Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2024/0087

 

 

     2024          01          24                                    128/ШШ2024/0087

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Бат учралт од” ХХК, РД:5773393, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шижирболд, өмгөөлөгч Х.Ургаа,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шижирболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ургаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/246 дугаар тушаалаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Баянцагааны даваанд 23010мкв газрыг “Бат учралт од” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалаар “... ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “Бат учралт од” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

1.3. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “Бат учралт од” ХХК нь 2020 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасны дагуу сайдын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/246 дугаар тушаалаар тус компанид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Баянцагааны давааны хязгаарлалтын бүсэд 23010 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар “аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглуулахаар эрх олгосон, мөн тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 0201447 дугаартай гэрчилгээг тус тус олгосон. Үүнээс хойш цар тахлын улмаас улс орныг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хөл хорио тогтоосны улмаас газар ашиглах гэрээ байгуулахад талууд хугацаа алдаж 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дээрх тушаал, гэрчилгээг үндэслэн “Бат учралт од” ХХК нь Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Налайх дүүргийн Засаг дарга нартай харилцан тохиролцож 2022/37 тоот “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” гэрээг байгуулсан. Мөн тус компани нь газрын төлбөрт дээрх хугацаанд нийт 7,656,840 төгрөгийг төлж Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр газрын төлбөрийн тооцоо нийлсэн №01113-2020/03381 тоот актыг үйлдээд байна. Манай компани нь газраа зориулалтын дагуу ашиглаж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалаар “газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлээр манай газар ашиглах эрхийг хүчингүй болгож, аялал жуулчлалын бааз байгуулах үйл ажиллагааг гацаагаад зогсохгүй бидэнд олон зуун сая төгрөгийн хохирол учрууллаа. Манай компани тухайн газарт байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар нутагтай танилцах, аялах, амрах зорилгоор 2022-2023 онуудад хамт олноороо түр буудаллан аяны майхан барьж отог үүсгэн ашиглаж байсан бол 2020-2021 онд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас Монгол Улсад  тахлын улмаас Монгол Улсад удаа дараагийн хөл хориог Улсын онцгой комиссоос тогтоосноор бид хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газраа дээрх хугацаанд ашиглаж чадаагүй. Харин 2022-2023 онд бид газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэл ажлаа эхэлж Барилгын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу аялал жуулчлалын зориулалттай баазын барилгын ажлыг эхлүүлэхийн тулд зураг, төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэн, архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж, цахилгааны техникийн нөхцөл авах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагуудаас үе шаттайгаар авахаар ажиллаж байсан болно.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэр”-ийг үндэслэн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/246 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Баянцагааны давааны хязгаарлалтын бүсэд “Бат учралт од” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш жил ашиглаагүй тул Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 23010 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийг хүчингүй болгосугай” гэжээ.

Сайдын А/500 дугаар тушаалын “... газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоёроос дээш жил ашиглаагүй...” гэх хэсэг нь илт үндэслэлгүй тухайд нэхэмжлэгч “Бат учралт од” ХХК нь дараах хоёр шалтгааны улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаантайгаар одоог хүртэлх хугацаанд ашиглах эрх бүхий газар дээрээ аялал жуулчлалын баазын барилгын ажлыг эхлүүлээгүй байна. Үүнд:

А/ Маргаан бүхий дээрх 23010 м.кв талбай бүхий газрыг хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/246 дугаар тушаалаар нэхэмжлэгч манай компанид 5 жилийн хугацаатайгаар, “аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу манай компани газар дээрээ аялал жуулчлалын зориулалт бүхий баазын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлыг Монгол Улс дотооддоо алдсаны улмаас Засгийн газрын 7 удаагийн тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд улс орныг “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” буюу улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоож байсан. Харин 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Засгийн газрын 5 удаагийн тогтоолоор улс орныг “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлсэн. Ингээд бид 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Улсын онцгой комисс болон Монгол Улсын Засгийн газрын удаа дараагийн тогтоолоор Монгол Улсыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн буюу хатуу хөл хорио тогтоосны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломж бүрдээгүй, энэ нь нийтэд илэрхий үйл баримт болно.

Б/ Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дээрх нөхцөл байдал арилсан тул аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бий болсон. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж хуульчилсан байх бөгөөд бид тухайн газрынхаа ашигтай чанар буюу байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан чанарыг ашиглан иргэдийг аялж зугаалах, амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн аялал жуулчлалын бааз байгуулах зорилготой байгаа бөгөөд ингэхийн тулд Барилгын тухай хуулийн 22-30 дугаар зүйлд зааснаар, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д зааснаар аялал жуулчлалын баазын барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих үүрэггүй ба энэ үүргээ биелүүлэхээр өнгөрсөн хугацаанд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

- 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Аялал жуулчлалын баазын барилгын зураг, төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Скайлайн дизайн” ХХК-тай 420,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, төлбөрийг “Өсөх дэнж” хотхоны орон сууцаар бартераар төлж, зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн,

- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 15,000,000 төгрөгөөр хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан,

- Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг эрх авсан мэргэжлийн байгууллагаар хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан,

- Газар ашиглах гэрчилгээний төлбөрт 27,500 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2020 оны 04 дүгээр сард төлж, гэрчилгээгээ авсан,

- Газрын төлбөрт дээрх хугацаанд нийт 7,656,840 төгрөгийг төлж Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр газрын төлбөр тооцоо нийлсэн №01113-2020/03381 тоот актыг үйлдээд байна.

- Хог хаягдлын төлбөрт 600,000 төгрөгийг Налайх дүүргийн Хот тохижилтын газарт төлбөрийг төлсөн,

- Хот байгуулалтын хөгжлийн газар, Нийслэлийн ерөнхий архитектураар 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр МЗХ2023/24-005 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг батлуулсан.

Манай компани газар ашиглалтын талаарх явцын мэдээллээ тухай бүр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллага болох Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлж байсан. Мөн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр албан бичгээр газар дээрээ хашаа барьж, үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хүсэхэд хамгаалалтын захиргааны даргын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 446 тоот албан бичгээр “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсны дараа дахин хандана уу” гэх хариуг өгсөн. Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газрын МЗХ2023/24-005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар 2023 оны 07 дугаар сард батлагдсан тул бид цахилгааны техникийн нөхцөлөө авах, мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн баазын зураг төслөө холбогдох төрийн байгууллагаар батлуулсны дараа барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байсан болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны акт байх бөгөөд манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон энэхүү захиргааны актаа яамны зүгээс бидэнд огт мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, мөн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж заасныг тус тус зөрчжээ. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаал нь нэхэмжлэгч “Бат учралт од” ХХК-ийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35, 36, 361, 362, 37, 38, 40.4.1, Барилгын тухай хуулийн 22-30, Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 43.1, 43.2-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шижирболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Бат Учралт Од ХХК нь 2020 оны 4 сарын 10-ны өдрийн А/246 дугаар тушаалаар Бат Учралт Од компани Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2,3 га газрыг 5 жилийн хугацаатай аялал жуулчлалын зориулалтаар олгох сайдын тушаал гарсан. Энэ тушаалын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ТХГН газар ашиглах 0201446 дугаар гэрчилгээг мөн Байгаль орчин аялал зүйн яамнаас авсан. Үүнээс хойш цар тахлын улмаас 2020 оны 4 сараас хойш улс орон бүхий нийтийн бэлэн байдал зэрэгт шилжсэн. Хөл хорио тогтоосны улмаас газар ашиглах гэрээ байгуулах талууд хугацаа алдаж 2022 оны 5 дугаар сард газар ашиглах гэрээг Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргаа Налайх дүүргийн Засаг даргатай хамтран газар ашиглах гэрээг байгуулсан. Газар ашиглах гэрээ байгуулмагц газрын төлбөр болох 7,656,480 төгрөгийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлөөд газрын төлбөр тооцоо нийлсэн 20/0380 дугаартай актыг үйлдсэн. Үүнээс харахад манай компани газрын гэрээгээ байгуулангуут газрын бүх төлбөр тооцоогоо хийж акт үйлдсэн. Манай компани газраа зориулалтын дагуу ашиглаж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/500 дугаар тушаалаар газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглахыг хүчингүй болгож аялал жуулчлалын бааз байгуулах үйл ажиллагааг гацаагаад зогсохгүй бидэнд олон зуун сая төгрөгийн хохирол учруулсан. Манай компани тухайн газарт байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр Горхи тэрэлжийн байгалийн, орон нутаг, газар нутагтай танилцах, аялах, амрах зорилгоор 2022 оны 2023 онуудад хамт олноороо түр буудаллан аяны майхан хэлбэрээр барьж огторгуй үүсгэн тухайн газар дээрээ 2-3 удаа очиж ашиглаж амарч байсан. Мөн 2020-2021 онуудад ирвэл дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлын улмаас Монгол Улсын удаа дараагийн хөл хорио УОК-оор тогтоосон. Тогтоосноор бид хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газар дээрээ дээрх хугацаанд ашиглаж чадаагүй. Харин 2022-оос 2023 онуудад бид газрын зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэл ажлаа эхэлж, барилгын тухай хууль, Тусгай хамгаалалттай газрын тухай хуульд заасны дагуу аялал жуулчлалын зориулалттай баазын барилгын ажлыг эхлүүлэхийн тулд зураг төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлэн архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж цахилгааны техникийн нөхцөл авах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагуудаас үе шаттайгаар авахаар ажиллаж байсан. Нэхэмжлэлийн үндэслэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 сарын 15-ны өдрийн А500 дугаар тушаалыг тушаалын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн нэг дэх хэсэг 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газрын тухай хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/247 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр цуцалсан. Горхи тэрэлжийн газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн ААН-ийн 2,3 га талбай бүхий газрыг ашиглахыг хүчингүй болгох болгосугай гэжээ. Сайдын 56 дугаар тушаалын газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэх эсэхийг илт үндэслэлгүй талаар нэхэмжлэгч Бат учралт Од ХХК нь дараах 2 шалтгааны улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаантайгаар одоог хүртэл хугацаанд ашиглах эрх бүхий газар дээр аялал жуулчлалын баазын барилгын ажил эхлүүлээгүй байна гэжээ. Үүнд маргаан бүхий дээрх 2,3 га талбай бүхий газрыг хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаар тушаалаар нэхэмжлэгч манай компани 5 жилийн хугацаатайгаар аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсний дагуу газар дээрээ аялал жуулчлалын зориулалт бүхий баазын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахлыг Монгол Улс дотроо алдсаны улмаас ЗГ-ын 7 удаагийн тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд улс орны бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу улсын хэмжээнд хатуу хөл хориотой байсан. Харин 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дуусах хугацаанд ЗГ-ын 5 удаагийн тогтоолоор улс орны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Ингээд бид 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд УОК болон Монгол Улсын ЗГ-ын удаа дараагийн тогтоолоор Монгол Улсын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн буюу хатуу хөл хорио тогтоосны улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломж бүрдээгүй. Энэ нь нийтэд илэрхий үйлдэл үйл баримт болно.  2022 он 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх нөхцөл байдал арилсан тул бид ААН үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бий болсон. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч эзэмшигч байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг гэж хуульчилсан байх бөгөөд бид тухайн газрынхаа ашигтай чанар буюу байгалийн үзэсгэлэнт бүрдсэн сайхан чанарыг ашиглан иргэдийг аялж зугаалах, амрах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн аялал жуулчлалын бааз байгуулах зорилготой байгаа бөгөөд ингэхийн тулд Барилгын тухай хуулийн 20-30 дугаар зүйл, мөн Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д тус тус зааснаар аялал жуулчлалын баазын барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл зөвшөөрлийн дагуу барих үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхээр өнгөрсөн хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд,

2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр аялал жуулчлалын баазын барилгын зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгэхээр Скай дизайн компанитай 420 сая төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулж төлбөрийг хотхоны орон сууцаар бартераар төлж зураг төсөл боловсруулах ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 15 сая төгрөгөөр хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан. Байгаль орчны хамгаалах менежментийн төлөвлөгөөг эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсан. Газар ашиглах гэрчилгээний төлбөрт 27500 төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2020 оны 4 дүгээр сард төлж газар ашиглах гэрчилгээг гардан авсан. Газрын төлбөрт дээрх хугацаанд нийт 7,656,840 төгрөгийг төлж нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр газрын төлбөр тооцоо нийлсэн актыг үйлдсэн. Хог хаягдлын төлбөрт Налайх дүүрэгт 600000 төгрөгийг төлсөн. Хот байгуулалт хөгжлийн газрын Нийслэлийн Ерөнхий архитектур хот байгуулалт хөгжлийн газар Нийслэлийн Ерөнхий архитектураар 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр аялал жуулчлалын бааз байгуулах архитектур төлөвлөлтийн А даалгавраа бид нар батлуулан гаргаж авсан. Манай компани, газар, ажилтны талаар явцын мэдээллээ тухай бүр Байгаль орчин, аялал жуулчлалын яам түүний харьяа байгууллага болох Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлж байсан. Мөн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр албан бичгээр газар дээрээ хашаа барьж үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрлийг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хүсэхэд Хамгаалалтын захиргааны даргын 2023 оны 9 сарын 4-ний өдрийн 440 дугаар тоот албан бичгээр барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авсны дараа дахин хандана уу гэх хариуг өгсөн. Гэтэл Хот байгуулалт хөгжлийн газрын 24005 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар 2023 оны 7 дугаар сард батлагдсан тул бид цахилгааны тээврийн төслөө авах мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн баазын зураг төслөө холбогдох төрийн байгууллагуудаар батлуулсны дараа барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд ажиллаж байсан болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Маргааны гол асуудал 2023 оны 9 сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалтай маргаж байгаа. А/500 дугаар тушаалын гол үндэслэл Газрын тухай хуулийн 41.6-д зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй юм. Газрын тухай хуулийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээ ашиглана гэж заасан. Тэгэхээр гэрээ яг хэзээ байгуулагдсан бэ гэдэг нь чухал ач холбогдолтой. Гэрээ 2022 оны 5 сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ байгуулагдсанаар 2022 оны 5 сарын 10-наас энэ үйл ажиллагаа эхэлж бичиг цаас бүрэн болж 2023 оны 9 сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдсанаас хойш нэг жил 3 сарын дараа ямар ч үндэслэлгүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг. Тэгэхээр гэрээ байгуулаад 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 сарын 31-ний 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай гээд 40.1-ийн дах заалтыг тайлбарласан. Зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууллагын зам талбай бариагүй тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно гээд зохицуулчихсан. Гэтэл энэ 500 дугаартай тушаал өөрөө гэрээ байгуулахаас хойш нэг жил 3 сарын хугацаанд гаргаж байгаа. Яг хэдийгээр тухайн газар дээр модон хашаа бариад барьчихсан байгаа нь өөрөө аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлж байгаа асуудал биш. Скай Ланд, Цагаан-Уул, Оргил гээд энэ компанитай тодорхой гэрээнүүд хийгээд улмаар аялал жуулчлалын баазтай холбоотой төслөө хэрэгжүүлэх бааз барих мөн нэхэмжлэлд дурдсан 400 гаруй сая төгрөгийн зардал гаргаад энэ үйл ажиллагаагаа хийсэн нь өөрөө тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Тэрнээс заавал газрыг ухаад сэндийлээд явуулах ойлголт биш. Тушаалын 40.1.6-г юу гэж ойлгох ёстой вэ гэхээр Газрын тухай хуулийн 27.1-д зааснаар гэрээгээ байгуулж байж энэ газар чинь ашиглах эрх нь нээгдэнэ. Гэрээ байгуулснаас хойш 40.1.6-г болохоор Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа гэрээ байгуулснаас хойш энэ хугацаагаа тоолох тухай тайлбар гаргасан. Тийм учраас 2023 оны 9 сарын 25-ны өдрийн А/500 тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлд дурдаж байгаа ковид гэдэг өвчин угаасаа илэрхий үйл баримт. Ковидын үед хүмүүс ямар нэгэн ажил төрөл хийх нь битгий хэл Монгол Улс 100 жилийнхээ төрийн наадмаа хойшлуулж байсан. Тэгэхээр өнөөдөр энэ нөхцөл байдлууд бас нөлөөлсөн. Гэхдээ гол зохицуулалт бол гэрээ байгуулагдсанаас хойш 2 жилийг яаж тоолох вэ гэдгийг дээд шүүх тайлбарласан. Тийм учраас хариуцагч сайдын 2023 оны 9 сарын 25-ны өдрийн А/500 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Бат учралт од” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/500 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны А/246 дугаар тушаалаар “Бат учралт од” ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Баянцагааны давааны хязгаарлалтын бүсэд 23010 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/500 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 тоот санал, газар дээр нь үзлэг хийсэн гэрэл зураг зэргээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэлийн үндэслэлд 2020, 2021 онуудад Ковид-19 цар тахлын хүнд үе байсан бөгөөд улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул манай компани газраа зориулалтын дагуу ашиглах боломжийг бүрдээгүй...” гэж дурдсан байна. Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Мөн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/500 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанид 2020 оны 4 сарын 11-ний А/236 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2,3 га газрыг ашиглах эрхийг анх олгосон байдаг. Үүнээс хойш 2020-2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гээд 3 жил гарангын дараагаар А/500 дугаартай тушаалыг гаргаж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь юу вэ гэхээр Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтыг үндэслэлийг болгосон. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагад Корона вируст халдварын улмаас газар ашиглах боломжгүй байсан юм гэж тайлбарлаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Улсын Дээд Шүүх 2008 оны Газрын тухай хуулийг тайлбарлахдаа 40.1.6-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтийн улмаас тухайн газар дээр эвдрэл гэмтэл цөлжилт үүссэн байхыг ойлгохоор тайлбарласан. Гэтэл тухайн газар дээр эвдрэл гэмтэл гарсан, цөлжилт үүссэн асуудал байхгүй корона вируст халдвар нь тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй юм гэдэг үндэслэлд хамаарахгүй. Мөн зориулалтын дагуу дараалан ашиглаагүйн гэдэг нь гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дотор газар эзэмших гэрээнд заасан нөхцөлд зориулалтын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, барилга байгууламж барих, тодорхой зам талбай тавих газар тариалан эрхлэх ч байдаг юм уу энэ агуулгаар гэрээнд заасныхаа дагуу зориулалтын дагуу ашигласан байхыг шаарддаг. Гэтэл Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 сарын 28-ны өдөр хийсэн газрын үзлэгээр тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй ямар ч барилга байгууламж бариагүй нэг бол тодорхой тухай үйл ажиллагаа эрхэлж байсан юм гэдэг тийм нөхцөл байдал тогтоогдоогүй газар нь хоосон байсан нь тогтоогдчихсон.

Хоёрдугаар үндэслэл дээрээ болохоороо 2022 оноос зураг төсөл боловсруулж байсан маань нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн менежментийн төлөвлөгөө батлуулсан байгаа гэж тайлбарлаж байна. Гэтэл нарийвчилсан үнэлгээ менежментийн төлөвлөгөө зэргийг газар ашиглах эрхийг аваад 2020 ондоо хийчихсэн хийгдээд явж байсан нь хэрэгт авагдчихсан байж байгаа. Тэгэхээр 2022 онд гэрээ байгуулснаасаа хойшоогоо тухайн газар дээрээ барилга байгууламж барихгүйгээр ашиглалгүйгээр 2 жил шахуу хугацааг өнгөрөөчихсөн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Бат учралт од” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Дэлхий нийтийн хамарсан цар тахлын улмаас газраа ашиглаж чадаагүй, тахлын нөхцөлийн байдал арилсны дараа ажлаа эхлүүлж холбогдох бичиг баримт бүрдүүлж, шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан, энэ талаараа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт удаа дараа мэдэгдэж байсан байхад цуцалсан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/246 дугаар тушаалаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Баянцагааны даваанд 23010 мкв газрыг “Бат учралт од” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.

3.2. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” 2022/37 тоот гэрээг байгуулсан байна.

3.3. Мөн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалаар “... ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэсэн үндэслэлээр “Бат учралт од” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор зохицуулжээ.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан, энэхүү зохицуулалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор ““... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

6. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 443 дугаар саналаар маргаан бүхий газарт үзлэг хийж, фото зургаар баримтжуулах үед тухайн газар дээр барилга байгууламж баригдаагүй, хашаа бариагүй хоосон байгаа байдлаар дүрслэгдсэн байх ба өнөөдрийг хүртэл энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тухайд нэхэмжлэгч маргаагүй.

7. Харин нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр МЗХ2023/24-005 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хашаа барих зөвшөөрөл хүссэн боловч зургаа батлуулж ир гэсэн, зураг батлуулахад маш их цаг хугацаа шаарддаг” гэж тайлбарласан.

 

8. Хуулийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл, хариуцагч нь маргаан бүхий А/500 дугаар тушаалыг гаргахдаа газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөлд бүрдээгүй байхад гаргасан гэж үзэхээр байх тул маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь:

9. Өөрөөр хэлбэл, газрын тухай хуулийн холбогдох зохицуулалт, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбараас үзвэл, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл нь гэрээ байгуулагдсанаас хойш тоологдохоор байх ба нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий акт гарах хүртэл хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байжээ. Тодруулбал,

9.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэж, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан байна.

9.2. Энэхүү шийдвэрийн Монгол улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм үйлчилж, иргэд, хуулийн этгээдийн хувьд чөлөөтэй зорчих боломжгүй “хөл хорио”-той байсан нь нийтэд илэрхий бөгөөд энэ нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд тооцогдоно.

 9.3. Нэхэмжлэгчид хэдийгээр 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/246 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгогдсон боловч “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ”-г 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр баталгаажуулснаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хүндэтгэн үзэх шалтгаанд зөвхөн газрыг ашиглах боломжгүй болсон, газартай холбоотой нөхцөл хамаарна” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, харин нэхэмжлэгч талын “Дэлхий нийтийн хамарсан цар тахлын улмаас газраа ашиглаж чадаагүй, тахлын нөхцөлийн байдал арилсны дараа ажлаа эхлүүлж холбогдох бичиг баримт бүрдүүлж, шаардлагатай зөвшөөрлүүдийг авсан” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна.

10. Иймд нэхэмжлэгч “Бат учралт од” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Бат учралт од” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/500 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