Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга О.Нямдорж,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогч Н.Цээсүрэн,

иргэний нэхэмжлэгч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ч.Шүрэнчимэг, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэгт холбогдох эрүүгийн 1734000000008 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1985 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 2 дүү, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 14-235 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЦГ85072169 дугаарын регистртэй, Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэг

 

                                       Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч Ч.Шүрэнчимэг нь тус аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өвөржанчивлан амралт сувилалын газарт байрлах иргэн Цээсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг устгаж 1,880,000 нэг сая найман зуун наян мянган төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

                                    

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас

1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ч.Шүрэнчимэгийн:

Би урьд өмнө нь Өвөр жанчивланд ажилладаг байсан. Цээсүрэнгийн хүү нь надтай хамтран амьдарч байх хугацаандаа намайг хэд хэдэн удаа зодож байсан. Миний 15 настай дүүг 2-3 удаа хүчиндсэн. Ээж нь над руу залгаад миний хүү шоронд ороод гарч ирсэн гэж хэлсэн. Бид нар танил талтай миний хүүхдийг шоронд хатааж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд гэрт нь яваад очтол хүн байхгүй байхаар нь цонхоор нь орж эд зүйлсийг нь эвдсэн гэв.

1.2.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Н.Цээсүрэнгийн:

Манай хүүхдүүд намайг салхинд гаръя гээд авч явсан хойгуур манай хав ойрын хүмүүс мэдээд маргааш нь надад утсаар мэдэгдсэн. Гэртээ иртэл гэрийн минь бүх зүйлийг эвдсэн. Энэ хүн их хэмжээний согтолттой байсан. Хамт явсан 2 залуу нь мөн согтуу байсан гэв.

1.3.Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц.Отгонсүрэнгийн:

Байгууллагын ор, тумбочка, хөлдөөгч, плитка, хаалга, цэцгийн сав, ор хөнжлийн даавуу зэрэг үнэлэгдээд 660.000 төгрөг болсон. Хөлдөөгч, плитка 2 дансанд бүртгэлтэй юм билээ. Шүрэнчимэг байгууллагыг хохироох бололгүй байсан гэж бодож байгаа. Хөлдөөгчийн үнэ төлбөрийг нэхэмжлээд яахав гэж бодсон. Тиймээс 150.000 төгрөгийг авахгүй байхад болно гэв.

 

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар хавтаст хэрэгт цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд

2.1. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Н.Цээсүрэнгийн: 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 18 цагийн үед Эрдэнэ сумын Өвөржанчивлан гэх газарт гэртээ байж байтал хүүхдүүд гэрт ирээд амралтанд явъя гэхээр нь явсан. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед сүлжээтэй газарт ирэхэд хөрш айлын хүн над руу мессежээр “танай гэрт хүмүүс ороод хамаг юмыг чинь эвдэлчихсэн, сэтгэл санааны бэлтгэлтэй ирээрэй” гэж бичсэн байсан. Би хүүхдүүдтэйгээ гэртээ цагдаа дагуулаад иртэл байшингийн цонх хаалга эвдээд дотор нь байсан эд хогшил бүгдийг эвдэлж хэмхэлсэн байсан. Тэгээд ойр орчмын хүмүүстэй уулзаж ярилцахад Шүрэнчимэгийг машинтэй согтуу залуустай ирээд гэрийн эд зүйлийг эвдэлсэн гэдгийг мэдсэн. Нийт хохиролд 1.901.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ. Урьд өмнө олон удаа доромжилж, гар утас руу мессеж бичиж, айлган сүрдүүлдэг байсан...” /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ц.Отгонсүрэнгийн:

“...Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өвөржанчивлан ХХК-ны байранд оршин суух сувилагч Цээсүрэнгийн гэрт эзгүй байх үед нь цонхоор нь хүн орж эд зүйл эвдэж устгасан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Би гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл гэвэл байгууллагыг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байгаа  ...” /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Мөнх-Аюушийн:

