Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00452

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2024/00452

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Б

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2024/00432/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал оролцлоо.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1992 онд 10 дугаар анги төгсөөд, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ББХК-д 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн. Би 2024 оны 9 дүгээр сард тэтгэвэрт гарах юм.

Иймд П.Б миний Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн- Ундарга ББХК-д 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлгийн хуулбар, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3/51 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Бийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ББХК-д ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийн 234 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтын хуулбар, эх хувь, П.Бт А.У.Х.К-иас 1994 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3/46 дугаар албан бичиг зэрэг баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-9, 25, 10, 37 дахь тал)

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Б, Ц.С нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 26, 28-32 дахь тал)

4. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Бийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын паспорт авах өргөдөл, иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас П.Бт холбогдох тушаал шийдвэр байгаа эсэх лавлагааг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14-18, 19-20 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хүсэлт зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч П.Б Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ББХК-д 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,

П.Бт 1994 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр А.У.Х.К-иас олгосон 1993 оны 1 дүгээр сараас 1994 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны хөдөлмөрийн хөлсний мэдээ-ний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, (хавтаст хэргийн 10 дахь тал)

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 3/51 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн П.Бийн 1993 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ББХК-д ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 4-8 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Аригийн-Ундарга ББХК 1992, 1993, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх бичилттэй бүртгэлийн 234 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 25 дахь тал)

Гэрч Ц.Бгийн ...П.Б нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын сургуулийн 10-р ангийг 1992 онд төгсөөд Аригийн-Ундарга компанид малчин, саальчнаар 1992 оны 07 сарын үеэс 1995 он хүртэл...тасраагүй ажилласан ...Би 8-р анги төгсөөд 1983 оноос Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдэлд мал маллаж байгаад 1992 оноос Аригийн-Ундарга компанид орж ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Сын ...П.Б нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн Ундарга ББХК-д малчин, саальчнаар 1992 оны 07 сараас 1995 он хүртэл...тасраагүй ажилласан...Би Лениний алдар нэгдэлд 1988-1993 онд, Аригийн-Ундарга ББХК-д 1993-1994 онд үхэрчин, малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 28-32 дахь тал)

Нэхэмжлэгч П.Бийн шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Харин П.Бийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ББХК-д 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний баримт, хөдөлмөрийн дэвтэрт дээрх хугацааны цалин хөлс бичигдээгүй, гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй. (хавтаст хэргийн 6-8, 10 дахь тал)

Мөн дээрх хугацаанд ажиллаж байсан талаар холбогдох тушаал шийдвэр байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Тус аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдлийн даргын 1990-1991 оны тушаал шүүж үзэхэд П.Бтэй холбоотой баримт байхгүй, Аригийн-Ундарга ХХК-ийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/324 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Пын Бийн Аригийн-Ундарга бүрэн бус хариуцлагатай компанид ажиллаж байсан 1992 оны цалингийн баримт байхгүй гэх бичилттэй 3/46 дугаар албан бичиг зэрэг баримтаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 19-20, 37 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч П.Б өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд П.Бийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ББХК-д 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ББХК-д 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийн 234 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтын хуулбарууд нотариатчаар гэрчлэгдээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын паспорт авах өргөдөл, иргэний үнэмлэх авах өргөдлийн архивын хуулбарууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 3, 15-18 дахь тал)

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөхөө харуул овогт Пын Бийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ББХК-д 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн-Ундарга ББХК-д 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА