| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0692/З |
| Дугаар | 128/ШШ2024/0119 |
| Огноо | 2024-02-06 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/0119
2024 02 06 128/ШШ2024/0119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М******* овгийн Д*******ийн Э*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Э*******,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ч, П.Б,
Гуравдагч этгээд: Т овгийн Бын С, РД: нарын хоорондын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/2 дугаар захирамжийн Б.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус дүүргийн ******* хороо, ******* гудамжны 2 тоот хаягт байрлах газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар:
1.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/2 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 14/52 дугаар тогтоолыг үндэслэн Б.Ст тус дүүргийн ******* хороо, Дд нэгж талбарын 186443 дугаартай 531 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
1.2. Д.Э*******гаас Нийслэлийн Засаг даргад хандан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн Засаг даргын А/2 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
1.3. Д.Э*******гаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 01119-А/2/2016 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , 2 тоотод байрлах нэгж талбарын 146230 дугаар бүхий газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг анх гаргасан.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие Д.Э******* нь Сүхбаатар дүүрэг, *******, Д, тоотод 2015 онд шилжиж ирсэн. Анх ирэхдээ ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах хогоор дүүрсэн газрыг хогыг нь цэвэрлээд эзэмшиж болно гэхэд нь нөхрийн хамт хогыг нь цэвэрлээд тус газарт хашаа хатгаж, хорооны засаг даргаас зөвшөөрөл аваад буусан. Түүнээс хойш одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед ажиллаж байсан хэсгийн ахлагч болон хорооны Засаг дарга нь сайн мэдэж байгаа. Ингээд бичиг баримтаа тухайн үед бүрдүүлэн Газрын албаны дэргэд байсан кадастрын зураг гаргадаг Б гэдэг байгууллагаар кадастрын зургийг нь гаргуулаад тухайн үед Сүхбаатар дүүргийн газрын албанд хандах гэхэд “Зуслангийн газрыг 2019 он хүртэл өмчлүүлж эзэмшүүлэх талаар шийдвэр гаргахыг хойшлуулсан” гэсэн хариу өгсөн. Ингээд 2022 оны 03 сарын сүүлд, 4 сарын эхээр Сүхбаатар дүүргийн газрын албанд хандан газраа эзэмшүүлэх талаар шийдвэр гаргахаар хандахад танай байрлаж байгаа газрыг 2016 оны 06 сард С гэдэг хүнд эзэмшүүлсэн байна” энэ хүнээ олж ир гэсэн ба ямар хүн эзэмшсэн байгаа талаар асуухад “тус хүний хаяг утсыг өгөх боломжгүй” гэсэн хариуг өгсөн. Миний хувьд гэр бүлийн хүний хамт тус газрыг хогонд дарагдсан байсныг цэвэрлэн 2015 оноос хойш одоог хүртэл тус газрыг арчилж хамгаалж гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж байтал мэдэгдэхгүйгээр огт танихгүй С гэдэг хүнд эзэмшүүлсэнд гомдолтой байна. Манайх тус газрын хогыг цэвэрлээд 2015 оноос эзэмшиж байсан талаар хорооны Засаг даргаас эхлээд хэсгийн ахлагч нар мэдэхээс гадна улсаас 2015 оны 08 сарын 05-ны өдөр хот, тосгон, булаг, суурины эдлэн газрын улсын тоо бүртгэлд хүртэл хамрагдаж байсан. Гэтэл надад мэдэгдэлгүйгээр тус газрыг өөр хүнд эзэмшүүлсэн шийдвэр гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ газрыг эзэмшүүлэх талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 