| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2017/00143/э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2017-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 128
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч прокурор: Б.Баярмагнай,
Шүүгдэгч: Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголмууд овгийн Түвшингийн Бт холбогдох эрүүгийн 1735000000076 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОЗ94120710, Монголмууд овгийн Түвшингийн Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн Наранбулаг сумын “Улаан-Үзүүр” багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Быг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :
1. Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Наранбулаг сумын төвд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай эхнэр Б нь төрөх дөхсөн тул 10 дугаар сарын дундуур аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтсэн. Харин манай 3 хүүхэд Наранбулаг сумын төвд байдаг гэртээ эмээгийнхээ хамт байгаа юм. Би 2017 оны 09 дүгээр сарын эхээр Наранбулаг сумын “Улаан үзүүр” багт отрын жижиг гэрээрээ малаа маллаж байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 23:00 цагийн үед би отрын гэртээ ганцаараа унтаж байтал манай нутгийн Б, Х, Улаанхүү нар нэг мотоцикльтой ирцгээсэн юм. Тухайн үед Х, Б /Б/ нар нь хадамцуу, У эрүүл байсан юм. Тэгээд Б надад “Чи миний малын бэлчээр дээр буучихсан байна. Хоёр хоноод нүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-д “Би нүүнээ” гэж хэлэхэд Б надад “Хутга аваад ир. Би энэ дээр хүзүүг нь хэрчиж хаячихаад явна” гэж хэлээд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа чичсэн. Тэр үед Х, У хоёр салгасан юм. Тэгээд Х өврөөсөө “Улаанбаатар” гэх нэртэй 0,75 литрийн хагас шил архи гаргаж ирээд уг архийг Х, У, Б гурав хувааж уусан. Тухайн архинаас нь би амсаад өгсөн юм. Тэгтэл Б надад “Та намайг Б гэдэг айлд мотоциклоороо дөхүүлээд өгөөч” гэж хэлэхээр нь би Б-г өөрийнхөө мотоцикльд сундлаад, Х, У нар өөрсдийнхөө мотоцикльд суугаад манайд ууж байсан хагас шил архины үлдэгдлээ манай гэрээс явж, 3 орчим километрийн зайд байдаг Б-гийн гэрт очсон. Тэднийд Б, эхнэр хүүхдийнхээ хамт байсан юм. Тэгээд Х архины үлдэгдлээ өврөөсөө гаргаж ирээд Б-д өгсөн. Б тухайн архинаас уугаагүй бөгөөд уг архийг Б, Х нар хувааж ууж дууссан ба би уг архинас уугаагүй юм. Тэгж байтал Б дахин надад “Чи миний бэлчээр дээр буучихлаа” гэж хэлэхээр нь би Б-д “Би бууриа хамгаалаад буучихсан байна. Чи малаа замаасаа урагшаа хариулчих. Харин би замын ар талд нь хариулъя” гэж хэлсэн. Тэгтэл Б намайг “Гараад ир” гэж хэлээд Б ахын гэрээс түрүүлээд гарсан. Тэгэхээр нь би Б-гийн араас гарсан ба Б бид хоёрын араас Х гэрээс гарч ирсэн. Тэгээд Б надад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр намайг хавирч газарт унагаагаад миний цээжин дээр хөлөөрөө өвдөглөөд миний нүүр лүү гараараа олон удаа цохисон. Тухайн үед би Б-д “Болиоч, намайг босго” гэж хэлэхэд Б миний үгийг сонсохгүй намайг цохиод байсан юм. Тэгж байтал Х ирж Б-г татаж над дээрээс салгаж авсан юм. Тэр үед миний хамар, ам хэсгээс цус гарсан. Би босоод Б ахын гэрлүү ороод Б ахад “Б намайг зодчихлоо. Би гэрлүүгээ харилаа” гэж хэлчихээд Б ахын гэрээс гарсан. Тэгээд би гэрлүүгээ харих гээд мотоциклоо асаагаад явах гэж байтал Б гүйж ирээд миний мотоциклийн ард суусан. Тэгээд Х, У, Б бид дөрөв сундалдаад 2 мотоцильтойгоо Б ахын гэрээс доош эргээд манай гэрийг чиглээд явж байтал Б надад “Зогсч бай” гэж хэлээд намайг зогсоосон. Тэгээд би мотоциклоос буутал Б надад “Чи ямар овоо юм бэ” гэж хэлээд миний нүүр лүү гараараа олон удаа цохисон. Тэгж байтал Х, Улаанхүү нар ирээд Б-г татаж бид хоёрыг салгачихаад мотоциклоо асаагаад хөдөлсөн. Тэгтэл Б миний мотоциклийг асаахаар нь би ар талд суугаад явсан юм. Тэгээд Б нь Х, У нараас салаад замаас гараад урагшаа явсан. Тэгхэээр нь би Б-д “Чи хаашаа явж байгаа юм” гэж хэлэхэд Б надад “Чамайг ийшээ хол аваачиж байгаад ална” гэж хэлээд хэсэг явж байгаад Б хээр мотоциклоо зогсоогоод мотоциклиос буусан. Тэгээд надад “Чамайг байтугай төрийн цагдааг би зоддог. Хууль чинь надад үйлчилдэггүй” гэж хэлээд дахин намайг хавирч газарт унагаад над дээр гарч суугаад миний нүүр, нүд рүү гараараа олон удаа цохиод байсан. Тэгэхээр нь би Б-д “Би бие муутай хүн шүү. Би хүнтэй зодолдож чаддаггүй юм” гэж хэлэхэд Б намайг зодохоо болиод миний дээрээс боссон. Тэгээд Б миний мотоциклийг жолоодоод бид хоёр манай гэрлүү явсан юм. Тухайн үед Х, Улаанхүү нар бид хоёр луу ирэхгүйгээр цаашаа яваад өгсөн юм. Б бид хоёр миний мотоциклоор манай гэрт ирээд Б надад “Намайг уучлаарай, гар барья” гэхээр нь би Б-д “Үгүй, би чамтай гар барьж чадахгүй. Чи миний мотоциклийг унаад гэртээ очиж унт” гэж хэлээд гэр лүүгээ орсон юм. Тэгээд би өөрийн эхнэр Б луу утсаар залгаад “Б ирээд намайг зодчихлоо” гэж хэлчихээд унтсан юм. Б-д зодуулсны улмаас миний баруун талын нүд хавдаж хөхөрсөн, мөн зүүн талын шанаа хацар хавдсан, уруул, хамар хавдсан бөгөөд миний толгой өвдөөд, цээжинд хөндүүрлэж өвдөж байна. Намайг Б л зодсон бөгөөд өөр хүн зодож цохиогүй. Би Б-г зодож, цохиогүй. Б бид хоёр өмнө нь 2017 оны 08 дугаар сард малын бэлчээрээс болоод маргалдаж байсан боловч зодолдож байгаагүй юм. Бид хоёрын дунд өр авлага, өс хонзон байхгүй. Б намайг зодож байхад бидний хажууд Х байсан, өөр хүн байгаагүй юм. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд Хгийн өгсөн архинаас нэг хундгыг л уусан юм. Би Б-д зодуулж биедээ гэмтэл авсандаа гомдолтой байна. Надад учирсан хохирлыг Б төлж барагдуулаагүй бөгөөд одоогийн байдлаар эм, тариа хийлгэсэн зардалд 152.970 төгрөг зарцуулсан, үүний баримтууд нь байгаа. Үүнээс гадна би Наранбулаг сумаас Улаангом сумын төв рүү нэг удаа очиж буцаж ирсэн унааны зардал нийт 20.000 төгрөг, мөн би Тариалан сумын төвд байх бариачид очиж толгойгоо бариулахад 60.000 төгрөгөөр бензин хийсэн. Мөн би бариачид 40.000 төгрөг өгсөн бөгөөд нийт 100.000 төгрөгний зардал гарсан юм. Мөн Б нь намайг зодож миний биед хөнгөн гэмтэл учруулсны улмаас надад сэтгэл санааны хохирол учирсан бөгөөд би сэтгэл санааны хохиролдоо 1000000 сая төгрөгийг Б-оос нэхэмжилж байна. Би Б-т гомдолтой байна. Би Б-оос эм тарианы зардал болон сэтгэл санааны зардалд нийтдээ 1.272.970 төгрөг нэхэмжилж байна ” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг / хх-ийн 06-07, 08-р тал/,
2. Гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 40 минутын үед би өөрийн гэрийн ар талд байх нутгийн Х /Н.А/ гэх хүний гэрт очсон юм. Тэгээд Х бид хоёр нутгийн малчин Б-той уулзаж хуц сольж тавих талаар ярилцахаар миний мотоцикльтой Б-гийн гэрт очиход Б “Тэргүүн” нэртэй 0,75 литрийн 1 шил архи гаргаж өгөхөөр нь уг архийг Х, Б хоёр хувааж ууцгаасан. Тэгээд Б дахиад 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй 1 шил архи гаргаж ирээд Х, Б хоёр тэр архинаас тус тус 2 хундгыг уусан юм. Тэгж байтал Х ах “Гурвуулаа манай найз Б-ын гэрт очьё” гэж хэлээд Х ах ууж байсан архиа авч өвөртлөөд Х, Б бид гурав миний мотоцикль дээр сундалдаад би мотоцикль жолоодоод Б-ын гэрт очсон юм. Б гэртээ ганцаараа орон дээрээ хэвтэж байсан бөгөөд Б Б-т “Чи миний бэлчээр дээр буучихсан байна. Хоёр хоноод нүүгээрэй” гэж хэлсэн. Тэгтэл Б “Би нүүчихнэ” гэж хэлсэн. Тэгээд Б, Б хоёр хоорондоо хэрэлдэж байгаад Б нь Б-ыг гараараа нэг удаа чичээд авсан. Тэгэхээр нь Х бид хоёр Б-г татаж салгасан юм. Тэгээд Х өөрийнхөө өврөөс авч ирсэн хагас шил архиа гаргаж, уг архийг Б, Х, Б бид дөрөв ууцгаасан бөгөөд би уг архинаас амсаад хундгыг нь буцааж өгөөд байсан юм. Тэгтэл Б “Бүгдээрээ Б ахын гэрт очьё” гэж хэлээд явахаар болж Х бид хоёр миний мотоцикль дээр, Б, Б хоёр Б-ын мотоцикльд сундалдаад Б ахын гэрт очиход тэднийхэн унтацгааж байсан. Х архины үлдэгдлийг өврөөсөө гаргаж ирээд Б ахад хийж өгтөл Б ах тухайн архинаас уугаагүй юм. Тэгээд үлдсэн архийг Х, Б, Б бид дөрөв хувааж ууцгаасан бөгөөд би уг архийг амсаад өгөөд байсан юм. Тэгж байтал Б Б-т дахин “Чи миний бэлчээр дээр буучихлаа” гэж хэлсэн. Тэгтэл Б Б-д “Чи малаа замаасаа урагшаа хариулчих. Харин би малаа замын ар талд хариулъя” гэж хэлээд тэр хоёр дахин хоорондоо хэрэлдээд Б ахын гэрээс гараад явчихсан юм. Удалгүй гэрийн гадна тэр хоёр чанга чанга дуугараад байхаар нь би Х ахад “Наад хоёр чинь зодолдож байгаа юм шиг байна. Та араас нь гараад харчихаач” гэж хэлэхэд Х ах Б, Б нарын араас гарсан юм. Тэгээд 5 орчим минутын дараа Х ах Б, Б нарыг дагуулчихсан Б ахын гэрт орж ирсэн юм. Тухайн үед Б-ын хамарнаас нь цус гарчихсан, Б-гийн гар нь цус болчихсон байсан. Б Б ахын гэрт орж ирээд “Б намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд Х, бид хоёр миний мотоцикльд, Б өөрийнхөө мотоцикль дээр Б-г сундлаад Б ахынхаас гараад доошоо Б-ын гэрлүү явсан бөгөөд Х бид хоёр урд талд нь гараад явж байгаад хойшоо хартал Б-ын мотоциклийн гэрэл алга болчихсон байсан. Тэгэхээр нь Х бид хоёр эргээд явтал Б, Б хоёр хоорондоо хэрэлдээд Б Б-ыг цохиж байхаар нь Х бид хоёр очиж салгаад “Одоо больцгоо” гэж хэлсэн юм. Тухайн үед Б-ын нүд, нүүр хэсэг нь нэлэнхүйхдээ цус болчихсон байсан юм. Тэгээд тэр хоёр зодолдохоо болиод Б Б-ын мотоциклийг жолоодоод тэр хоёр сундлаад бид дөрөв тэр газраас