“...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байтал 20:00 цагийн үед Шүрэнчимэг манайд ирээд завтай юу юманд явах гэсэн юм гэхээр нь яах гэж байгаа юм гэхэд Төв аймаг руу яваад тэнд нэг байгаа эсэхийг мэдмээр байна, ганцаараа очихоос айгаад байна хань болоод яваад өгөөч, бас унаа олоод өгөөч хөлсийг нь өгье гэж хэлсэн. Тэр үед манайд Рэнцэндамба байсан, тэгээд би Анхбаатарын утас руу залгаад хүрээд ир гэж дуудаад тэр залуу машинтайгаа ирээд бид хөдөлсөн. Тэгээд дэлгүүрээс 0,5 граммын хараа архи аваад замдаа ууцгаасан, Налайх дүүрэгт явж байгаад замын дэлгүүрээс 0,5 граммын архи нэгийг аваад ууцгаасан. Ингээд Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөржанчивлан гэх газар ирээд нэг орон сууцны гадаа ирээд Шүрэнчимэг би ороод хүнтэй уулзаад ирье гээд машинаас буугаад нэг давхарт байх айлын цонхоор орсон, тэгээд би машин дотор Рэнцэндамбатай архи ууж байтал шүрэнчимэгийн орсон айлд чимээ гарсан. Тэгээд би тэр айлын цонхоор орсон. Шүрэнчимэг тэр айлын өрөөнд байсан эд зүйлийг газар унагасан байсан. тэгээд өрөөний хаалгыг онгойлгоод өг гэхээр нь би хөлөөрөө тийрч эвдэлсэн. Тэгээд Шүрэнчимэг байшинд байсан эд зүйлүүдийг эвдэлсэн, би тэр үед нэлээд согтуу байсан болохоор  ухаан орж гараад байсан, Шүрэнчимэгийн нэг тэвэрч аваад холдуулахдаа шилэнд гараа зүсчихсэн ямарч л байсан Шүрэнчимэг би энэ зурагтыг аваад полконы хажууд явж байтал нэг хүн таараад хоолойноос боож авахаар зурагтаа газар тавиад тэр хүнийг тавиулахааар автиркаар гар луу нь 3 удаа хатгасан. Тэгтэл бөөн хүммүс цугларч намайг залгуурын утасаар хүлсэн. Тэр хүний миний толгой, мөр лүү өшиглөсөн. Тэгээд цагдаа нар ирээд Шүрэнчимэг Рэнцэндамба бид гуравыг авч явсан...” /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Анхбаатарын:

“...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Био гэх газархадам эмээ, өвөөгийнд байж байтал 20:00 уагийн үед Мөнхаюуш ах над руу залгаад ойрхон Төв аймаг руу яваад өгөөч бензин хийгээд 30000 төгрөг өгье гэхээр нт зөвшөөрөөд машинаа аваад тэднийд очтол Мөнхаюуш ах мөн залуу, хүүхэн нар машинд суусан. Тэгээд Эрдэнэ сумын Өвөржанчивлан рашаан сувилалын газар ирээд хүүхэн нь айл руу ороод ирье гээд орон сууцруу явсан тэгтэл байшинд юм дуугараад байх чимээ сонсогдсон. Араас нь  Мөнхаюуш ах орсон тэнд байсан хүмүүс машиных нь дугаарыг хар гээд хашгираад байхаар нь би хөдлөөд уурын зуухын тэнд очоод өндөрдүү нуруутай Дамба гэж дуудаад байсан ахыг яваад тэр хоёрыг аваад ир гэж хэлтэл машинаас буусан. Тэгтэл Дамба ах явахгүй байна хүмүүс гараад ирлээ гээд буцаад хүрээд ирэхээр нь яваад тэднийг олоод ир гээд дахин явуулсан. Тэгээд би дэлгүүрийн үүдэнд зогсож байтал цагдаагийн машин ирээд хөдлөөд явахаар нь байран дээр иртэл тэд нар байгаагүй. Тэгээд би араас нь явж Эрдэнэ сумын цагдаа дээр иртэл тэр хүмүүсийг хэсэг дээрээ авчирсан байсан...” /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

2.5. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Ч.Шүрэнчимэгийн:

“...2017оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байж байтал 15:00 цагийн үед Баярмаа гэдэг хүүхэн над руу залгаад нөгөө муухай хүн чинь гарчихсан өвөржанчивлан дээр явж байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би айсан, урьд өмнө айлгаж сүрдүүлж зоддог байсан, сүүлдээ би яахаараа энэ хүнээс айх ёстой юм гэсэн бодол төрж уур хүрээд 22:00 цагийн үед Мөнхаюуш гэдэг залуу дээр очоод чамд таниж мэдэх машинтай хүн байна уу? Төв аймаг руу явж хүнтэй уулзмаар байна чамаас өөр надад туслах хүн алга байна гэж хэлсэн. Мөнхаюуш Дамба гэдэг хүнтэй хамт саравчин дээр юм хийж байсан тэгээд машинтай хүн дуудаад Төв аймгийн Эрдэнэ сум руу хөдөлсөн би Биогийн дэлгүүрээс 0,5 граммын хараа архи, жижиг лаазтай сэнггүр пиво авсан тэгээд бид замдаа уусан.Налайх дээр ирээд дахин 0,5 граммын хараа архи жижиг пиво аваад ууцгаасан, би пивийг л уусан, замдаа явахдаа манай дүүг Цогтбаяр гэдэг залуу хүчиндсэн хүнээс болоод дүү маань сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа их гомдож байна гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэ сумын нутаг Өвөржанчивлан гэдэг газар ирээд би машинаас бууж Цээсүрэн гэдэг айлын орц руу орж гэрийн хаалгыг нүдтэл онгойлгож өгөөгүй.,тэгээд би урьд өмнө Цээсүрэн гэдэг хүний хүү болох Цогтбаяртай хамт тэднийд амьдардаг байсан юмаа. Тэгээд цонхоор нь ортол гэрт нь хүн байгаагүй учир цонхны тавцан дээр байсан цэцгийг авч газар унагасан орийг буулгасан тэгээд тэнд байсан эд зүйлийг газар унагааж эвдэлсэн, тэгээд гал тогоонд нь ороод хоолны түмбүүшкийг нь онгойлгоод байж байтал Мөнхаюуш цонхоор орж ирсэн одоо болно оо гээд намайг бариад авахаар нь зууралдаад гарыг нь тавиулаад хашгираад түмбүүшкийг эвдэлсэн, тэгтэл Мөнхаюуш хаалгыг нь өшиглөж эвдэлсэн, мөн цаад айлын хаалгыг Мөнхаюуш эвдэлээд хөргөгчийг нь унагаах гэж байхад нь би наад айл чинь биш гэж хэлсэн. Тэгээд би том өрөөрүү нь ортол Мөнхаюуш гараа шилэнд зүссэн байсан би боож өгсөн. Тэгтэл зурагт нь бүтэн байхаар нь хагалах гэтэл Мөнхаюуш болохгүй гэхээр нь би наадахыг чинь мөнгөөрөө авсан юм гээд худалаа хэлтэл Мөнхаюуш зурагтыг аваад цонхоор гараад явсан. Тэгээд би хөлдөөгчийх нь тагийг салгаад дотор байсан махыг гаргаж шидсэн, тэгээд хаалгаар нь гартал Мөнхаюушийг тэр хавийн хүмүүс барьж аваад хүлчихсэн өшиглөж байсан. Тэгтэл Дамба ах иртэл тэр хүмүүс мөн барьж аваад хүлчихсэн, би зугтаатал намайг нэг эгч барьж аваад газар унагааж бас нэг ах ирээд намайг кабелийн утсаар хүлчихсэн...” /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

