Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00514

 

 

Ц.Нгийн нэхэмжлэлтэй                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч .Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03313 дугаар шийдвэртэй

Ц.Нгийн нэхэмжлэлтэй хариуцагч ГССҮТ, Б.Б, С.С нарт холбогдох гэм хорын хохиролд 14 852 650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б, С.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь 2015 оны 9 дүгээр сард “Бизнес пойнт” ХХК-д ажиллаж байхдаа өөрийнхөө баруун хөл дээрээ савтай шохой унагаасан. Тухайн үедээ булчин хэсэг рүүгээ өвдөж байгаад зүгээр болсон. Ингээд хувиараа эмчилгээ хийлгэсэн боловч зүгээр болохгүй байсан тул 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн гэмтэл, согог судлалын их эмч Б.Бд баруун хөлний булчингаа үзүүлэхэд “...баруун хөлний чинь булчин хэсгийн артерийн шөрмөс гэмтсэн байна” гэж байсан. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр эмнэлэгт хэвтээд, 24-ний өдрөө зөвлөх эмч С.Саар ахлуулсан Б.Б эмч нарийн бүрэлдэхүүнтэй баг Ц.Нгийн хөлөнд хагалгаа хийсэн. Хагалгааны дараа их эмч Б.Б, тасгийн эрхлэгч С.С нар хэвтэн эмчлүүлэгч Ц.Нгийн биед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хагалгааны дараах эмчилгээ, сувилгааг хангалтгүй хийснээс нэхэмжлэгчийн хагалгаа хийлгүүлсэн баруун шандас шөрмөс нь үхжсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн №5682 тоот шинжээчийн дүгнэлтээр “...Ц.Нгийн баруун шандас шөрмөсийн бүрэн бус тасралыг хагалгааны дараа шилбэний ар хэсгийн арьс үхжсэнээс шөрмөс үхжсэн байна. Хагалгааны дараах арьсны үхжил нь мэс заслын үед нимгэн зүсэж чөлөөлсний улмаас ихэнх тохиолдолд үүсдэг”, “...Мэс заслын үед арьсыг нимгэн зүсэж чөлөөлсний улмаас арьс, арьсны эдийн дутагдал үүссэнээс шөрмөс үхжсэн байна. Шөрмөсөнд үхжилт үүсгэхгүй байх арга хэмжээ авах байжээ” гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн 2018 оны 4 дүгээр сарын 10 өдрийн 441 тоот бүрэлдэхүүнтэй хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр “Гэмтэл согог судлалын төвийн их эмч Н.Бямба-Эрдэнэ, С.С нар нь шөрмөс залгах хагалгаа хийх шаардлагатай байсан. Хагалгааны үед шилбэний ар хэсгийн арьсыг тэжээгч судас /арьс нимгэн авсан/ гэмтсэнээс арьсанд үхжилт үүссэн байна”, “...хагалгааны дараах эмчилгээг мэс засал хийсэн эмч, эмчлэгч эмч нар хариуцан хийдэг”, “...Ц.Нгийн биед учирсан баруун хөлний шандас шөрмөсний бүрэн бус тасралтыг залгах мэс заслийг ...Н.Бямба-Эрдэнэ, С.С эмч нар хийсэн байх бөгөөд хагалгааны үед арьс зөөлөн эдийн судас их гэмтсэн /арьс нимгэн авсан/, хагалгааны дараа хяналт эмчилгээ хангалтгүй байсан” гэсэн хариу гарсан. Ийнхүү бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр ГССҮТ-ийн гэмтэл, согог судлалын их эмч Н.Бямба-Эрдэнэ, яс үений гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн эрхлэгч С.С нарын хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 36 прокурорын тогтоолоор яллагдагчаар татагдсан С.С, Н.Бямба-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201726021104 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтанд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хагалгааны дараах эмчилгээ, сувилгаа, эм тарианд зарцуулсан 3 219 650 төгрөгийг хариуцагч нараас шаардана. Нэхэмжлэгч нь зөвхөн эм тариа, эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсны цалин 10 100 000 төгрөгийг шаардана. Хариуцагч нарын буруугаас болж нэхэмжлэгчид хагалгааны дараах хүндрэл гарсан. Үүнээс шалтгаалж тэрээр хагалгаа хийлгэсний маргаашнаас буюу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд  ажил хөдөлмөр эрхлээгүй учир ямар нэг цалин аваагүй. Ц.Н нь “Бизнеспойнт” ХХК-д няравын ажил эрхэлдэг ба сарын цалин нь борлуулалтаас хамаараад 500 000-1 000 000 төгрөг байдаг. Нэгэнт хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс аваагүй учир Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адитгах орлого...” гэж заасны дагуу ажилгүй байсан 11 сарын хугацааны цалин болох 10 100 000 төгрөгийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, тахир дутуугийн тэтгэвэрийн сангаас мөнгө авсан нь үнэн. Гэхдээ уг мөнгөө хасахгүйгээр 11 сарын цалингаа шууд нэхэмжилж байгаа. Учир нь нэхэмжлэгчийн ажил олгогч буюу “Бизнеспойнт” ХХК-ийн захирал нь нэхэмжлэгчтэй хамтран амьдрагч учир түүний нийгмийн даатгалын төлбөрийг тасалдуулахгүйгээр төлөөд явж байгаа. Түүнээс биш бодит байдал дээр нэхэмжлэгч ямар ч цалин хөлс авахгүй яваад байгаа юм. Өмгөөлөгчийн зардал 1 500 000 төгрөгийг гаргуулан авна.  Хариуцагч нарыг эрүүгийн журмаар шалгуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход бусдаас хууль зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага нэхэмжлэгчид тулгарсан. Иргэний хэргийн шүүхэд хандахын тулд Баянгол дүүргийн Прокурорын газраас баримт хуулбарлан авсан төлбөр 26 000 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, нийт 33 000 төгрөгийг шаардана. Дээрх үндэслэлүүдээр нийтдээ 14 852 650 төгрөгийг ГССҮТ, Б.Б, С.С нараас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Б, С.С нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Н нь хуучин тасарч, үйл ажиллагаа алдсан баруун хөлийн шандас шөрмөсийг залгах мэс засал хийлгэсэн. Уг хагалгааны дараа 2 дахь хоногоос мэс заслын шархнаас 1.0 см зайнд 3x1 см зайтай арьсны өнгө өөрчлөгдөж улмаар арьсны үхжилийн шинж тэмдэг илэрч арьс үхжин шарх онгойсон. Цаашид шөрмөсний залгасан хэсэгт шөрмөс хатан үхжиж, идээт үрэвсэл тархах магадлал өндөртэй байсан тул тус эмч нар зөвлөгөөн зохион байгуулж үүссэн идээг авч арьсыг цэвэршүүлж эдгээсэн. Ингэснээр дахин шөрмөс залгах мэс засал хийх боломжтой болсон. Гэтэл уг өвчтөн эмчилгээний явц дуусаагүй /хагалгааны дараа буюу 5 хоногийн дараа/ байхад мэс заслыг буруу хийж шандас шөрмөс үхжсэнээс хөдөлмөрийн чадвараа алдсан гэж Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсэгт гомдол гаргасан. Дээрх дүгнэлтэд анагаах ухааны шинжлэх ухааны онолын болон практик үндэслэлгүй тодорхой гэмтэл согог судлалын туршлагагүй шинжээчийн дүгнэлтүүд хийгдсэн байсан. Гэм хорын асуудлыг эмч нарын зүгээс эцэслэн шийдвэрлээгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Хариуцагч нарыг эрүүгийн журмаар шалгах явцад шүүх эмнэлгийн дүгнэлтүүд гарсан. Гэвч эдгээр дүгнэлтүүд нь эргэлзээтэй, хариуцагч нарт энэ дүгнэлтийн талаар маргах ч завдал өгөөгүй. Харин иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинжээч томилсон ба энэхүү дүгнэлтэд “...эмч нар хийх ёстой зүйлээ хийсэн, өвчтөн өөрөө гам алдсан байх магадлалтай, ийм хүндрэл гардаг” талаар тусгасан байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч нь аль 2015 онд авсан гэмтлээ өөрөө үзүүлж харуулахгүй явсаар өөрөө өвчнөө хүндрүүлсэн, хүндэрсэн үед нь эмчилгээ хийснээрээ хариуцагч эмч нарыг буруутгах ямар ч боломжгүй. Нэхэмжлэгч цалин гэж 10 100 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл түүний нийгмийн даатгалын дэвтэрт 500 000 төгрөгийн цалин авдаг, өөрийнх нь ажилгүй байсан гэх хугацаанд 500 000 төгрөгийн цалин авсан, уг цалингаасаа шимтгэл төлсөн талаар маш тодорхой бичсэн байгаа. Үүнийг цалин огт аваагүй гэж үзэхгүй, мөн түүнийг 1 000 000 төгрөгийн цалинтай байсан гэдгийг нотлох баримт алга. Тэгээд ч нэхэмжлэгч өвчтэй байх хугацаандаа нийгмийн халамж болон даатгалаас тэтгэвэр, тэтгэмж авч байсан байна. Гэтэл уг зөрүүгээ нэхэмжлээд байгаа цалингаасаа хасахгүйгээр шууд нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ГССҮТийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “...прокурор хариуцагч нарын гэм бурууг тогтоосон” гэж байгаа боловч бусдын гэм бурууг гагцхүү шүүх тогтоодог. Ийм учраас нэхэмжлэгчийн прокурорын тогтоолыг үндэслэж биднийг буруутгаад байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гэмтэл нь өөрөөс нь шалтгаалсан, түүнд хагалгаа хийхээс бүтэн 2 жилийн өмнө гарсан гэмтэл юм. Уг гэмтлийг эдгээж, анагаах гэж эмч нар болон манай байгууллага ажилласны төлөө хариуцлага хүлээхгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээч хариуцагч нарыг буруутай талаар дүгнэлт гаргаагүй. Нэхэмжлэгчийн эм, тариа, эмчилгээтэй холбоотой баримтууд нь хэрэгт хамааралгүй, эмчийн жорын дагуу аваагүй, хамаагүй баримтууд байгаа. Нэхэмжлэгчийн цалин 500,000 төгрөг байхад, мөн нийгмийн халамжаас мөнгө авч байсныг хасалгүйгээр шууд 10,100,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг дээрээ өмгөөлөгч авч болно. Гэхдээ авах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Гэтэл уг мөнгөө хариуцагч нараас нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

           Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ГССҮТөөс 1 339 198 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 513 452 төгрөгт болон хариуцагч Б.Б, С.С нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГССҮТөөс  36 377 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь Монгол Улсын Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэхийн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүйд гомдолтой байна. Шүүх “...2 678 296 төгрөгийн баримтууд нь хэрэгт хамааралтай буюу нэхэмжлэгчийг 2 678 296 төгрөгийг өөрийн эмчилгээнд зарцуулж, энэ хэмжээгээр хохирсон гэж үзэхээр байна” гэж үзээд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг баримталж 2 678 296 төгрөгийн тал хувь буюу 1 339 198 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх, хэрэгт цугларсан нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн хагалгааны дараа өөрийн эмчилгээ, сувилгаанд зарцуулсан баримтуудаас хавтас хэргийн хэд дүгээр талд авагдсан баримтуудыг хэрэг хамааралтай гэж үзэж нэхэмжлэгчийг хагалгааны дараах эмчилгээ, сувилгаа, эм тарианд зарцуулсан 3 219 650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 678 296 төгрөгийг өөрийн эмчилгээнд зарцуулж хохирсон байна гэж үзсэн ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн” Гэмтэл, согог судлалын их эмч Б.Б, Яс үений гэмтэл, согогийн нэгдүгээр тасгийн эрхлэгч С.С нар өөрийн биеийн баруун хөлний шандас шөрмөсөнд хагалгаа хийхдээ арьсыг нимгэн зүсэж чөлөөлсний улмаас арьс, арьсны эдийн дутагдал үүсэж шөрмөс үхэжсэний улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо шаардаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх “Гэмтэл, согог судлалын мэргэжлийн салбар зөвлөл”-ийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн анх гэмтэл авсан цаг хугацаатай харьцуулж Иргэний хуулийн 514 дүгээр зүйл заалтыг хэрэглэсэн буруу гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч ГССҮТ, С.С, Б.Б нарт холбогдуулан гэм хорын хохиролд 14 852 650 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Н нь “Бизнес пойнт” ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2015 оны 9 дүгээр сард баруун хөлөн дээрээ савтай шохой унагаж гэмтээсний улмаас 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр баруун хөлний шандас шөрмөсийг залгах мэс засал хийлгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас хагалгааны дараа шилбэний ар хэсгийн арьсыг тэжээгч судас гэмтсэнээс болж арьсанд үхжилт үүссэн” гэж тайлбарлажээ.

Хэрэгт Ц.Нгийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ хугацааг тогтоосон 0110459 дугаар акт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5682 тоот дүгнэлт,  2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 411 тоот дүгнэлт, Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 010 дугаар шүүх эмнэлгийн дүгнэлтүүд авагджээ. /хх.6, 19-20, 166/

Хөдөлмөрийн чадвар  алдалтын хувь хугацааг тогтоосон 0110459 дугаар актад: “Ц.Нгийн шилбэний түвшинд булчин ба шөрмөс гэмтсэн тул хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон”,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5682 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Н баруун шандас шөрмөсний бүрэн бус тасралыг хагалгааны дараа шилбэний ар, доод хэсгийн арьс үхжсэнээс шөрмөс үхжсэн байна. Хагалгааны дараа арьсны үхжил нь мэс заслын үед нимгэн зүсэж чөлөөлсний улмаас ихэнхи тохиолдолд үүсдэг, уг гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шөрмөсөнд үхжилт үүсгэхгүй байх арга хэмжээ авах байжээ” гэж,

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 411 тоот дүгнэлтэд: “ГССҮТийн эмч С.С, Б.Б нар шөрмөс залгах хагалгаа хийх шаардлагатай байсан байна. Хагалгааны үед шилбэний ар хэсгийн арьсыг тэжээгч судас гэмтсэнээс арьсанд үхжилт үүссэн байна” гэж,

Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 010 дугаар шүүх эмнэлгийн дүгнэлтэд: “Ц.Н хагалгааны дараа баримтлах гам дэглэм, таягтай явах хугацаа, сэргээн засах физик эмчилгээний талаар эмчийн өгсөн зөвлөгөөг хэрхэн баримталсныг бид тогтоох боломжгүй, өвчтөний өгүүлэмжээс гам алдсан байх магадлалтай, боривны шандаст шөрмөс болон шагайн үе орчмын хэсэг цусан хангамж муутай, гэмтэл аваад 2 жил гаруй болсон нь шархны эдгэрэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болох нь эмнэл зүйн практикт байнга тохиолддог хүндрэл юм” гэж дүгнэсэн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. /хх.6,19-20, 165-166/

Зохигчид хариуцагч нарын гэм буруутай ажиллагааны улмаас гэм хорын хохирол учирсан эсэх асуудлаар маргажээ.

Хэрэгт Прокурорын газрын Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар тогтоолоор яллагдагчаар татагдсан С.С, Н.Бямба-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201726021104 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх.65-66/

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэг хүлээдэг.

 Хариуцагч талын буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учирч үүний улмаас нэхэмжлэгч Ц.Нгийн “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-нд хагалгааны дараа хийгдэх шаардлагатай эмчилгээнүүдийг /эм уух, боолт хийлгэх, чийгшүүлэх тос түрхэх, сорвины тос түрхэх, физик эмчилгээний эмчээс зөвлөгөө авах, гэмтлийн эмчийн хяналтад байх/ жагсаан бичсэн жагсаалтыг, түүний худалдаж авсан эм болон үзлэгийн баримтыг үндэслэн анхан шатны шүүх хагалгааны дараах эм болон үзлэгт 2 678 296 төгрөгийн зардал гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэргийн 29-56, 39-64, 109 дүгээр талд эмийн баримт, 112 дугаар талд авагдсан үзлэгийн баримт, 183-211 дүгээр талд авагдсан эм худалдан авсан баримтууд нотлох баримтаар авагджээ.

Харин хэргийн 107-111 дүгээр талд авагдсан ходоод болон ханиад, бөөр зэрэг эмийн баримтыг дээрх гэмтэлтэй шалтгаант холбоотойгоор зайлшгүй гарах зардал эсэх нь тодорхой бус байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 880 452 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.  

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасныг үндэслэн хариуцагч байгууллагаас 2 678 296 төгрөгийн тал хувь буюу 1 339 198 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд “...арьсны үхжил нь мэс заслын үед нимгэн зүсэж чөлөөлсний улмаас, хагалгааны үед шилбэний ар хэсгийн арьсыг тэжээгч судас гэмтсэнээс арьсанд үхжилт үүсдэг” гэж дүгнэлт гарсан байхад хариуцагчийн болгоомжгүй үйлдэл /эс үйлдэл/ тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

  Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч хагалгааны дараах эм тариа хэрэглэсэн зардлыг баримтаар нотлогдсон буюу 2 678 296 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хариуцагч С.С, Б.Б нар нь ГССҮТд ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шөрмөс залгах мэс засал хийсэн байх тул нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг байгууллага хариуцах нь зүйтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалттай нийцсэн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан байхад хариуцагч талаас нэхэмжлэгч ямар гэм буруутай болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагадаа ажилгүй байсан хугацааны 11 сарын цалингаа бүтнээр нь гаргуулахаар шаардсан байх боловч анхан шатны шүүх уг шаардлага нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан хуулийн агуулгатай нийцээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж 10 100 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.