Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/63

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч: Д.Бат-Өлзий,

Шүүгдэгч: С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-т холбогдох эрүүгийн 1727000300021 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Бор хошуу гэх газарт хохирогч Ц.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би Ц.Н-тай таарсан. Ц.Н намайг зулгаасан. Тэгээд маргалдсан. Маргааш өглөө нь цагдаа гээд байхаар нь би эмнэлэгт үзүүлье гэсэн. Гомдолгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Н-ын өгсөн “...Би 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Бор хошуу гэх газар бензин авах гэж очоод С.Д, Б.Д, Б, Н нартай таарсан юм. Тэгээд нутгийн дүү нартай таарлаа гээд би 1 шил архи авч өгсөн. Өмнө нь тэд нар архи уучихсан согтуу байсан юм. Тэгээд бид нар 4 ширхэг 2.5 литрийн пиво, 2 шил 0.5 литрийн хараа нэртэй архи уусан. Бид нар нилээн согтсон тэгтэл Н, Д 2 хоорондоо маргалдаад байхаар нь би больцгоо гэж хэлтэл Д миний өөдөөс чамаар заалгах юм уу дуугүй байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д-ийг чи их том болжээ гэж хэлчихээд сууж байтал намайг ирээд Д миний нүүр лүү өшиглөчихсөн юм. Хамар хугарсан, үүдний 1 ширхэг шүд хугарсан мөн хажуу талын шүд хөдөлсөн, уруул язралттай, баруун гар талын мөр өвчтэй болчихсон байсан. Нилээн согтуу байсан гэхдээ өөрийн ухаантай байсан. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Д ээжийн хамт, Б 3 ирсэн. Тэгээд нэг нутгийн хүмүүс байна битгий цагдаад мэдэгдээч хохирлыг чинь барагдуулна гээд гуйгаад байсан. Тухайн үед миний шүд хугарсан байсан тул шүдний эмчилгээнд 2 сая төгрөг надад өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

Гэрч В.Д-ийн өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Есөнзүйл сумын ажил дээрээ байсан. Тэгтэл 2017 оны 05 дугаар сарын 10-ны өглөө манай нөхөр Ц.Н над руу залгаж би хүнд зодуулчихлаа толгой өвдөөд шүд хөдөлчихсөн байна гэж хэлсэн юм. Тэгээд би 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нь ирэхэд нөгөө зодсон хүмүүс болох Д ээж нь Б 3 манай гэрт ирж уулзсан байсан. Манай нөхөр болох Ц.Н-аас уучлалт гуйж эмчилгээний зардлыг нь төлнө маргааш аймаг авч явж эмчлүүлнэ гэж хэлсэн гэсэн. Би тухайн үед байхгүй байсан болохоор яг нарийн юмыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Гэрч Ц.Ц-ын өгсөн: “..манай ах Н нь зодуулсан ирсэн. Ямар хүмүүс зодуулаа вэ гэхэд Д Д нар зодсон гэсэн..Тэгээд маргааш өглөө нь манайд орж ирэхдээ нүүр нь нил хавдартай байсан. Тэгээд толинд шүдээ хараад байхаар нь та яачихсан юм бэ гэж асуутал эхлээд мотоциклоос уначихсан юм гээд байсан. Тэгэхээр нь би худлаа яриад бай үнэнээ хэл гэтэл хүнд зодуулчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас

Гэрч Л.Б-ын өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өлзийт сумын  Бор хошуу гэх газар явж байгаад Н, Д, Д нартай тааралдсан. Тэгээд тэд нартай тааралдахад Н согтуу байсан. Тэгээд бид нар тэндээ 2 шил харзтай архи уугаад байж байтал Д, Н нар хоорондоо маргалдаж барилцаж авсан. Тэгээд  Д, Н-ыг цохиод авах шиг болсон. Тэгээд Д Д-ийг цааш салгаад аваад явсан. Би Н-ыг мордуулж явуулсан. Яг хаашаа нь цохьсон талаар сайн хараагүй. Нүүрлүү нь гараараа цохих шиг болсон. Тэгээд 2 тийш нь салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,

- Хохирогч Ц.Н-ын биед хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон шүүх эмнэлгийн 285 дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/,

- Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №66, 65, 64 дугаартай тодорхойлолт /хх-ийн 31-33 дугаар хуудас/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Д-ийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Бор хошуу гэх газарт хохирогч Ц.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд С.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Д-т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн   2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Д-ийн эзэмшлийн 450.000 төгрөгийн үнэ бүхий хээр алаг морь, 500.000 төгрөгийн үнэ бүхий цагаан бүдүүн морийг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА