суран ногт 1 ширхэг, цэрэг хар эмээл 1 ширхэг, эсгий тохом 1 ширхэг, шүүгдэгч Ж.Э-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн төмөр бүүрэгтэй эмээл 1 ширхэг, эсгий тохом 1 ширхэг, хазаар 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Л.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           6. Шүүгдэгч Ж.Б, Ж.Э нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

                7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Б, Ж.Э нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

                8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                            ДАРГАЛАГЧ,

                                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН