| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00186/И |
| Дугаар | 155/ШШ2024/00453 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2024/00453
| 2024 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2024/00453 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Б
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2024/00186/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агрономын факультетийг агрономич мэргэжлээр төгсөөд, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд 1993 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл технологич мэргэжилтнээр ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Тухайн үед намайг өглөө ажилдаа ирэхэд цэргийн албанд татагдсан зарлан дуудах хуудас ирж, тэр өдрөө цэрэгт шууд явсан. Тэгээд 1994 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаад, өмнө ажиллаж байсан байгууллагадаа үргэлжлүүлэн 1995 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл дэд ажилтнаар ажилласан. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол миний цэрэгт явах үеийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цэргээс ирээд ажилд орсон тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан хугацаагаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд намайг Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд 1993 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд технологич, мэргэжилтнээр, Хүнс хөдөө аж ахуйн харьяа Ургамал хамгааллын улсын албанд 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл дэд ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ажилд томилох тухай №43 дугаар тушаалын хуулбар, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Ургамал хамгааллын улсын албаны даргын 1994 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Нийтийн тээврийн автобус троллейбусны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай №62 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын хуулбарууд, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1995 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тухай №02 дугаар тушаалын хуулбар болон дээрх баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4416 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл-ийн хуулбар зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3, 4-7, 23-26, 8, 9 дэхь тал)
3. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Л.Бы ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлэн Х.Б, Б.М нараас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 22, 32-37, 38-42, 51, 55-57 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Б өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хүсэлт тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Л.Б Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд 1993 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд технологич, мэргэжилтэн, Хүнс хөдөө аж ахуйн харьяа Ургамал хамгааллын улсын албанд 1994 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд дэд ажилтнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ...Тушаах нь: 1. ХААИС-ийг 1993 онд агрономч мэргэжлээр төгссөн Л овогтой Быг 1993 оны 04 сарын 08-наас...технологич мэргэжилтнээр...томилсугай гэх бичилттэй Ажилд томилох тухай №43 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 23 дахь тал)
Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Ургамал хамгааллын улсын албаны даргын 1994 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ...Тушаах нь: 2. Нийтийн тээврийн автобус троллейбусаар ажилдаа зайлшгүй явах шаардлагатай ажилтан, ажилчдын жагсаалтыг /хавсралт №1, 2-аар/ баталсугай... гэх бичилттэй Нийтийн тээврийн автобус троллейбусны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай №62 дугаар тушаал, тус тушаалын 1994 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 62 тоот тушаалын хавсралт №01. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн: 31. Л.Б гэх бичилттэй хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, (хавтаст хэргийн 24-25 дахь тал)
Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1995 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн ... Тушаах нь: ...2. Шавьж судлалын секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Л овогтой Быг өөрийн нь хүсэлтээр 1995 оны 1 дүгээр сарын 02-ноор тасалбар болгон эрдэм шинжилгээний дэд ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тухай №02 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 26 дахь тал)
Гэрч Б.Мын ...Л.Б нь 1993 оны 4 дүгээр сард ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөж ирээд, Ургамал хамгааллын улсын албаны үйлдвэр технологийн хэсэгт мэргэжилтнээр томилогдон ажилласан. Тухайн оны 06 сард хугацаат цэргийн албанд татагдаад алба хааж дуусаад 1994 оны 06 сард тухайн газартаа ажилдаа буцаж орсон. Ингээд 1994 оны 12 сарыг дуустал ажиллаж байгаад төрсөн нутаг Хөвсгөл аймаг руу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн явсан... гэх мэдүүлэг, гэрч Х.Бгийн ...1993 онд сургууль төгсөөд Улаанбаатар хотод Ургамал хамгааллын улсын албанд хамт ажилд орсон. Нэг тушаалаар орж байсан... бид хоёр үйлдвэр технологийн хэсэгт технологичоор ажиллаж байсан...1993-1995 он хүртэл жил гаран хамт ажилласан. Дунд нь Л.Б цэрэгт явсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 40, 56 дахь тал)
Нэхэмжлэгч Л.Бы шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Харин Л.Бы Хүнс хөдөө аж ахуйн харьяа Ургамал хамгааллын улсын албанд 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд дэд ажилтнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан талаар баримт байхгүй, гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Л.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Л.Бы Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд 1993 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд технологич, мэргэжилтэн, Хүнс хөдөө аж ахуйн харьяа Ургамал хамгааллын улсын албанд 1994 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд дэд ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хүнс хөдөө аж ахуйн харьяа Ургамал хамгааллын улсын албанд 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд дэд ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 1993 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ажилд томилох тухай №43 дугаар тушаалын хуулбар, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Ургамал хамгааллын улсын албаны даргын 1994 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Нийтийн тээврийн автобус троллейбусны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай №62 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын хуулбар, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлын 1995 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тухай №02 дугаар тушаалын хуулбар, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэдээлэл-ийн хуулбар зэрэг баримтууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, хавтаст хэрэгт давхар авагдсан, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбарууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 4-7, 9, 14-17 дахь тал)
8. Л.Б 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1994 оны 6 дугаар сарын 25-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 8 дахь тал)
9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харуулынхан овогт Лийн Бы Хүнс, Хөдөө аж ахуйн яамны харьяа Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд 1993 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд технологич, мэргэжилтэн, Хүнс хөдөө аж ахуйн харьяа Ургамал хамгааллын улсын албанд 1994 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд дэд ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,
түүний Хүнс хөдөө аж ахуйн харьяа Ургамал хамгааллын улсын албанд 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд дэд ажилтнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА