| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00469/И |
| Дугаар | 155/ШШ2024/00524 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00524
| 2024 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00524 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2024/00469/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд Дархан хотын Барилгын ТМС-ийн худалдааны ангид элсэн орсон. Тэгээд 1988 оны 07 сард худалдагч мэргэжлээр төгсөөд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Төв хүнсний дэлгүүрт худалдагчаар томилогдон ажилласан. Тус байгууллага хувьчлагдаж, Дэлгэрмөрөн хоршоо ББХК болоход үргэлжлүүлэн худалдагчаар ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа 1989 он, 1990 он, 1992 онд хүүхэд төрүүлж байсан бөгөөд бага хүүхдээ төрүүлээд 2 жил хүүхэд асрах чөлөө аваад ажилдаа эргэж ороогүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол дээрх хугацаанд ажиллаж байсан тухай зарим тушаал, шийдвэр болон цалин хөлсний баримт олдохгүй байна. Би анх шүүхэд Дэлгэрмөрөн хоршоо ББХК-д ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан боловч Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд ажилласан хугацааг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлэн, тодруулж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Төв хүнсний дэлгүүрийн худалдагч, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн хоршоо ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Дарханы Барилгын техник мэргэжлийн дунд сургуулиас 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон №263692 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 11/331 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүртгэлийн 90 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Ажилд томилох, чөлөөлөх тухай №102 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбарууд, 1991 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Тэтгэмжтэй чөлөө олгох тухай №12 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбарууд, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилчдыг шилжүүлэх тухай №125 дугаар тушаалын архивын хуулбар, 1990 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Эхчүүдийн чөлөөний тухай №11 дугаар тушаалын архивын хуулбар, ажлын хамт олонтой 1988 онд авахуулсан гэрэл зураг, хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлт, охин Н.Алтансувдын төрсний гэрчилгээ зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-11, 35, 27, 34, 36 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Агийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Ц, Д.Н нараас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 15, 16-18, 23-26 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.А өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлэн, тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хүсэлт тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.А 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охин Н.А****************г төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон РД: **************. Хүүхдийн овог: Боржигон, эцэг (эх)-ийн нэр:*****, нэр: ******д, охин, 1992 оны 12 сарын 13-нд Хөвсгөл, Мөрөн газар төрснийг Хөвсгөл, Мөрөн төрсний бүртгэлд 1992 оны 12 сарын 23-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов...Эхийн РД: ***. Овог: Боржигон, эцэг (эх)-ийн нэр: Б, нэр: А гэх бичилттэй бүртгэлийн 9 дугаар төрсний гэрчилгээ зэрэг баримтаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 36 дахь тал)
1991 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлд Эхчүүдэд хүүхдээ асрахад зориулан чөлөө олгох, 83 дугаар зүйлийн 1-д Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд өөрөө хүсвэл хүүхдээ асрахад зориулж хүүхдийг нь хоёр /ихэр бол гурван/ настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Агийн 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Н.А*************дыг асрах чөлөөтэй байсан 2 жилийн хугацааг ажилласан жилд тооцох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.А Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагч, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн хоршоо ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Дарханы Барилгын техник мэргэжлийн дунд сургуулиас 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 01. 1987 оны 09 сарын 01. Дархан хотын Барилга техник мэргэжлийн худалдагчийн ангид авч суралцуулав. Захирлын 1987 оны 10 сарын 15-ны өдрийн 87 тоот тушаалаар. 02. 1988 оны 07 сарын 01. Сургуулиа төгсөж худалдагчийн мэргэжилтэй болсон тул Хөвсгөл Худалдаа бэлтгэлийн удирдах газарт хуваарилав. Захирлын 1988 оны 07 сарын 01-ний өдрийн 66 тоот тушаалаар. 03. 1988 оны 07 сарын 07. Мөрөн хотын ХБТрестийн хүнсний дэлгүүрт худалдагчаар томилон ажиллуулав. ХБТрестийн даргын 1988 оны 07 сарын 20-ны өдрийн 102 тоот тушаалаар. 04. 1991 оны 11 сарын 01. Мөрөн Худалдааны трест татан буугдсан учир Дэлгэрмөрөн хоршооны мэдэлд шилжүүлэв. Мөрөн Худалдааны трестийн даргын 1991 оны 11 сарын 01-ний өдрийн 125 тоот тушаал. 05. 1991 оны 11 сарын 01. Дэлгэрмөрөн хоршоонд худалдагчаар авч ажиллуулав. Дэлгэрмөрөн хоршооны эзний 1991 оны 11 сарын 01-ний 01 тушаал... гэх бичилттэй №263692 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 3-4 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Шинээр сургууль төгсөгчид, зарим хүмүүсийг ажлын шаардлагаар өөрчилж, шилжүүлэн томилох болон түр ажиллагсадыг ажилд томилох тухай Тушаах нь: 1. Худалдааны техникум, ТМС-ийг төгссөн нэр бүхий 12 хүнийг хавсралт жагсаалт №1-ээр...тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох, чөлөөлөх тухай №102 дугаар тушаал, тус тушаалын ...Овог нэр: ...6. Б А, он сар өдөр: 7/YII, ямар ажилд томилогдсон: төв хүнсний худалдагч, тайлбар: III зэрэгтэй... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1990 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ...Тушаах нь: 1. Доорхи нэр бүхий эхчүүдэд хүүхдээ 6 сар хүртэл нь асрах тэтгэмжтэй чөлөөг олгосугай. Албан тушаал: ...3. Худалдагч, овог нэр: Б.А, дикритний амралт: 26/YII-19/IX, ээлжийн амралт: 20/IX-16/IX, гэрчилгээний: 503... гэх бичилттэй Эхчүүдийн чөлөөний тухай №11 дугаар тушаалын архивын хуулбар, 1991 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн ...Тушаах нь: 1. Нэр бүхий эхчүүдэд хүүхдээ 1 нас хүртэл нь асрах чөлөөг хавсралт 1-ээр олгосугай... гэх бичилттэй Тэтгэмжтэй чөлөө олгох тухай №12 дугаар тушаал, тус тушаалын албан тушаал: ...40. Худалдагч, овог нэр: Б.А, гэрчилгээний: 702, төрсөн он сар өдөр: 9.1, төрсөн он сар өдөр: 10.25, эхлэх: 1991.09.01, дуусах: -... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Аймгийн өмч хувьчлалын комиссын 1991 оны 10-р сарын 21-ний өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн Тушаах нь: 1. Бага хувьчлалаар дэлгүүрүүдийг хамт олонд нь өгөх болсон тул ажилчдыг хувийн хэрэг, бусад материалын хамт дэлгүүрийн эздийн мэдэлд 11-р сарын 01-ээр тасалбар болгон шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажилчдыг шилжүүлэх тухай №125 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 8, 35, 10, 11 дэхь тал)
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүртгэлийн 90 дугаартай 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдааны трест Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991 онд, Дэлгэрмөрөн хоршоо 1992-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. Дэлгэрмөрөн хоршоо нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй байна гэх бичилттэй Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 7 дахь тал)
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн хамт олонтой 1988 онд авахуулсан гэрэл зураг, (хавтаст хэргийн 27 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Б, 6. Нэр: А ...14. Ажилладаг байгууллага: Худалдаа бэлтгэлийн трест, ажилд орсон он: 1988, цех тасаг бригад: төв дэлгүүрт, эрхэлдэг ажил: худалдагч...оршдог сум, район: Мөрөн...бүртгэгчийн нэр: Цагаач, 1988 оны 9 дүгээр сарын 19... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 16 дахь тал)
Гэрч Ш.Цгийн ...Б.А бид 1988 оны 07 сард сургууль төгсөж ирээд, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн хүнсний төв дэлгүүрт худалдагчаар орж байсан. Би Завханы худалдааны техникум, Б.А нь Дархан хотын ТМС-ийг төгсөж ирээд хамт нэг байгууллагад орж байсан юм. Үүнээс хойш хамт ажиллаж байтал 1991 оны 11 сард ХБТрест хувьчлагдаж, бид нарын ажиллаж байсан төв дэлгүүр Дэлгэрмөрөн хоршоо болж тийш нь шилжүүлсэн. Эзэн нь Бат-Эрдэнэ гэдэг хүн болж байсан. Бид Дэлгэрмөрөн хоршоонд 1991 оны 11 сараас 1994 оны 03 сарыг дуустал дэлгүүрийн худалдагчаар хамт ажиллаж байсан. Тэгээд би ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Нгийн ...1988 оны 07 сард Б.А нь Дархан хотын ТМС-ийг, миний бие Завхан аймгийн худалдааны техникумыг төгсөөд ирж байсан. Ирээд Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн төв хүнсний дэлгүүрт 1988 оны 07 сараас 1991 оны 11 сар хүртэл хамт ажилласан. Б.А худалдагчаар, би кассчнаар ажиллаж байсан. Ингээд ХТРест татан буугдаж, Дэлгэрмөрөн хоршоо байгуулагдсан. Тус хоршоонд төв хүнсний дэлгүүрийг шилжүүлсэн... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.А өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Б.Агийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагч, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн хоршоо ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай баталгаажилтын хуудсын хуулбар нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно. (хавтаст хэргийн 17, 18, 5 дахь тал)
5. Нэхэмжлэгч Б.Ад холбогдох ажиллаж байсан зарим хугацааны тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Тус аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугааар тушаалын хавсралт, Дэлгэрмөрөн хоршооны баримт тус тус манай архивт шилжиж ирээгүй тул Б.Ад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 11/331 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 6 дахь тал)
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Бийн Агийн Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1988 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагч, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн хоршоо ББХК-д 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА