Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00512

 

“ТЭО” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02701 дугаар шийдвэртэй

“ТЭО” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “БЭБ” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14 400 000 төгрөг гаргуулах тухай хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгч “ТЭО” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Буян-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зар сурталчилгаа байршуулах гэрээг байгуулан хамтран ажиллахаар болсон. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нийт 40 хоногийн хугацаанд захиалагчийн реклам сурталчилгааг гэрээнд заасан нөхцлөөр гаргах, хариуцагч нь түүнтэй холбоотой гарах төлбөрийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл телевизийн холбогдох нэвтрүүлгүүдийн дундуур зар сурталчилгаа, рекламын блокийг байршуулж эфирээр цацаж, гэрээний үүргээ зохих журмын дагуу хүргэсэн байдаг. Бидний зүгээс хариуцагч талд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 225 дугаар албан бичгээр 4 500 000 төгрөгийн бартерийн тавилга авах хүсэлтээ хүргүүлсэн. Үүний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдох бартерийн тавилгыг ирүүлж хүлээн авсан байдаг. Үүнээс хойш гэрээний үлдэгдэл төлбөр болох 14 400 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй ба төлөхийг шаардсан ч бид ийм өндөр дүнтэй гэрээ байгуулаагүй, хэт өндөр үнийн дүнтэй байна, гэрээ байгуулсан эсэхээ мэдэхгүй гэж гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна. Үүний улмаас манай компани ажилчдын цалин тавих болон бусад зардлууддаа алдагдал хүлээн хохирсоор байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний гүйцэтгэх төлбөрийн үүрэгт 14 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Үзлэгээр нэхэмжлэгч тал захиалагч талын явуулсан реклам, зар сурталчилгааг хүлээн авч цацсан болох нь нотлогдож байна. Телевизийн архив гэж байдаг ч тус компанийн архив 3 сарын хугацаатай байдаг болохоор ямар видео, яаж явуулсан эсэхийг гаргах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар бартерын үүргээ гүйцэтгэхийг даалгасан нэхэмжлэл биш, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага учраас бэлэн мөнгөөр шаардаж байгаа. Хариуцагч тал бартерийн бүтээгдэхүүнээ өгдөггүй буюу гэрээнд заасан хамааралгүй тавилганаас бусдыг нь сонгохоор өгдөггүй. Гэрээний үүргээ гүйцэтгэсэн эсэх тайланг өгөөгүй гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан хоёр тайлан байгаа. Нэг тайлан нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дэд секундын тайланг гаргасан. Хоёр дахь нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх нийт секундын цацалтын тайланг гаргасан. Энэ тайланг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тухайн үед Эх орон телевизийн маркетинг хариуцаж байсан Ө.Батхүлэг хариуцагч талын төлөөлөгч рүү тайлангаа хүргүүлсэн байдаг. Иймд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал үүргээ 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцож гарган, нийт 20 881 000 төгрөгийн ажил үйлчилгээг 18 900 000 төгрөгөөр хийж, үүнээс 4 500 000 төгрөгийг бартераар авсан. Гэрээний нийт үнийн дүнгээ нэг секундыг нь 700 төгрөгөөр тооцож нийт 18 900 000 төгрөг гарсан. Үүнээс төлөгдөөгүй 14 400 000 төгрөгийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч “БЭБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонпүрэв шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь “ТЭО” ХХК-тай зар сурталчилгаа, рекламыг Эх Орон телевизийн эфирээр цацуулахаар гэрээ байгуулсан боловч дээрх компани нь гэрээнийхээ үүргийг биелүүлэх, гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй болно. Мөн үүгээр барахгүй манай ажилтан менежертэй хуйвалдан манай компаниас 5 360 000 төгрөгийн тавилгыг авсан. н.Энх-Од нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээний дагуу хариуцсан ажлаа хийгээгүй, үүнийгээ удирдлагад тайлагнаагүй болохоор хийгээгүй ажлын төлбөрийг төлөх гэж байна гэх байдлаар тайлбарыг өмнөх хуралдаан дээр гаргасан. Үзлэгээр нийтдээ 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийтдээ 7 560 секундыг 512 төгрөгөөр нийт 3 870 720 төгрөгийн реклам цацаж өгөх саналыг манайх тавьсан байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр явуулсан мэйлээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс долоо хоног дуустал 10-30 секунд явах рекламын санал өгсөн боловч хэдэн секундээр, хэдэн удаа цацах саналыг өгөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 5 040 секунд буюу 3 528 000 төгрөгийн, 2 520 секунд буюу 1 764 000 төгрөгийн рекламын захиалга өгсөн байна. Үүнээс өөр захиалгыг нэхэмжлэгч талд өгөөгүй. “Тэнгэрлэх эх орон” ХХК-ийн тайлан нь манай захиалгын дагуу цацаж, цацсан талаарх тайлан байх ёстой. Ингээд гэрээний үүргийг биелүүлсэн гээд 14 400 000 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Манай захиалгын дагуу реклам цацсан, үүргээ гүйцэтгэсэн талаарх хариуг ирүүлээгүй учраас ажил гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу “ТЭО” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд, мөн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хариуцагч манай саналын дагуу рекламыг цацсан, бусад нь нотлогдохгүй байна. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу цацалтанд хяналт тавих үүрэгтэй, хяналтыг тавиагүй хэдий ч санал гаргасан гэдэг утгаараа зөвшөөрч, үүнээс бусад нь нотлогдохгүй байна. Тийм болохоор зөвшөөрч байгаагаас бусад хэсгийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, гэрээнд заасан бартерын материалаар нэхэмжлэх ёстой атал мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “БЭБ” ХХК-иас 14 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТЭО” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт, үйл баримтуудыг тал бүрээс судлаагүй, тэдгээрт бүрэн бодитоор, эргэлзээгүй байдлаар үнэлэлт дүгнэлт өгөлгүй, хэт нэг талыг барьж өнгөц дүгнэлт хийснээс уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэх боловч түүнийг нотолсон ямар нэгэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, тодруулбал талуудын хооронд байгуулсан “Зар сурталчилгаа байрлуулах гэрээ”-ний 4.2-т заасанчлан гүйцэтгэгчтэй тооцоо нийлсэн баримт нэг ч байдаггүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “тус компанийн архив 3 сарын хугацаатай байдаг болохоор ямар видео, яаж явуулсан эсэхийг гаргах боломжгүй” гэх бөгөөд “үзлэгээр нэхэмжлэгч тал захиалагч талын явуулсан реклам, зар сурталчилгааг хүлээн авч цацсан болох нь нотлогдож байна” гэж тайлбарладаг. Үзлэгийн үеэр захиалагчийн ажилтнаас хүргүүлсэн реклам, зар сурталчилгааны хуваарь, тоо хэмжээ нь нэхэмжлэгч байгууллагын тооцож нэхэмжилж буй үнэ болоод тоо хэмжээнээс илтэд зөрүүтэй байх бөгөөд үүгээр гүйцэтгэгч нь дутуу гүйцэтгэсэн гэдэг нь тодорхой харагдаж байх атал шүүхээс тухайн үзлэгийн хүрээнд зөвхөн “эх файл буюу захиалга хүргэгдсэн” гэх үйл баримтыг нотлохыг оролдсон байх бөгөөд тухайн захиалгаар өгөгдсөн ажлын тоо хэмжээ, үнэ тооцоолол зэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор судлалгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн, “ТЭО” ХХК-тай байгуулсан тус гэрээ нь бидний өмнө өөр телевиз, зар, сурталчилгааны байгууллагуудтай хийж байсан ижил төрлийн гэрээ, хэлцлүүдтэй хэлбэр болон агуулга /үнэлгээ, төлбөрийн нөхцөл/-ын хувьд зөвшөөрөгдөхүйц байдлаас тэс өөр, мөн явцын дунд төлбөр хийхдээ эрх бүхий удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр бараа материал нийлүүлсэн менежерийн эдгээр үйлдлүүд нь тус компанитай ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байх тул үүнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Иймд, дээрх нөхцөл байдлыг хянан үзэж шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Нэхэмжлэгч “ТЭО” ХХК нь хариуцагч “БЭБ” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 14 400 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 29/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “БЭБ” ХХК нь “ТЭО” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Зар сурталчилгаа байршуулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч “ТЭО” ХХК нь өөрийн эзэмшлийн эх орон телевизэд зар сурталчилгаа байршуулах зорилгоор захиалагч буюу хариуцагч “БЭБ” ХХК-д рекламын блокоо зарах, захиалагч нь рекламын төлбөр төлөхөөр тус тус тохиролцсон байна. Зохигчид гэрээний хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байхаар тодорхойлсон байна. /хх.6-8/

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан  хүчин төгөлдөр гэрээ байна. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалттай нийцжээ.

Зохигчид гэрээний үнийн дүн 18 900 000 төгрөг болон ажлын хөлсөнд 4 500 000 төгрөгийн тавилга хүлээж авсан талаар маргаагүй байна. Талууд гэрээний дагуу тохирсон ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн эсэх талаар маргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг "...манай компаниас рекламын эх файл очсоны дараа реклам цацагдах учиртай, бид файл явуулаагүй учир нэхэмжлэгч гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй" гэж тус тус тайлбарласан байна.

Харин хариуцагч байгууллага нэхэмжлэгч байгууллагыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд реклам цацсан болохыг зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шинэ сонголт брэндийн “БЭБ” ХХК-ийн сурталчилгааг хариуцаж явуулж байсан  [email protected] хаягт, хариуцагч талын төлөөлөгч буюу Г.Энх-Од [email protected], Г.Төвсанаа sovial@ costca.mn хаягуудаас ирүүлсэн и-мэйлүүдэд үзлэг хийлгүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. /хх.68/

Анхан шатны шүүх дээрх үзлэгийн баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч талаас нэхэмжлэгч талд эх файлыг хүргүүлсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь, талууд гэрээний зорилгоо гүйцэтгэгч талаас өөрийн эзэмшлийн Эх орон телевизэд зар сурталчилгаа байршуулах зорилгоор захиалагч “БЭБ” ХХК-д рекламын блокоо зарахаар тодорхойлсон, гэрээний 3.4-т “гүйцэтгэгч нь захиалагч талын баталгаажуулсан зар сурталчилгааны эх файлыг ямар нэгэн алдаагүй авч, чанарын өндөр төвшинд заасан хугацаанд байршуулах үүрэгтэй” гэж заасан, нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч хариуцагч байгууллагаас ирүүлсэн эх файлыг хүлээн авсан болохоо үзлэгийн баримтаар нотолсон байна.

Хариуцагч байгууллага өөрийнхөө рекламны эх файлыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүй. Иймээс реклам цацагдаагүй гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Шүүх хариуцагч байгууллагыг гэрээний 4.1, 4.2-т заасан үүргээ хэрхэн биелүүлсэнээ нотлоогүй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

 Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 16-ны өдрөөс бусад хугацааны реклам цацсан болохыг зөвшөөрөхгүй байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа нотолсон,  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг гаргаж өгөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас ажлын хөлсөнд 14 400 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заалттай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.