2.6. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Б.Сэргэлэнгийн:

“...Цээсүрэнтэй хамт ажилладаг Шүрэнчимэг бас манайд сар гаруй үйлчлэгч хийж байсан. Садан төрлийн холбоогүй. Тухайн өдөр би гэртээ байж байтал гадаа хүмүүс шуугилдаал байсан тэгээд би гараад Цээсүрэнгийнд орход хаалгыг нь эвдчихсэн хамаг юмыг нь сандайлчихсан байсан...” /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

2.7. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч С.Батжаргалын:  

“... Тухайн өдөр би эхнэртэйгээ хамт орой гэртээ иртэл өөдөөс Амангул, Өлзийбуян нар гүйж гарч ирээд Цээсүрэн эгчийн гэрийг хүмүүс буулгаад байна та нэг орооч гэх хэлсэн тэгээд ороод хартал Шүрэнчимэг нэг залуутай хамт Цээсүрэнгийн гэрийг сүйдэлчихсэн байсан тэгээд тэр хоёр цонхоор гараад явчихаар нь орцоор гараад хартал нөгөө залуу нь буцаж ороод зурагтыг нь аваад гараад ирсэн тэр хооронд Шүрэнчимэг тоосго аваад цонхыг нь хагална гээд байсан тэгэхээр нь би гарыг нь барьж аваад албаны юм болдоггүй юм гэж хэлсэн чинь тоосгоо хаячихсан тэгтэл зурагт барьсан залуу зурагтаа хаяаад яваад ирхээр нь цамцнаас нь бариад автал гар луу цохиод байсан тэгээд би Ганболдын хамтаар тэр залууг хүлчихээд байж байтал цаанаас өндөр залуу гараад ирэхээр нь тэрийг нь бас бариад  хүлчихсэн тэгээд гар өвдөөд байхаар нь хартал автеркаар гурван удаа хатгасан байгаа тэгээд сумын цагдаад хүлээлгэн өгсөн...” /хх-32-33 дугаар хуудас/

 

2.8. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Т.Цэрмаагийн:

“...Би гэртээ байж байгаад салхилхаар гарсан чинь хоёр залуу нэг хүүхэн Цээсүрэнгийн цонхоор нь юм гаргаад чулуудаад байсан. Хашгираад орилоод байсан. Тэгээд манай энэ хавийн хүмүүс бариад хүлээд цагдаа дуудсан байгаа. Би гэрт нь ороод хартал бүх л зүйлийг нь эвдчихсэн байсан...” /хх-34 дүгээр хуудас/

 

2.9. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Х.Ганболдын:

“...Тухайн өдөр орой би гэрийн гадаа ирээд зогстол гадаа хүмүүс орлилдоод байхаар нь хартал Цэрмаа, Батжаргал, Амангул нар нэг залуутай ноцолдоод байж байсан нэг хүүхэн нь наана нь орилоод байсан тэгээд очоод хамт хүлэлцсэн тэгээд тэр эмэгтэй бас нэг залууг нь барьж хүлэлцсэн байгаа Цээсүрэнгийн гэрийг юуч үгүй сүйдэлчихсэн байсан тэгээд л цагдаад өгсөн байгаа...” /хх-35 дугаар хуудас/,

 

2.10. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Г.Сарангэрэл:

“...Тухайн үед би амарчихсан байсан тэгээд утасаар  танай хаалгыг чинь эвдсэн хөргөгчний хаалгыг салгасан байна гэж байсан тэгээд би тухайн эд зүйлсээ засчихсан байгаа. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” /хх-36 дугаар хуудас/,

 

2.11. Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч Т.Амангул:

“...Тухайн өдөр орой унтах гээд байж байтал Цээсүрэн эгчийнд хүмүүс орилдоод түжигнээд явчихсан тэгээд удалгүй Шүрэнчимэг манай хаалгыг цохиод нөхрөө асуусан тэгээд байхгүй юм байна гээд буусан нөгөө эрэгтэй хүн нь хаалга  татаад байхаар нь айгаад гараад зугтаачихсан байгаа. Надад өөр нэмж ярих зүйлгүй...” /хх-37 дугаар хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

3.2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

3.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15/,

3.4. Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 40-45 дугаар хуудас/,

3.5. Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

3.6. гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

3.7. Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-52/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ч.Шүрэнчимэг нь 2017 оны 07 дугаар сарын 10-нд Төв аймгийн аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өвөржанчивлан амралт сувилалын газарт байрлах иргэн Цээсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг устгаж 1,880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Н.Цээсүрэнгийн ...би хүүхдүүдтэйгээ гэртээ цагдаа дагуулаад иртэл байшингийн цонх хаалга эвдээд дотор нь байсан эд хогшил бүгдийг эвдэлж хэмхэлсэн байсан. Тэгээд ойр орчмын хүмүүстэй уулзаж ярилцахад Шүрэнчимэгийг машинтэй согтуу залуустай ирээд гэрийн эд зүйлийг эвдэлсэн гэдгийг мэдсэн. Нийт хохиролд 1.901.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна, хохирлоо нэхэмжилнэ...,

иргэний нэхэмжлэгч Ц.Отгонсүрэнгийн ...Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр... ...Өвөржанчивлан ХХК-ны байранд оршин суух сувилагч Цээсүрэнгийн гэрт эзгүй байх үед нь цонхоор нь хүн орж эд зүйл эвдэж устгасан...,

гэрч Б.Мөнхаюушийн ...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр... ...Төв аймгийн Эрдэнэ сумын Өвөржанчивлан гэх газар ирээд нэг орон сууцны гадаа ирээд Шүрэнчимэг би ороод хүнтэй уулзаад ирье гээд машинаас буугаад нэг давхарт байх айлын цонхоор орсон, тэгээд би машин дотор Рэнцэндамбатай архи ууж байтал шүрэнчимэгийн орсон айлд чимээ гарсан. Тэгээд би тэр айлын цонхоор орсон. Шүрэнчимэг тэр айлын өрөөнд байсан эд зүйлийг газар унагасан байсан..., ...Тэгээд Шүрэнчимэг байшинд байсан эд зүйлүүдийг эвдэлсэн, би тэр үед нэлээд согтуу байсан болохоор  ухаан орж гараад байсан..,

гэрч Б.Анхбаатарын ...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр... ...20:00 цагийн үед Мөнхаюуш ах над руу залгаад ойрхон Төв аймаг руу яваад өгөөч бензин хийгээд 30000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд..., ...Мөнхаюуш ах мөн нэг залуу, хүүхэн нар машинд суусан. Тэгээд Эрдэнэ сумын Өвөржанчивлан рашаан сувилалын газар ирээд хүүхэн нь айл руу ороод ирье гээд орон сууц руу явсан тэгтэл байшинд юм дуугараад байх чимээ сонсогдсон...,

гэрч Ч.Шүрэнчимэгийн ...2017оны 07 дугаар сарын 10-ны өдөр... ...Эрдэнэ сумын нутаг Өвөржанчивлан гэдэг газар ирээд би машинаас бууж Цээсүрэн гэдэг айлын орц руу орж гэрийн хаалгыг нүдтэл онгойлгож өгөөгүй... ...тэгээд цонхоор нь ортол гэрт нь хүн байгаагүй учир цонхны тавцан дээр байсан цэцгийг авч газар унагасан орыг буулгасан тэгээд тэнд байсан эд зүйлийг газар унагааж эвдэлсэн, тэгээд гал тогоонд нь ороод хоолны түмбүүшкийг нь онгойлгоод байж байтал Мөнхаюуш цонхоор орж ирсэн одоо болно оо гээд намайг бариад авахаар нь зууралдаад гарыг нь тавиулаад хашгираад түмбүүшкийг эвдэлсэн...,

