Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0078

 

   2024           01          23                                    128/ШШ2024/0078

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Содболор од” ХХК, РД: 5356857, төлөөлөгч Г.Алдарсайхан, өмгөөлөгч А.Билгүүн,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Маргад-Эрдэнэ, Д.Жаргалсайхан нарын хоорондын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Алдарсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Маргад-Эрдэнэ, Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар тус дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 4 хэсэг, 62-1850 тоот хаягт байрлах газрыг иргэн Г.Тунгалагаас “Содболор од” ХХК-риу шилжүүлсэн.

1.2. Мөн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар дээрх газрын эзэмших эрхийн хугацааг 15 жилийн сунгасан.

1.3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан “Содболор од” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

1.4. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байх ба нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03/5888 тоот “... Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журмын дагуу хугацааг тоолоход 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийг хянан нягтлан шалгаж,хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргана уу” гэсэн албан бичгийг Баянзүрх дүүргийн Засаг даргад хүргүүлсэн.

1.5. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15/1439 тоот албан бичгээр “... тус албаны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15/1850 тоот албан мэдэгдлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байгааг мэдэгдсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр танай байгууллагаас 04/22 тоот албан бичгээр тайлбар ирүүлсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үйл ажиллагааг зогсоох үндэслэлгүй ...” гэх хариуг хүргүүлсэн.

1.6. Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Содболор од” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргажээ.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Монгол Улсын хуулийн этгээд болох “Содболор од” ХХК /РД:5356857/ нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А452 дугаартай захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн дөрөвдүгээр хэсэг-62, 1850 тоот хаягт нэгж талбарын 1332804817 дугаар бүхий 7993 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон. Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн манай компани нь дүүргийн эрх бүхий байгууллагатай газар эзэмших эрхийн гэрээг байгуулж, гэрээ болон хуульд заасан хувь хэмжээгээр газрын төлбөр, татварыг цаг хугацаанд нь төлж байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 тоот захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.3.1, Газрын тухай хуулийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжийг өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байсан бөгөөд тус захирамжийн хавсралтын 10 дахь хэсэгт манай компанийн эзэмшлийн газар багтсан байсан. Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу манай компанид мэдэгдээгүй бөгөөд бид 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн газрын албанд гаргасан хүсэлтийнхээ хариуг авах гэж яваад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдэж, тухайн өдөр дүүргийн Засаг даргын захирамжийг газрын албанаас хуулбарлаж авч, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тухайн шийдвэрийг гаргасан албан тушаалтны дээд шатны албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан бөгөөд бидний гаргасан гомдлыг хянаж 2023 оны 9 дүгээр арын 22-ны өдрийн 03/5888 дугаартай албан бичгээр хариуг ирүүлсэн. Тус хариуг бид 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шуудангаар хүлээн авч, албан бичигт дурдсаны дагуу зохих арга хэмжээг авч өгнө үү гэх агуулгаар Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж гомдол гаргасан боловч бидний гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн тул хуульд заасны дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...”, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ...” гэж тус тус заасан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 тоот захирамж гаргахдаа манай компанид мэдэгдэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу сонсох ажиллагааг хийхгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас манай компанид мэдэгдэл гэх албан бичгийг ирүүлсэн бөгөөд дээрх мэдэгдлийн дагуу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариу болон холбогдох хавсралт баримт бичгийг дүүргийн газар зохион байгуулалтын албанд өгсөн бөгөөд Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрх цуцлах чиглэл ирсний дагуу танай компанид хүргүүлсэн, уг асуудлаар Нийслэлийн Газрын албатай уулз гэсэн хариу амаар өгсний дагуу Нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн н.Одончимэгтэй уулзахад танай хувийн хэрэгт дуудлага худалдааны анхны үнэ төлөгдсөн эсэх талаарх баримт, мэдээлэл байхгүй байна, хариуцсан дүүргийн мэргэжилтэнтэй холбогдож тодруулах шаардлагатай гээд Баянзүрх дүүргийн газрын албаны мэргэжилтэн Ч.Отгондэлгэртэй холбож өгсөн бөгөөд Ч.Отгондэлгэр нь мэдээлэл шүүж үзэхэд танай компанийн төлбөр төлсөн эсэх нь харагдахгүй байна, хэрэв өмнө нь төлбөр төлсөн баримт байвал төлбөрийн баримтаа манайд ирүүлээрэй гэсэн төлбөр төлсөн ч юм шиг төлөөгүй ч юм шиг хоёр агуулгатай хариу өгсөн.

Тухайн үед компани нүүж холбогдох бичиг баримт үрэгдсэн тул анхны дуудлага худалдааны үнэ хэд болох талаар газрын албаны мэргэжилтэн Ч.Отгондэлгэрээр бодуулахад 17,600,000 төгрөг болж байна гээд төлбөрийн нэхэмжлэх өгсөн. Үүний дагуу компанийн захирал Г.Алдарсайхан нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “дуудлага худалдааны үнэ НТД: 1332804817, Содболор од” гэсэн утгатайгаар 17,600,000 төгрөгийг төлсөн. Төлбөр төлсний дараагаар Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн н.Одончимэг болон дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ч.Отгондэлгэр нарт төлбөрийн баримтыг өгөхөд танай газрын хувийн хэргийг бүрдүүлж дууссан, санаа зоволтгүй гэсэн хариуг өгсөн. Төлбөрийн асуудал бүрэн дууссан болон дутуу материалыг бүрдүүлж дууссан гэж ойлгож байсан боловч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар төлбөр, татварын асуудлаар биш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл заан манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлгүй гэх гомдлын тухайд: Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаартай тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Манай “Содболор од” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг дарга 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар аж ахуйн зориулалттай газрын эзэмших эрхийг авсан бөгөөд хуульд заасан хугацаанд 2 удаа газар эзэмшүүлэх гэрээг дүүргийн газар албатай байгуулсан.

Хамгийн сүүлийн газар эзэмшүүлэх гэрээг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албатай байгуулсан. 2020 оны 9 дүгээр сард газар эзэмших эрхийг авсны дараагаар манай компани нь тухайн газраа координат, эргэлтийн цэгээр нь хашаалж хашаа татсан бөгөөд аж ахуйн зориулалтаар үйлдвэрийн барилга барихад цэвэр, бохир усны төвийн шугам болон цахилгаан эрчил хүчинд холбогдоогүй байсан. Нэн шаардлагатай зүйл нь цахилгаан эрчим хүч байсан тул “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хандахад 280кВт-ын цахилгаан шаардлагатай учир түүнд тохирсон техникийн нөхцөл гаргуулж, 400 мКА чадалтай, 10/0.4 кВ-ын дэд станц буюу КТПН-г барьж комисст хүлээлгэж өгч цахилгаан эрчим хүчээр хангагдах ёстой, хүлээж авах комисс хавар ажиллана гэсэн хариуг өгсөн. Энэ хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын хувьд анх удаа олон нийтийн дундаас буюу дотоодод ковид-19 халдвар илэрч, Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдалд шилжиж манай компанийн хувьд гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд шилжиж манай компанийн хувьд гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед хашаалсан газартаа цахилгаан эрчим хүчний дэд өртөөгөө барьж комисст хүлээлгэн өгч чадаагүй.

Хөл хорио тогтоосон хугацаанд зөвшөөрсөн чиглэлээс бусад иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, хил гааль хаалттай, худалдан авалт удааширч хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч бид шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж 2021 оны 9 дүгээр сараас цахилгааны техникийн нөхцөл хүсч явсаар 2022 оны 9 дүгээр сард техникийн нөхцөлөө хүлээн авч /2022 оны 3 дугаар сард техникийн нөхцөл өөрчлөгдөж хугацааны хувьд 9 сар болтол хойшилсон болно/, зураг төслөө хийлгэж одоо 400 кВт хүчин чадалтай цахилгааны дэд станц буюу КТПН-г барьж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр манай компани болон Баянзүрх дүүргийн Газрын албатай байгуулсан №01110-2020/10832 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш манай компани нь 1332804817 тоот нэгж талбарын дугаар бүхий эзэмшил газартаа 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 15/04031/22 тоот цахилгааны техникийн нөхцөл авч, дэд станц барих ажлыг дуусгаад 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад оруулахаар болсон боловч уг комисс ажиллах үеэр хойд хөрш айлын орц, гарцын асуудал хөндөгдөж байсан учраас уг асуудлыг шийдвэрлэсний дараагаар комисс хүлээж авах болсон тул манай компанийн зүгээс 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн газрын албанд тус тус хандаж газрын кадастрын координатад өөрчлөлт оруулах талаар хүсэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор газрын кадастрын координатад өөрчлөлт оруулах хүсэлтийн хариуг авах гэж 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн газрын албаар явж байгаад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосныг мэдсэн. Газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэн өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор манай компани нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйл ажиллагаа явуулсан буюу үйлдвэрлэлд нэн шаардлагатай суурь буюу 400 кВА чадалтай, 10/0,4 кВ-ын дэд өртөөг 2022 оны 9 дүгээр сард барьсан, уг дэд өртөөг комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байсан. Мөн манай компанийн зүгээс аж ахуйн зориулалтаар ашиглах цахилгаан эрчим хүчний дэд станцыг бариулах, техникийн нөхцөл гаргуулах, зөвшөөрөл хүсэх гэх зэргээр 100 000 000 орчим төгрөгийн зардал гаргасан бөгөөд захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл бүрдээгүй байхад хууль бусаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай захирамжийн “Содболор од” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Алдарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ганболд овогтой Алдарсайхан миний бие Содболор Од ХХК-ийн захирал 100 хувийн эзэмшигчээр байдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 9 сарын 25-ны өдрийн А/452 тоот захирамжаар 1332804817 нэгж талбар бүхий 7993м2 талбай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Харин 2023 оны 6 сарын 9-ний өдрийн А/403 тоот захирамжаар газрыг цуцалсан байна. Цуцлах болсон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.6 гэсэн заалт буюу гэрээ байгуулснаас хойш 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг ашиглаагүй байна гэсэн байдаг. Хуульд заагдсан хугацаанд нь тохируулаад эхлээд дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт гомдол гаргаж, уг гомдлын хариугаар энэ газрыг цуцлах үндэслэл болоогүй байна энийг хуульд хэрэгжүүлж хуульд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү гэсэн бичгийг Баянзүрх дүүргийн Засаг даргад өгсөн байдаг. Ингээд Баянзүрх дүүргийн Засаг даргаас эргээд хариу өгөхдөө дээд шатныхаа байгууллагын шийдвэрийг хүлээж авалгүйгээр боломжгүй гэсэн хариу манай компанид өгсөн байдаг юм. Боломжгүй гэсэн шалтгааныг нь үзэхлээр З.Маргад-Эрдэнэ мэргэжилтэн тухайн үед нь Нийслэлээс бичиг ирсэн байна та нар миний захирамжийг шинээр сэргээж өгөх байх гээд очоод уулзахад мэргэжилтэн өөрөө бас хэлж байсан. Одоо би ийм ажил хийсэн ингэж явсан гэдэг мэдээлэл дутуугаасаа болсон мөн тэр бичигт хамгийн гол нь боломжгүй гэсэн тайлбарлаж хэлэхдээ болохоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж байгаа юм. Нэг ёсондоо газар цуцалсантай холбоотой би гомдол гаргаад анх удаа гаргаад явж байгаа мэтээр ойлгоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн ийм хариугаар энэ асуудлыг хаасан. Ингээд би эцсийн дүндээ Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг.

Нэгдүгээрт газар цуцлах үйл ажиллагаа хууль бус болж байна, хийсэн ажилтай гээд нотлоод тайлбарлаад байхад үүнийг авч хэлэлцэхгүйгээр цуцалсан. Дээрээс нь дээд шатны байгууллага нь хуульд нийцээгүй байна, сэргээх нь зүйтэй гэсэн зөвлөл шийдвэр чиглэл өгөөд байхад энийг нь хийгээгүй гэсэн ийм шалтгаан байгаа.

Хоёрдугаарт газрыг цуцлахын өмнө сонсох ажиллагаа хуулийн хүрээнд заавал явуулах ёстой. Гэтэл сонсох ажиллагаа явуулсангүй, хэрэгт байгаа материалтай танилцаад үзэхээр 2020 оны 11 сарын 7-ны өдрийн Баянзүрх дүүргийн газрын албаны дарга н.Бат-Өлзий гэж хүнээс ирсэн бичиг байгаа. Тэр нь газар цуцлах гэж байна гэсэн мэдэгдэл өгсөн байдаг. 11 сарын 11-ний өдөр буюу 4 өдрийн дотор хариу өг гээд мэйлээр 10-нд өгсөн байдаг юм, 10-нд өгөөд би 11-нд нь хугацаанд нь амжуулаад тайлбараа өгсөн. Хариу тайлбартаа ийм ажил, ийм үе шаттай хийгээд газар дээр нь ийм нөхцөл байдалтай байгаа тэр үед миний яриад байгаа энэ катапен цахилгааны ажил хийгдчихсэн байсан, энэ мэдэгдлийг ерөөсөө газар дээр очиж танилцаагүй надад өгсөн байна гэдэг дүр зураг харагдаж байгаа. Мөн ийм ажил хийгдсэн гэдгээ хариу тайлбараа цаг хугацаанд нь бүрдүүлээд нотлох баримтаа өгсөн. Тайлбараа өгөхөд нөгөө дарга энэ нийслэлээс ирсэн чиглэл тул НГА-наас газрыг цуцлуулахаар жагсаалт гаргасан. Үүнд бид таны тайлбарыг сонсоод байх шаардлагагүй, та нийслэлд очиж ханд гэдэг юм хэлсэн. Тэгэхлээр эндээс би юу гэж хараад байна гэхлээр сонсох ажиллагаа гэдэг процесс өөрөө ямар стандартыг дагаж мөрдөж ямар нөхцөл байдалтайгаар явагдах ёстой вэ гэдэг асуудал эндээс урган гарч ирж байна. Нэг мэдэгдэл гэдэг бичиг өгөөд хариу тайлбар өгөөд очоод уулзах гэхээр юу ч сонсоогүй. Үнэндээ бол намайг сонсоогүй нийслэл рүүгээ оч, тэнд очиж уулз гэдэг чиглэл өгөөд явуулчихдаг. Тэгээд энийгээ сонсох ажиллагаа хийсэн мэтээр ингээд тайлбарлах гэж байна уу? Тэгэхээр энэ нь өөрөө хуульд үнэхээр нийцэж байна гэдэг асуудалтай байна гэж харж байгаа.

Баянзүрх дүүргийн газрын албаны дарга н.Бат-Өлзийгийн хэлснээр нийслэл дээр нь би очоод бичиг өгсөн миний энэ газартай холбоотой ийм асуудал болоод байна би ийм ажил хийгдээд явж байгаа гээд мөн адил тайлбарлаад өгсөн. НГА-ны мэргэжилтэн н.Одончимэг гэж хүн дээр хуваарилагдаад газрын хувийн хэрэгтэй танилцаж үзээд надаас дуудлага худалдааны анхны төлбөр төлөх шаардлагатай байна гэсэн байдаг. Тэр шаардлагын дагуу би 2022 оны 12 сарын 5-ны өдөр нийтдээ 17 сая 600 мянган төгрөг шилжүүлсэн, шилжүүлгийн баримт хэргийн материалд хавсрагдсан байгаа. Би банкны тамгатай хуулга хавсаргаж оруулсан. Энэ төлбөрийг нь Баянзүрх дүүргийн газрын албаны байцаагч нь өөрөө надад 17 сая 600 мянган төгрөгийн төлбөр нэг удаа төлөгдөх төлбөр тул та төлөөрэй гээд 12 сарын 5-нд нь төлбөрөө төлөөд, асуудал дууссан уу яасан бол гэхэд та одоо санаа зоволтгүй өөр тан дээр ямар нэгэн зөрчил алга, та төлбөрөө төлсөн бол болоо гээд тухайн үед асуудал шийдэгдчихлээ гээд 12 сарын 5-ны төлбөрөөс хойш би тайвширчихсан байсан.

2022 оны 5 сарын 2-нд газрын албанд би өөрөө биечилж очоод төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэнтэй цуг тооцоо нийлээд 2022 оныг дуустал ямар ч төлбөр тооцоогүй байна гэдэг тооцоо нийлсэн акт үйлдээд үүнийг эх хувиар нь хавтаст хавсаргасан байгаа. Нэг ёсондоо сонсох ажиллагаа хуульд нийцүүлж хийгээгүй гэж үзэж байгаа. Цуцалсан үйлдлийг хэд хэдэн шалтгаанаар зөрччихлөө гэж би харж байгаа. Хавтаст хэрэгт орсон байгаа газар эзэмших гэрээ кю ар кодтой газрын мэдээллийн санд нээлттэй байдаг. Нэг ёсондоо 2023 онд цуцлагдах гэдэг нь гэрээнээс хойш жил гаруй хугацааны дараа миний газрыг цуцалсан гэсэн үндэслэл хэлж байгаа. Газрын мэдээллийн сан гэдэг бол өөрөө газрын албаны өмч үүнийг хариуцаж хөтөлж явдаг зүйл. Нээлттэй мэдээллийн санд Кю ар кодтой газрын гэрээ 2022 оны 5 сарын 22 гэсэн дугаартайгаар бүртгэгдсэн байдаг. Яг энэ үндэслэлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үзсэн байсан, энэ гэрээ нь хүчин төгөлдөр байна, 2 жилээр хүндэтгэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх үндэслэлтэй тул хуульд нийцүүлье гэдэг чиглэлийг нийслэлээс гэрээг үндэслэж өгсөн байна гэж би ойлгодог.

Энэ газрыг би багагүй мөнгөөр компанитай нь худалдаж авсан. 2020 оны 9 сарын захирамжаар сунгагдсан газрыг би 2020 оных нь 10 сард худалдан авахаар эхний ээлжид тохироо хийгээд ингээд ковидын хөл хорио болоод тэр дундуур завсар зайгаар амжуулаад 2021 оны 2 сард компанийг өөрийнхөө нэр дээр төлбөр тооцоогоо төлж дуусаад авсан байдаг. 2021 оноос хойш би энэ газар дээр үйл ажиллагаа явуулахаар сар тутам зорьж ажилласан. 2019 он 11 сард Ковид 19 гэдэг цар тахал дэлхий даяар гарсан. Хятад улсад 2019 оны 11 сард анх гарсан, 2020 оны 2 сараас эхлээд Монгол Улс бүх хилээ хааж эхэлсэн. 2020 оны 2 сараас хааж эхлээд би 2020 оны 10 сард газрыг авах тохироо хийгээд, 2020 оны 11 сараас Монгол Улсад хатуу дэглэмтэй хөл хорио ээлж дараалалтайгаар явагдсан. Үндсэндээ 2020 онд Монгол Улс хилээ хаачихсан 2021 онд бид хөл хориотой гэртээ, хамгийн сүүлийн хөл хорио 2021 оны 4 сард байдаг. Хөл хориотойгоор, хил гааль хаалттайгаар хагас жилээ барчихсан. Хэдийгээр хөл хорио цуцлагдсан ч гэсэн нийтээрээ цуглах ажил хурал зөвлөгөөн явагдахгүй техникийн нөхцөлийн хурал хуралддаггүй тийм цаг үе байсан. 2022 онд газрын албатай тооцоогоо нийлчхээд цаашаагаа цахилгааныхаа техникийн нөхцөлийг хүсээд шууд ороод шийдэгдчихдэггүй өөрийн гэсэн тодорхой цаг хугацаатай, дээрээс нь юу хийхээсээ шалтгаалж тооцоогоо хийнэ. Нөгөө тооцоо чадалдаа хангагдаж байна уу гэдэг маш их шат дараалалтайгаар явдаг ажил. Би бол энийг их том ажил амжуулж хийлээ гэж харж байгаа. Тодорхой хэмжээний зардал мөнгө болох 80 гаруй сая төгрөг зарцуулагдсан. Гэрээ нь хавсралтаар авагдсан. Тог цахилгаан татах гэхээр 2022 оны 6 сард техникийн нөхцөл үүсээд 8 сарын 1-нд нэг техникийн нөхцөл гараад гарсан техникийн нөхцөл нь хажуу талын хөрш болох онцгой байдлын газрын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн учраас тухайн техникийн нөхцөлийг дахин сэргээгээд 2022 оны 8 сарын 30-нд хамгийн эцсийн техникийн нөхцөл гараад ажлаа хийгээд гүйцэтгээд явсан байдаг. Өөрийн мэдлийн 2 жил буюу нэг ёсондоо гэрээ байгуулагдаад 2022 онд захирамж гарснаас хойш би тасралтгүй ажил хийгээд явсан. Онцгой байдал руу хандсан бичиг бүх бичгээр юу харуулах гэж байна гэхээр сар болгон бичиг үйлдэж хаа нэгтээ төрийн байгууллага дээр очиж уулздаг, ажилладаг, гэрээ байгуулдаг, төлбөр төлдөг ийм процессын ажлууд тасралтгүй явагдсан юм гэдгийг нотлох үүднээс хавтаст хэрэгт хавсаргасан. 2020 оны захирамжаас хойш 2020, 2021 оны ковидын жилүүдийг ерөөсөө нэгдүгээрт тооцоогүй байна. Энэ нь бол гэрээн дээр ч байгаа, Газрын тухай хууль дээр ч байгаа. Энэ бол давагдашгүй хүчин зүйлс буюу хэнд ч урьдчилж харж тооцох боломжгүй ийм он жилүүд 2 жилийн хугацаанд байсан. Үүнээс хойш би ажлаа хийгээд надад мэдэгдэл өгөхөд нь би ийм ажил хийсэн шүү гэдгээ нотлоод, тайлбарлаад, хэлсээр байтал, үл сонсож нөгөө талаас дуудлага худалдааныхаа төлбөрийг төлөөдөх гээд төлснийх дараа нь цуцалчихсан. Цуцлахлаар нь дээд шатны байгууллагад нь гомдол гаргадаг. Гомдлыг нь шийдвэрлээд өгөхөөр газрын алба нь шийддэггүй эргээд хариу өгөхдөө хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг зүйлээр хаасан.” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Маргаан бүхий захиргааны актыг 2 үндэслэлээр хууль зөрчсөн байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хөөн хэлэлцэх хугацаатай гомдлоо яг хугацаандаа гаргасан гэдгээ нэхэмжлэл дээр тодорхой дурдсан. Мөн сонсох ажиллагааны мэдэгдэл сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэдэг дээр тайлбар хэлье. Өнөөдрийн танхимд бүгдээрээ эрх зүйч хүмүүс оролцож байгаа байх ерөнхийдөө иймэрхүү асуудал яриад байгаад маш их эмзэглэж байна. Захиргааны ерөнхий хууль шинээр Монгол Улсад батлагдсан. Хуулийн 4.2.6-д урьдчилсан мэдэгдэх оролцоог нь хангах зарчим гээд маш тодорхой зарчим тусгасан байгаа. Уг зарчмыг тусгасан гол асуудал юу юм бэ гэхээр захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааг оновчтой ямар нэгэн алдаа дутагдалгүй гаргая оролцогчийн эрхийг хангая гэдэг үүднээс уг зарчмыг оролцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор сонсох ажиллагаа гэдэг зүйлийг шинээр Захиргааны ерөнхий хуульд оруулсан байдаг. Сонсох ажиллагааг ямар журмын дагуу явуулах юм бэ гэдгийг 26, 27 дугаар зүйлд нарийвчлан зохицуулж өгсөн. Сонсох ажиллагааны мэдэгдэл гэж зүгээр нэг хэлбэрийн төдий цаас өгчихдөг асуудал биш. Сонсох ажиллагааг хэзээ явуулах юм ямар зохицуулалтаар яаж явах юм хаана болох юм гэдэг асуудлыг маш нарийн тодорхой заадаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг даргын газрын албанаас ирүүлсэн 2022 оны 11 сарын 7-ны өдрийн мэдэгдэл хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй мэдэгдэл байгаа. 11 сарын 7-нд гаргасан мэдэгдлээ 11 сарын 11-ний дотор хариу тайлбараа ирүүл гэдэг эхний нэг давчуу хугацаа, дээрээс нь хоёрдугаарт энэ сонсох ажиллагааг хэзээ, яаж явуулах юм, ямар баримт бүрдүүлэх юм гэдэг тийм тодорхой зохицуулалт нь байхгүй. Дараачийн асуудал гэх юм бол сонсох ажиллагаа хийсэн бол тэмдэглэл хөтөлдөг нарийн зохицуулалт байгаа. Энэ бүх жишээн дээр төрийн албан хаагчийн ажлаас чөлөөлсөн бусад холбоотой бүх зохицуулалт дээр энэ ажиллагаа явж байгаа. Гэтэл энэ Баянзүрх дүүргээс явагдаагүй байж бид нар сонсох ажиллагаа хууль заасан журмын дагуу явуулсан гэдэг нь өөрөө үндэслэлгүй. Хэргийн оролцогч маргаан бүхий захиргааны актын оролцогч гэдэг зүйлээр эрхийг нь хангаагүй хүчин төгөлдөр бус шийдвэр болсон байна.