06 сарын №01119-А***** захирамж гарсан байна гэж Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтэн надад 2022 оны 03 сарын 28-ны өдөр хэлсэн. Энэ талаар би Сүхбаатар дүүргийн Засаг даргад 2022 оны 04 сарын 10-д хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу өгсөн ба 2022 оны 04 сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргад 2016 оны 06 сарын 0011*****6 тоот захирамжийг хүчингүй болгох талаар гомдол гаргасан. Гэтэл 2022 оны 05 сарын 15-ны үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 9954 тоот утаснаас миний утас руу залгаж “Бид нар шийдвэрлэх боломжгүй, шүүхэд хандана уу” гэсэн хариуг хэлсэн ба бичгээр авах гэхээр “Бичгээр өгөхөө байсан. Цахим болсон тул онлайнаар өгдөг болсон” гэх боловч одоог хүртэл цаасаар болон мэйлээр ямар нэгэн хариу өгөөгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Дүүргийн Засаг даргаас мөн татгалзсан хариу ирсэн.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын шийдвэр нь миний газар эзэмших эрхийг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 27.5-д “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно” гэж заасан байдаг. Гэтэл манайд эзэмшүүлэхгүйгээр С гэдэг хүн эзэмшүүлсэн талаар E. Gazar.gov.mn хаяг руу орж үзээд мэдсэн. Дүүргээс надад захирамжийг гаргаж өгөхгүй байгаа тул захирамжийг нь авч чадахгүй байна. Ер нь 2015 оноос хойш нэг ч амьдраагүй айлд газрыг эзэмшүүлж, биднийг бичиг баримтаа хөөцөлдөөд ирэхээр гэнэт газар эзэмшүүлсэн шийдвэртэй гэсэн хариу өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 оноос одоог хүртэл манайх амьдарч байхад нэг ч хүн энэ миний газар гэж хэлж ирээгүй бөгөөд энэ газар дээр барьсан хашаа болон бусад эд зүйл зөвхөн бидний хөрөнгө байгаа юм. Өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 509******* шүүгчийн захирамжаар “нэхэмжлэл гаргагч нь нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан гомдлыг шийдвэрлэсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нийслэлийн засаг даргад 2022 оны 04 сарын 13-ны өдрийн бичгээр гаргасан өргөдлийн хариу гарсан, цахим засаглалд шилжсэн гээд хариуг огт бичгээр өгөхгүй байна. Иймд дахин өмнө нь гаргасан нэхэмжлэлээ гаргаж байгаа тул миний нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гадагш чиглэсэн захиргааны акт нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн үү гэдэг асуудлаар маргаж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч 2015 оноос хойш тухайн газарт хог шороог цэвэрлээд амьдарч байсан гэдэг нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, улсын тоо бүртгэл, хаягжилтын тодорхойлолт, тухайн хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Захиргааны байгууллага буюу Сүхбаатар дүүргийн Засаг дарга түүний харьяа газраас энэ актыг гаргахдаа хуулийн дагуу гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 27, 24 дүгээр зүйлд шийдвэр гаргахдаа бодитой нөхцөл байдалд тулгуурлах талаар заасан. Нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж байгаа. 2015 оноос хойш тухайн газарт нэхэмжлэгч амьдраад явж байдаг. Газрын албанд очихоор газрын байцаагчийн зүгээс өргөдлийг хүлээж авахгүй газрыг үзэж байж олгоно гэдэг агуулгатай зүйл явсаар байгаад практик байдлаар тогтсон гэдгийг газрын албаны хүмүүс мэдэж байгаа байх. Нөгөө хүн болохоор тэр хүний үгийг хүлээж аваад явдаг.
Хоёрдугаарт өргөдлийг газрын байгууллага хүлээж авахгүй гэж амаар хэлдэг зүйл байдаг. Энэ байдлаас болоод өргөдлөө өгч чадаагүй байсан асуудал харагдаж байна. Гуравдагч этгээд өөрөө бичиж өгсөн өргөдөл мөн үү гэдэг зүйл байна. Гуравдагч этгээд өөртөө байгаа баримтыг гаргаж өгөх ёстой байсан. Шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг гаргаж өгөхгүй зугтаад улмаар бодит зүйл гаргах боломжгүй боломжгүй болгосон зүйлийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Хариуцагчаас хээрийн суурин судалгаа хийдэг гэсэн. Хээрийн суурин судалгаа гэдэгт ядаж газрын байцаагч тэмдэглэл үйлдээд хувийн хэрэгт хийсэн бол өнөөдрийн ийм зүйл ярихгүй. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан энэ нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй байна. Тогтоож чадаагүйгээс шийдвэр гаргасан нь өнөөдөр Д.Э******* гэдэг хүний газар эзэмших эрхийг зөрчиж байгаа зөрчлийн шинжтэй ийм зүйл болж байна гэсэн ийм дүгнэлтийг хийж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хэдийгээр иргэн хүн хууль мэдээгүй нь тухайн хүнийг зөвтгөх үндэслэл болохгүй гэдэг хэдий ч тус газарт хаягдсан хур хогийг хогноос нь цэвэрлээд өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа. Б.Сийн хувьд энэ газар дээр газар эзэмших эрхтэй гэдгээ бараг би 2022 онд мэдсэн юм болов уу гэсэн ийм ойлголт гаргасан. Тэр газрын хувийн хэрэг 2016 гэхэд газраа эзэмшсэн шийдвэртэй юм бол энэ хүн 2016 оноос хойш 2022 он хүртэл газрын албанд энэ газрыг чөлөөлж өгөх хүртэлх өгөөч гэж хүсэлт гаргах, өөрөөр хэлбэл, шүүх дээр маргаан үүссэнээс хойш энэ асуудал хөндөгдсөн ийм дүр зураг харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ газрыг чөлөөлж өгөөч ээ шүүхийн өмнөх шатад Д.Э******* гэдэг хүнийг энэ газартай холбоотой өргөдөл гомдлууд өгөөд явж байхаас эхлээд тодорхой хэмжээний чөлөөлж өгнө үү гэсэн агуулгатай ийм тайлбар мэдээлэл явдаг. Газарт татварыг 2016-2022 он хүртэл огт өгөөгүй. Татвар тухайн газрыг зориулалтын дагуу эзэмшиж байгаа бас нэг үзүүлэлт гэж ойлгож байна. Тэгэхээр захиргааны байгууллагын зүгээс энэ дээр бодит байдал дээр Д.Э******* гэдэг 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч, хашаа хороо хогийг нь цэвэрлээд хашаагаа хатгаад зам толгойг нь цэвэрлээд зарим хотгор газарт шороог нь асгаад зузаалаад ингээд амьдраад байж байхад Б.С гэдэг хүн огт амьдраагүй байж байж өнөөдөр энэ газрын гэрчилгээг би эзэмших хэрэгтэй гэдэг. Ийм байдлаар маргаж мэтгэлцэж явж байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр талууд эвлэрье энэ газрын маргаанаа эцэслэн шийдвэрлэе, хэдүүлээ нэг хоорондоо тохиролцъё гэдэг энэ агуулгыг ярьж байсан боловч гуравдагч этгээдийн зүгээс өндөр үнийн дүнтэй байгаад эвлэрээгүй. Үерийн аюултай бүс байж магадгүй ийм газар байсан учраас үнийн дүндээ тохирч байсан зүйл байхгүй ийм учраас шүүх эцэслэн шийдвэрлэж өгнө үү энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. нөхцөл байдлыг тогтоогоогүй ийм акт учраас Захиргааны ерөнхий хуулийн 24.1, Газрын тухай хуульд заасан зохицуулалт, заалтыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн ийм дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Д.Э*******гийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох 2016 оны А/2 дүгээр дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Иргэн Б.С нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хуульд заасан баримт бичгийг бүрдүүлж, газар эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байна. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/1 дугаар тушаалын 2.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Чөлөөт бүсийн газарт Чөлөөт бүсийн захирагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргана” гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын 2016 оны А/2 дүгээр захирамж гарсан. Иргэн Д.Э******* нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гар өргөдөл бичиж өгсөн нь Газар зохион байгуулалтын албаны архивт хадгалагджээ. Газрын тухай хуулийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан тул иргэн Д.Э*******гийн дээрх өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй. Иймд дүүргийн Засаг дарга А/2 дүгээр захирамжийг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 6 сарын 20-нд гуравдагч этгээд нь дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлтээ гаргана, дүүргийн засаг даргын 7 сарын 06-ны өдрийн А/2 дүгээр захирамжаар газар эзэмших шийдвэр гаргуулж авсан байдаг. Тухайн газар нь өөрөө 2014, 2015 онд ямар ч газар эзэмшсэн хашаа барьсан хог хаягдал гэж байхгүй. Шороо зам явсан байдаг. 2016 онд хашаа барьсан зүйл харагдаж байгаа. Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Газрын тухай хуулийг зөрчиж дур зоригоороо ашиглаад өөрийн эзэмшлийн газар гэж хараад нь хуультай зөрчилдөөд байна. Хорооны Засаг дарга болон хэсгийн ахлагч нар зөвшөөрсөн гэж ярьдаг. Газрын тухай хуулиар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч газар олгоно гэсэн ямар ч үг өгүүлбэр байхгүй. Зөвхөн хорооны засаг дарга хаяг болон төлөвлөгөөнд тусгагдсан газар болоод суурийн хээрийн судалгаа хийгээд өргөдөлд цохож өгдөг. Тэр цохолтыг үндэслээд тодорхойлолт хийж өгдөг болохоос биш хорооны засаг дарга газар зааж өгөх боломж байхгүй. 2016-2019 оны хороонд газар эзэмших эрхийг хаасан гэж яриад байна. Тийм зүйл болоогүй. Газар өмчлөлийн тухай 15 жилийн хугацаатай батлагдсан байдаг. Улмаар газар эзэмшихтэй холбоотой хориглосон зүйл байхгүй. Усан сан болон онцгой хамгаалалтын бүсийг зогсоосон. А/2 дугаартай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрч н.Мө гэрчийн мэдүүлэгт тодорхой байгаа. 2015 оноос хойш гэдэг үг өгүүлбэр байхгүй. 2014, 2016 оны асуудал байж байгаа. Б.Сийн өөрийнх нь тайлбарт 2016 онд газрынхаа гэрчилгээг аваад хашаа хатгах гэсэн хүмүүс ирсэн байсан том бие залуу намайг ойртуулахгүй байсан гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг н.Мө гэдэг хүний мэдүүлэгт бичсэн байдаг. Нэг хүн ирээд манай газар гэж хэлсэн байдаг. Энэ асуудлууд 2016 онд болсон гэж тогтоодохоор байна. Геодези зураг зүйн газрын сансрын давхцуулсан зургийг харахад 2016 он хүртэл хашаа байгаагүй. 2015 оноос хойш амьдарч байгаа гэдэг нь нотлогдохгүй байна. 2015 онд эзэмших хүсэлт өгсөн боловч 2019 он хүртэл хүлээж аваагүй гэдэг тайлбар хэлдэг. Энэ бол боломжгүй. Газрын тухай хуулиар хүсэлтийг хүлээж аваад шийдвэрлэх үүрэгтэй байж байгаа. 4 жилийн хугацаагаар хүлээж авахгүй гэсэн эрхийн акт байхгүй байхад иргэн өөрөө тухайн газраа өөрийн нэр дээр болгож авах үүрэгтэй байж байгаа. Газрын эрхийн гэрчилгээгүй зураггүй мэдээллийн санд бүртгэгдээгүй байхад газар эзэмших эрхгүй. Иймд тухайн иргэн хуульд заасан үүргээ биелүүлээд хашаагаа хатгаад явах боломжтой. Гуравдагч этгээд гэрээ гэрчилгээ хийсний дараа хашаа хатгахад тухайн асуудал үүссэн гэж харахаар байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.
4.1. Гуравдагч этгээд Б.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Б овогтой С Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, тоот хаягт оршин суудаг хаягтай боловч А аймгийн Э******* суманд түр оршин суугчаар амьдарч байна. Манайх энэ газрыг авахдаа газар зохион байгуулагч очиж үзэж шалгаж байж кадастрт ороод, тэгээд дахиад газар зохион байгуулагчаас зөвшөөрөл авч гэрчилгээ авах бичиг баримтаа өгч авсан газар байдаг. Би 1996 онд хотод ирж суурьшсан байдаг. Энэ газарт ямар ч айл буугаагүй байсан. Энэ н.Э******* гэж хүн хүн гүтгэж байна. Гэрчилгээ гарснаас хойш очиж гэрээрээ буух гээд хайрга асгасан байсан. Гэтэл очсон чинь байдаггүй. Тэгээд хажуу талд нэг айл буугаад удаагүй байсан чинь тэр айл аваад арын шалаа цутгасан байсан. Тэгээд тэр айлтай бас бөөн хэрүүл болж байсан. Тэгтэл бас нэг өндөр бүдүүн бор залуу ирээд миний газар энэ тэр гэж дайрч доромжлоод бараг л зодох шахсан. Тэгэхээр нь би энэ газар дээр манай бичиг баримт бий гэсэн чинь тэр хамаагүй манайх ч бичиг баримттай гэсэн. Ингээд энэ хүмүүс элдвээр хэлж доромжлоод гэрээ ч барьж чадаагүй. Ингээд манайх хувийн шалтгаанаар хөдөө хэсэг амьдрахаар явсан. Гэтэл байхгүй хойгуур эзэн сууж өвс буулгасан байсан. Би өчнөөн очсон. Айлыг нь нүүлгэж манайх хашаа хороогоо янзалж явмаар байна гэж хэлсэн чинь хойд гэрээс нэг настай хөгшин гарч ирээд бас элдвээр хэлсэн. Тэгээд утсаар яриад нөгөө бүдүүн хүн ирж бас элдвээр хэлсэн. Би газрын албан дээр удаа дараа очсон. Гэрчилгээ давхардаж өгөх асуудал хэзээ ч байхгүй, таны л газар байна гэж хэлдэг. Мөн хавар би бүр бичгээр газрын албанд өргөдөл хүртэл өгч байсан. Энэ хүн хүчээр хүний газрыг авах гээд улайраад байх юм. Эрхэм шүүгч та бүрэн үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Саяхан намайг нэг очиход машин тэрэг орох зайгүй машины сэг хогоор дүүргээд хогийн цэг шиг аймар болгосон байна лээ” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.Э*******гаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/2 дугаар захирамжийн Б.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус дүүргийн ******* хороо, ******* гудамжны 2 тоот хаягт байрлах газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...2015 оноос хойш байнга оршин сууж, амьдарч байгаа, хог хаягдлаар дүүрсэн газар байсныг цэвэрлэж, хүсэлт гаргасан байхад Б.Ст эзэмшүүлсэн нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
3. Б.С нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “... ******* хороонд 0,531мкв газрыг миний нэр дээр эзэмшүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэж тус дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/2 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 14/52 дугаар тогтоолыг үндэслэн Б.Ст тус дүүргийн ******* хороо, Дд нэгж талбарын 186443 дугаартай 531 мкв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
4. Харин нэхэмжлэгч Д.Э******* нь 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Б” ХХК-иар газрын кадастрын зураг хийлгэсэн, эдлэн газрын тоо бүртгэлийн баримт үйлдүүлсэн боловч 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр анх маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан нь Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтын картад тэмдэглэгдсэн байх ба тус хүсэлтэд дурьдсан газар нь иргэн Б.Сийн эзэмшилд олгогдсон газартай хэсэгчлэн давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 1/1741 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байна.
5. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж зааснаас үзвэл, газар эзэмшүүлэх харилцаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтэд үндэслэгдэн хэрэгжихээр байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Б.С нь маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтээ түрүүлж гаргаж шийдвэрлүүлсэн байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй.
6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Э******* нь маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд гаргаж байгаагүй атлаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж бусдын эзэмшилд олгогдсон газарт хашаа барьж суурьшсан гэж үзэхээр байх тул маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд багтсан эсэх нь тодорхойгүй, гуравдагч этгээдээс тухайн газар дээрээ ерөөсөө амьдарч байгаагүй, газартай гэдгээ шүүхийн маргаан гарснаас хойш мэдсэн, газрын төлбөр төлж байгаагүй” зэргээр маргах боловч энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх үйл баримтад хамаарахаас бус нэхэмжлэгч Д.Э*******гаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
8. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/1245 тоот албан бичгээр ирүүлсэн агаар сансрын зурагт маргаан бүхий газарт 2017 оны байдлаар суурьшил үүсээгүй, хоосон, харин 2018 оноос гэр, хашаа баригдсан нь зураглагдсан байгаагаас үзвэл, нэхэмжлэгч тухайн газарт 2016 оноос өмнө оршин сууж амьдарч байсан гэх үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэгч талын “хээрийн судалгаа хийгээгүй, бодит нөхцөл байдал тохироогүй акт гаргасан, ...тухайн газарт 2015 оноос гэр барьж амьдарсан” гэх тайлбар, гэрч Д.Мөгийн “... хогийг цэвэрлэсний дараа гэрээ барьж амьдарсан..., оныг нь сайн санахгүй байна” гэх, гэрч Ц.Сгийн “...2015 оноос амьдарч байгаа гэж санаж байна” гэх мэдүүлгүүд үгүйсгэгдэв.
9. Сүхбаатар дүүргийн ******* хорооны Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 74 тоот албан бичгээр Д.Э******* нь тус хорооны Д-***** тоот хаягт бусдын сууцыг түрээсэлж (В2 эзэмшлийн хэлбэр 1) амьдардаг гэсэн 2015 оны өрхийн бүртгэлийг, өөрийн эзэмшлийн гэрт амьдардаг гэсэн 2019 оны өрхийн бүртгэлийг тус тус ирүүлсэн ба шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хийсэн газрын үзлэгийн үер нэхэмжлэгч Д.Э*******гаас “2 тоот газар нь гудамжны төгсгөлд байгаа, бидний амьдарч байгаа газар албан ёсны хаяг олгогдоогүй учраас бүртгэлтэй хаягийг хадаж цахилгаанаар хангагдсан” гэж тайлбарласан, гэрч Ц.Сгаас “... Д.Э******* нь анх н.Мө гэх ахынхаа хашаанд амьдарч байсан, ... ах н.Мө нь 2 хаягт оршин сууж байгаад 16 дугаар хороо руу шилжсэн, ... одоо амьдарч байгаа газар хаяг байхгүй” гэж мэдүүлснээс тус тус үзвэл, нэхэмжлэгчийн “Миний бие Д.Э******* нь Сүхбаатар дүүрэг, *******, Д, тоотод 2015 онд шилжиж ирсэн. Анх ирэхдээ ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах хогоор дүүрсэн газрыг хогыг нь цэвэрлээд эзэмшиж болно гэхэд нь нөхрийн хамт хогыг нь цэвэрлээд тус газарт хашаа хатгаж, хорооны засаг даргаас зөвшөөрөл аваад буусан...” гэх тайлбар үндэслэлгүй байна.
10. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Д.Э******* нь 2015 онд тус газарт амьдарч байхдаа эдлэн газрын улсын тоо бүртгэлд хамрагдсан” гэх боловч тус бүртгэлийн хуудсыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Б” ХХК-ийн ажилтан Н.Наас кадастрын зураг үйлдэхдээ бөглөж, нэхэмжлэгч Д.Э*******д өгсөн нь нэхэмжлэгчид эх хувиараа хадгалагдаж байх тул нэхэмжлэгчийг кадастрын зураг хийлгэсэн огноогоор маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.
11. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь Сүхбаатар дүүрэг, *******, Д тоот хаягт байрлах газар биш байхын зэрэгцээ, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна.
12. Дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/2 дугаар захирамжийн Б.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус дүүргийн ******* хороо, ны 2 тоот хаягт байрлах газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******гаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/2 дугаар захирамжийн Б.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус дүүргийн ******* хороо, ны *** тоот хаягт байрлах газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