гэрч Б.Сэргэлэнгийн ...Тухайн өдөр би гэртээ байж байтал гадаа хүмүүс шуугилдаал байсан тэгээд би гараад Цээсүрэнгийнд ороход хаалгыг нь эвдчихсэн хамаг юмыг нь сандайлчихсан байсан...,

гэрч С.Батжаргалын ...Тухайн өдөр би эхнэртэйгээ хамт орой гэртээ иртэл өөдөөс Амангул, Өлзийбуян нар гүйж гарч ирээд Цээсүрэн эгчийн гэрийг хүмүүс буулгаад байна та нэг орооч гэж хэлсэн. Тэгээд ороод хартал Шүрэнчимэг нэг залуутай хамт Цээсүрэнгийн гэрийг сүйдэлчихсэн байсан...,

гэрч Т.Цэрмаагийн ...Би гэртээ байж байгаад салхилхаар гарсан чинь хоёр залуу нэг хүүхэн Цээсүрэнгийн цонхоор нь юм гаргаад чулуудаад байсан...,

гэрч Х.Ганболдын ...Тухайн өдөр орой би гэрийн гадаа ирээд зогстол гадаа хүмүүс орлилдоод байхаар нь хартал Цэрмаа, Батжаргал, Амангул нар нэг залуутай ноцолдоод байж байсан нэг хүүхэн нь наана нь орилоод байсан тэгээд очоод хамт хүлэлцсэн тэгээд тэр эмэгтэй бас нэг залууг нь барьж хүлэлцсэн байгаа Цээсүрэнгийн гэрийг юуч үгүй сүйдэлчихсэн байсан тэгээд л цагдаад өгсөн байгаа...,

гэрч Т.Амангулын ...Тухайн өдөр орой унтах гээд байж байтал Цээсүрэн эгчийнд хүмүүс орилдоод түжигнээд явчихсан тэгээд удалгүй Шүрэнчимэг манай хаалгыг цохиод нөхрөө асуусан тэгээд байхгүй юм байна гээд буусан нөгөө эрэгтэй хүн нь хаалга  татаад байхаар нь айгаад гараад зугтаачихсан байгаа... гэх мэдүүлгүүд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгө үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Ч.Шүрэнчимэгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүх Ч.Шүрэнчимэгт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийсэн, хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Шүрэнчимэг цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

Харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэнийг, иргэний нэхэмжлэгч 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг нэхэмжилсэнээс сайн дураараа 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг нэхэмжилж байгааг, хохирогч 1.360.002 /нэг сая гурван зуун жаран мянга хоёр/ төгрөг нэхэмжилсэнээс 1.214.600 /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаа зуу/ төгрөгийг хангаж, 145.402 /нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэг цагдан хоригдсон хоноггүйг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэнийг, хохирогч Н.Цээсүрэн, иргэний нэхэмжлэгч Ц.Отгонсүрэн нар гомдол саналгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

Хохирогч Н.Цээсүрэн нийт 1.360.002 /нэг сая гурван зуун жаран мянга хоёр/ төгрөг нэхэмжилсэнээс 1.214.600 /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаа зуу/ төгрөгийг хангаж, 145.402 /нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Ц.Отгонсүрэн нийт 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг нэхэмжилсэнээс сайн дураараа 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг нэхэмжилж байгааг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэгээс нийт 1.724.600 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянга зургаа зуу/ төгрөг гаргуулж,

хохирогч Н.Цээсүрэнд 1.214.600 /нэг сая хоёр зуун арван дөрвөн мянга зургаа зуу/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Ц.Отгонсүрэнд 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг тус тус олгож,

хохирогч Н.Цээсүрэнгийн нэхэмжлэлийг шаардлагаас 145.402 /нэг зуун дөчин таван мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Ц.Отгонсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Чимгээгийн Шүрэнчимэгт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН