| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/01207/И |
| Дугаар | 102/ШШ2024/03397 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2024/03397
| 2024 оны 06 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2024/03397 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***тоот хаягт оршин суух, Ч.Э*** /РД:***/
Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, Э.Б /РД:***/,
Нэхэмжлэлийн шаардлага: 103,100,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гэрч Х.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Э.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөрт үлдэгдэл төлбөр 65,000,000, хугацаа хэтрүүлсэн алдангид 38,100,000 төгрөг, нийт 103,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Э.Б нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2016 онд үйлдвэрлэсэн Тоёота вэйлфайр маркын арлын *** дугаартай автомашиныг 85,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаанд 15,000,000 төгрөг өгөөд үлдсэн 70,000,000 төгрөгийг 2022.04.20-ны өдөр 23,000,000 төгрөг, 2022.05.20-ны өдөр 23,000,000 төгрөг, 2022.06.20-ны өдөр 24,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч үлдэгдэл 65,000,000 төгрөгийг төлөхгүй байх тул гэрээнд заасны дагуу алдангийн хамт хариуцагчаас нийт 103,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж, гаргасан тайлбартаа: Хариуцвал зохих этгээд нь иргэн Э.Б биш. Худалдах, худалдан авах гэрээг *** ХХК байгуулж, нэхэмжлэгчээс 85,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдан авч, ***д өр төлбөртөө тооцон өгсөн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022.03.19-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, автомашины хүлээлцэх тухай акт, автомашины зураг, тооцооллын хүснэгт, *** ХХК-ийн 2023.03.09-ний өдрийн *** тоот албан бичиг, 2023.03.20-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт, *** ХХК-ийн 2022.09.14-ний өдрийн *** тоот албан бичиг, *** ХХК-ийн 2022.08.10-ны өдрийн *** тоот албан бичиг, *** ХХК-ийн 2022.08.09-ний өдрийн *** тоот албан бичиг, Ч.Э-ын Хаан банкны *** тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг, нэхэмжлэгчээс ***-аас Ч.Э-т олгосон итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас данс эзмшигчийн лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулж, нэхэмжлэгч талын хүсэлтээр Х.Б-ээс гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Э.Б-д нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлээр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2016 онд үйлдвэрлэсэн Тоёота вэйлфайр маркын арлын *** дугаартай автомашиныг 85,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож урьдчилгаанд 15,000,000 төгрөг өгөөд үлдсэн 70,000,000 төгрөгийг 2022.04.20-ны өдөр 23,000,000 төгрөг, 2022.05.20-ны өдөр 23,000,000 төгрөг, 2022.06.20-ны өдөр 24,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон. Гэвч үлдэгдэл 65,000,000 төгрөгийг төлөхгүй байх тул гэрээнд заасны дагуу алдангийн хамт хариуцагчаас нийт 103,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцвал зохих этгээд нь иргэн Э.Б-д биш. Худалдах, худалдан авах гэрээг *** ХХК байгуулж, нэхэмжлэгчээс 85,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг худалдан авч, ***д өр төлбөртөө тооцон өгсөн байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.03.19-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, автомашины хүлээлцэх тухай акт, автомашины зураг, тооцооллын хүснэгт, *** ХХК-ийн 2023.03.09-ний өдрийн *** тоот албан бичиг, 2023.03.20-ны өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт, *** ХХК-ийн 2022.09.14-ний өдрийн *** тоот албан бичиг, *** ХХК-ийн 2022.08.10-ны өдрийн *** тоот албан бичиг, *** ХХК-ийн 2022.08.09-ний өдрийн *** тоот албан бичиг, Ч.Э-ын Хаан банкны *** тоот дансны хуулга, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг, ***-аас Ч.Эт олгосон итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Хаан банк ХК-иас данс эзмшигчийн лавлагаа, Х.Б-ээс гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч Ч.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн гаалийн бичиг бүхий *** арлын дугаартай, сувдан цагаан өнгөтэй, Тоёота Вэйлфайр /Toyota Vellfire/ маркийн автомашиныг 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Б.Н-тай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагчийн заасан этгээд болох ***тай 2022.03.23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна.
6. Улмаар Б.Н-ыг хариуцагчаар татаж, автомашины төлбөрийн үлдэгдэл 65,000,000 төгрөг, алдангид 38,100,000 төгрөг, нийт 103,100,000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Э.Б-дгаар сольж түүнээс дээрх Б.Н-тай байгуулсан гэрээний үүргийг шаардлаа.
7. Хариуцагч Э.Б-д нь нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд тухайн автомашиныг *** ХХК-ийн өмнөөс худалдан авсан тул хариуцвал зохих этгээд биш гэж маргасан.
8. Төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн болон автомашиныг 85,000,000 төгрөгөөр худалдсан талаар зохигч маргаагүй.
9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
10. Нэхэмжлэгч нь хариуцагчийн заасан этгээдэд автомашиныг шилжүүлсэн, менежер Б.Н-тай байгуулсан гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон, *** ХХК-ийн захирал Э.Б-д нь удаа дараа төлбөрийг алданги хохирлын хамт төлөхөө бичгээр мэдэгдэж байсан тул үлдэгдэл төлбөр, алдангийг *** ХХК-ийн захирал Э.Б-д төлөх ёстой гэж тайлбарласан боловч шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэлээ.
11. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж зааснаар *** ХХК-ийн албан бичгүүдээр тус хуулийн этгээд нь нэхэмжлэгч Ч.Этай худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг худалдаж авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.
12. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч Э.Б-д нь хариуцвал зохих этгээд биш байх тул хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Э.Б-дгаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 674,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