хөдөлсөн юм. Хэсэг явж байгаад Б, Б хоёр Х бид хоёроос салаад замаас гараад явчихсан тул Х бид хоёр шууд яваад Х-г гэрт нь хүргэж өгчихөөд би гэрлүүгээ явчихсан юм. Х бид хоёр Б-ыг зодож цохисон зүйл байхгүй. Х бид хоёр Б, Б хоёрыг салгасан бөгөөд би тухайн үед эрүүл байсан юм. Б Б-ыг зодоод байснаас Б нь Б-г зодсон зүйл байхгүй. Тухайн үед Б, Х нар нэлээд согтсон байсан. Харин Б тухайн өдөр архинаас бага зэрэг л амсаад өгөөд байсан тул Б нэг их согтоогүй, бараг л эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р тал/,
3. Гэрч Н.А /Х/-ы мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 40 минутын үед би гэртээ байтал манай нутгийн У гэх хочтой О манайд ирсэн юм. О бид хоёр нутгийн малчин Б-той уулзаж хуцаа сольж тавих талаар ярилцахаар О мотоциклиор Б-гийнд очсон. Б гэртээ “Тэргүүн” нэртэй 0,75 литрийн 1 шил архи гаргаж задалсныг нь Б, бид хоёр хувааж уусан. Б дахиад 0,75 л-ийн “Улаанбаатар” архи 1-ийг гаргаж ирээд Б, бид хоёр тэр архинаас тус тус 2 хундагыг л уусан. Тэгээд би Б, О хоёрт “Гурвуулаа манай найз Б-ын гэрт очьё” гэж хэлэхэд тэр хоёр зөвшөөрч би ууж байсан архиа авч өвөртлөөд О, Б бид гурав О мотоцикль дээр сундалдаад Б-ын гэрт очсон. Б гэртээ ганцаараа орон дээрээ хэвтэж байсан юм. Б ороод Б-т хандан “Чи миний бэлчээр дээр буучихсан байна. Хоёр хоноод нүүгээрэй” гэж хэлэхэд Б “Би нүүчихнэ” гэж хэлсэн. Тэгээд Б, Б хоёр хоорондоо муудалцаад Б Б-ыг гараараа нэг удаа чичсэн. Тэр үед нь О бид хоёр Б-г татаж холдуулсан. Тэгээд би өврөөсөө хагас шил архиа гаргаж уг архийг Б, Б, О бид дөрөв ууцгаасан. О, Б хоёр уг архинаас амсаад өгөөд байсан юм. Тэр үед Б “Бүгдээрээ Б ахын гэрт очьё” гэж хэлэхээр нь бид зөвшөөрч О бид хоёр О мотоцикльд, Б, Б хоёр Б-ын мотоцикльд сундалдаад бид дөрөв Б ахын гэрт очсон юм. Б ахынхан унтацгааж байсан бөгөөд би нөгөө архины үлдэгдлийг өврөөсөө гаргаж Б ахад хийж өгсөн боловч Б ах тухайн архинаас уугаагүй юм. Тэгээд тэр архийг Б, Б, О бид дөрөв хувааж ууцгаасан бөгөөд О, Б хоёр тухайн архинаас мөн амсаад өгөөд байсан. Тэгж байтал Б Б-т “Чи миний бэлчээр дээр буучихлаа” гэж хэлэхэд Б “Чи малаа замаасаа урагшаа хариулчих, харин би малаа замын ар талд хариулъя” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо дахин хэрэлдээд Б ахын гэрээс гараад гэрийн гадна чанга чанга дуугараад байсан юм. Тэгтэл О надад “Наад хоёр чинь зодолдож байгаа юм шиг байна. Та араас нь гараад ир” гэж хэлэхээр нь би гэрээс Б, Б нарын араас гарахад Б Б-ыг цохиж байсан юм. Би Б-г татаж салгасан бөгөөд тухайн үед Б-ын хамарнаас цус гарч байсан. Тэгээд Б, Б нарыг дагуулж Б ахын гэрт ороход Б гэрт байсан хүмүүст “Б намайг зодчихлоо” гэж хэлж байсан. Тэгээд бид нар Б ахын гэрээс гараад би О мотоцикльд сундалдаад, Б өөрийнхөө мотоцикль дээр Б-г сундлаад Б-ын гэрлүү явцгаасан юм. Тэгээд О бид хоёр урд талд нь гараад явж байгаад хойшоо хартал мотоциклийн гэрэл алга болчихсон юм. Тэгэхээр нь О бид хоёр эргээд явтал Б, Б хоёр хоорондоо муудалцаад Б Б-ыг гараараа цохиж байхаар нь О бид хоёр очоод салгасан. Тухайн үед Б-ын нүд, нүүр хэсэг нь нэлэнхүйдээ цус болчихсон байсан юм. Тэгээд Б Б-ын мотоциклийг жолоодоод тэр хоёр, Х бид хоёр мотоцикльдоо суугаад бид дөрөв тэр газраас хөдөлсөн юм. Тухайн үед шөнийн 01:00 цаг орчим болж байсан бөгөөд Б, Б хоёр бид хоёроос салаад замаас гараад явчихаар нь О бид хоёр гэрлүүгээ явчихсан юм. Б нь Б-г зодсон зүйл байхгүй. Тухайн үед Б, бид хоёр нэлээд согтсон байсан. Харин Б нь тухайн үед архинаас бага зэрэг л амсаад өгөөд байсан тул нэг их согтоогүй бараг л эрүүл байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
4. Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б бид хоёр нэг нутгийн хүмүүс бөгөөд найзалж нөхөрлөөд 14 гаруй жил болж байна. Б нь Увс аймгийн Наранбулаг сумын харъяат хүн юм. Зан аашийн хувьд, тайван, дөлгөөн, илүү дутуу зангүй хүн юм. Б одоогоор Наранбулаг сумын 1-р багт эхнэр, 1 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. Б нь урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байгаагүй бөгөөд хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьдаггүй, ямар нэгэн хорт муу зуршилгүй, утаат тамхи татдаггүй хүн юм. Б нь эд хөрөнгийн хувьд 100 гаруй бог мал, 2 адуу, 4 үхэртэй юм. Б бие эрүүл мэндийн хувьд хэвийн, ямар нэгэн өвчингүй хүн. Б нь морь, малд сонирхолтой, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, аливаа зүйлд шударга ханддаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
5. Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №709 дугаартай шинжээч эмчийн: “Иргэн Б.Б-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хамар яс хугарсан, зүүн хацар, эрүүнд зулгаралт, цээжний баруун тал, хоёр нүдний эргэн тойрон хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/,
6. Шүүгдэгч Б.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р тал/,
7. Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн засаг дарга Ц.Магсаржавын 2017.11.06-ний өдрийн 672 тоот тодорхойлолт /хх-ийн 29-р тал/,
8. Хохирогч Б.Базарын эмчилгээ, эм тарианы зарлагын баримт /хх-ийн 31-р тал/,
9. Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18:00 цагийн үед манай гэрт манай нутгийн А /Х/, О /У/ нар ирсэн тул би “Тэргүүн” нэртэй 0,75 литрийн 1 шил архи гаргаж задалсан юм. Тэгээд уг архийг А бид хоёр хувааж ууцгаасан ба би дахиад 1 шил “Улаанбаатар” архи задалсан. Уг архинаас А бид хоёр тус тус 2 хундгыг уусан юм. Тэр үед А нь “Гурвуулаа манай найз Б-ын гэрт очьё” гэж хэлэхэд бид хоёр зөвшөөрсөн. Тэгээд А ууж байсан архиа авч өвөртлөөд О бид гурав О мотоцикль дээр сундалдаад явсан юм. Б-ын гэрт очиход Б гэртээ ганцаараа орон дээрээ хэвтэж байсан бөгөөд би Б-т “Чи миний бэлчээр дээр буучихсан байна, хоёр хоноод нүүгээрэй” гэж хэлсэн. Тэгтэл Б надад “Би нүүчихнэ” гэж хэлээд бид хоёр уг асуудлаас болж хоорондоо маргалдсан юм. Тэр үед А авч ирсэн хагас шил архиа гаргаж хундагалсан бөгөөд уг архийг А, Б, О бид дөрөв ууцгаасан бөгөөд О архинаас амсаад хундгыг нь буцааж өгөөд байсан юм. Тэгээд би “Бүгдээрээ Б ахын гэрт очьё” гэж хэлээд О, А хоёр О мотоцикль дээр, Б бид хоёр Б-ын мотоцикльд суугаад Б ахын гэрт очиход тэднийхэн унтацгааж байсан. Тэгээд А архины үлдэгдлийг өврөөсөө гаргаж ирээд Б ахад хийж өгтөл Б ах тухайн архинаас уугаагүй тул үлдсэн архийг А, Б, О бид дөрөв хувааж ууцгаасан юм. О мөн л уг архийг амсаад өгөөд байсан юм. Тухайн үед би Б-т дахин “Чи миний бэлчээр дээр буучихлаа” гэж хэлэхэд Б надад “Чи малаа замаасаа урагшаа хариулчих, харин би малаа замын ар талд хариулъя” гэж хэлээд бид хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн юм. Тэгээд Б бид хоёр Б ахын гэрээс гараад хоорондоо маргалдаж байтал Б над уруу гараа далайх шиг болсон. Тэгэхээр нь би Б-ыг гараараа цохиж унагаагаад дээр нь гараад баруун гараараа гурван удаа цохисон юм. Тэгж байтал А гэрээс гарч ирээд намайг татаж салгасан бөгөөд тухайн үед Б-ын хамарнаас нь цус гарч байсан. А Б бид хоёрыг дагуулж Б ахын гэрт орсон бөгөөд Б Б ахын гэрт ороод “Б намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд бид нар Б ахын гэрээс гараад О, А хоёр О мотоцикльд, Б өөрийнхөө мотоцикль дээр намайг сундлаад доошоо буюу Бын гэрлүү явцгаасан юм. Би тухайн үед нилээн согтсон, бараг тасарчихсан байсан бөгөөд ухаан санаа минь орж гараад байсан юм. Гэнэт ухаан ороход Б-ын гэрийн гадна ирихсэн, би Б-тай гар бариад зогсож байсан юм. Тэгээд би Б-ын мотоциклийг жолоодоод гэрлүүгээ явж гэртээ очиж амарсан юм. Би тухайн өдөр Б ахын гэрээс гарснаас хойш болсон явдлыг санахгүй байна. Би Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Б-т учирсан бодит хохирлыг төлөхөд бэлэн байгаа бөгөөд Б надаас нэхэмжилсэн мөнгийг би зарлагын баримтын дагуу шүүх хурал болсны дараа төлнө. Тухайн үед Б намайг зодож, цохисон зүйл байхгүй. Би Б-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд би Б-аас уучлалт гуйсан байгаа. Би Б-т учирсан хохирлыг төлж барагдуулна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны шөнө Увс аймгийн Наранбулаг сумын “Улаан-Үзүүр” багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрээс болж маргалдан, улмаар хохирогч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Б.Б, гэрч Б.О, Н.А нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Б-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №709 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын биед тархины доргилт, хамар яс хугарсан, зүүн хацар , эрүүнд зулгаралт, цээжний баруун тал, хоёр нүдний эргэн тойрон хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эм тариа, сэтгэл санааны болон бусад зардалд нийт 1.272.970 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи хангалттай нотлох баримт авагдаагүй байна. Иймд хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б-т ял шийтгэхэд хуулинд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч гэм буруугаа ойлгож гэмшсэн байдал, хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан торгох ял шийтгэх нь зохистой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Т-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Т.Б-оос гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч , дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН