Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 202/МА2019/00009

 

М.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2020/00075 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... овогт М-н Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... овогт Д-н М-д холбогдох,

Адуу худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 10 000 000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 1 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа /цахимаар/, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ууганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2019 оны 02 дугаар сард адуу авахаар явж байгаад Д.М-нд очоод хурдан морь болох соёолон насны сартай хүрэн үрээг нь авахаар болж 10 000 000 төгрөгийг эхнэр Ц-ийн ** тоот данс руу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Өмнө нь энэ хүнээс 6 500 000 төгрөгөөр шүдлэн шарга алаг үрээ авч байсан. Мөн зараад өгөөч гээд шарга даага өгч явуулаад зарагдахгүй мөнгийг нь нэхээд байхаар нь өөрөө хүртэл аваад 4 000 000 төгрөг өгч байсан. Гэвч энэ авсан адуунууд нь хурдан биш, ямарч амжилт үзүүлээгүй, овооны наадамд ч айрагдаагүй тул эдний адуу хурдан биш юм байна гээд болихоор болсон. Би тэр авсан соёолон хүрэн халзан үрээг авч яваагүй, одоог хүртэл тэдний адуунд байгаа. Мөн энэ хугацаанд төрсөн ахын эхнэр ходоодны хорт хавдартай болох нь оношлогдож надад мөнгөний хэрэг маш их гарч 2,3 удаа ярьж мөнгөө нэхсэн боловч сүүлдээ бүр утсаа авахаа больж сураг тасарсан. Би энэ хүмүүст банкнаас сарын 2,5 хувийн хүүтэй, 10 000 000 төгрөгийн зээл авч мөнгөө өгсөн бөгөөд сарын хүү нь 250 000 төгрөг болно. Мөнгөө өгөөд 6 сар болж байна. Иймд үндсэн мөнгө 10 000 000 төгрөг, хүү 1 500 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү…” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 02 дугаар сард Д.М, М.Б нар зээрд халзан будан үрээг 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. М.Б хурдан гэдгийг нь мэдэхгүй учир адууг сойлгож хурдан гэдгийг нь нотолсны дараа адууг авахаар болсон. Үүний дагуу М.Б нутагтаа ирээд 10 000 000 төгрөг шилжүүлээд хурдан гэдэг нь нотлогдвол 5 000 000 төгрөгийг өгнө гэж тохирсон. Иргэний хуулийн 39, 42 дугаар зүйлд зааснаар аман гэрээ хийгдсэн. Гэтэл Д.М адууг сойгоогүй, унаач хүүхэд байхгүй, тэжээл байхгүй гэх үндэслэлээр адууг хурдан гэж нотлоогүй. М.Б нь Д.М-ийн эхнэрийн данс руу 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг М.Б банкнаас 2,5 хувийн хүүтэй зээлж Д.М-д өгсөн. Энэ хоёр хүний хооронд үүссэн гэрээний үүрэг биелэгдээгүй, гэрээг цуцлах эрх М.Б-д байгаа учир өгсөн 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн зээлийн гэрээний хүү 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Д.М 5 сарын хугацаа өгөөч гэхэд хугацаа өгсөн хэдий ч хохирлыг барагдуулаагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Нийт 11 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед тэжээлийн үе байсан учир уяа, сойлго нь таараагүй байсан. Тэгэхээр 5 сард уяа сойлго нь таарахаар хурдан гэдгийг нотлоод өг, тэгээд авъя гээд итгээд явсан. Одоо адуу хязаалан болсон. Өмнө нь даага, шүдлэн байхдаа хурдлаагүй...” гэжээ.  

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...М.Б нь надаас 2018 оны 05 дугаар сард 1 даагыг 4 000 000 төгрөгөөр, 1 шүдлэн үрээг 7 000 000 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Сүүлд 2019 оны 02 дугаар сард М.Б нь манайд ирж надаас дахин хурдан адуу авъя гээд энэ зээрд будан халзан үрээг авсан. Тухайн үед энэ зарагдсан үрээг М.Б-д зарах сонирхол надад байгаагүй. Яагаад гэвэл өмнөх хоёр адууныхаа мөнгийг өгөөгүй, олон удаа нэхүүлсэн. Би зээрд халзан үрээг зарахгүй гэхэд энэ үрээг л авна гэж гуйсаар байгаад авсан. Гэхдээ үрээгээ авч явахгүй, танай адууны уяа сойлгыг би тааруулж чадахгүй, тэжээж чадахгүй, та уяж өгөөч гэж гуйгаад орхисон. Миний хувьд би өөрөө олон морь уядаг, тэжээдэг учраас унаач хүүхэд олдоогүй, тэжээлийн өвснийхөө үнийг өгөөгүй учир үрээг нь уяж чадаагүй. Одоо манай адуунд үрээ нь эрүүл саруул байгаа. Мөн М.Б нь 2019 оны 02 дугаар сард үрээгээ авсан боловч наймаагаа буцъя гэж тухайн үед хэлээгүй. 2019 оны 05 дугаар сард анх утсаар хэлсэн. Зээрд будан халзан үрээг анх 15 000 000 төгрөгөөр тохиролцож зарсан боловч 10 000 000 төгрөг өгсөн. Авахгүй гэдгээ тэр даруй хэлсэн бол хээр үрээг авъя гэж олон хүмүүс ирсэн. Тухайн үед хээр үрээ 15 000 000 төгрөгөөс илүү үнээр зарагдах байсан боловч М.Б-д зарсан байсан учир би өөр хүнд зараагүй. Одоо би М.Б-с хээр үрээний үнэ үлдэгдэл 5 000 000 төгрөгийг авах боловч өгөөгүй байгаа. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд М.Б-д зээрд будан халзан үрээг 11 500 000 төгрөгийн оронд өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл авах ёстой 3 500 000 төгрөгийг татгалзаж байна. М.Б өөрөө адуугаа аваад уяж хурдлуулж болно...” гэжээ. 

       Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хариуцагч Д.М-ээс 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв боловч эд хөрөнгийн доголдлын талаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд ямар ч эд хөрөнгийн доголдлын асуудал яригдаагүй байхад  шүүх ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчийн гэрээнээсээ татгалзаад байгаа үндэслэл болох адууг хурдан биш гэх үндэслэл нь эд хөрөнгийн доголдлын тухай асуудал биш, харин талуудын хооронд болзол тавьсан хэлцэл /хурдан гэдгийг нотолсон тохиолдолд үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөг өгөх, нотлогдоогүй тохиолдолд наймаа буцах/ хийгдсэн үү, үгүй юу, энэ нь нотлогдож байна уу, тэдний хооронд өөр ямар тохиролцоо хийгдсэн, тэдний хэлснээр харилцан үүрэг хүлээсэн тохиролцоо /нэг нь худалдан авах үнээс гадна өвс тэжээлийн мөнгө, унаач хүүхдийн мөнгө өгөх, нөгөөх нь морийг уях/ хийгдсэн үү, хийгдсэн бол хэн нь уг үүргээ биелүүлээгүй вэ гэх зэрэг харилцан хүлээсэн үүргийн хоорондын уялдаа холбоог харгалзан үзэж дүгнэлт хийх шаардлагатай, энэ нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн 3 дугаар хуудсанд “...нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна...”, “...хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна...” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч М.Б өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох “уг адууг хурдан удмын биш” гэснийгээ, мөн Д.М уг адууг хурдан удмын гэдгийг нотолсон тохиолдолд үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөгийг өгнө гэж тохирсон, энэ үүргээ Д.М биелүүлээгүй” гэх үндэслэл тайлбараа нотлоогүй, хариуцагч Д.М-ээс худалдсан адуугаа хурдан гэдгийг нотлохоор шүүхэд хүсэлт гарган шинжээч томилуулсан байхад М.Б нь захирамжийг зөвшөөрөхгүй, адууг хурдан гэдгийг нотлох шаардлагагүй гэж гомдол гаргасан /хх-ийн 55/ зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг  нотлуулахыг хүсэхгүй, зөвхөн мөнгөний хэрэгцээ гарсан үндэслэлээр ялимгүй зүйлээр шалтаглан мөнгөө буцаан авах хүсэл сонирхолтой, энэ үндэслэлээр хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээнээсээ татгалзаж байгаа нь илт тодорхой харагдаж байна. Ингэж нэг талын хүсэл сонирхлоор, ялимгүй шалтгаанаар хүчин төгөлдөр байгуулсан гэрээнээс татгалзах нь нөгөө талын ашиг сонирхлыг зөрчиж байгаа шударга бус үйлдэл юм.

Талуудын хооронд хийгдсэн унаач хүүхдийн мөнгө, тэжээлийн мөнгийг явуулах үүргээ М.Б өөрөө биелүүлээгүй атлаа хариуцагчийг адууг уяагүй, хурдан гэдгийг нотлоогүй гэсэн ялимгүй шалтаг үндэслэлээр гэрээнээсээ татгалзаж байгаа нь үндэслэлгүй буюу нэхэмжлэгч эхэлж биелүүлэх үүргээ зөрчсөн буруутай тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 225.4.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй юм.

Уг адууг худалдсаны дараа буюу 2019 оны 05 дугаар сард наадамд уяж хурдлуулан 7-р байранд оруулсан талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгч, өөрийн татгалзлыг нотолсоор байтал хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох МҮОНТ-ийн бичлэг бүхий СD-д шүүх үзлэг хийхгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлах, үнэлэх журмыг биелүүлээгүйн улмаас ямар үндэслэлээр уг нотлох баримтыг үнэлээгүй үлдээсэн талаарх дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаагүй нь ойлгомжгүй байх ба энэ нотлох баримтыг үнэлээгүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлсөн гэж үзэж байна. Уг бичлэгийн талаар хариуцагч шүүх хуралдаан дээр дурдаж ярьсан байдаг.

Иймд Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 75 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянаж, гэрээний үүргээ нэхэмжлэгч М.Б биелүүлээгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байх тул тэрээр гэрээнээс татгалзах эрхгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 Хариуцагч Д.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Б бид 2 анх удаа наймаа хийж байгаа хүмүүс биш, надаас 3 дахь удаагаа адуу авч байгаа хүн. Өмнө нь авсан адуунууд нь хурдлаагүй гээд байна, гэхдээ надаас худалдаж авсан адуу нь өчнөөн овооны наадамд айрагдаж түрүүлсэн. Надаас ах, дүү 3 адуу авсан. Хязаалан үрээ болон даага аваад явсан. Ноднин жил ирээд зээрд даага аваад явахдаа сартай зээрд даага бас аваад явсан. Нэг хүрэн гүүний 3 төлийг авсан. Өмнө нь худалдаж авсан адуунууд нь хурдлаагүй байхад дахин адуу авна гэж байхгүй. Нэхэмжлэгч өөрөө надад хэлэхдээ өмнө авсан адуунууд нь өчнөөн айрагдаж түрүүлсэн, одоо дүүг нь худалдаж авмаар байна гэсэн. Шарга алаг үрээний төрсөн дүүг нь худалдаж аваад одоо болтол мөнгөө өгөөгүй л байгаа. Будан халзан адууныхаа 10 000 000 төгрөгийг өгөөд надаар уяуулах гээд үлдээсэн. Тэгээд явахдаа надаас сартай зээрд даага аваад явсан. Мөнгийг нь наадмын дараа өгье гэсэн. Будан халзан адууныхаа үлдсэн мөнгийг нь урагшаа, хойшоо наймаанд явж ирээд өгнө гэсэн...” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Б, Д.М нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар 2019 оны 02 дугаар сард зээрд будан халзан үрээг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Гэрээний нөхцөл нь нэхэмжлэгч М.Б 10 000 000 төгрөг өгөх, хариуцагч зээрд халзан үрээг хурдан гэдгийг нотлох байсан. Гэтэл нэхэмжлэгч 10 000 000 төгрөгөө төлсөөр байтал хариуцагч хурдан гэдгийг нь нотлоогүй учир гэрээнээсээ татгалзах шалтгаан бий болсон. М.Б олон удаа хугацаа зааж өгсөн, хойшлуулсан, сүүлдээ хариуцагч утсаа авахаа больсон. Зөвхөн М.Б-н хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй 2 талын хүсэл зоригийн илэрхийлэл байсан.

Шинжээчийн дүгнэлтийн хувьд дүгнэлт гаргуулах байгууллагаар Д.М нь уяачдын холбоогоор хийлгэнэ гэсэн учир мэргэжлийн байгууллагаар хийлгэх санал тавьсныг шүүх зөвшөөрөөгүй байсан, мөн уг зээрд халзан будан үрээг даага, шүдлэн, хязаалан насанд нь нэг ч удаа уяж байгаагүй нь хурдан удмын адуу биш гэж өөрөө зөвшөөрсөн байгаа нь тодорхой болсон байсан. “Тайж хурд” морин спорт уяачдын холбоо зээрд будан халзан үрээг хурдан удмын гэдгийг тогтоохоос татгалзаж харин хариуцагчийг хурдан удмын сүрэгтэй гэдгийг тогтоосон учир хариуцагч өөрөө бүх асуудлыг ойлгож ухамсарлаж хүсэлтээсээ татгалзсан.

Гэрээнийхээ нөхцлийг биелүүлэх хугацааг дахин дахин хойшлуулсаар байгаад жил гаруй болсон учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрх М.Б-д байгаа учир шүүхэд хандсан байгаа. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү болох 1 500 000 төгрөгийг нотлох баримт болох зээлийн гэрээ байсаар байтал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. М.Б нь Д.М-д банкны хүүтэй зээл авна, авсан гэдгээ хэлсэн байдаг. Д.М тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зөвшөөрсөн байгааг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 75 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагыг тус тус хангасан шийдвэр учир хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Д.М-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд шилжүүлсэн 10000000 төгрөгийг буцаан гаргуулах, уг 10000000 төгрөгийг хүүтэй зээлсэн тул хүү 1500000 төгрөг, нийт 11500000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.М эс зөвшөөрч мөнгийг буцаан өгөхгүй, 11500000 төгрөгөнд нь тооцож худалдаж авсан адууг нь өгнө гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10000000 төгрөгийг хангаж, үлдэх 1500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг эс зөвшөөрч “... шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн ... тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2019 оны 02 сард хурдан удмын соёолон насны сартай хүрэн зүсмийн адууг 15000000 /арван таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч М.Б адууны үнэд 10000000 төгрөг төлсөн, үлдэх 5000000 төгрөгийг төлөөгүй, мөн нэхэмжлэгч уг адууг өөрийн өмчлөл, эзэмшилд аваагүй, адуу хариуцагч Д.М-ийн эзэмшилд байгаа тухай үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй ба тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт дээрх хуульд нийцжээ.

            Харин зохигчид гэрээнээс татгалзсан буюу ийнхүү татгалзсан нь гэрээг цуцлах болсон үндэслэлийн талаар маргаж, улмаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

            Зохигчид буюу нэхэмжлэгч М.Б гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээ нэхэмжлэлд “... эдний адуу хурдан биш юм байна гээд болихоор болсон. Мөн энэ хугацаанд ... мөнгөний хэрэг гарч ... мөнгөө нэхсэн” гэж, шүүхэд гаргасан тайлбартаа “хариуцагчийг худалдсан эд хөрөнгө буюу адууг хурдан гэдгийг нотлоогүй” гэж, хариуцагч Д.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзалдаа  “намайг уяад өг гэж адууг миний эзэмшилд орхисон боловч надад адууг тэжээх тэжээлийн үнэ болон унаач хүүхдийн зардал өгөөгүй тул адууг уяагүй” гэж тайлбарласан зэргээс талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг тодорхойлбол хариуцагч нь адууг уяж хурдлуулах үүрэг хүлээснийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин нэхэмжлэгч унаач хүүхдийн зардал болон тэжээлийн үнэ төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч эд хөрөнгийг өмчлөл, эзэмшилдээ аваагүй, үнийг бүрэн төлөөгүй, хариуцагчийн хувьд адууг уяж сойгоогүйгээс худалдсан эд хөрөнгийн үнэ цэнэтэй байдлаа нотлоогүй зэргээс талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ бүрэн хэрэгжээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаас үзэхэд гэрээнээс татгалзах гэдэг нь гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг хэлдэг бол гэрээ цуцлах гэдэг нь хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгохоор зохицуулагджээ. 

Харин анхан шатны шүүх хариуцагчийг эд хөрөнгийн хурдан удмын гэх чанар шинжийг нотлоогүй буюу худалдсан эд хөрөнгийг доголдолтой холбоотойгоор нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэсэн агуулга бүхий дүгнэлт нь энэ талаарх Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1, 253, 254, 256 дугаар зүйлүүдэд заасантай нийцээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Учир нь худалдсан эд хөрөнгийг худалдан авагч буюу нэхэмжлэгч өмчлөл, эзэмшилдээ авч ашиглаагүй, хэрэглээгүй нөхцөлд худалдсан эд хөрөнгийг гэрээгээр тогтоосон чанар шинжгүй буюу доголдолтой гэж үзэх нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д нийцэхгүйн гадна хэрвээ доголдолтой гэж үзвэл доголдлыг арилгах, өөр эд хөрөнгөөр солих, эсхүл Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах үр дагавар гарах юм.

            Түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзсан нь гэрээг цуцлах үндэслэл болох бөгөөд энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох, ингэснээр үр дүн гараагүй байх, үүргийг ялимгүй зөрчсөн бол гэрээнээс татгалзахгүй байх зэрэг урьдчилсан нөхцлүүд хангагдсан байхаар зохицуулсан бөгөөд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэлд энэхүү нөхцөл байдал агуулагдаагүй байна.

            Дээрх бүгдээс дүгнэж үзвэл нэхэмжлэгчийг үүргийн зөрчлөөс шалтгаалж гэрээг цуцалсан гэхээс илүүтэй хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар зохигчид худалдсан эд хөрөнгийн үнийг буюу адууны үнийг тохиролцохдоо хурдан гэдэг онцлог байдалтай холбоотойгоор 15000000 төгрөгөөр тогтсон боловч одоо тухайн эд хөрөнгө нь энэ үнэ цэнэд хүрэх эсэх нь тодорхойгүй, эд хөрөнгийг нэхэмжлэгч өмчлөл, эзэмшилдээ аваагүй, талуудын тохиролцсон гэрээний бусад нөхцөл бүрэн хэрэгжээгүй зэргээр цаашид гэрээг үргэлжлүүлж дуусгавар болгох нөхцөл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

            Ийнхүү гэрээнээс татгалзах нөхцөлд дээрх хуульд зааснаар энэ тухай нөгөө талдаа мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь наймаа буцах тухайгаа буюу гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хариуцагчид 2019 оны 5 дугаар сард мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, нэхэмжлэгч нь хуульд заасан гэрээнээс татгалзах журмыг зөрчөөгүй тул түүнийг гэрээнээс өөрийн санаачилгаар татгалзах эрхгүй гэж үзэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэхгүй юм.

            Улмаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар ... гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... буцаан өгөх үүрэгтэй тул хариуцагч Д.М нь худалдсан эд хөрөнгийн үнэд нэхэмжлэгчээс шилжүүлсэн 10000000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлтэй.

            Харин нэхэмжлэгч нь 1500000 төгрөгийг зээлийн хүү буюу дээрх 10000000 төгрөгийн зээлийн хүү гэж дурдсанаас үзэхэд уг 1500000 төгрөгийг хохирол гэж тодорхойлж болох боловч энэхүү үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгчээс ирүүлсэн зээлийн гэрээ /хх-92-93/ бичгийн баримт нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөр огноолсноос гадна уг зээлийн гэрээний үнийн дүн 360000000 төгрөг, хариуцагчид 10000000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн /хх-5/ зэргээс үзэхэд хариуцагчаас хурдан адуу худалдаж авахын тулд зээл авсан, зээлийн хүүнд мөнгө төлж нэмэлт зардал гаргаж хохирсон гэж үзэх үндэслэлгүй ба нэхэмжлэлийн энэхүү шаардлага хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

            Мөн хариуцагч нь худалдсан адууг хурдан гэдгийг нотлохоор шүүх хуралдаанд CD дээр буулгасан бичлэг авчирсан талаараа дурдсан боловч тухайн баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргах, үзлэг, шинжилгээ хийлгэх зэрэг нотлох баримтыг бэхжүүлэх тухай хүсэлтийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийг энэ талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т нийцнэ.

            Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн удирдлага болгосон хуулийн заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6-д заасан энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй зохицуулалт баримталсныг магадлалд тэмдэглэв.           

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2020/00075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                         ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                               Н.БАТЧИМЭГ