Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03371

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/03371

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ***тоот хаягт байрлах, *** ХХК,

 

Хариуцагч: **** тоот хаягт оршин суух, У.Т,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 20,104,183.80 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Н, гэрч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч У.Т-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,094,970 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 17,009,213.80 төгрөг, нийт 20,104,183.80 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. *** ХХК-иас 4 удаагийн авалтаар 3,094,370 төгрөгийн бараа материал авч явсан. Үүнийхээ төлбөрийг төлөхгүй байгаа. *** ХХК нь АТ компанитай борлуулалтын гэрээтэй ажилладаг. Борлуулалтын гэрээний урамшуулал гэж 3,000,000 төгрөг тутамд 8 хувийн урамшуулал буюу нэмэлт орлого олдог. У.Т хариу төлбөрөө өгөөгүйгээс 3,094,000 төгрөгийн бараа эргэлтэд өнөөдрийг хүртэл оруулж чадаагүй буюу 2021 оны 12 сард авч явснаас хойш бол 3,094,000 төгрөгийг бизнесийнхээ үйл ажиллагаанд оруулж, ашиглаж чадахгүй байгаагаас сар тутам 8 хувийн ашиг орлогоо алдаад байна гэсэн үг. Иймд нийт 20,104,183.80 төгрөгийг хариуцагч У.Таас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж, дараах байдлаар татгалзлаа тайлбарлаж байна: Үүнд:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. У.Т 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс 2022 оны 2 сарын 28-ны өдрийн хооронд нийтдээ 3,094,370 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан гэдэг нь үндэслэлгүй. *** компанийн хувьцаа эзэмшигч н.Б, түүний эхнэр н.Ц нар нь У.Т-т ай төрөл садангийн холбоотой. Гэхдээ У.Т, эхнэр А.О нарын байр авахаар цуглуулж байсан 100,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй. Ингээд бүтэн жил хүлээгээд сүүлдээ шүүх цагдаагаараа яв гэдэг хариу сонсоод, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Давж заалдах шатны шүүх н.Ц-оос 80,519,749 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү ажиллагаа одоо шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байгаа. Энэ 3,094,970 төгрөгийн бараа бүтээгдэхүүний тухайд бол тухайн үед зээлсэн 100,000,000 төгрөгөө авъя гэж өдөр болгон ажил дээр нь очоод нэхдэг байсан. Та орлогоосоо өгчхөөч ээ гэхээр дэлгүүрээс бэлэн мөнгө гаргахгүй, харин чи шаардлагатай бол бараа материал, гэртээ хэрэгтэй юмнуудаа авч байж болно гэдэг зүйл ярьдаг байсан. Тэгээд бид бүх ах дүү, хамаатан саднаасаа зээлээд шинээр байр 2021 оны 12-р сарын 03-ны өдөр худалдаж авсан байсан. Шинээр байр авсан учраас ах дүүгээ оруулна гэдэг байдлаар байрны найр хийсэн. Баярын ширээнд хэрэгцээтэй зүйл, бараа бүтээгдэхүүн авсан. Энэ үед хариу төлбөртэй, өр зээл шүү гэх зүйл яригдаагүй. Ер нь бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлээд байгаа барааг зээлээр аваагүй. Харин баяраар хэрэглээрэй гэж өөрсдөө 2 удаа л өгсөн. Зарлагын падаан нь гарын үсэггүй. Зөвхөн нэхэмжлэгч компанийн гарын үсэгтэй л баримт байгаа юм. Тамир, Тамираа ах гээд л дээр нь нэмж засварласан нотолгооны ач холбогдолгүй нэг талын баримтаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа хариу төлбөргүйгээр хүлээж авсан. АТ компанитай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилладаг. 3,094,370 төгрөгийг 23 сарын хугацаанд эргэлдүүлсэн бол 17,000,000 төгрөгийн ашиг олох байсан гэж үзээд орлогоо шаардаад байгаа. Тэгэхдээ бидний хоорондын харилцаанд *** компанийн АТ компанитай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 8 хувийн тэр урамшууллын асуудал хамааралгүй. Бидэнд хариу төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүн өгсөн болохоор хохирол, олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.0*.**-ны өдрийн 181/ШШ2023/00*** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.10-ны өдрийн 210/МА2023/00*** дугаар магадлал, *** ХХК-ийн дүрэм, АТ ХХК, *** ХХК-ийн хооронд 202*.01.**-ний өдөр байгуулсан *** тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хавсралт, АТ ХХК, *** ХХК-ийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, *** ХХК-ийн тусгай зөвшөөрөл, 2021.08.01-2023.10.27 хүртэл АТ компанийн хэрэглэгчийн дэлгэрэнгүй хуулгыг орчуулгын хамт шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас АТ компанийн 2023.12.19-ний өдрийн *** тоот албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.30-ны өдрийн 102/ШЗ2024/0****дугаар Б.Ц-ын нэхэмжлэлтэй, А.О-т холобгдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, У.Т-ын 2021.12.03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.16-ны өдрийн 1*** дугаар тэмдэглэл, хариуцагч талын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.26-ны өдрийн *** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17-ны өдрийн *** дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийг, хариуцагчийн хүсэлтээр Б.Ц-ын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.02-ны өдрийн *** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, АТ компаниас *** ХХК-ийн 2021.12 сарын байдлаарх нийлүүлсэн барааны нийт үнийн задаргаа, уг хугацааны урамшууллын сэдээлэл, тооцоо нийлсэн акт, 2021 оны 8, 9 сард захиалсан барааны задаргааг нотлох баримтаар гаргуулж, Д.Ж, Ш.Т, А.Н нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардсан. Үүнд: *** ХХК-иас 4 удаагийн авалтаар 3,094,370 төгрөгийн бараа материал авч явсан. Үүнийхээ төлбөрийг төлөхгүй байгаа. *** ХХК нь АТ компанитай борлуулалтын гэрээтэй ажилладаг. Борлуулалтын гэрээний урамшуулал гэж 3,000,000 төгрөг тутамд 8 хувийн урамшуулал буюу нэмэлт орлого олдог. У.Т хариу төлбөрөө өгөөгүйгээс 3,094,000 төгрөгийн бараа эргэлтэд өнөөдрийг хүртэл оруулж чадаагүй буюу 2021 оны 12 сард авч явснаас хойш бол 3,094,000 төгрөгийг бизнесийнхээ үйл ажиллагаанд оруулж, ашиглаж чадахгүй байгаагаас сар тутам 8 хувийн ашиг орлогоо алдаад байна гэсэн үг. Иймд нийт 20,104,183.80 төгрөгийг хариуцагч У.Т-аас гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд: У.Т 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс 2022 оны 2 сарын 28-ны өдрийн хооронд нийтдээ 3,094,370 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан гэдэг нь үндэслэлгүй. *** компанийн хувьцаа эзэмшигч н.Б, түүний эхнэр н.Ц нар нь У.Т-т ай төрөл садангийн холбоотой. Гэхдээ У.Т, эхнэр А.О нарын байр авахаар цуглуулж байсан 100,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлж аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй. Ингээд бүтэн жил хүлээгээд сүүлдээ шүүх цагдаагаараа яв гэдэг хариу сонсоод, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэн. Давж заалдах шатны шүүх н.Ц-оос 80,519,749 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү ажиллагаа одоо шийдвэр гүйцэтгэлийн шатанд явж байгаа боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байгаа. Энэ 3,094,970 төгрөгийн бараа бүтээгдэхүүний тухайд бол тухайн үед зээлсэн 100,000,000 төгрөгөө авъя гэж өдөр болгон ажил дээр нь очоод нэхдэг байсан. Та орлогоосоо өгчхөөч ээ гэхээр дэлгүүрээс бэлэн мөнгө гаргахгүй, харин чи шаардлагатай бол бараа материал, гэртээ хэрэгтэй юмнуудаа авч байж болно гэдэг зүйл ярьдаг байсан. Тэгээд бид бүх ах дүү, хамаатан саднаасаа зээлээд шинээр байр 2021 оны 12-р сарын 03-ны өдөр худалдаж авсан байсан. Шинээр байр авсан учраас ах дүүгээ оруулна гэдэг байдлаар байрны найр хийсэн. Баярын ширээнд хэрэгцээтэй зүйл, бараа бүтээгдэхүүн авсан. Энэ үед хариу төлбөртэй, өр зээл шүү гэх зүйл яригдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэхэмжлээд байгаа барааг зээлээр аваагүй. Харин баяраар хэрэглээрэй гэж өөрсдөө 2 удаа л бараа өгсөн. Зарлагын падаан нь гарын үсэггүй. Зөвхөн нэхэмжлэгч компанийн гарын үсэгтэй л баримт байгаа юм. Тамир, Тамираа ах гээд л дээр нь нэмж засварласан нотолгооны ач холбогдолгүй нэг талын баримтаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа хариу төлбөргүйгээр хүлээж авсан. АТ компанитай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажилладаг. 3,094,370 төгрөгийг 23 сарын хугацаанд эргэлдүүлсэн бол 17,000,000 төгрөгийн ашиг олох байсан гэж үзээд орлогоо шаардаад байгаа. Тэгэхдээ бидний хоорондын харилцаанд *** компанийн АТ компанитай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 8 хувийн тэр урамшууллын асуудал хамааралгүй. Бидэнд хариу төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүн өгсөн болохоор хохирол, олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.16-ны өдрийн *** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.10-ны өдрийн *** дугаар магадлал, *** ХХК-ийн дүрэм, АТ ХХК, *** ХХК-ийн хооронд 2022.01.01-ний өдөр байгуулсан *** тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хавсралт, АТ ХХК, *** ХХК-ийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, *** ХХК-ийн тусгай зөвшөөрөл, 2021.08.01-2023.10.27 хүртэл АТ компанийн хэрэглэгчийн дэлгэрэнгүй хуулга, АТ компанийн 2023.12.19-ний өдрийн *** тоот албан бичиг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.01.30-ны өдрийн 102/ШЗ2024/0****дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, У.Т-ын 2021.12.03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.16-ны өдрийн 1*** дугаар тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.26-ны өдрийн *** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.17-ны өдрийн *** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Б.Ц-ын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.02-ны өдрийн *** дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, АТ компанийн ирүүлсэн *** ХХК-ийн 2021.12 сарын байдлаарх нийлүүлсэн барааны нийт үнийн задаргаа, уг хугацааны урамшууллын мэдээлэл, тооцоо нийлсэн акт, 2021 оны 8, 9 сард захиалсан барааны задаргаа, гэрч Д.Ж, Ш.Т, А.Н нарын мэдүүлэг, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч *** ХХК нь ресторан, хүнсний бөөний худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байна.

6. *** ХХК нь АТ ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн*** тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу худалдагчийн нийлүүлсэн барааны сарын борлуулалтын хэмжээнээс хамаарч 4 төрлийн нийт 8 хувийн урамшуулал авах тохиролцоотой хамтран ажиллаж иржээ.

7. *** ХХК-ийн Эрч бөөний худалдааны төвөөс хариуцагч У.Т нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 4 удаа нийт 3,094,970 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан боловч үнийг төлөөгүй тул барааны үнэ, АТ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу сар бүр олох байсан урамшууллаа алдаж хохирсон гэж 23 сарын урамшууллын орлого 17,009,213.80 төгрөг, нийт нь 20,104,183.80 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэгч шаардаж, хариуцагч нь нэхэмжлэгчээс 4 удаа бараа бүтээгдэхүүн аваагүй, 2 удаа бараа бүтээгдэхүүн авахад нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөө өгөөгүй байсантай холбоотойгоор уг 2 удаагийн барааг бэлэглэсэн, бараа хүлээн авсан баримт үйлдээгүй, бидний хооронд зээлээр өгөх, үнийг нь дараа төлөх талаар тохиролцоогүй тиймээс үүрэг үүсээгүй гэж маргаж байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

9. Нэхэмжлэгчээс хариуцагчид 4 удаа бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн гэх баримт гаргаж өгөөгүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн А.О, У.Т нарын нэхэмжлэлтэй, Б.Ц , Э.Б нарт холбогдох зээлийн гэрээний маргаан шийдвэрлэсэн 2023.02.16-ны өдрийн *** дугаар шийдвэртэй хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч уг бараа бүтээгдэхүүнийг авсан талаар хүлээн зөвшөөрсөн гэж шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасныг баримтлан нэгэнт шүүхээр тогтоогдсон үйл баримт гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

Учир нь дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх үеийн шүүх хуралдааны тэмдэглэлд уг барааг зээлээр авсан болохыг зөвшөөрсөн тайлбар байхгүй байна.

10. Нэхэмжлэгч нь аж ахуйн нэгж тул харъяалах татвар, санхүүгийн байгууллагад улирал, хагас жил, жилийн эцэст тайлан гаргаж өгөх үүрэгтэй.

11. Бараа бүтээгдэхүүн зээлээр өгсөнтэй холбоотой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт байхгүй, авлагын бүртгэлд бүртгэгдээгүй, татварын тайлан, санхүүгийн тайланд бусдаас авах авлагаар бүртгэгдэж, баталгаажсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 2 удаа бараа бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй өгсөн гэх татгалзал үндэслэлтэй байна.

12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

13. Нэгэнт хариу төлбөргүй шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэггүй тул үүргээ гүйцэтгээгүйгээс болж олох байсан ашиг орлогоо алдсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзнэ.

14. Түүнчлэн АТ ХХК-иас ирүүлсэн борлуулалтын урамшуулал авч байсан баримтаар нэхэмжлэгч байгууллага нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу сар бүр 8 хувийн урамшуулал авч нэмэлт орлого олж байсан гэх байдал тогтоогдсонгүй.

15. Иймд хариуцагч У.Таас 20,104,183.80 төгрөг гаргуулахыг хүссэн *** ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч У.Т-аас 20,104,183.80 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