Хууль зүйн үндэслэлийн талаарх гомдолд хариуцагч талаас 9 жил ашиглаагүй гээд яриад байна. Мэдээж эрх зүйч хүн Газрын тухай хуулиа судалж байгаа. Газрын тухай хуулийн 37.2-т аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаад нэг бол сунгахгүй нэг бол сунгана гэдэг зохицуулалт байдаг. Тэгэхээр газраа зориулалтын дагуу эзэмшээд ашиглаад байна гээд 2020 оны 9 сарын 25-нд захирамжаар сунгаад байгаа. Гэтэл өнөөдөр 7 жил ашиглаагүй гээд өмнөх Засаг даргын захирамж эсвэл хийсэн үйл ажиллагааг үгүйсгээд байж байдаг юм уу. Газрын тухай хуулийг тайлбарласан Дээд шүүхийн тогтоолыг үндэслээд байгаа юм. Зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гээд тодорхой нарийвчлаад зохицуулаад тайлбарлачихсан байгаа. Энэ дээр юу гэдэг юм бэ гэхээр үйлчилгээ эрхлээгүй, хаалтад барилга байгуулах, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт эрчим хүчний тухай хууль дээр катафен нэг барилга байгууламж гээд бүр тооцчихсон асуудал байдаг. Тэгэхээр зохицуулалтаа хараагүй байж өнөөдөр та нар ингээд зориулалтын дагуу ашиглаагүй гээд иргэдийг хохироосон тайлбар яриад байж болохгүй. Нэг талаас төрийн байгууллагыг төлөөлж оролцож байгаа тул тодорхой хэмжээнд хариуцлагатайгаар оролцох ёстой. Цахим сайт руугаа буруугаа чихээд байх шиг байна. Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйл дээр хэлцэл гэрээ гэдэг зүйлийг зохицуулчихсан байгаа. Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал авснаар хүчин төгөлдөр гэрээ болно гээд заачихсан. Тэгэхээр 2020 оны 9 сарын 25-нд газар эзэмших эрхийг сунгачихсан тэгээд тодорхой хэмжээний хүсэл зоригоо илэрхийлснийг нь СодБолор од компани хүлээж аваад 2022 оны 5 сарын 12-нд гэрээ хүчин төгөлдөр болчихсон байгаа юм. Тэгэхээр иш болгож байгаа 2008 оны Улсын дээд шүүхийн тогтоолоор 2 жилийн хугацааг тооцож үзэх юм бол 2024 оны 5 сарын 12-нд энэ асуудал яригдахаар байсан. Гэтэл энийгээ маш бүдүүлгээр зөрчөөд иргэн, хуулийн этгээдийг хохироогоод шийдвэр гаргачихсан байгаа юм.

Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгээ бас тайлбарлаад байдаг улмаар тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулчихсан тодорхой хэмжээний зардал гаргачихсан гэдгээ хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотолчихсон хээрийн судалгаа гэдэг юмаа ч хийгээгүй тэгсэн мөртөө сая хийчихсэн гэж ярьж байгаа. БЗД-ийн ЗДТГ-аас 2 хуудас баримт ирсэн байгаа БЗД судалгаа гэсэн. Дүүрэгт газар зохион байгуулалтын албан дээр зөвлөл гэдэг зүйл байдаг. Зөвлөл дээрээ юу ярьдаг вэ гэхээр хуулийн хэлтэс байна уу газрын алба байна уу газар хариуцсан мэргэжилтэн байна уу бүгд сууж байгаад энэ жилийн төлөвлөгөө ийм байна ийм газрыг хүчингүй болгохоор байна гээд судалгаагаа хийж танилцуулдаг түүнд хээрийн судалгаа хийдэг тухайн зүйлийг фото зургаар бүгдийг нь баталгаажуулаад огноо гэрээ хавсаргаж сууж байгаад ярьдаг асуудал байхгүй. Гэтэл өнөөдөр 2 хуудас баримт ирүүлчхээд бид нар хээрийн судалгаа хийсэн гэж яриад байгаа нь өөрөө үндэслэлгүй. Тэгээд хууль бусаар зориулалтын дагуу ашиглаагүй гэдгээ нотолж чадаагүй тэрийгээ тогтоосон баримтгүй байж өнөөдөр 40.1.6-д зааснаар баталгаажуулаад газар эзэмших эрхийн захирамжийг хүчингүй болгосон юм гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Ийм учраас маргаан бүхий захиргааны акт буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 сарын 9-ний өдрийн 403 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Содболор од компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Маргад-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ““Содболор од” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай захирамжийн “Содболор од” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Г.Тунгалагаас Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1332804817 дугаар бүхий аж ахуйн зориулалтай газрыг дүүргийн Засаг даргын 2014 оны А/162 дугаар захирамжаар “Содболор од” ХХК нь газар эзэмших эрх шилжүүлэн эзэмшсэн байна. Тус нэгж талбарын хувийн хэргийг судалж үзэхэд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр талууд “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 8 дахь хэсэг “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасны дагуу жил бүр гэрээ дүгнэдэг боловч жил бүр гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй байх бөгөөд одоог хүртэл газраа ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэгт заасан үндэслэл бүрдсэн байх тул хүчингүй болох үндэслэл бүрдсэн байх тул хүчингүй болгосон болно. Газрын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа “Содболор од” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8000 м кв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтална гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” , 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ. Нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/162 дугаар захирамжаар 8000 м.кв газар эзэмшиж эхэлснээс хойш 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамж гарах хүртэл 6,5 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гарах хүртэл 9,1 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тус тус тогтоогдсон. Учир нь 2020 оны А/452 дугаар захирамжаар зөвхөн нэхэмжлэгчийн газар, эзэмших эрхийн хугацааг сунгасан. Харин нэхэмжлэгчид шинээр газар эзэмшүүлсэн асуудал биш бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа үргэлжилж байсан болно. Сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэгч “Содболор од” ХХК-д дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр 15/1850 дугаартай албан бичгүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд дээрх ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн байна. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Маргад-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 11 сарын 7-ны 15/1850 дугаартай хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Сод Болор Од компаниас 2022 оны 11 сарын 11-ний 04/22 дугаартай албан бичгээр хариу тайлбараа ирүүлсэн. Тухайн хариу тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэн. Тухайн хариу тайлбарт дэлхийн ковид 19 цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал 2019 оны 11 сараас эхлээд Монгол Улсад хөл хориог үе шаттайгаар хэд хэдэн удаа тавьж ажиллах нөхцөлийг хаасан. Хил гааль талдаа худалдан авалтууд удааширч хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэнэ гэж бид үйл ажиллагаагаа зогсоогүй 2022 оны 3 дугаар сард цахилгааны техникийн нөхцөл хүсэж явсаар 2022 оны 9 дүгээр сард хүлээн авч, зураг төслөө хийлгэж, одоо 400квт-ын чадалтай цахилгааны техник барьсан ба одоогоор улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Мөн агуулах конторын барилгын зураг төсөл хийлгэж төсөв бодуулахаар мэргэжлийн байгууллагатай үндэс зөвлөгөө авахаар цаашид Нийслэлийн Засаг даргын захирамж болгохоор ажиллаж байна гэж ийм хариу тайлбар ирсэн. Гэвч тухайн 28 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1332804817 дугаартай газрын анхны эрх олгосон захирамж нь 2004 оны 113 дугаар захирамж байдаг. Тухайн захирамжаа үндэслэж үйл ажиллагаа нь явагддаг байгаа. 2004 оны 113 гэсэн захирамжаар анх газар эзэмших эрх олгосон байгаа. 2014 оны 4 сарын 25-нд хугацаа сунгаад 2020 оны 9 сарын 25-ны өдрийн А/452-аар цуцалсан. А/462 дугаар захирамжаар н.Тунгалаг гэдэг иргэнд анх 2004 онд олгогдсон байсан бол 2014 онд Сод Болор Од гэдэг компанид нэр шилжсэн байгаа юм. 2014 онд нэр шилжүүлж аваад 2020 оны 9 сарын 25-ны өдрийн А/452 дугаартай захирамжаар хугацаагаа сунгуулсан. Тэгэхээр үндсэндээ тухайн газрыг эзэмшээд Сод Болор од компанийн хувьд 2023 он гэхээр 2014 онд шилжүүлж авснаас хойш ерөнхийдөө 9 жил эзэмшдэг гэсэн мөртлөө ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй газарт хоосон байдаг. Тухайн судалгааг дүүргээс судалгаагаа гаргаж нийслэл рүү хүргүүлж судалгааны дагуу сонсох ажиллагааныхаа мэдэгдлийг хүргүүлсэн байна. Албан ёсоор Сод Болор Од компаниас хариу тайлбар ирсэн байна.

