Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2021/ДШМ/11

 

Б.*******т холбогдох хэргийн талаар

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.Чулуунхүү Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч/ Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.******* бичсэн эсэргүүцлээр Б.*******т холбогдох 2023001420048 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* аймаг ******* сум ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* *******, регистрийн дугаар ИС*******.

Шүүгдэгч Б.*******ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулитусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 сар 15 хоногийн хугацаанд шүүгдэгч Б.*******т хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь хохирогч З., иргэний нэхэмжлэгч Д. нарт олгуулахаар шүүхээс тогтоосон нийт 4.059.021 төгрөгөөс 3.000.200 төгрөг төлснийг дурдаж, үлдсэн 1.058.821 төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж хохирогч З., иргэний нэхэмжлэгч Д. нарт олгуулж, хохирогч З.ын 4.030.121 төгрөгийн нэхэмжлэлээс 2.171.350 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч З. нь зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой зардал цаашид гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж Иргэний журмаар шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 7. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, 10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын Б.Төрболд би, яллагдагч Б.*******т холбогдох эрүүгийн зөвлөх 2023001420048 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/шцт/49 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 01 сар 15 /Нэг сар арван тав/ хоногийн хугацаагаар ******* аймгийн ******* сумаас гарахыг хориглосон буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг 1 хоногоор тооцож хорих ял оногдуулахыг тайлбарлаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчээс 1.058.821 /нэг сая тавин найман мянга найман зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж хохирогч 3.Менхтуулд олгохоор, цаашид эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн оролцогч нар нь шийтгэх тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна. Шийтгэх тогтоолыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад шүүгдэгч Б.*******т 01 сар 15 хоногийн хугацаагаар ******* аймгийн ******* сумаас гарахыг хориглосон буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг 1 хоногоор тооцож хорих ял оногдуулахыг тайлбарласан нь эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж болохоор байна. Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим ******* аймгийн ******* сум Жавцаг баг "Бумбан хоолой" гэх газарт иргэн Д.гийн өмчлөлийн Хонда Си Ар Ви маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчиж онхолдсоны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч З.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болно. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх ХЭСЭГТ заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял зэргээс сонгох боломжтой байдлаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан. Харин 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан “Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ” гэж заасан байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл анхан шатны шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.*******т түүний гэмт хэрэг үйлдэх үед хэрэгжүүлэхгүй байхаар заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй зөрчилдсөн, эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр болсон байх ба шийтгэх тогтоолын бусад заалт хэргийн бодит байдалтай нийцсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэснийг удирдлага болгон зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулж шийдвэрлүүлэх саналтай байна. Иймд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/49 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулсан өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ. Прокурор Б.Чулуунхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэ Б.*******т холбогдох 2123001420048 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Тухайн зорчих эрх хязгаарлах ялыг ******* аймгийн ******* сумын төвөөс гарахгүйгээр эдлүүлнэ. Тухайн зорчих ялыг зөрчсөн тохиолдолд 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар солих болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн байгаа. Прокурор шийтгэх тогтоолыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж үзээд эсэргүүцэл бичсэн. Тухайн шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтад шүүгдэгч Б.*******т 1 сар 15 хоногийн хугацаагаар ******* аймгийн ******* сумаас гарахыг хориглосон буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарласан 1 хоногийг цагдан хорьсон 1 хоногоор солихоор тайлбарласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт торгох, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял зэргийг сонгох боломжтой байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэсэн байгаа. Харин 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр мөн хуульчилсан байдаг. Дээрх нөхцөл байдлуудаас үзэх юм бол анхан шатны шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.*******т түүнийг гэмт хэрэг үйлдэх үед хэрэгжүүлээгүй байхаар заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна. Иймд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтад зорчих эрхийг хязгаарлах ялаас өөр ял оногдуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Хэлэх зүйлгүй гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Хэдийгээр Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа, нутаг дэвсгэрийн хувьд тухайн үед буюу 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зөрчих эрхийг хязгаарлах боломжгүй нөхцөл байдал байсан. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар зорчих эрхийг хязгаарлах хуулийг хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байдаг. Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болохоор байгаа. Иймд анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн Б.*******ын хувьд өршөөл үзүүлэх хуульд хамрагдахаар байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Б.******* 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим *******аймгийн ******* сумын Жавцаг баг “Бумбан хоолой” гэх газарт иргэн Д.гийн өмчлөлийн “Хондаси Ар Ви” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж онхолдсоны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч З.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 1 сар 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна. Шүүх Б.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг хэрэглэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон. Шүүгдэгч Б.******* нь дээрх гэмт хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24.00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар тус Өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1,9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 42-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгохоор заажээ. Б.*******ын үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1,6.2, 6.3, 7.1, 7.3, 9.1,9.2 дахь хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарахгүй байна. Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч З., Д. нарт хохирол төлбөрт 3.000.200 төгрөгний хохирол төлөгдсөн 1.058.821 төгрөгний хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Б.*******т холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2023001420048 дугаартай эрүүгийн хэргийг угаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд нэмэлт оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтууд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дугаар зүйлийг удирлага болгон

Тогтоох нь

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2023001420048 дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