 Цахим гэрээ 2022 оны 5 сарын 12-нд үүссэн байна. Энэ нь Дээд шүүхийн тогтоол байдаг. Тэр тогтоолоор гэрээ байгуулснаас хойш 2 жил ашиглаагүй нөхцөлд ашиглаагүй гэж тооцно гэсэн байгаа. Гэхдээ тухайн Сод Болор Од компанийн хугацаа сунгасан захирамж нь 2022 оны 9 сарын 25-ны өдөр прокуророос хүргүүлсэн байдаг. 2022 онд манай байгууллага тухайн цахим гэрээг ашиглаж эхлээгүй болон хэрэглээнд нэвтрүүлж эхлээгүй буюу цахим гэрээ үүсгэж эхлээгүй байсан. 2022 онд албан ёсоор Кю Артай гэрчилгээг цахим гэрээнүүд үүсгээд явж байгаа. Тухайн 2022 онд цаасан гэрээтэй картын гэрчилгээтэй л байсан. Е газар дээр яагаад гэрээ байгуулсан огноо тэгж харагдаж байна вэ гэхээр хуучин үнэт цаасны гэрчилгээтэй байсан иргэн ААНБ-д манайд кю ар гэрчилгээтэй болъё гээд хүсэлтээ улсын бүртгэлийн тэмдэглэлийн хуудас өгөөд гэрчилгээгээ үүсгүүлэхэд тухайн өдөр гэрчилгээгээ өгсөн хүсэлтээр цахим гэрээ үүсээд байгаа юм. Тэгэхээр цахим гэрээ үүсгэдэг он сар, өдрийг гэрээ байгуулсан он сар гэж тооцох боломжгүй.” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 сарын 9-ний А/403 дугаар захирамжийг дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, газрын нэгдмэл, харьяа нутаг дэвсгэрийн санд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд гаргасан. Сод Болор Од компани аж ахуйн зориулалтаар 2014 оны Засаг даргын 4 сарын 25-ны А/162 дугаар захирамжаар анх Хужирбулан буюу Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 8000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшиж эхэлсэн байдаг. 2020 оны 9 сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар хугацааг сунгуулсан байгаа. Хүчингүй болгосон үндэслэл бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Засаг даргын эрх байгаа. 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болгоно гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээг нь эзэмшүүлнэ гэж хуульд заасан. Нэхэмжлэгчийн тухайд 2014 оны 4 сарын 25-ны өдөр А/162 дугаар захирамжаар 8000 м2 газрыг эзэмшиж эхэлснээс хойш 2020 оны 9 сарын 25-ны өдрийн А/452 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүртэл 6,5 жилийн турш газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байдаг. 2023 оны 6 сарын 9-ний өдрийн А403 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гарах хүртэл 9,1 жилийн турш тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдчихсон. Газрыг хуульд заасны дагуу тодорхой болзолтойгоор эзэмшиж байхад хуульд заасан журмыг зөрчсөн нь илэрхий байгаа юм. Хуульд заасан журмыг зөрчсөнөөр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т газар төрийн хяналт хамгаалалтад байх, 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга бус тэгш байдлыг хангах зарчмууд мөн алдагдсан. Мөн 2020 оны 452 дугаар захирамжаар зөвхөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчид 2020 онд шинээр газар эзэмшүүлчихсэн асуудал байхгүй. Газар эзэмших эрхийн хугацаа үргэлжлээд явж байсан. Нэхэмжлэгч сая энэ газрыг 2022 онд компанидаа худалдаж авсан гэсэн. Компанитай худалдаж авсан байлаа ч газар эзэмших эрх Сод болор од компанид үргэлжилж байгаа хугацаанд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Сод болор од компанийн газар эзэмших эрх үүрэг нь хувьцаа эзэмшигч өмчлөгч өөрчлөгдсөн байлаа ч хэвийн үргэлжилж байдаг. Иймд нэхэмжлэлийн үндэслэл хуульд нийцэхгүй байна. Дуудлага худалдааны үнэ төлүүлчхээд хүчингүй болгочихлоо гэж байх шиг байна. Дуудлага худалдааны үнийг анх эзэмшихдээ төсөл шалгаруулах зарчмаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эзэмших ёстой. 0,07 га газраас илүү хэмжээгээр газар эзэмшиж байгаа тохиолдолд энэ газрыг хууль зөрчиж эзэмшиж байсан учраас Нийслэлийн Засаг даргын 2016 оны дуудлага худалдааны төлбөрийг нөхөн төлүүлэх боломжийг газар эзэмшигчид олгосон захирамж гарсан байдаг. Энэний хүрээнд Газрын албанаас дуудлага худалдааны төлбөрийг нөхөн төлүүлсэн гэж ойлгож байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчиж эзэмшиж байсан учраас юм. Газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан буюу газрын албаныхан судалгаа хийхгүй, миний газрыг шалгасангүй гэж байна. Тэгэхээр нэхэмжлэгчид 2014 онд та энэ газрыг зориулалтын дагуу эзэмших боломжтой гээд эзэмшүүлсэн байгаа. Түүнээс биш 9 жилийн турш энэ газрыг ямар ч үр ашиггүй дараад байж бай гэсэн зүйл байхгүй. 2 жил ашиглаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдэж байна. Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг тодорхой тайлбарлачихсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа энэ хүндэтгэн үзэх шалтгаанд оруулах гэж байгаа ковидтой холбоотой нөхцөл байдлууд хамаарахгүй. Улмаар энэ тогтоолд заасан нөхцөлүүдэд хамаарахгүй үүнд байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс болж тухайн газарт эвдрэл элэгдэл, цөлжилт бий болсон, эсвэл бусдын хууль бус үйлдэл гэх зүйлүүдийг хамааруулж ойлгохоор байгаа. Олон зуун мянган газар эзэмшигч нар ковидоос болоод газраа зориулалтын дагуу эзэмшээгүй ашиглаж чадаагүй зүйл байхгүй. Ковидын тухай хуулиар газар эзэмших ашиглахтай холбоотой асуудлуудад зохицуулсан зүйл байхгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болж байгаа. Зардал гаргасан мөн цахилгаан станц барьсан гэж байна. Мэдээж зориулалтын дагуу ашиглахын тулд цахилгаан татах бэлтгэл ажил хангах шаардлагатай. Харин Газрын тухай хууль болон Улсын дээд шүүхийн тогтоолын 1.10-д зааснаар заавал зориулалтын дагуу ашигласан байхыг л шаардаж байгаа. Тийм тодорхой хуульд заасны дагуу, болзол бололцоотойгоор эзэмшиж байгаа учраас энэ компанид эзэмшихдээ зориулалтын дагуу ашиглах бололцоотой гэж эзэмшүүлж байгаа болохоос биш бэлтгэлээ хангаж байхад нь тэдэн жил дараа нь зориулалтын дагуу ашиглахад тэдэн жил гээд ингээд 9, 10 жил үргэлжлээд явчих юм байхгүй. Дээрээс нь нэмж хэлэхэд  бэлтгэл ажил хангасантай холбоотойгоор 2014 онд аж ахуйн зориулалттай л байсан газар эзэмших зориулалт нь 2020 онд хугацааг сунгахад хэвээр байгаа. Тэгээд тэнд аж ахуйн зориулалтаар явуулсан ямар ч үйл ажиллагаа байхгүй байгаа. Тийм учраас нэхэмжлэл үндэслэлгүй.

Сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэгч болон газрын албаны төлөөлөгч хэллээ, сонсох ажиллагааны мэдэгдэл хүлээж авсан уу авсан. Хариу тайлбар өгсөн юм байна. Ингээд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна. Мөн захиргааны актыг мэдэгдсэн. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Содболор од” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн “Содболор од” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, дуудлага худалдааны анхны үнэ төл гэсний дагуу төлөөд өөр асуудал байхгүй гэж тайлбарласан мөртлөө газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, маргаан бүхий газарт техникийн нөхцөл аваад, ашиглалтад оруулах гээд хөөцөлдөж байгаа, ковидын нөхцөл байдлын улмаас тодорхой хугацаанд газраа ашиглаж чадаагүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/452 дугаар захирамжаар “Содболор од” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 28 дугаар  хороо, 4 дүгээр хэсэг, Хужирбулан-62, 1850тоот хаягт байрлах 7993 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгажээ(1хх, 102-104 дэх талд).

4. Мөн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр “Содболор од” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна(1хх, 183-184 дэх талд).

 

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.

6. Хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн энэхүү зохицуулалтын дагуу иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тохиолдолд хуульд заасан “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэхийг хөдөлбөргүйгээр тогтоож, үнэлж дүгнэсэн байх шаардлагатай.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг дүгнэн үзвэл, хариуцагч нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх хуульд заасан 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байхын зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээд нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй байсныг анхаараагүйгээс маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасанд нийцээгүй байна. Тодруулбал,

8. Монгол улсын дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т ““... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

8.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолоор 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гэж, мөн Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан байна.

8.2. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Содболор од” ХХК-ийн газар эзэмших эрхийг Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сунгаж шийдвэрлэсэн байх ба тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон, иргэд хуулийн этгээдийн хувьд чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдалд байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул цар тахлын улмаас “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг” тогтоож байсан цаг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж байсан үзнэ.

8.3. Өөрөөр хэлбэл, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаанд газрын эвдрэл гэмтлээс гадна гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөг мөн хамруулж ойлгохоор Улсын дээд шүүхээс тайлбарласан байх тул маргааны тохиолдолд хуульд заасан газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх 2 жилийн хугацааг гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө арилсан буюу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцох үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ковидын нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаан бүхий цаг хугацааг хуульд заасан 2 жилийн хугацаанаас хасч тооцох нь зүйтэй байна.

8.4. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Содболор од” ХХК-тай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан боловч газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, тус албанаас аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000073353 тоот гэрчилгээ олгож, байгуулсан 01110-2020/10832 тоот гэрээ авагдаагүй, тус гэрээний төгсгөлд “... Энэхүү гэрээний 1 хувийг 133284817 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгална” гэснийг хэрэгжүүлсэн талаарх баримтыг хариуцагчаас гаргаж ирүүлээгүй.

8.5. Харин нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн 0000073353 тоот гэрчилгээ нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр хэвлэсэн огноотой, 01110-2020/10832 тоот “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсныг тус компаниас 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулж хэвлэсэн бичиглэлтэй байна(2хх, 4-7 дахь талд).

8.6. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03/5888 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад “... Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журмын дагуу хугацааг тоолоход 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар захирамжийг хянан нягтлан шалгаж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргана уу” гэх албан бичгийг хүргүүлжээ.

8.7. Дээрхээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн, гэрээг цахим системээс хэвлэсэн огноогоор гэрээ байгуулсан огноог тооцохгүй” гэх тайлбарыг буруутгахааргүй боловч нэхэмжлэгч талын “цар тахлын нөхцөл байдлын улмаас газраа ашиглах боломжгүй байсныг харгалзаж үзээгүй” гэх тайлбар илүү үндэслэл бүхий байна.

 

9. Нэхэмжлэгч “Содболор од” ХХК нь,

9.1. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас олгосон 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 15/03536/22 дугаартай техникийн нөхцөл,

9.2. 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 15/04031/22 дугаартай техникийн нөхцөлөөр өмнө авсан техникийн нөхцөлд оруулсан өөрчлөлт,

9.3. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 0012749 дугаартай барилгын ажлын. зөвшөөрлийн гэрчилгээ, 

9.4. Эрчим хүчний үндэсний төвийн “Содболор од” ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 203/2023 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлт,

9.5. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Электо лайн прожект” ХХК-иас гүйцэтгэсэн Дэд өртөөний барилгын угсралтын ажлын акт, Кабель шугамын шуудууг эргүүлэн булсан акт, Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон тулгуурын угсралтын ажлын акт, Хөндийрүүлэгчийн тодорхойлолт, ЦДАШ-ын гарц ба огтлолцлын үзлэгийн акт, ЦДАШ-ын тулгуурын газардуулгын эсэргүүцлийг хэмжсэн акт, Трансформаторын дэд станцын тодорхойлолт, Газардуулах байгууламжийн тодорхойлолт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

9.6. Мөн нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01-09/167 тоот албан бичгээр “Содболор од” ХХК-иас 100200000967 тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 17,600,000 төгрөг төлсөн талаарх баримтыг ирүүлсэн.

9.7. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх баримт бичгүүдэд тусгагдсан “400кВ чадалтай 10/0.4кВ-ын дэд өртөө” баригдсан болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдох ба нэхэмжлэгч талаас улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэж тайлбарласан.

 9.8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх боломжгүй, газар тухайн газрыг аж ахуйн зориулалтаар ашиглахтай холбоотой ажлыг хийсэн гэж гэж үзэхээр, нэхэмжлэгч талын “... бид ажлаа хийгээд надад мэдэгдэл өгөхөд нь ийм ажил хийсэн шүү гэдгээ нотлоод, тайлбарлаад хэлсээр байтал цуцалчихсан нь хуульд нийцэхгүй” гэх тайлбар нь хүлээж авахуйц байна.

 

10. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас “Содболор од” ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15/1850 тоот албан бичгээр “... тус газар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн байх тул танай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье. Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар гаргах, материал ирүүлэх тохиолдолд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн.

11. “Содболор од” ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04/22 тоот албан бичгээр “... Дэлхий нийтээр ковид19 цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, 2019 оны 11 дүгээр сараас эхлээд Монгол Улсад хөл хориог үе шаттайгаар, хэд хэдэн удаа тавьж, ажиллах нөхцөлийг хаасан хил гааль хаалттай, худалдан авалт удааширч хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч бид үйл ажиллагаагаа зогсоогоогүй билээ. Бид 2022 оны 3 сард цахилгааны техникийн нөхцөл хүсч явсаар 2022 оны 9 сард техникийн нөхцөлөө хүлээн авч, зураг төслөө хийлгэж одоо 400кВт хүчин чадалтай цахилгааны дэд станцыг барьсан ба одоогоор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Мөн агуулах, конторын барилгын зураг төсөл хийлгэж, төсөв бодуулахаар мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, зөвлөгөө авах цаашлаад Нийслэлийн Засаг даргын захирамж болгохоор ажиллаж байна” гэсэн тайлбар хүргүүлжээ.

12. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зохицуулалт зөрчигдсөн гэж үзэхгүй.

13. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагааг явуулж, газар эзэмшигчийн тайлбар, саналыг гаргуулсан нь хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзнэ, харин оролцогчийн гаргасан тайлбар санал хүлээж авах эсэх нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарна.

 14. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ тогтоогдсон нөхцөл байдлыг бодитоор үнэлж дүгнээгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг харгалзаагүй нь захиргааны үйл ажиллагааны үндсэн болон тусгай зарчимд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан “Содболор од” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/403 дугаар тушаалын “Содболор од” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.МӨНХЗУЛ